Тагнуулын Ерөнхий Газраас коронавирустай холбоотой мэдээлэл хүргэж байна
- 2020-03-10
- Дэлхий
- 0
ШИНЭ КОРОНАВИРУС (COVID-19)-Т ХАЛДВАРТАЙ ХОЛБООТОЙ НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР
Олон улсын нөхцөл байдал
Гуравдугаар сарын 09-ний 13:00 цагийн байдлаар Бутан, Серби, Словак, Перу, Колумб, Коста-Рика, Камерун, Того, Парагвай, Малдив, Болгар, Аргентин, Албани, Ватикан хот Улсад коронавирусийн халдвар шинээр бүртгэгдэв. БНХАУ, Итали, БНСУ, Иран, Франц, Испани, АНУ, Япон, Швейцари, Их Британи, Нидерланд, Хонконг, Ирак, Египт Улсад нийт 229 хүн нас барав. Олон улсын хэмжээнд 03 дугаар сарын 09-ний өдрийн 10:30 цагийн байдлаар 104 улс орон, нутаг дэвсгэрт 3953 шинэ тохиолдол бүртгэгдэж 110.049 хүн халдвар авч, 3.828 хүн амь насаа алдаад байна.
ДЭМБ-аас “Covid-19” вирусийн нас баралтын түвшин 3.4 хувь хэмээн мэдэгдлээ.
Олон улсын агаарын тээврийн холбоо (IATA) “Covid-19” халдварын улмаас агаарын тээврийн салбар 113 тэрбум ам.долларын алдагдал хүлээнэ гэсэн урьдчилсан тооцоо гаргаад байна. Тухайлбал, Германы агаарын тээврийн “lufthansa” компани “Covid-19”-ийн өвчлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан 03 дугаар сард Европын орнууд руу хийгдэх байсан 7100 нислэгээ цуцлаад байна. Мөн Португалийн “ТАР” компани 03 дугаар сард хийгдэх байсан нийт нислэгийн 4 хувь, 04 дүгээр сарын нийт нислэгийн 6 хувь, нийт 1000 нислэгээ цуцалжээ.
ОУВС-гийн тэргүүн К.Георгиева болон Дэлхийн банкны тэргүүн Д.Мэлпас нарын мэдэгдсэнээр “Covid-19”-ийн улмаас нефтийн эрэлт багасаж, олборлогч зарим улс их хэмжээний хохирол амсаж байна гэв. 2020 оны эхээр нефтийн үнэ 15 хувиар буурсан бөгөөд Ойрхи Дорнодын бүс нутгийн эдийн засгийн өсөлт өмнөх жилээс бага байх төлөвтэй байна.
ЮНЕСКО дэлхий даяар 300 сая орчим оюутан, сурагчдын хичээл зогссон талаар мэдэгдэв.
АНУ-д 03 дугаар сарын 09-ний 12:00 цагийн байдлаар 34 мужид 537 тохиолдол бүртгэгдэж, 22 хүн нас барж нийслэл Вашингтоны Коннектикут болон Колумбиа дүүрэгт өвчний тохиолдол шинээр илрэв. Одоогоор Вашингтон, Нью Йорк, Калифорни, Орегон мужууд онц байдал тогтоосон. Өвчний тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан сургуулиудын үйл ажиллагааг зогсоов. Тус улсын эрх баригчид зарим бүсэд хөл хорио тогтоож болзошгүй байна.
Тус улсын баруун эрэгт ирээд байгаа “Grand princess” аяллын хөлөг онгоц руу оношлуур илгээсэн боловч хүрэлцэхгүй байгаа бөгөөд улсын хэмжээнд нэмэгдэж буй эрэлтийг хангах оношлуургүй байгаа талаар АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пенс ярьсан байна.
Халдварын тархалтыг бууруулах зорилгоор зарим хотод орон гэргүй иргэдэд зориулсан төвүүдийг шинээр нээж, тэдний халдвар авах эрсдэлийг бууруулахаар ажиллаж байна. АНУ-ын хөрөнгийн биржүүд дээр хувьцааны үнэ тогтмол унасаар байна.
