Аян замын тэмдэглэл: Монголоороо гоёсон Өвөрмонгол нутгаар
- 2020-03-06
- Нийтлэл
- 0
Намрын налгар өдрүүд налайсан аравдугаар сарын сүүлчээс энэ сарын аравдыг өнгөртөл ӨМӨЗО-ы зарим хотоор аялж, ажиллаж, туршлага судлаад ирлээ. Тус орны Хөх хот, Улаанхад хотоор аялж, ажиллахдаа үзсэн харсан, сонссон дуулснаа тоймлон, товчхон тэмдэглэл хэлбэрээр бичиж, уншигчдадаа хүргэе.
Монголын хэвлэл мэдээллийн хориод сэтгүүлч, сурвалжлагч аравдугаар сарын 28-нд Хөх хотод хүлгийн жолоог татан буудалласнаар бидний аялал эхэлсэн юм. Өнөө жил БНХАУ байгуулагдсаны 70 жил, Монгол, Хятад хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгаа билээ. Энэ түүхт ойн хүрээнд манай хоёр орны хооронд олон цуврал арга хэмжээ зохион байгуулж байна. Үүний хүрээнд хэвлэл мэдээллийнхний хамтын ажиллагаа өргөжин, олон талт ажил өрнүүлж буйн нэг нь бидний аялал, сургалт юм. Энэ аялал сургалтыг ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба болон МСНЭ-ийн хамтын ажиллагааны хүрээнд ӨМӨЗО-ы Ардын Засгийн газар, Өвөрмонголын Багшийн их сургуулиас хариуцан зохион байгуулсан. Үүнийг Монгол Улсын залуу сэтгүүлчдийн II дахь сургалт, 2019 оны тав дахь удаагийн Хятад, Монголын хэвлэл мэдээлийн хамтарсан сурвалжилгын хүрээнд зохион байгуулсныг тэд онцолж байлаа.
Бид Хөх хотод тав хонохдоо Өвөр Монголын Багшийн их сургуулиар орж, “Тал нутгийн соёлын судалгаа”, “Дундад улсын 5000 жилийн түүх”, “Ядуурлыг бууруулах ба чинээлэг нийгэм байгуулах” лекц сонсч, тус орны болон БНХАУ-ын нийгэм эдийн засаг, соёл боловсролын тухай мэдээ мэдээллээр өөрсдийгөө “цэнэглэлээ”. Тус хотын Үндэсний музей, “Мин Милк” сүүний үйлдвэр, “I Soft Stone” хэвлэл мэдээллийн төв, Ар Хорчин хошуун дахь Монгол хааны ордны дуу, бүжгийн төв, “Шижир” хувцас урлалын компани, Улаан хад хотын “Өдрийн сонин”, Радио, телевизийн хороо зэрэг олон газраар орж, ихийг үзэж, хөгжил дэвшлээр нь бахархаж явлаа.
Нүд тайлж, сэтгэл баясгаж байсан зүйл олон байсны заримаас доор сийрүүлье.
МОНГОЛчУУДЫН БАХАРХЛЫГ МУЗЕЙГЭЭС НЬ ХАРАВ
Хөх хотын үндэсний түүхийн музейг 1957 онд байгуулжээ. Олны нүдийг булаах тохилог барилгадаа 2007 онд орж тохижсон юм байна. Музейн барилгын загвар хийц өвөрмөц, авто зогсоол, кино театр, бэлэг дурсгалын дэлгүүр, кофе шоп гээд бүхнийг цогцоор нь шийджээ. Орчин үеийн шийдэлтэй, олон мянган үнэт үзвэртэй энэхүү музей 15 мянган ам метр талбайг эзэлнэ. Үүний 7000 ам метр талбайг нь үзвэрийн танхим эзлэх бөгөөд БНХАУ-ын цөөнх үндэстнүүдийн хамгийн анхны музей гэдгээрээ онцлог. Түүгээр ч зогсохгүй өдгөө Дундад улсын тэргүүлэх том музейн нэгд зүй ёсоор багтдагаараа тэд бахархана.
Бид үзмэрээр баялаг, үзэгчдийн хөлд үргэлж дарагдах долоон том танхимаар нь зорчин, нүд сэтгэлээ баясган явсаар гадаад, дотоодын жуулчдын анхаарлыг ихэд татдаг гол танхимын нэг - Монголын их Эзэнт гүрэн, Үлэг гүрвэл, Нүүдэлчдийн ахуй соёлыг дэлгэсэн танхимаар орлоо. Энд Суут эзэн богд Чингис хааны ургийн модноос эхлээд 20 метр өндөр үлэг гүрвэлийн ясыг орон зайн төгс шийдлээр байрлуулсныг хараад атаархаж, монгол түмнээрээ бахархаж явлаа. Бидний баялаг үүх түүх, уламжлал соёлыг дэлгэн харуулсан, үзсэн хэн ч бахдан баярлаж, бишрэхгүй байхын аргагүй юм. Монгол эд өлгийн зүйлс, монгол дээл хувцасны хийц, донж маягийг эндээс тод харж болох аж.
