Японы улс төр дэх эрх мэдэл ба мөнгө
- 2020-03-05
- Дэлхий
- 0
Japantimes (2020.02.16). Японы улс төрд хээл хахууль, авлигын гэмт хэрэг үе үе гарч байдаг. Хамгийн сүүлийнх нь парламент дахь Либерал ардчилсан намын гишүүн, Засгийн газрын сайд асан Цукаса Акимото[1] Хятадын мөрийтэй тоглоомын “500.com” компаниас хээл хахуульд 3.7 сая иенийг авсан хэргээр өнгөрөгч 12 дугаар сарын 25-ны өдөр баривчлагдсан явдал болж байна.
Хээл хахуультай холбоотой казиногийн дуулиан Акимотогийн баривчилгаагаар ч зогссонгүй. Парламентын гишүүн, Японы инновацийн намын гишүүн Микио Шиможи[2] мөн дээрх компанийн нэгэн зөвлөхөөс хээл хахуульд 1 сая иен авснаа хүлээн зөвшөөрөв. Мөн Батлан хамгаалахын сайд асан Такеши Ивэйа[3] зэрэг Либерал ардчилсан намын өөр дөрвөн гишүүн тус компаниас мөнгө авсан хэрэгт сэжиглэгдээд байна.
Парламентын гишүүд бол ард түмний төлөөлөл бөгөөд хууль тогтоох үйл ажиллагаа болон тодорхой бизнес, салбарын үйл ажиллагаанд улс төрийн нөлөө үзүүлэх эрх мэдэл бүхий этгээдүүд байдаг. Харин тэдний авч буй цалингийн талаар энд дурдах шаардлагагүй байх.
Иймд яагаад парламентын зарим гишүүнд авлига, хээл хахуулийн гэмт хэрэгт холбогдоод байна вэ?
Японы парламент буюу “Дайт” нь “төрийн эрх барих хамгийн дээд байгууллага” бөгөөд “төрийн хууль тогтоох цорын ганц байгууллага” юм. Дайт нь доод болон дээд танхимаас бүрддэг бөгөөд эдгээр танхимыг бүрдүүлж буй гишүүд нь “бүх ард түмний төлөөлөл болж сонгогддог”.
Дайтын гишүүний хувьд гурван үндсэн давуу эрх байдаг. Нэгдүгээрт, тэд төрийн сан хөрөнгөөс “жил бүр хангалттай хэмжээний цалин” авдаг. Хоёрдугаарт, парламентын гишүүдийг хуралдааны үеэр “баривчлах боломжгүй” бүрэн эрхтэй байдаг. Гуравдугаарт, “чуулганы Танхимын дотор хэлсэн үг, мэтгэлцээн, санал хураалтын асуудлаар Танхимын гадна хариуцлага хүлээх” боломжгүй байдаг.
Мэдээж хэрэг парламентын гишүүнд нэмэлт боломжууд байдаг. Жишээлбэл, парламентын гишүүд нь 1) японы галт тэргэнд үнэгүй зөрчих эрх, 2) Японы гал тэргээр зорчих эрхээс гадна нэг сард гурван удаа (ирж, очих) онгоцны тийзийн купон, эсхүл 3) нэг сард дөрвөн удаа (ирж, очих) онгоцны тийзний купоноос сонгох эрхтэй байдаг.
Дээр дурдсанчлан хууль тогтоогчид “жил бүр хангалттай хэмжээний цалин” авдаг. 2019 оны мэдээллээс харахад парламентын гишүүний жилийн дундаж орлого 2018 онд 26.57 сая иен байсан бөгөөд тухайн оны хамгийн их орлоготой нь Жиро Хатояма[4]-ийн орлого 1.74 тэрбум иен байв. Мөн орлогынхоо хэмжээгээр 27 дугаар байрт эрэмбэлэгдсэн Ерөнхий сайд Шинзо Абэгийн орлого 40.28 сая иен байсан билээ.
Гэхдээ парламентын гишүүдийн жилийн орлого яг хэд вэ?
Сарын үндсэн цалин нь 1,294,000 иен (жилдээ 15,528,000 иен), Үүнээс гадна, жилийн урамшуулал нь 6,350,000 иен байдаг. Тиймээс нийт жилийн орлогын дүн нь 21,878,000 иен болдог. Харьцуулах зорилгоор ам.долларт шилжүүлж үзэхэд Японы хууль тогтоогчдын жилийн цалин ($201,800) нь АНУ ($174,000 ), Өмнөд Солонгос ($105,000), Герман ($102,600), Их Британи ($91,200)-ийн хууль тогтоогчдын цалингаас өндөр байна.
Японы хууль тогтоогч нар бусад улс орнуудын парламентын гишүүдээс, мөн Японы дундаж ажилчдаас өндөр цалин авна гэдэг нь илэрхий.
