"Анхны долоо" гэж хэн бэ?
- 2020-02-28
- Өөр өнцөг
- 0
Жил бүрийн 3 дугаар сарын 1-ний өдрийг “Эх орончдын өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жил Монгол Ардын Нам үүсгэн байгуулагдсаны 99 жилийн ой тохиож байна. Эх орныхоо тусгаар тогтнолыг сэргээж, улс төрийн ууган хүчнийг байгуулахад голлох үүрэгтэй оролцсон хүмүүсийн түүхэн гавьяаг бид мартах учиргүй юм.
Монгол Улсад тусгаар тогтнолыг авч ирсэн Үндэсний ардчилсан хувьсгалыг манлайлан, хувьсгалчдыг төлөөлөн ЗОУ-аас тусламж гуйхаар одсон Догсомын Бодоо, Солийн Данзан, Дамдины Сүхбаатар, Дансранбилэгийн Догсом, Дарьзавын Лосол, Дамбын Чагдаржав, Хорлоогийн Чойбалсан нарыг түүхэнд “Анхны долоо” хэмээн нэрийддэг.
“Ардын хувьсгалын анхны долоо” нэрээр түүхэнд мөнхөрсөн эдгээр эрхмүүд чухам хэн байв, тэдний Монгол Улсын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг юу байв гэдгийг товч дурдъя.
Ардын Намын анхны дарга СОЛИЙН ДАНЗАН (1883 – 1924)
ХХ зууны Монголын түүхэнд эх орон, ард түмнийхээ төлөө байгуулсан гавьяа зүтгэлээрээ нэр нь тодорч, түүхэнд балрашгүй мөрөө үлдээсэн хүмүүсийн нэг нь Монгол Ардын Намын Төв хорооны анхны дарга, Ардын Засгийн газрын гишүүн, Сангийн яамны тэргүүн сайд Ардын Засгийн “Анхны долоо”-гийн нэг Солийн Данзан юм. Хувьсгалт бүлгэмийг үндэслэгч тэрээр Сангийн яамны тэргүүн сайд хүртэл дэвшин ажиллаж, В.И.Ленинтэй хоёр ч удаа уулзан зөвлөгөө авч байсан гэдэг. Тухайн үедээ хэлний мэдлэгтэйд тооцогдож, Монгол Улсыг гадаад улсуудтай харилцаатай болоход нөлөөлсөн чухал хүмүүсийн нэг гэгддэг.
С.Данзан Хүрээний бүлгэмийн удирдагчийн хувьд нууц хоёр бүлгэмийн нэгдэж Монгол Ардын Нам байгуулах хурлыг зохион байгуулж, удирдахад голлох үүрэгтэй оролцогчдын нэг байв.
Монголын орчин үеийн эдийн засгийн салбарыг үндэслэгч гэгддэг тэрээр 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалын дараа нам, төрийн өндөр алба хашиж, Сангийн яамны сайд, зөвлөхөөр ажиллан улс орны эдийн засгийн тулгамдсан асуудал зорилтуудыг шийдвэрлэхэд тэргүүлэх үүрэгтэй оролцож байв. Мөн цэрэг удирдан дайн тулаанд ороогүй ч цэрэг дайны тактикын гол асуудал, тулгамдсан асуудлуудыг боловсруулж, шийдвэрлэхэд идэвхтэй оролцож байжээ.
С.Данзан Д.Сүхбаатарыг нас нөгчсөний дараа Ардын журамт цэрэг, Бүх цэргийн жанжнаар удаа дараа томилогдон ажиллаж байв.
Мөн тэрээр 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалын ялалтын дараа хөрш хоёр улстай анхны гэрээ байгуулахад Монголын талыг төлөөлөн, тэргүүлэн ажилласан анхны дипломатч байжээ.