МУЗЕЙТЭЙ АНДУУРМААР “МИН МИЛК” СҮҮНИЙ ҮЙЛДВЭРТ ЗОЧЛОВ
Бид Хөх хотод байдаг сүүн бүтээгдэхүүний тэргүүлэх үйлдвэр болох “Мэнню” компанийн “Минмилк” үйлдвэрээр орлоо. 1999 онд байгуулсан Mengniu Group нь 20 жилийн хөгжлийн үр дүнд 39 салбар, 61 үйлдвэртэй бөгөөд эдгээр нь шингэн сүү, тараг, зайрмаг, сүүний нунтаг, бяслаг зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж. Дэлхийн сүүн бүтээгдэхүүний хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник технологийг нэвтрүүлсэн Mengniu Group lias дэлхийн сүүний салбарын эхний 20-д багтдаг хэмээн ярьж байна. Тус сүүний үйлдвэр 330.000 хавтгай дөрвөлжин метр талбайг эзлэх агаад хамгийн сайн чанарын шингэн сүү үйлдвэрлэх үйлдвэрийн хувьд дэлхийн шилдэг үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, технологийг орчин үеийнхтэй хослуулсан автоматжуулалтыг суурилуулсан байна. Энд өндөр хурдны 22 асептик автомат дүүргэлтийн шугам байдаг. Нэг ээлжиндээ 55-хан хүн ажиллана. Энэ үйлдвэрийн үйлдвэрлэлийн үе шат бүхнийг шилэн хананы цаанаас харж, танилцаж болох юм билээ. Нийт 1.2 сая үхэртэй, өдөрт 2000 тн сүү боловсруулдаг гэсэн.
Сүүний үйлдвэрийн байр нь өвөрмөц тохижилт, зохион байгуулалттай бөгөөд барилгын бүх хана, тааз, өрөө тасалгаа бүр нь хөгжлийн 20 жилийн түүхээ хүүрнэн өгүүлнэ. Музей, эсвэл аль нэг хотын гудамж талбайтай андуурмаар нэн өвөрмөц шийдэлтэй. Хамтран ажилладаг бүхий л байгууллага, ивээн тэтгэдэг баг тамирчдынхаа мэдээллийг хүртэл багтаасан том, том павильон зассан нь тун үзүүштэй сонирхолтой санагдсан. Соёл урлаг, спорт, технологи, эрүүл мэнд, боловсролын гээд дэмжиж ажилладаггүй салбар бараг үгүй гэдгийг компанийнхан онцлон хэлж байлаа.
ЭЛСЭН ЦӨЛИЙГ ОЙЖУУЛАГЧИД
БНХАУ болон ӨМӨЗО-ны хэмжээнд өвс ургамал үржүүлгийн газар олон байдаг ч “Мин Цао” компани өвс ургамал, хөрс, үр, суулгац бүхнийг цогцоор нь судалж шинжилдгээрээ цор ганц аж. 6000 ам.метр талбайтай энэхүү компанийг арваад жилийн өмнө Ван Жо Мин гэх оюутан залуу цэцгийн дэлгүүр нээснээр эх үндсийг нь тавьжээ. Тэрбээр сургалтын төлбөргүй байсан тул эцэг, эхээсээ ирсэн багахан хэмжээний ноос, ноолуурыг худалдаж олсон мөнгөөрөө жижигхэн цэцгийн дэлгүүр нээсэн нь өдгөө Дундад улсын хэмжээнд үнэлэгдсэн том компани болж өргөжсөн байна. 2014 оны нэгдүгээр сарын 28-нд Ерөнхийлөгч Си Жин Пин “Мин Цао” компаниар зочилж хүйтэнд ургадаг уугуул ургамлыг хараад тэрбээр, “Элсэн цөлийг ногоон болгож, халуун орны цэцэг, ургамал тарьж байгаа нь үнэтэй үйл хэрэг юм. Бидний байгаль дэлхийдээ үзүүлж буй хувь нэмэр, арга туршлагыг бусад улсад үлгэрлэнэ гэдэгт итгэлтэй байна” гэжээ.
