Итали Улсад оршин суугаа иргэдийн анхааралд
- 2020-03-05
- Дэлхий
- 0
Итали Улсын Иргэний хамгаалалтын газраас хийсэн албан ёсны мэдээллээр 3 дугаар сарын 3-ны өдрийн 18:00 цагийн байдлаар тус улсад коронавирусын халдварын 2502 тохиолдол бүртгэгдэж, 160 хүн бүрэн эдгэрч, 79 хүн нас бараад байна. Коронавирусын халдварын тархалт муж, хотуудад дараах байдалтай байна.
Үүнд:
Ломбарди - 1326, Эмилия Романя - 398, Венето - 297, Пиемонте - 59, Марке - 59, Кампания - 30, Лигурия - 19, Тоскана - 18, Фриуля Венеция Жулиа - 13, Лацио - 11, Умбрия - 8, Сициль - 5, Пулия - 6, Абруццо - 6, Тренто - 4, Молисе - 3, Болцано - 1, Калабрия - 1, Сардини - 1, Басиликата - 1.
Италийн Засгийн газраас улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургууль, их сургуулийн үйл ажиллагааг 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл зогсоох шийдвэрийг 3 дугаар сарын 4-ний өдрийн хуралдаанаас гаргав.
Коронавирусын халдварын тархалт, эрсдлийн үнэлгээгээ хийж газарзүйн хувьд 3 бүсэд ангилж, тусгайлан арга хэмжээ авах тухай шийдвэр гаргаад байна. Үүнд:
1. Улаан бүс – Ломбарди мужийн Бертонико, Касалпустерленго, Кастелжерундо, Кастилионе Д’Адда, Кодонё, Фомбио, Малео, Сан Фиорано, Сомалия, Терранова дей Пассерини, Венето мужийн Во хот
Улаан бүсэд хамаарч буй хотод анхан шатны төрийн болон өдөр тутмын хэрэгцээтэй холбоотой үйл ажиллагаа эрхэлж буй байгууллагуудын үйл ажиллагаанаас бусад бүх сургууль, олон нийтийн арга хэмжээ, нийтийн тээврийг зогсоон хот руу орох, гарах хөдөлгөөнийг хаагаад байна.
2. Шар бүс – Ломбарди, Венето муж, Песаро, Урбино, Савона зэрэг хотууд
Шар бүсэд бүх шатны сургалтын байгууллага, кино театр, театр, спорт цогцолбор зэрэг иргэд олноор цуглардаг газруудын үйл ажиллагааг зогсоосон. Харин бар, ресторанаар үйлчлүүлэгчдийн хооронд 1 метрээс ойргүй зайг хадгалах байдлаар үйл ажиллагаа явуулах, төрийн үйлчилгээний байгууллагуудыг багасгасан цагийн хуваариар ажиллуулахаар болов.
3. Италийн бусад муж, хотуудад бүх шатны сургалтын байгууллага, төрийн байгууллагад гар ариутгагч байршуулах, нийтийн тээвэрт ариутгал халдваргүйжүүлэлтийг сайтар хийх, 2 дугаар сарын 14-ний өдрөөс хойш БНХАУ болон улаан бүсэд зорчсон иргэд өөрийн харьяалагдах анхан шатны эмнэлэгт дээрх бүсэд зорчсон тухайгаа мэдэгдэх, 3 дугаар сарын 15 хүртэл сургалтын байгууллагуудын танилцах аяллыг зогсоох шийдвэр гарав.
Итали Улсад коронавирусын халдвар хурдацтайгаар тархаж буйтай холбогдуулан бусад орнууд урьдчилан сэргийлэх зорилгоор дараах арга хэмжээг авч байна. Үүнд:
1. Иргэний агаарын тээврийн нислэгийн хязгаарлалт:
Бүгд Найрамдах Турк Улсын Түркиш Эйрлайнс компани Италийн чиглэл дэх нислэгийг 3 дугаар сарын 10-ны өдөр хүртэл, АНУ-ын Делта компани Милан чиглэлийн нислэгийг 5 дугаар сарын 2 хүртэл, Американ Эйрлайнс компани Миланы чиглэлийн нислэгийг 4 дүгээр сарын 24 хүртэл, ХБНГУ-ын Луфтханса компани Италийн чиглэлийн нислэгүүдийн тоог цөөлөх, Израйлийн Эл Хал компани Италийн нислэгийг тодорхойгүй хугацаагаар зогсоох шийдвэрийг тус тус гаргав.
2. Итали Улсад сүүлийн 14 хоногийн хугацаанд зорчсон иргэдийг хилээр нэвтрэхийг зогсоох шийдвэрийг дараах улс гаргаад байна.
Израйл, Йордан, Ливан, Саудын Араб, Бахрейн, Сальвадор, Маврикий, Туркменистан, Монгол, Ирак, Капе Верде, Ямайка, Тринидад, Антигуа, Кувейт, Мадагаскар, Ангол, Науру, Соломоны арлууд, Маршаллын арлууд, Сейшелийн арлууд болон Фижи Улс
3. Итали Улсад сүүлийн 14 хоногийн хугацаад зорчсон иргэдийг тусгаарлах шийдвэрийг дараах улс гаргав.