МУ-ын анхны Ерөнхий сайд ДОГСОМЫН БОДОО (1885 - 1922)
Д.Бодоо нь Консулын бүлгэм, Монгол Ардын Намыг үүсгэн байгуулагчдын нэг, Монгол Улсын Ардын Засгийн газрын анхны Ерөнхий сайд, зохиолч, сэтгүүлч, сурган хүмүүжүүлэгч, тухайн үеийнхээ Монголын тэргүүний дэвшилтэт ардчилсан үзэлтэн юм. 1912 онд хүрээнд байгуулагдсан “Монгол хэвлэлийн хороо”-ны “Нийслэл хүрээний сонин бичиг”, “Шинэ толь” сэтгүүлийн хянан найруулагчаар ажиллаж байв. Тэрээр ардын хувьсгалын үйл хэрэгт тэргүүлэх үүрэгтэй оролцож, нууц хоёр бүлгэмийн гадаад түшиглэл, тэмцлийн зорилго, чиглэлийг тодорхойлоход нэн чухал нөлөө үзүүлсэн уулзалт, хурлуудад оролцож байжээ.
Д.Бодоо Ардын түр Засгийн газар /АТЗГ/-т ажиллах хугацаандаа Ардын Засгийн газар болон Коминтерн, ЗОУ, АДБНУ-ын хоорондох найрамдлын холбоог бататгах, цагаантны эзлэлтээс улс орноо чөлөөлөх, ардын журамт цэргийн хүчийг зузаатгахад хүчин зүтгэж байв.
Хүрээг чөлөөлсний дараа ардын байнгын Засгийн газар байгуулагдахад Ардын Засгийн газрын Ерөнхийлөн шийтгэх сайд бөгөөд Гадаад яамны тэргүүн сайдаар томилогдож, 1921 оны 9 дүгээр сараас мөн оныг дуустал МАН-ын Төв хорооны даргын үүргийг хавсран гүйцэтгэхдээ улс орноо харийн булаан эзлэгчдээс бүрэн чөлөөлөх, Улсын Түр Цагийн хурал байгуулах, хамжлагын харилцааг халах, харилцан туслалцах хоршоо байгуулах зэргээр улс төр, нийгэм, эдийн засгийн амьдралын хүрээнд тууштай ардчилсан өөрчлөлтүүдийг эхлүүлж, гадаадын олон улсуудтай эрх тэгш харилцах харилцааны эхлэлийг тавих оролдлогыг хийжээ.
АТЗГ-ын анхны дарга ДАМБЫН ЧАГДАРЖАВ (1880 – 1922)
Д.Чагдаржав нь Ардын засгийн “Анхны долоо”-гийн нэг, хувьсгалаас өмнө Орос, Англи, Герман орноор явж нүд тайлсан бөгөөд Хүрээнд байгуулагдсан хоёр нууц бүлгэмийн Консулын дэнжийн бүлгийн гишүүн юм. Тэрээр Ардын түр Засгийн газар /АТЗГ/ байгуулагдахад анхны Ерөнхий сайдаар ажиллаж байгаад тун удалгүй 1921 оны дөрөвдүгээр сард Тагнын Урайнхайн хязгаарт Засгийн газрыг төлөөлсөн төлөөлөгчөөр ажиллаж байжээ. “Анхны долоо” дундаа боловсрол, үзсэн харснаараа багагүйд тооцогдох Д.Чагдаржав Ардын хувьсгалын үйл хэрэгт онцгойлон үүрэг гүйцэтгэсэн гэдэг.
Д.Чагдаржав нь ХХ зууны эхнээс Монголын нийгэмд түгэн дэлгэрсэн дэвшилтэт ардчилсан үзлийг дэмжигч, эдийн засгийн сэтгэлгээний шинэ үеийн төлөөлөгч, улс орны эдийн засгийн тусгаар байдлыг тууштай эрхэмлэгч, 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалд манлайлан оролцогч, АТЗГ-ын анхны дарга, Сангийн яамны сайд, Хөвсгөл, Дархадад суусан төлөөний сайд, хэмжээт цаазат Богд хааны шадар сайд байв.
