Мөнх цэвдэг хайлах нь тахлаас аюултай
- 2020-03-06
- Үнэн
- 2
Хүн төрөлхтөн хиймэл оюун ухааныг бий болгож, сансарт аялж, шинжлэх ухааны олон нээлт хийсэн ч байгалийн үзэгдэл нь бидэнд одоог хүртэл нууц хэвээр байна. Өнөөдөр дэлхий нийтээрээ манай гараг дээр хурдацтай тархаж байгаа коронавирусийн эсрэг тэмцэж байгаа бөгөөд ийм тахал тогтмол гардаг.
Эбола, Марбургийн вирус, гахай болон шувууны томуу, САРС, МЕРС гээд сүүлийн 10 жилийн хугацаанд гарсан тахал өвчнийг нэрлэвэл урт жагсаалт болно. Гэхдээ эдгээр вирус олон мянган байсан бөгөөд одоо байгаа хэлбэрүүд нь мутацлагдсан хувилбар юм. Манай гараг олон сая жилийн өмнөх нууцлаг, аймшигтай вирусийг хадгалсаар байна.
Дэлхийн гадаргуугийн 25 гаруй хувийг мөнх цэвдэг гэж нэрлэдэг “үхсэн” газрууд эзэлдэг. Өөрөөр хэлбэл, олон мянганы турш хөлдсөн нутаг юм. Харамсалтай нь, дулаарлын улмаас дэлхийн дөрөвний нэг хэсгийг бүрхсэн мөсөн гол, цас хайлж байгаа. Мөсөн гол хайлснаар байгалийн тэнцвэр алдагдахаас гадна мөнх цэвдэг давхаргад нуугдсан эртний аюултай вирусүүд “амилах” эрсдэлтэй юм. Үлэг гүрвэл, арслан зааны үед амьдарч байсан бичил биетүүд нь хүн төрөлхтөнд шинэ коронавирусээс илүү аюул заналхийлнэ. Зөвлөлтийн биологийн шинжлэх ухааны доктор Сабит Абызов 1979 онд Антарктидын мөсөн голыг судалж, гайхалтай нээлт хийсэн байдаг. Тэрбээр мөнх цэвдэгт хөлдсөн 400 мянган жилийн настай амьд бичил биетийг олжээ. Энэхүү олдвор нь эрдэмтдийг мөсөн голоос эртний организмуудыг “ангуучлах” судалгааны эхлэл болсон юм.
АВАРГА ВИРУСҮҮД АМИЛАХ НЬ БОДИТ АЮУЛ УУ
Копенгагенын их сургуулийн судлаачид 3.5 сая жилийн настай бичил биетний ДНХ-ийг 2007 онд судалжээ. Уг вирусийг ОХУ-ын нутаг дахь мөнх цэвдгээс илрүүлсэн байна. Дашрамд сонирхуулахад хамгийн эртний амьд нянтай давсны талстыг АНУ-ын эрдэмтэд үлэг гүрвэлийн олдвороос илрүүлжээ. Шинжлэхухаанд бүртгэгдсэн мимивирус, пандоравирус, питовирус, моливирусийг аварга том вирус гэдэг. Тэдгээр нь нэг микро хэмжээтэй байдаг бөгөөд ердийн оптик микроскопоор ч харж болно. Эдгээр төрлийн вирус хүн төрөлхтөнд шууд аюул занал учруулдаггүй, зөвхөн амеба зэрэг шимэгчдийн биед амьдрах чадвартай байдаг. АНУ-ын судалгааны анги 2016 онд Нью-Мексико мужийн газар доорх агуйгаас дөрвөн сая жилийн өмнө амьдарч байсан паенибакиллус гэх бактерийн эртний төрөл зүйлийг илрүүлжээ. Эрдэмтэд уг вирус орчин үеийн антибиотикийн 70 хувьд тэсвэртэйг тогтоосон байдаг. Энэхүү судалгаа нь мөсөн голууд хайлж дуусвал дэлхий даяар жинхэнэ тахал тараах эрсдэлтэй болохыг баталсан юм. Түүнчлэн Салхард хотод 2016 онд тархсан боомын дэгдэлтийн шалтгаан нь хөлдсөн бичил биетүүд байв. Ямалад 1897-1925 онд боом өвчнөөр үхсэн олон зуун бугыг булжээ. Гэтэл дулаарлын улмаас Ямалын мөнх цэвдэг хайлснаар үхлийн аюултай боомын вирус газрын давхаргад ил гарч “амилсан” байна. Эпидемийн улмаас гурван мянга орчим буга үхэж, 90 хүн халдвар авч, нэг хүүхэд нас баржээ. Энэ явдал судлаачдын сэтгэлийг түгшээж мөнх цэвдэг, мөсөн голд дарагдсан тахал, салхин цэцэг, холер болон бусад аюултай өвчний вирус нойрноосоо сэрж идэвхэжсэн тохиолдолд хүнд ямар нөлөө үзүүлэх талаарх судалгааг эрчимжүүлжээ.
Аварга том вирусийн нэгийг нээсэн Жан-Мишель Клавериер “Эрдэмтэд мөнх цэвдгийн зөвхөн дээд давхаргыг судалсан тул ирээдүйд хүн төрөлхтнийг юу хүлээж байгааг тааварлах боломжгүй. Зарим унтаа вирус нь хүн төрөлхтнөөс өмнө үүссэн учраас бидэнд тахлаас ч аюултай. Түүнчлэн орчин үеийн хүмүүсийн дархлааны систем нь өмнө нь шинжлэх ухаанд мэдэгдэж байгаагүй шинэ төрлийн вирусийг тэсвэрлэхэд туйлын хэцүү болсон.
Хэдхэн зууны өмнө хүн төрөлхтнийг сүрдүүлж байсан салхин цэцэг өвчний вирус мөнх цэвдэг хөрсөнд “унтаж” байна. Тиймээс цаг уурын гамшгийн нөлөө болон мөнх цэвдэгт бүсэд ашигт малтмал олборлох зэрэг интервенц нь тэднийг сэрээдэг. Үр дагаврыг хэн ч тааварлах боломжгүй юм” гэж 2019 онд хэвлүүлсэн судалгааны өгүүлэлдээ онцолжээ. Зарим судлаач эртний хүмүүс болох неандерталь, денисованчуудыг мөхөлд хүргэсэн вирусүүд мөнх цэвдэгт амь бөхтэй оршиж байна гэж үздэг. Оксфордын их сургуулийн эрдэмтэн Саймон Андердаун неандертальчуудын устсан шалтгааныг спонгиформ энцефалопати буюу үхрийн галзуу өвчинтэй холбон тайлбарладаг. Түүнчлэн ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Хөрс судлалын хүрээлэнгийн криологийн лабораторийн эрхлэгч Елизавета Ривкина мөнх цэвдэгт дарагдсан вирус хүн төрөлхтөнд бодит аюул занал учруулна гэж үздэг эрдэмтдийн нэг юм. Тэрбээр “Мөнх цэвдэг хайлах нь пандорагийн хайрцгийг нээхтэй адил” гэжээ.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл (2)
suren (66.181.161.104)
hugjil etsestee hureheer muhul boloh hi gartsaagui yum daa
иргэн (202.131.247.170)
яана даа. хүний шунал дэлхийг сөнөөх юм байна