Алдарт сагсан бөмбөгчний сууж явсан нисдэг тэрэгний сүйрлийн талаар
- 2020-03-01
- Нийтлэл
- 0
Алдарт сагсан бөмбөгчний сууж явсан нисдэг тэрэгний сүйрлийн талаар бага сага зүйл бичмээр санагдав.
Эхлээд нисдэг тэрэгнийх нь тухай товчхон танилцуулах нь зөв болов уу? Сикорский компанид зохион бүтээсэн S-76 нисдэг тэрэг бол тус компанийн хамгийн анхны цэргийн бус зориулалтаар зохион бүтээсэн нисдэг тэрэг юм. S-76-г зохион бүтээх ажил 1970 оны дунд үеэс эхэлж 1977 оны 3-р сарын 13-нд анхны нислэгээ хийснээс хойш 1000 илүү ширхэг үйлдвэрлэгдсэн, өнөөдөр ч гэсэн шинээр үйлдвэрлэгдсэн хэвээр байгаа найдвартай сайн унаанд тооцогддог унаа. Кобегийн нисч байсан нисдэг тэрэг нь 1991 онд үйлдвэрлэгдсэн S-76B загварынх байсан ба "В" серийн нисдэг тэргүүд нь Pratt and Whitney Canada компанийн зохион бүтээсэн(бараг алдарт/домогт гэж хэлж болохоор) PT6B-36 хөдөлгүүрээр тоноглогдсон байдаг. S-76 нисдэг тэрэг Монголд байхгүй, нэг ч удаа Монголд ирж байгаагүй ч PT6 хөдөлгүүрийг Монголчууд сайн таних ёстой. Ю-12-оос авахуулаад Cessna Caravan, Pilatus PC-6, Beechcraft King Air C-90 гэх мэт Монголд ашиглаж байсан болон ашиглаж байгаа онгоцнууд PT6 хөдөлгүүртэй байсан. Ер нь бол маш найдвартай хөдөлгүүр.
Island Express Holding гэдэг захиалгат нислэгийн компанийн эзэмшдэг байсан N72EX S-76B нисдэг тэргийг АНУ-ын Иллинойс мужийн захиргаа эзэмшиж байгаад 2015 онд Island Express Holding компанид зарсан байна.
Тус компани нь нисдэг тэргийг худалдаж аваад 12 зорчигчийн суудлыг нь 8 болгож өөрчилсөн гэсэн байна. S-76 нисдэг тэрэг нь үүл манан, өдөр шөнийн аль ч цагт нислэг үйлдэх боломжтой ч Island Express Holding компани нь өөрөө цаг агаарын аль ч үед нислэг үйлдэх эрх буюу хэрэглэлийн нислэгийн эрхгүй байсан байна. Ер нь нисдэг тэргээр захиалгат үйлчилгээ үзүүлдэг компаниуд хэрэглэлийн нислэгийн зөвшөөрөл заавал авах шаардлагагүй.
Тэгэхээр алдарт сагсан бөмбөгчний нисч байсан нисдэг тэрэг нь Ил харааны нислэгийн дүрэм(Ингэж ниснэ гэдэг нь газрын тодорхой байрлал, барилга байшин, зам, нуур, уул зэргээр баримжаалж нисэхийг хэлж байгаа хэрэг)-н дагуу бол 5км-н дотор алив саадыг харж болох үед үүлнээс доогуур бол 150м, дээгүүр бол 300м, хажуугаар нь бол 600м зайд нисч болохоор үед нислэг үйлдэх ёстой. Гэтэл Кобигийн нисдэг тэрэг John Wayne нисэх онгоцны буудлаас хөөрөх үед ьус буудлын орчмын цаг агаарын мэдээгээр бол хараа 8км, үүлний доод суурийн өндөр нь 400м байсан байна. Ийм үед Кобигийн нисдэг тэрэг 250м-н өндөрт нисэх бүрэн боломжтой байсан болохоор Orange County-н John Wayne онгоцны буудлаас хөөрөхөд ямар ч асуудалгүй байсан байх нь. Гэтэл цаг агаарын нөхцөл Los Angeles-н орчимд хангалтгүй байгаа гэж үзсэн учраас Los Angeles-н Цагдаагийн нисэг тэрэгнүүд бүгд нислэгт гараагүй байж байдаг.