1921 оны 3р сард Сангийн ба Эдийн яамны түшмэлийн албанд давхар томилогдон ажиллаж байхдаа үндэсний ардчилсан хувьсгалыг ялахад хүргэх санхүү хөрөнгийн нөөцийг бий болгоход онцгойлон анхаарч ажиллажээ.
Цэргийн лам, Сангийн яамны сайд ДАРЬЗАВЫН ЛОСОЛ (1885-1940)
“Анхны долоо”- гийн нэг Д.Лосол Манлай ван Дамдинсүрэнгийн цэрэгт цэргийн ламаар явж, эх орноо хамгаалах тулалдаанд удаа дараа оролцож байжээ. Тэрээр хувьсгалын үйл хэрэгт идэвхтэй оролцож, Монгол Ардын Намын анхдугаар их хурлаар Намын Төв хорооны тэргүүлэгч гишүүнээр сонгогдож, улмаар Ардын Түр Засгийн газрын Сангийн яамны анхны сайдаар томилогдон ажилласан байна. Намын анхны хурлаар МАН-ын төв хороог байгуулахад анхны гурван хүний бүрэлдэхүүнд багтсан гэдэг.
Хувьсгалын ялалтын дараа 1921 оны 8 дугаар сараас бүх цэргийн лам, Цэрэг ардыг эмчлэх хорооны дарга, Намын хянан байцаах төв комиссын дарга, Хянан байцаах яамны тэргүүн сайд, Монгол банкны дарга, Улсын бага хурлын орлогч дарга зэрэг удирдах тэргүүлэх алба хашиж байжээ.
УБ хотын АДТГ Захиргааны дарга ДАНСРАНБИЛЭГИЙН ДОГСОМ (1884 -1941)
Д.Догсом нь үндэсний ардын хувьсгалын анхны долоогийн нэг, Улаанбаатар хотын Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх (АДТГ) Захиргааны дарга, Худалдааны, Хүнсний, Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан төр нийгмийн зүтгэлтэн юм. Ардын Засгийн газарт хамгийн олон алба хашсан хүн хэмээн зүй ёсоор нэрлэгддэг. Тэрбээр Дотоод хэргийн яам, Цэргийн яам, Намын төв хороонд түшмэл, Эдийн засгийн зөвлөлд асуудал эрхэлсэн түшмэл, хэлтсийн эрхлэгчээр ажиллаж байсан бөгөөд Сэцэн хан аймаг, Алтанбулаг, Ховдын хязгаарт төлөөний түшмэлээр тус тус ажиллаж байжээ. Мөн Тува улсад Элчингийн нэгдүгээр нарийн бичгээр хүртэл ажиллаж байжээ. Л.Догсом нь Ардын Засгийн газарт зүтгэхээсээ өмнө Козины удирдсан эрдэм шинжилгээний ажилд С.Данзангийн хамт явж байсан тухай түүхэнд тэмдэглэсэн нь бий. Д.Догсом гадаад хэлтэй байсан бөгөөд тэр хэрээр Оросын сэхээтнүүдтэй нөхөрлөдөг байсан тухай түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.
Монгол цэргийн суут жанжин ДАМДИНЫ СҮХБААТАР (1893-1923)
Ардын хувьсгалын нэрт удирдагч, бүх цэргийн жанжин Д.Сүхбаатар Орос Улсаас тусламж гуйх бүрэлдэхүүнд багтсанаас эхлээд Цэргийн яамны сайд, Бүх цэргийн жанжин байв. Их жанжин жижиг, том нийлсэн 200 орчим тулаанд оролцсон байдаг. Эдгээр тулаанаас хамгийн том нь Хиагтыг чөлөөлөх тулаан юм. Хиагтад бут цохигдсон гамингуудын үлдэгдэл Оросын хил рүү зугтаж, тухайн цагтаа Оросуудтай тохироо хийн Манжуурын төмөр замаар буцаж байсан түүхтэй. Хужир булангийн цэргийн хуарангаас тодорсон жанжин Д.Сүхбаатар цэргийн эрдэмд гарамгай суралцсан нэгэн бөгөөд бичиг үсэгт тайлагдсан учраас Орос улсаас тусламж гуйх “Анхны долоо”-д багтаж, эх орон тусгаар тогтнолоо аварсан билээ.