БНХАУ, Тайвань, Хонг Конг, Шри Ланка, Энэтхэг, Тайланд, Катар, Эритреа, Чад, Тажикстан, Казактсан, Киргиз, Кени, Замби, Вьетнам, Шинэ Зеланд, Панама, Гренада
4. АНУ, Франц, Испани, Грек, ОХУ, Хорват Улсын Засгийн газраас иргэдээ шаардлагагүй бол Итали Улсад зорчихгүй байхыг зөвлөөд байна. Түүнчлэн бусад улс Италиас ирж буй зорчигчдын халууныг хэмжих, шаардлагатай тохиолдолд тусгаарлах арга хэмжээ авч байна.
Итали Улсад оршин сууж буй Монгол иргэд эх орондоо зорчиход дамжин өнгөрдөг Бүгд Найрамдах Турк Улсын Туркиш Эйрлайнс компани Италийн чиглэлийн нислэгийг 3 дугаар сарын 10-ны өдөр хүртэл зогсоогоод байна. Харин ОХУ-ын Москва хотоор дамжих тохиолдолд Шереметьево буудлын F терминалд Итали Улсаас ирж буй зорчигчдын халууныг хэмжих арга хэмжээ авч байна. Хэрэв транзит танхимаас гарч, ОХУ-ын хилээр нэвтрэх тохиолдолд коронавирусын вирусын шинжилгээ авах бөгөөд шинжилгээний хариу 24 цагийн дотор гарах тул Москва хотоор дамжин нисэх зорчигчид нислэг хоорондын цагаа тооцоолж, транзит танхимаас гарахгүй байх нь зүйтэй байна.
Монгол Улсын Онцгой комиссын шийдвэрээр Итали Улсаас ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин эх орондоо зорчиж буй Монгол Улсын иргэдийг агаарын замын “Буянт-Ухаа”, авто замын “Алтанбулаг-Хиагт”, төмөр замын “Сүхбаатар-Наушки” боомтоор хил нэвтрүүлэх бөгөөд орж ирсэн өдрөөс хойш 14 хоногийн хугацаанд түр тусгаарлах арга хэмжээ авч, холбогдох зардлыг тухайн иргэн, хуулийн этгээдээс гаргуулах болсон байна.
Түүнчлэн Итали Улсад оршин суух эрхийг сунгах явцад олгодог бичгээр (ricevuto) эх орондоо зорчих боломжтой хэдий ч буцаж ирэх үед дамжин нислэг хийж буй зарим орны нисэх буудалд Итали Улсад нэвтрэх эрх бүхий баримт бичиггүй гэсэн үндэслэлээр онгоцонд суулгахаас татгалзах тохиолдол цөөнгүй гарч байна. Энэ тохиолдолд дамжин нислэг хийж буй улс дахь Италийн Элчин сайдын яам, консулын газарт хандан тус улсад нэвтрэх виз авах шаардлагатайг асуудал эрхэлсэн байгууллагаас (Questura) мэдээлэв. Иймд иргэд Та бүхэн оршин суух эрхийн сунгалт хийх үед эх орондоо зорчихтой холбоотой бичиг баримтын асуудалд сайтар анхаарна уу.
Коронавирусын халдварын тархалт Итали Улсад хурдацтай нэмэгдэж байгаа тул Итали Улсад оршин суугаа Монгол Улсын иргэд та бүхэн дээрх бүс нутгуудад зорчихгүй байх, олон нийтийн газраар явахаас аль болох зайлсхийх, онц шаардлагатай тохиолдолд гарын ариун цэврийг сайтар сахиж, ариутгагч хэрэглэх, ариутгаагүй гараар нүүрэндээ хүрэхгүй байх, дархлаа дэмжих амин дэмтэй хүнс хэрэглэх зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг авна уу. Хэдийгээр Итали, Франц, Швейцарь, АНУ зэрэг улсын холбогдох байгууллагаас амны хаалт хэрэглэх нь вирусын халдвараас сэргийлэх ач холбогдолгүй гэсэн мэдээллийг өгч буй хэдий ч Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас иргэдэд амны хаалт зүүх зөвлөмжийг өгч байгааг дагаж мөрдөнө үү.
Итали Улсад оршин сууж буй иргэдээ Хилийн чанадад оршин суугаа Монгол иргэдийн бүртгэлд хамрагдах ( https://citizen.gov.mn/ )-ыг уриалж байна.
Шаардлагатай тохиолдолд Элчин сайдын яамны шуурхай утас (+39 389 063 4886), Mongolian Embassy Italy фэйсбүүк хуудас болон http://monembrome.mn/ сайтаас зөвлөгөө, мэдээлэл авна уу.
http://monembrome.mn/index.php?moduls=101&id=166
Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа
Элчин сайдын яам
Ром хот
Сэтгэгдэл (0)