Б.Оюумаа: Онцгой нөхцөл үүсвэл сонгуулийг хойшлуулах бүрэн эрх УИХ-д бий
- 2020-03-04
- Үнэн
- 2
Дэлхий нийтэд тархаад буй шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс Засгийн газраас улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад байгаа билээ. Үүний хүрээнд олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, баяр ёслолын арга хэмжээ зохион байгуулахыг хориглоод байгаа юм. Манай улс ирэх зургаадугаар сарын 24-нд УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалтыг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна. Хэдийгээр цаг хугацааны хувьд хол байгаа ч Эрүүл мэндийн яамны мэдээлснээр өчигдрийн байдлаар дэлхийн 73 улсад бүртгэгдээд буй коронавирусийн дэгдэлт намжихгүй, манай улсад халдварын тохиолдол бүртгэгдвэл УИХ-ын сонгуулийг явуулахгүй байх зохицуулалт байдаг эсэх талаар сонирхох хүн цөөнгүй байна. Тэгвэл Сонгуулийн тухай хуульд онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд сонгуулийн үйл ажиллагааг зогсоох зохицуулалтыг тусгасан байдаг аж.
Энэ талаар СЕХ-ны Мэдээлэл, судалгаа, арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаа “Сонгуулийн тухай хуульд хэрэв онцгой нөхцөл байдал үүсвэл сонгуулийн үйл ажиллагааг хэрхэн зохицуулахыг заасан заалт бий. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 9.4-т хэрэв онцгой нөхцөл байдал үүссэний улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй болсон бол УИХ ээлжит сонгуулийг хойшлуулж болно гэж заасан.
Тэгэхээр энэ бол УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Сонгуулийн үйл ажиллагааг зогсоосон тохиолдолд онцгой, нөхцөл байдал арилсны дараа ажлын долоо хоногийн дотор УИХ сонгуулийг дахин товлон зарлана. Гэхдээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө. Тэгэхээр зарласан хугацаанаас нь хойш дор хаяж хоёр сарын дараа санал хураалтыг зохион байгуулна” гэв.
М.Энх
Сэтгэгдэл (2)
zochin (202.21.117.58)
сонгох сонгогдох эрхийг хасах нь ардчилсан улсад байж болохгүй хачирхалтай тэнэглэл
Сонгогч (64.119.17.46)
Хулгана жил Монгол ардын намд тун эвгүй тусаад байдаг юм 1984 оны Хулгана жил Нам ,Төрийн удирдагч Ю.Цэдэнбал даргыг бүх албан тушаалаас нь зайлуулж Намд хүнд цохилт учирч байсан. 1996 оны Хулгана жил Ардын нам , УИХ-ын сонгуульд ялагдаж цөөнх болж байсан. 2008 оны Хулгана жил УИХ-ын сонгуулиар энэ Нам "Цагаан байшингаа " шатаалгаж 5 хүний алтан амь эрсдэж байсан Бурхан минь 2020 оны сонгуулиар яадаг бол доо ? Ардын намын Парламентарууд хүний нутагт зовж ядарч байгаа Монголчуудынхаа УИХ-ын сонгуульд орлцох эрхийг нь хасаж том нүгэл үйлдсэндээ Гэтэл хөөрхий тэд маань Монглчууд бидэндээ амны хаалт явуулж эх орондоо вирус тээж очихгүй эндээ дуусъя гэж байдаг...