Энэ компанийнхан судалгаа шинжилгээний ажил хийхээс гадна байгалийн нөхөн сэргээлт хийдгээрээ алдартай. Уул уурхайн олборлолтоос талхлагдаж эвдэрсэн газар нутгийг 3-5 жилийн хугацаанд ногоон төгөл болгон хүлээлгэн өгдөг нь тэдний ажлын нэг онцлог. Тэд бас ирээдүй хойч үе болсон хүүхэд багачуудыг байгаль орчиндоо хайртай иргэн болж төлөвшихөд дэмжлэг үзүүлж, сургалт сурталчилгааны ажлыг өөрийн байрандаа зохион байгуулдаг юм байна. Хятад Улсын газар нутгийнх нь 27 хувийг эзэлдэг элсэн цөлийг ой болгохоор ханцуй шамдан оржээ. Тэд “Хятадын ногоон хэрэм” төслийн хүрээнд хил дагуух 4500 километр газар нутагт 2050 он хүртэл 100 тэрбум мод тарих зорилт тавьжээ.
Элсэн цөлийг ч ойжуулахаар судалж сурвалжлан, тарьж туршиж буй энэ компанийн ажил өгөөж, үр шимээ өгсөөр байна.
ЛИГДЭН ХААНЫ ҮЕИЙН ДУУ,
ХӨГЖИМ ОДОО Ч ЭГШИГЛЭСЭЭР...
Хөх хотын Архорчин хошуунд Монгол хааны ордны дуу, хөгжмийн төв байх юм. Энэхүү төвийг 2010 онд байгуулсан бөгөөд Монголын Лигдэн хааны ордны дуу, хөгжмийн зэмсэг, бүжиг гэсэн гурван хэсгээс бүрдэх юм. Монголчуудын эртний урлагийн өвийг сэргээсэн 80 гаруй дуу, 18 хөгжмийн зэмсэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг гэсэн. “Лигдэн хаан”-ы гэж тодотгосны учир нь Хархорин хошууны Хаансүм сумын Баянхошуу гацааны нутагт байрлах Цагаан хот хэмээх эртний хуучин хотын тууриас Лигдэн хааны үеийн нийслэл хотын ул мөр олж (2005 онд) тогтоожээ. Мөн 2009 онд болсон БНХАУ-ын хэмжээний эрдэм шинжилгээний хурлаар тус нутаг дэвсгэрт байрлах Гэмпий сүмээс олдсон эртний монгол дуу хөгжмийн хуучин дэвтрээс энэ бүхэн Монголын Лигдэн хааны үеийн дуу, хөгжим болохыг тогтоосон аж. Иймд энэхүү дуу, хөгжмийг сэргээн, залуу хойчдоо үлдээх ёстой гэж үзэн Архорчин хошуунд хааны ордны дуу, хөгжмийн төвийг ийн байгуулсан байна. Монгол дуу хөгжим, хувцас, эд зүйлсээрээ гоёсон тэднийг хараад өөрийн эрхгүй зүрх сэтгэл огших юм билээ.
МОНГОЛЫН ҮР САД ТЭНД СУРЧ ТӨЛӨВШИЖ БАЙНА
Архорчин хошуунд монгол үндэстний нэг сургууль байх юм. Түүнийг II сургууль гэх аж. 247 багш, 1599 сурагчтай энэ сургуулийн сурагчид хичээлдээ бүгд монгол цамц өмсөх нь их содон. Сурагчдын олонх нь малчин ардын хүүхэд тул олонх нь буюу 1500 орчим нь дотуур байранд амьдардаг аж.
Сургуульд монгол бичиг, монгол бөх, монгол бүжиг, морин хуур, ёочин, шанз, ятга уран зураг, сонгодог хөгжмийн зэрэг олон дугуйлан хичээллэнэ. Эдгээрээс монгол бөхийн дугуйлан нь хамгийн олон сурагчтай. Дугуйлангийн багш Хишигтогтох “Монгол бөхийн секцэнд жил бүр 30-40 хүүхдийг хамруулдаг. Хүүхдүүд өглөө бүр эртлэн босч, бэлтгэл хийдэг болохоор аймаг, хошуундаа амжилт гаргах нь элбэг. Цаашлаад ӨМӨЗО-ны Багшийн их сургуульд суралцаж байна” гэсэн юм. Харин монгол бичгийн дугуйланд цаашид энэ чиглэлээр дагнаж суралцах сонирхолтой 10 гаруй хүүхэд явдаг тухай дугуйлангийн багш Давхарбаяр хэлээд “Энэ хүүхдүүд монгол бичигтээ маш их дуртай. Монгол бичгийг хэзээ ч мартаж, орхиж болохгүй өв гэдгийг маш сайн ойлгодог” гэсэн юм.
