Өнөөдөр “Эх орончдын өдөр”

“Эх орончдын өдөр”, улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам байгуулагдсаны түүхт 103 жилийн ой өнөөдөр тохиож байна. Монгол Ардын Намын түүх бол эрх чөлөө, тусгаар тогтнол, их бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн түүх юм. Одоогоос 103 жилийн өмнө Монголын эх оронч, эрэлхэг хөвгүүд улс орныхоо тусгаар тогтнолыг буцаан сэргээх зорилго дор Хүрээний ба Консулын гэх хоёр бүлгэм байгуулж, улмаар “Монгол Ардын нам” нэртэй улс төрийн байгууллага болж нэгдсэнээр улс төрийн ууган хүчин анх мэндэлсэн түүхтэй. Монгол Улс тусгаар тогтнолоо бүрэн алдагдаж, нийгмийн хоцрогдол, харийн дарлалд нэрвэгдэж, мөхлийн ирмэгт хүнд цаг үед Монгол Ардын Нам ард олныхоо хүчийг нэгтгэн, эх орноо чөлөөлөх тэмцлийг манлайлан удирдаж, 1921 оны хувьсгалыг ялалтад хүргэж чадсан байдаг.

Үүний үр дүнд Монгол улсын тусгаар тогтнол дахин сэргээж, тусгаар улс болсноо дэлхий нийтэд хүлээн зөвшөөрүүлж, феодализм, хамжлагат ёсыг халж, бүгд найрамдах төрийн ардчилсан тогтолцоог бий болгож, ХАА, газар тариалан, үйлдвэрлэл, боловсрол, эрүүл мэндийг хөгжүүлэх суурь тавигдан, нийгмийн  шинэчлэлийн  үйл хэргүүд эхэлсэн түүхтэй.

1921 оны гуравдугаар сарын 1-нд Монгол Ардын Намыг албан ёсоор байгуулсан ба энэ өдрийг 2011 онд Монгол Улсад улс төрийн ууган хүчин үүссэн “Эх орончдын өдөр” болгон тэмдэглэж байхаар хуульчлан баталгаажуулсан байдаг. Төв Азийн цээжинд анхны улс төрийн хүчин, нам байгуулагдсан энэ өдөр бол зөвхөн Монгол Ардын Нам төдийгүй, Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй бүх улс төрийн хүчин, эх орон, тусгаар тогтнол, ард түмнээ гэсэн сэтгэлтэй Эх орончдын баярын өдөр.

Монгол Ардын Намын удирдлагууд, энэхүү түүхт өдрийг тохиолдуулан Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлдэг. Мөн эх орончдоо дурсан санаж, тэдний үйл хэргийг залуу хойч үеийнхэнд таниулан сурталчлах, бахархан үлгэрлэх сэтгэлийг бий болгох, эх оронч үзлийг төлөвшүүлэх  олон ажлыг зохион байгуулдаг уламжлалтай.

Эх орон тусгаар тогтнолоос эхэлдэг. Тийм ч учраас туурга тусгаар улсаа сэргээн босгож, Тусгаар тогтнолоо дэлхийд тунхаглаж, хоцрогдсон буурай орноос хөгжил дэвшил рүү удирдан залж, эх орныхоо бүрэн бүтэн байдлын төлөө залуу нас, халуун амиа өргөсөн үе үеийн эх орончдынхоо гавьяа зүтгэлийг бид эгнэгт мартах учиргүй юм.

Ц.Батаа

.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)