Валтер Рийдийн нэрэмжит Цэргийн судалгааны хүрээлэнгийн халдварт өвчин судлалын төвийн захирал Нельсон Майкл “Вирусийн эсрэг вакцин, эмчилгээ гаргаж авахад багагүй цаг хугацаа шаардлагатай. Мөн өвчний вирус хүйтний улиралд идэвхтэй тархдаг тул ирэх өвөл “2 дахь давлагаа” болоход бэлтгэлтэй байх хэрэгтэй” хэмээн мэдэгдэв.
Их Британи Улс “Covid-19”-ийн дэгдэлттэй тэмцэх ажил тус улсын эрх зүйн зохицуулалттай нийцэхгүй байгаатай холбогдуулж зарим хуульд түр хугацааны нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг Засгийн газраас нь боловсруулж байна. Тухайлбал, эрүүл мэндийн шалтгаанаар чөлөө авсан ажилтанд 4 дэх өдрөөс нь эхэлж долоо хоногийн 92.05 фунт стерлинг олгож байгааг эхний өдрөөс олгодог болгож өөрчлөх аж.
Итали Улсад нөхцөл байдал хүндэрч “Covid-19” вирусийн улмаас нас барсан хүний тоогоор БНХАУ-ын дараа бичигдэх болов. Өнөөдрийн байдлаар 7375 халдварын тохиолдол бүртгэгдэж 366 хүн нас бараад байна. Нас барсан хүний тоо 133-аар нэмэгдэж, өвчний тохиолдол 25 хувь буюу 5883-аас 7375 болж огцом өсөв. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус улсын Засгийн газар Ломбарди болон 14 мужид хөл хорио тогтоох шийдвэр гаргасан. Хөл хорио тогтоосон бүсийн орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, олон нийтийн арга хэмжээг цуцалж бар, ресторануудад эрүүл ахуйн өндөр шалгуур тавьж ажиллуулж байна. Хөл хорионд нийт хүн амын 25 орчим хувь буюу 16 сая хүн өртөж байгаагаас гадна эдийн засгийн өндөр бүтээмжтэй бүсийг хамарч буй нь улсын эдийн засагт сөргөөр нөлөөлөхөөр байна.
Франц Улс Италийн дараа орох Европ дахь коронавирусийн халдварын голомт болох төлөвтэй байна. Өнөөдрийн байдлаар Үндэсний ассамблейн доод танхимын 4 гишүүн өвчний халдвар авсан нь тогтоогдсон. Өвчний тархалт нэмэгдэж байгаатай холбоотойгоор Франц, Герман Улс эмнэлгийн хамгааллын хэрэгслийн экспортод хязгаарлалт тогтоов. Ерөнхий сайд Э.Макрон тус улс коронавирусийн голомтот халдварын цэг болох нь “гарцаагүй” боллоо хэмээн мэдэгджээ.
Бельги Улсын Засгийн газраас аж ахуйн нэгжүүдийг “Covid-19”-тэй холбоотой аливаа хүндрэлийг даван туулахад зориулж тусгай тасгийг Эдийн засгийн яамны дэргэд байгуулан ажиллуулж байна.
БНТУ “Covid-19” халдвар авсан эсэхийг 90 минутын дотор тогтоох боложтой шинэ төрлийн оношлуур зохион бүтээж, ашиглаж эхэлсэн бөгөөд өмнөх оношлуур нь шинжилгээний хариуг 24 цагийн дотор гаргадаг байжээ.
Иран Улсын парламентын эмэгтэй гишүүн Фатеме Рахбар коронавирусийн халдварын улмаас нас барсан бөгөөд тус улсын парламентын 23 гишүүн халдвар авсан нь тогтоогдсон тухай өмнө мэдээлж байсан.
