Хошууч Б.Ариунжаргал: Цаг ямагт албаараа бахархах, бардамнах сэтгэл төрдөг
- 2020-03-08
- Үнэн
- 0
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Дотоодын цэргийн 05 дугаар ангийн Хүний нөөц хариуцсан ахлах офицер, хошууч Б.Ариунжаргалтай түүний ажил, амьдралын талаар ярилцлаа. Төрийн тусгай алба болох цагдаа, дотоодын цэрэг, зэвсэгт хүчин, шүүх, онцгой байдлын байгууллагад ажиллаж, энэ байгууллагатай амьдралаа холбосноороо бахархаж явдаг олон бүсгүйчүүдийн нэг юм.
- Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагатай ажил амьдралаа холбох болсон сайхан түүхээр энэ ярилцлагаа эхлэж байна?
- Би их сургуулиа төгсөөд ганцхан жил болж байлаа. Аав маань намайг дагуулаад Дотоодын цэргийн 805 дугаар ангид очиж, анх удаа цэргийн ангийн хаалгаар орж байгаа минь энэ. Тэр үеийн алба хаагчид болон хугацаат цэргүүдийн алхаа гишгээ, ёсолгоо одоо ч сэтгэлд минь тодхон байна. Очсон өдрөө ажилд орохыг хүссэн өргөдөл, анкетаа бөглөхдаа ажиллахаасаа их сүрдэж байсан юм. Ингээд 1998 онд Дотоодын цэргийн 805 дугаар ангийн Боловсон хүчний хэрэг хөтлөгч, энгийн алба хаагчаар томилогдон тэр өдрөөс улс орныхоо аюулгүй байдлыг хангах Дотоодын цэрэг гэж маш хариуцлагатай энэ байгууллагатай амьдралаа холбож эхлээд 22 жил болжээ. Ингэж аав минь энэ байгууллагатай ажил, амьдралаа холбох гүүр минь болж байлаа.
- Хорин хоёр жил гэдэг бол бага хугацаа биш. Хэрхэн бахархаж явдаг вэ?
- Та гэртээ ороход гэр чинь дулаахан, цахилгаан тань хэвийн, крантаас тань цэвэр ус гарч, зурагтаа асаахад хойморт тань гэрэлтэж байвал та Дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаа хэвийн явагдаж, биднээс аюул хол байгаа юм байна гэж бодох хэрэгтэй. Дотоодын цэргийн байгууллага бол улс орны үндэсний аюулгүй байдалд шууд нөлөөлдөг бусад байгууллагаас онцлогтой. Тийм учраас жигдрэн жагссан жагсаалын өмнүүр өнгөрөх аранзал улаан тугны оройг ширтэн зогсохдоо бахархах, бардамнах сэтгэл яахын аргагүй төрдөг. Энэ бол төрийн тусгай албанд зүтгэж байгаа хүний бүрийн сэтгэл, зүрхийг огшоож, өөрөөрөө болон мөрдэс нэгт нөхдөөрөө, албаараа бахархах бахархалыг бий болгодог доо.
- Дотоодын цэргийн байгууллага дахин байгуулагдснаас хойш энэ жил анхны хугацаат цэргийн алба хаагчдыг татах гэж байна. Бэлтгэл ажил хэр байна вэ?
- Энэ оны 05 сард 2020 оны нэгдүгээр ээлжний хугацаат цэргийн алба хаагчдыг татна. Бэлтгэл ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байна.
- Та үе үеийн дарга болон одоогийн дарга, хамт олныхоо талаар хуучилна уу?
- Миний үе үеийн хамт олон болон удирдлагууд маань цэргийн эрдэмд мэргэшсэн хүмүүс. Одоо ажиллаж байгаа дарга, хамт олон маань ч үүргээ ухамсарласан, ажил мэргэжилдээ эрдэмшсэн, эгэлгүй сайхан хүмүүс. Үеийн үед би үнэхээр сайхан хамт олон, чадварлаг дарга нарын удирдлагад ажиллаж ирсэн учраас их зүйл сурсан даа.
- Байгууллага бүр хуулиар хүлээлгэсэн өөр өөр чиг үүрэгтэй байдаг. Үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид ч ялгаагүй. Таны ажлын онцлог юу вэ? Яг хүний нөөцийн чиглэлээр хэдэн жил ажиллаж байна вэ?
- Би цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагад хүний нөөцийн чиглэлээр 16 дахь жилдээ ажиллаж байна. Мэргэжил бүр өөр өөрийн онцлогтой. Миний ажлын онцлог бол байгууллагынхаа үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй явуулахад хамгийн гол тулгуур болдог. Өөр өөр хүсэл зорилго тэмүүлэлтэй, өөр өөр хүмүүжилтэй иргэдийг нэг байгууллагад, нэгэн зүгт, нэг зорилгоор ажиллуулахад миний ажлын онцлог хамгийн ихээр харагддаг.
- Дотоодын цэргийн байгууллагад ажиллаж байгаа болон ажиллахыг хүсдэг хүмүүстээ та юу гэж хэлэхийг хүсдэг вэ?
- Дотоодын цэргийн байгууллагын дарга, удирдлагууд алба хаагч, ажилтныхаа төлөө гэх их сэтгэлтэй, зарчимтай, дэг журамтай гээд хэлээд байвал их зүйл бий. Хэрэв энэ байгууллагад ажиллаж байгаа бол, ажиллахыг хүсдэг бол хоёргүй сэтгэлээр л хандаарай гэж хэлнэ дээ.
- Аав тань таныг анх энэ байгууллагатай холбосон гүүр байлаа гэсэн. Та гэр бүлээ бидэнд танилцуулаач?
- Манайх ам бүл дөрөв. Нөхөр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Нөхөр маань Дотоодын цэргийн 05 дугаар ангид ажилладаг. Манай аав, ээж, хамаатан садан дунд цэрэг, цагдаагийн хүмүүс байхгүй ч, манайх гэр бүлээрээ цэргийн хүмүүс. Үүгээрээ маш их бахархдаг. Гэр бүл гэдэг бол хамгийн чухал хүмүүс. Тиймээс цаг зав гарвал гэр бүлдээ зарцуулдаг. Ханьдаа халамжит эхнэр байж, үр хүүхэддээ хамгийн сайн ээж байхыг хүсдэг ээжүүдийн нэг.
- Өнөөдөр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Та нийт эмэгтэйчүүддээ хандаж мэндчилгээ дэвшүүлээч.
- Малгайдаа алтан соёмбоо залж, магнайдаа улаан тугнаасаа адис авч, мөрөө мөрдэсөөр чимж, жигдрэн жагсах жагсаалд хөл нийлүүлэн алхаж, хэнд ч олдохгүй ховор хувь заяатай нийт цагдаа, дотоодын цэргийн эмэгтэй алба хаагч нартаа хорвоогийн хамгийн сайн сайхан, эрүүл энх, аз жаргалын дээдийг хүсье.
- Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсэж байна. Сайхан баярлаарай...
Ярилцсан: Цагдаагийн дэслэгч Б.Уранцацрал
Сэтгэгдэл (0)