Цагдаагийн нисдэг тэрэгнүүд нислэгт гарахын тулд цаг агаарын нөхцөл нь хамгийн багадаа 3.2км-н зайд бүх зүйл харагдах, үүдний доод суурийн өндөр 240м байдаг юм байна. Тэгэхээр цагдаагийн нисдэг тэрэгнүүдийн авсан цаг агаарын мэдээны ажиглагч станц нь өөр газарт байсан болж таарч байна.
Хэрэв Коби машинаар явсан бол дор хаяж 2 цаг явах байсан ч цаг хэмнэх үүднээс нисдэг тэрэг хөлсөлсөн нь тодорхой. Хэрэглэлийн Нислэгийн Дүрмээр буюу үүл, манантай нөхцөлд нислэгийг үйлдэх боломж байсан ч нэгд Los Angeles-н орчмын агаарын зай нь Хэрэглэлийн Нисдэгийн дүрмээр нисч байгаа онгоцоор пиг чихчихсэн, тэдгээрийн дунд орохын тулд дараалал хүлээж нилээдгүй хугацаа алдах учир машинаар явснаас ч илүү удах магадлал бий.
Кобигийн S-76 нь John Wayne-с хөөрч үүлнээс дор хаяж 150м доогуур нисэхийн тулд 240м(800feet) өндрөөр баруун хойд зүгт нисч Los Angeles-н бейсболын Dodgers багийн стадион дээгүүр гараад I-5 хурдны замыг дагаж ниссээр Glendale дээгүүр өнгөрөх үедээ Burbank хотын нисэх онгоцны буудлын агаарын зайгаар нэвтрэх зөвшөөрөл хүссэн байдаг. Энд бас жижигхэн тодруулга хийе. Америкийн онгоцны буудлууд нь ачаалал болон байрлал зэргээсээ хамаарч тус тусынхаа эргэн тойронд тодорхой тогтоослн хэмжээгээрээ агаар орон зайг хянаж, нэг ёсондоо эзэмшиж байдаг ба агаарын орон зайнууд нь мөн хэмжээнээсээ хамаарч BRAVO(В), CHARLIE(С), DELTAD), ECHO(E) гэсэн ангилалд хуваагддаг. Жишээ нь Los Angeles-н онгоцны буудлын агаарын орон зай нь BRAVO ангиллынх бөгөөд хэд хэдэн цилиндрүүдийг давхарлаад өрчихсөн мэт нилээд комплекс хэлбэртэй байдаг. Харин Кобигийн анх нисч гарсан John Wayne онгоцны буудал нь CHARLIE, харин Burbank хотын нисэх онгоцны буудал нь DELTA ангиллынх. Газрын гадаргуугаас авахуулаад 4800 feet өндөртэй цилиндр хэлбэртэй. Мөн A, B, D агаарын бүст орохын өмнө заавал зөвшөөрөл авах ёстой. Учир нь тэр агаарын орон зайд ачаалал ихтэй онгоцны буудлууд байх тул бусад онгоцтой хэт ойртох, мөргөлдөх эрсдэлтэй. Хэтэрхий урт нуршчихлаа. Нэг үгээр бол Burbank-н онгоцны буудлын ойрхон нисэхийн тулд зөвшөөрөл авах ёстой. Харин Burbank-н нислэгийн удирдагч нь "Тус онгоцны буудлын орчимд агаарын байдал нь Ил хараагаар нисэхэд тохиромжгүй, мөн онгоцны буудлын орчимд өөр онгоц байгаа учраас тэдний агаарын зайд оролгүй байгаа байрандаа хүлээх зоны нислэг үйлдэх команд өгсөн байна. Хүлээх зоны нисдэг гэдэг нь яг стадионы гүйлтийн зам шиг хэлбэртэйгээр байгаа газраа тойроод нисээд байхыг хэлнэ. Дараагийн зөвшөөрөл иртэл хэдэн минут, хэдэн тойрог ниссэн ч болно. Түлш нь л дуусчихгүй бол шүү дээ. Кобигийн нисдэг тэрэг яг 11 минут эргэлдсэний дараа Burbank-н онгоцны буудлын агаарын зайд орох зөвшөөрөл авсан байна. Тэгээд нисдэг тэрэг 1400ft/430м өндөр авч нислэгээ үргэлжлүүлсээр Ronald Reagan хурдны зам хүрээд уг замыг даган чанх баруун тийш эргэсэн байна.