Сургуулийн хөлбөмбөг, сагсан бөмбөгийн талбай, гүйлтийн замын тухайд ярих ч юм биш. Энгийн нэгэн хошууны дунд сургууль манай их сургуулиудаас ч илүү тохижилттой, том талбайтайг хараад бас л бахархлаа. Хүүхэд зөвхөн сурч боловсрох үүрэгтэй бөгөөд тэрхүү орчныг томчууд бүрдүүлэх ёстойг дэндүү сайн ухамсарласан санагдсан.
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДЭЭС ТАТВАР АВДАГГҮЙ
Архорчин хошуунд бидний саатсан бас нэг газар бол “Шижирт” оёдлын үйлдвэр. Жирийн малчин бүсгүй Шижирт 2011 онд гэрээрээ дээл оёж эхэлсэн нь өдгөө “Шижирт” компани болтлоо өргөжжээ. Захирал эмэгтэй одоо арваад оёдолчинтой бөгөөд жилдээ монгол мөнгөөр бол 70 сая төгрөгийн ашигтай ажилладаг гэсэн. Мөн тэрбээр “Намайг Үндэсний уламжлалт хувцасны нийгэмлэг, эмэгтэйчүүдийн холбооноос маш сайн дэмжсэн. Үүсгэн байгуулсан цагаас өдийг хүртэл улс ямар ч татвар авч байсангүй. Энэ нь маш том дэмжлэг болсон юм шүү” гэв. Энэ бүсгүй Монгол Улсаас дан тэрлэг, монгол гутал авч нутагтаа худалдаалдаг юм билээ. Монгол гуталны чанар үнэхээр сайныг тэр магтан сайшааж байсан. Тэд өөрсдийн оёсон дээлээ 500-6000 юаниар худалдаж, ажилчдадаа сард 2000-3000 юанийн цалин өгдөг юм билээ. Өмнөдийн монголчууд ийнхүү өөрсдийн урласан монгол дээл хувцсаараа гангарах дуртай болжээ.
УЛААНХАД ХОТОД МЭРГЭЖИЛ НЭГТНүүДТЭЙГЭЭ
Хоёр орны сэтгүүлчдийн багийн хамтын сурвалжилга үргэлжилсээр арваннэгдүгээр сарын 5-нд Улаанхад хотын Онгинууд хошууны “Хас Луу” элсний аялал жуулчлалын цэгээр дайрч, Улаанхад хотод буудалласан юм. Үзэг нэгт хэвлэл мэдээллийнхэн Архорчин хошууны Үндэстний уламжлалт соёлыг уламжилж, хамгаалан, хөгжүүлэх сууринд зочилж, “Хуурч болон хуурын үлгэрийн соёл урлагийн түүхэн дурсгалт бодисын үзэсгэлэн”-тэй танилцан, алдарт хуурч, ӨМӨЗО-ы зэрэглэлийн биет бус соёлын өвийн уламжлагч Отгонбаярын хуурын үлгэр, ургаа холбоо ярихыг сонирхов.
УЛААНХАД ХОТЫН “ӨДРИЙН СОНИН” СОНИН, РАДИО ТЕЛЕВИЗИЙН
ХОРООТОЙ ТАНИЛЦАВ
Улаанхад хотын “Өдрийн сонин”-ы хэвлэх үйлдвэр, сонины редакц болон Радио телевизийн хороонд зочилж, өдөр тутмын үйл ажиллагаатай танилцаж монгол телевизийн нэвтрүүлгийн тасаг, монгол радиогийн шууд нэвтрүүлгийн студи зэрэгтэй танилцав. Мөн Улаанхадын Радио телевиз хорооны монгол сэтгүүлчидтэй мэргэжлийн талаарх санал бодлоо хуваалцан, туршлага солилцсоноороо бид олзуурхан баярлаж байлаа.
Өдрөөс өдөрт өнгө засч, өндөр барилга, байшингаар хотоо тэлж, хуучны намхан барилга, байшингаа газрын хөрстэй тэгшилж, 10 жилийн өмнөхтэй харьцуулшгүйгээр хөгжиж байгааг Улаан хад хотын иргэд хэлж байв. Тэд бас БНХАУ 2022 он гэхэд “ядуу” гэдэг үгийг үгсийн сангаасаа “арчина” гэсэн зорилт тавьсан нь биеллээ олно гэсэн өөдрөг бодол, гэгээлэг үгэнд нь итгэж дахин ирж үзэх холын бодол тээсээр нутгийн зүг хүлгийн жолоог залж билээ.
2019.11.11
Ц.ОДБАТ
"Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл (0)