Д.Сүхбаатар Монгол орон Манжийн эрхшээлд байх үед мэндэлж, гурван төрийн нүүр үзэж олноо өргөгдсөн Монгол Улс болон Үндэсний ардчилсан хувьсгалын үед цэрэг армид алба хааж авьяас чадвараараа шалгарсан үндэсний баатар, цэргийн суут жанжин юм.
Ардын хувьсгал ялснаас хойш Бүх цэргийн жанжин, Бүх цэргийн зөвлөлийн тэргүүлэгч, Цэргийн яамны тэргүүн сайд, Намын төв хорооны тэргүүлэгч гишүүн гээд олон алба хашиж байжээ.
МУ-ын хошой баатар, Маршал ХОРЛООГИЙН ЧОЙБАЛСАН (1895- 1952)
Монгол Ардын Намыг үндэслэн байгуулагчдын нэг, Ардын хувьсгалын анхны долоогийн нэг тэрээр БНМАУ-ыг олон жил удирдсан цөөн хүний нэг. Тэрээр 1929 оноос эхлэн 1952 он хүртэл нам, төрийг 23 жил удирдсан төрийн нэрт зүтгэлтэн юм.
Маршал Х.Чойбалсан БНМАУ-ын Засгийн газрыг 13 жил тэргүүлэхдээ орчин үеийн томоохон аж үйлдвэрийн газруудыг байгуулах, морин өртөөг халж авто тээврийг хөгжүүлэх, Наушка-Улаанбаатарын чиглэлд өргөн төмөр зам тавих, анхны бүрэн дунд болон МУИС-ийг байгуулах, хүн амыг бичиг үсэгтэн болгох зэрэг нийгэм, эдийн засгийн олон чухал арга хэмжээ авч улс орны хөгжил дэвшлийг урагшлуулсан түүхтэй хүн юм. Мөн түүнийг засгийн эрх барьсан хугацаанд Монголын түүхэнд эдийн засаг, соёлын чухал үйл явдлууд болсон байдаг. Тухайлбал, 1939, 1945 оны хоёр томоохон дайнд оролцон ялалт байгуулсан, 1945 онд тусгаар тогтнолоо сэргээсэн, Налайхын чулуун нүүрсний уурхай, Төв цахилгаан станц байгуулсан, Монгол уйгаржин бичгийг кирилл үсэгт үндэслэсэн шинэ бичгээр сольж, бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгаж, анхны 10 жилийн дунд сургууль, Улсын их сургуулийг байгуулсан гээд олон үйл явдал өрнөсөн байдаг.
Тэрээр ардын журамт цэргийн суртлыг номлогч, 1921 оны 5 дугаар сард ардын журамт цэргийн дэд жанжин, 1924-1928 онд Бүх цэргийн жанжин, 1929-1930 онд Улсын Бага хурлын дарга, 1931-1935 онд Мал тариалангийн яамны сайд, Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч, 1936-1939 онд Дотоод, Цэргийн, Гадаад яамны сайд, 1939-1952 онд БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлтийн Ерөнхий сайдаар ажиллаж байв. 1936 онд Монгол Улсын Маршал, 1941онд Монгол Улсын Баатар, 1945 онд Монгол Улсын хошой баатар цол хүртжээ.
Х.Чойбалсан ХХ зууны хамгийн эгзэгтэй, хэцүү цаг үе буюу геополитик, хоёр хөршийн харилцаа, олон улсын байдлыг хувьд ээдрээтэй хүнд үед улс орныг удирдаж, Ялтын гурван улсын хэлэлцээрийн үед маш хатуу зарчим, байр суурийг баримталж байж туурга тусгаар, тусгаар тогтносон Монгол Улсыг дэлхий дахинд албан ёсоор хүлээн зөвшөөрүүлж чадсан гавьяатай нэгэн юм.
Сэтгэгдэл (0)