Үүний дараахан Van Nuys хотын онгоцны буудлын агаарын бүсэд орох зөвшөөрөл авч, тэндээсээ баруун урагшаа эргэж Ventura буюу 101-р хурдны замыг чиглэн нисчээ. Энэ үед нисдэг тэрэг нь далайн түвшнээс дээш 1500ft(460м) өндөрт үүлэнд ороогүй нисч байгаа ьухайгаа нисэгч нь нислэгийн удирдагчид мэдээлжээ. Ингээд S-76 нь Van Nuys-н агаарын зайнаас гарч өмнөд Кадифорниагийн нислэгийн удирдах төвтэй холбоо тогтоожээ. Өглөөний 09:42-т Ventura хурдны зам хүрээд уулархаг орчимд нисч эхэлсэн бөгөөд нисдэг тэрэгний нисэгч нь нислэгийн удирдагчаас Flight Following хүсчээ. Энэ нь агаарын замаа баримжаалахдаа нисдэгийн удирдагчийн тусламжийг хүссэн хэрэг юм. Харин Нислэгийн удирдагч нь энэ "үйлчилгээг" үзүүлэхийн тулд өөрийн өмнө байгаа радарын дэлгэцэн дээр тухайн онгоцыг харж байх ёстой. Гэтэл Кобигийн нисдэг тэрэг хэтэрхий доогуур явж байсан тул нислэгийн удирдагч нь Flight Following бүрэн үзүүлэх боломжгүй, харин ойр хавьд нь ойрхон бусад онгоцнуудын талаарх мэдээллийг тогтмол дамжуулж байхаар болж. Үүний дараахан Нислэгийн удирдагчид ээлж солилцож шинэ нислэгийн удирдагч Кобигийн нисэгчтэй холбоо тогтоож нисдэг тэрэгний дуудлага, чиглэийг нь дахин тодруулахад Кобигийн нисэгч нь, үүлэн дунд орохгүй тулд 4000 ft(1200м)-н өндөр авч байгаагаа хэлсэн байна. Энэ нь нисдэг тэрэгний нисэгч Ара Зобаяаны хамгийн сүүлчийн холбоо байсан байна.
Нисдэг тэрэгний радарын бичлэгт бичигдснээр бол Кобигийн нисдэг тэрэг ууланд ойртож эхлэхтээ зэрэгцээд зүүн гар тийш буюу өмнө зүгт эргэн, өндөр авч далайн түвшнээс 2300feet(700м), газрын гадаргаас дээш 1500feet(460м) гарангуутаа 8 секундын дотор буцаад 1400feet(430м) өндөр лүү орж үргэлжлүүлэн зүүн тийш эргэн зүүн өмнө зүг үрүү огцом өндөр алдаж 09:45:15 гэхэд 160кт(300км/цаг) хурдтайгаар секундэд 20м-ээр өндөр алдаж эхлэн 09:45:39-д 331м өндөртэй уулыг мөргөж сүйрчээ.