Хамгийн сонирхолтой нь парламентын гишүүн бүр “bunsho tsūshin kōtsu taizaihi ” гэж нэрлэгдэх 1 сая иенийн татваргүй хөнгөлөлт (баримт бичиг, холбоо, тээвэр, байрны зардалд зориулан)-ийг сар бүр авч байгаа нь нэг жилд нийтдээ 12 сая иен болно. Парламентын гишүүд энэхүү хөнгөлөлтийг өөрсдийн албан ёсны үйл ажиллагаанд зарцуулах ёстой ч, үүнийг хэрхэн зарцуулсан талаар баримт бүрдүүлж, тайлагнах шаардлагагүй байдаг. Мэдээж хэрэг парламентын гишүүд үйл ажиллагаанаас үлдсэн хөнгөлөлтийг хэмнэх боломжтой бөгөөд хэрэв хүсвэл татваргүй орлогын томоохон эрх үүсвэр гэж үзэж ч болно. Иймд, парламентын гишүүний жилийн нийт орлого нь 33,878,000 орчим иен болж байна.
Иймд Японы парламентын гишүүний жилийн орлого өндөр байна. Тиймээс яагаад Японы улс төрд авлига, хээл хахуулийн гэмт хэрэг гардаг вэ? Шалтгаан нь одоогийн парламентын гишүүн дараагийн сонгуульд ялна гэсэн баталгаа байхгүй, мөн сонгуульд өрсөлдөхөд их хэмжээний мөнгө шаарддаг (нэр дэвших барьцаа/хадгалмж[5] нь 3-6 сая иен байдаг). Энэ байдлаар сонгуулийн дараа тухайн парламентын гишүүн ажилгүй болох боломж өндөр байдаг. Тиймээс тэд албан тушаал эрхэлж буй богинохон хугацаандаа боломжит хамгийн их мөнгийг цуглуулах, хадгалах хандлагатай байдаг.
Парламентын доод танхимын бүрэн эрхийн хугацаа 4 жил байдаг ч Ерөнхий сайд танхимыг тараавал дээрх хугацаа илүү богино болох юм. Бодит байдалд доод танхимын гишүүд аль ч сонгуулийн бүрэн эрхийн хугацаа дунджаар 3-аас бага жил байгаа юм. Харин Дээд танхимын бүрэн эрхийн хугацаа 6 жил байдаг ч гишүүдийн хагас нь 3 жил тутамд сонгогдож байдаг. Зарим хууль тогтоогч нар, ялангуяа доод танхимын гишүүдийн зүгээс бүрэн эрхийнхээ хугацаанд улс төрийн үйл ажиллагаа болон сонгуулийн санхүүжилтийг зохион байгуулахад тэдний жилийн орлогын хэмжээ хангалттай бус байна гэж гомдол үе үе гаргасаар байдаг.
Энэ шалтгааны улмаас улс төрийн намууд жилд хэд хэдэн удаа санхүүжилт босгох арга хэмжээг зохион байгуулж байна. Парламентын гишүүний дэмжигчийн хувиар донорууд нь хөрөнгө босгох нэг тасалбарыг 20000 иен болон түүнээс дээш үнээр худалдан авдаг. Энэ нь хэрхэн парламентын зарим гишүүд нэг өдөрт 10 сая иен болон түүнээс дээш хөрөнгө босгох боломжийг олгодог. Намууд улс төрийн санхүүжилт босгохыг Улс төрийн санхүүжилтийн хяналтын хууль[6]-ийн 8-2-т хүлээн зөвшөөрч хуульчилсан байдаг. Мөн үүнтэй адил улс төрийн бүлэгт хандив өгөхийг хүлээн зөвшөөрч хуульчилсан байдаг ч гадаадын иргэн, гадаадын аж ахуйн нэгжээс улс төрийн дэмжлэг авахыг дээрх хуулийн 22-5 дугаар зүйлээр хязгаарласан байдаг.
Парламентын гишүүн болохын тулд нэр дэвшигч нь хуульд заасан шалгуур (Доод танхимд 25-аас дээш настай, Дээд танхимд 30-аас дээш настай Японы иргэн байх)-ыг хангасан байх ёстой бөгөөд арьс өнгө, итгэл үнэмшил, хүйс, нийгмийн байдал, гэр бүлийн гарал үүсэл, боловсрол, өмч хөрөнгө, орлогын байдлаар нь ялгаварладаггүй.
Энэ бүхнийг дурдаж байгаагийн шалтгаан бол парламентын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдсон, эсхүл удам дамжсан хууль тогтоогчдоос ялгаатай нь ихэнх залуу болон эгэл жирийн шинэ нэр дэвшигчдийн хувьд өөрсдөө мөнгө хадгалж, ажилгүй болох эрсдэлд бэлтгэх шаардлагатай байдаг.
Мэдээж хэрэг ямар ч тохиолдолд хээл хахуулийг хүлээн зөвшөөрөх, зөвтгөх ёсгүй бөгөөд энэ нь эцсийн эцэст улс төрч бүрийн шударга байдал, хувь хүний ёс суртахууны асуулт юм. Хэдий тийм ч парламентын гишүүдийн дээрх тодорхойгүй нөхцөл байдлууд болон эдийн засгийн чадавхын харилцан ялгаатай байдал нь Японы улс төр дэх авлига, хээл хахуулийн шууд бус шалтгааны нэг болж байна гэж үзэж болох юм.
Нийтлэл бичсэн: Японы Парламентын Доод танхим дахь Төрийн сангийн сайдын албан ёсны нарийн бичгийн дарга, Сока их сургуулийн Энх тайвны судалгааны хүрээлэнгийн туслах профессор асан Дайсукэ Акимото.
Эх сурвалж: www.japantimes.co.jp
Сэтгэгдэл (0)