Ослын бүрэн дүгнэлт гарах яагаа ч үгүй. Нэгд Кобигийн нисч байсан S-76 нисдэг тэрэг нь хар хайрцгаар тоноглогдоогүй байсан. Хэдийгээр АНУ-ын Иргэний Нисэхийн дүрмээр нисдэг тэргэнд заавал хар хайрцаг байхыг шаардаггүй ч уг нисдэг тэрэг үйлдвэрээс хар хайрцагтайгаар анхны хэрэглэгчдээ очсон ч 2016 онд Island Express компани нь хар хайрцгийг садгаж авсан байна. Тэгэхээр нисдэг тэрэгний нислэгийн болон системүүдийн ажиллагааны тухай нарийн мэдээллүүдийг олж авах боломж бараг үгүй. Мөн уг нисдэг тэрэг нь газар ойртолтыг мэдрэх төхөөрөмжгүй байсан. Хэдийгээр Америкийн Тээврийн Осол Зөрчлийг шалгадаг албанаас 6-аас дээш суудалтай нисдэг тэрэгнүүдэд Газар ойртолтыг мэдээлэх төхөөрөмж суурилуулах тухай зөвлөмж гаргасан байсан ч FAA(Иргэний нисэхийн удирдах газар нь) энэ зөвлөмжийн дагуу шаардлага гаргаагүй байсан.
Ийм ослын шалтгааныг нарийн тогтоож гаргана гэдэг маш хэцүү. Хамгийн үнэмшидтэй хувилбар бол, нисдэг тэрэг Ventura хурдны зам дээр ирээд үүлэнд орсон. Тийм учраас Ил хараагаар нисэх боломжгүй болсон тул өндөр авсан. Мөн үүлнээс орж гарч явсан тул гэнэт газарт их ойрхон ирж байгаагаа анзаарсан. Харин 2300feet(700м)-н өндөрт гарах үед нисдэг тэрэг бүрэн үүлэнд орсон ба нисэгч нь баримжаа алдаж, нисдэг тэрэгнийхээ хэрэглэлийг дагахын оронд өөрийн мэдрэхүйд итгэж эхэлсэн. Үүнийг SPATIAL DISORIENTATION гэж нэрлэдэг. Онгоцны нисэгч нь шөнө эсвэл үүл, манан дотор нисч байхдаа огцом маневр хийхдээ ийм нөхцөл байдалд орох боломжтой. Энэ үед нисэгчийн тэнцвэрийн эрхтэн нь баримжаа тогтоох чадвараа алддаг. Ийм үед нисэгч онгоцныхоо хэрэглэлдээ итгэхийн оронд өөрийн тэнцвэрийн эрхтэндээ захирагдах юм бол онгоц/нисдэг тэрэг нь маш эвгүй байдалд орж мэднэ. SPATIAL DISORIENTATION нь маш цөөхөн тохиолддог ч дадлага туршлага, сургалт, сахилга батаа сайн хангаж чаддаг жирийн нисэгчдийн хувьд бол огтхон ч хүндрэлтэй зүйл биш.
Тэгэхээр та бүгдийн шүтээн болсон(миний хувьд сагс огт үздэггүй) агуу сагсчин Коби Брайнт нь өөрийн зорчиж явсан нисдэг тэрэгтэйгээ сүйрч үхэхэд нөлөөлсөн гадны хүчин зүйлүүд бод:
1. Давчуу цаг хугацаа. Төлөвлөсөн ажлаасаа хоцрохгүйн тулд нисдэг тэрэг хөлсөлсөн.
2. Цаг агаарын тааламжгүй нөхцөл. Хэдийгээр нисэн гарсан онгоцны буудлын цаг агаар нь боломжийн байсан ч замын дунд агаарын байдал муудсан.
3. Үүлнээс болж хэт нам өндөрт нисэх болсон.
4. Өндөр уулнууд.
5. Хэрэглэлээр нисэх эрхгүй компанийн нисдэг тэрэг.
6. Нисдэг тэрэгний тоноглолууд нь дүрмийн шаардлага хангаж байсан ч тухайн нислэгт хангалтгүй байсан гэх мэт зүйлс нөлөөлсөн.
Хулан Ганбат
Сэтгэгдэл (0)