Энэтхэг Улсын Ерөнхийлөгчийн ордонд зохион байгуулагддаг Хинди шашны уламжлалт Холи (өвөл дуусч, хавар ирсний баяр) баярын арга хэмжээг цуцалсныг мэдэгдсэн бөгөөд иргэдэд тус баярыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байхыг уриалав. Мөн нийслэл Шинэ Дели хотын ерөнхий боловсролын сургуулиудыг 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хаах шийдвэр гаргав. Мөн Ерөнхий сайд Н.Модигийн 03 дугаар сарын 13-ны өдөр Брюссельд болох Европын холбоотой хийх уулзалтыг хойшлуулсан хэмээн мэдэгджээ.
Тайландын Эрүүл мэндийн яамнаас Хятад, Макао, Хонконг, БНСУ, Итали, Иран зэрэг орон, бүс нутгийг коронавирусийн халдвар өндөр хэмээн мэдэгдсэн. Тус улсад амны хаалт, ариутгалын бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэж, олдоц муу байгаа бөгөөд Засгийн газраас амны хаалтын экспортыг зогсоогоод байна. Үүний зэрэгцээ хүмүүсийн хэрэглээд хаясан амны хаалтыг угааж, уутлан зарсан хэрэг гарчээ.
Малайз Улсын Засгийн газраас ард иргэдийг Итали, Япон, Иран зэрэг улс руу аялахгүй байхыг сануулж, эдгээр улсад сүүлийн 14 хоногийн хугацаанд зорчсон бүх хүнийг хилээр нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргав.
Киргизийн Засгийн газраас БНХАУ, БНСУ, Япон, Итали, Иран Улсын ДТГ-уудын албан хаагчдаас бусад иргэдийг тус улсын хилээр нэвтрүүлэхийг түр зогсоов.
ОХУ-ын Москва хотын захирагч С.Собянин эрүүл мэнд, нийтийн тээвэр болон аж ахуйн ажилтан албан хаагчдыг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэх захирамж гаргав. Мөн “Covid-19” вирусийн өвчлөл гарсан орноос ирж буй иргэдийг эрүүл мэндийн байгууллагын бүртгэлд хамрагдаж, 14 хоногийн турш гэртээ өөрийгөө тусгаарлах ёстой гэж захирамжид тусгажээ. Тэрээр улсын хилийг бүрэн хаах боломжгүй тул вирус зөөвөрлөгдөн орж ирэх магадлал өндөр хэвээр байна хэмээн мэдэгдлээ.
ОХУ 03 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн Иран Улстай хилээ хаасан бөгөөд Герман, Итали, БНСУ, Франц, БНХАУ, Иранаас ирсэн иргэдийг 14 хоног тусгаарлах, өвчний тохиолдол бүртгэгдсэн бусад 87 улсаас ирсэн иргэдийг хяналтад авахаар шийдвэрлэсэн байна.
“Covid-19”-ийн тархалт нэмэгдэж байгаатай холбоотойгоор иргэд удаан хугацаанд хадгалах боломжтой хүнсний бүтээгдэхүүн, саван, ариун цэврийн хэрэгсэл, ахуйн зориулалттай химийн бүтээгдэхүүний худалдан авах нь нэмэгдсэн байна.
Москвагийн Эмч нарын нийгэмлэгийн тэргүүн П.Воробьев “ОХУ-ын хэмжээнд томуу өвчний улмаас жилд 40 мянган хүн нас бардаг гэсэн албан ёсны дүн мэдээ байдаг ч бодит байдал дээр 100 мянга орчимд хүрдэг. “Covid-19” вирусийн улмаас нас барсан иргэдийн тоог энгийн томуугаар нас барсан хүний тоотой харьцуулахад аюул бага” гэж мэдээлэв.
Тус өвчний сэжигтэйгээр эмнэлэгт болон гэртээ тусгаарлагдсан иргэд хорио цээрийн дэглэм зөрчиж, тусгаарласан газраас дур мэдэн гарч байгаа тул Москва хотын Эрүүл мэндийн газар дээрх иргэдэд Эрүүгийн хуулийн 236 дугаар зүйл буюу “Эрүүл ахуй халдваргүйжүүлэлтийн дэглэм зөрчих” гэсэн үндэслэлээр хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв. Уг хэрэг нь нийгэмд учруулсан хор уршгаасаа хамаарч 80 мянган рубль (3.6 сая орчим төгрөг) хүртэлх мөнгөн торгууль оноох болон 5 хүртэлх жилийн хорих ялтай аж.
Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форум, Красноярскийн эдийн засгийн форум, Сочийн Хөрөнгө оруулагчдын форум, Ялтын эдийн засгийн форумуудыг цуцалсан тухай мэдэгдээд байна. ОХУ-ын Төсвийн байнгын хорооны дарга Алексей Кудрин “Вирусийн тархалт дэлхийн эдийн засагт ямар хэмжээнд сөргөөр нөлөөлөхийг одоо хэлэх боломжгүй. Урьдчилсан байдлаар дэлхийн эдийн засгийн өсөлт 0.4 пунктээр, ОХУ-ын эдийн засгийн өсөлт 0.1-0.2 пунктээр буурч магадгүй. Энэ бол урьдчилсан таамаглал, 2 сарын дараа арай бодитой тооцоо хэлж болох юм” гэжээ.
БНХАУ-ын Шинжлэх ухааны акамемиас “Covid-19”-ийн эсрэг 30 төрлийн эм бэлдмэлийг өвчний шинж тэмдгийг бууруулахад хэрэглэх боломжтойг тогтоогоод байгаа ба үүнд “Lopinavir”, “Ritonavir” зэрэг ДОХ-ын эсрэг 12 төрлийн эм, Хятадын уламжлалт ургамлын гаралтай 18 төрлийн тан багтаж байна. Ухань хотод коронавирусийн эсрэг эмчилгээнд ардын уламжлалт зүү, төөнүүрийн эмчилгээг ихээр ашиглаж байгаа бөгөөд тус эмчилгээ үр дүнгээ өгч байна хэмээн дүгнэж байна.
“Алибаба” компани “Covid-19”-ийн халдварын батлагдсан тохиолдлыг компьютер томографын тусламжтайгаар 96 хувь хүртэл нарийвчлан оношлох “Al” хөдөлгүүртэй алгоритмыг зохиож, уг вирусийн халдвар авсан өвчтөн болон ердийн уушигны хатгалгааны үрэвсэлтэй өвчтөний ялгааг 96 хувийн нарийвчлалтайгаар ялган харуулах “СТ” сканнерыг ашиглах замаар найдвартай оношлох боломжтой болсон бана.
Тус улсад өндөр технологийн хүчин чадал бүхий ухаалаг дуулга (малгайг) ашиглан иргэдийн биеийн халууныг хэмжиж байна. Уг дуулганд камер суурилуулсан бөгөөд 5 метрийн зайд байгаа хүний биеийн дулааныг хэмжиж хэрэв халуунтай байвал дохио өгч мэдэгддэг байна.
Шинэ төрлийн коронавирусийн дэгдэлттэй тэмцэх Хятадын судалгааны багийн ахлах шинжээч, Тяньжиний Уламжлалт анагаах ухааны их сургуулийн захирал Жан Боли 03 дугаар сарын дунд үе гэхэд БНХАУ-ын дотоодод Хубэй мужаас бусад газарт, 03 дугаар сарын эцэст Ухань хот дахь вирусийн шинэ халдварын тохиолдол “0” болох магадлалтай хэмээн мэдэгдсэн байна. Харин эмнэлгээс гарсан өвчтөн нас барсан нь түүнийг яаран гаргасантай холбоотой гэжээ. Эмчлүүлсэн хүмүүс дахин өвдөж байгаа нь тэд дахин халдвар авч байгаа биш, харин шинжилгээг буруу хийсэн, эсвэл тухайн хүний өвдөх үйл явц удаан хугацаанд үргэлжилж байгаагаас үүдэлтэй хэмээн Хонконгийн Их сургуулийн Ли Кашиний эмнэлгийн факультетын вирус судлаач Жинь Дунянь хэлсэн байна.
Хятадын Анагаах ухааны академийн тэргүүн Ван Чэнь “өнгөрсөн сард халдвар авсан нь батлагдсан тохиолдлын 30-50 хувийнх нь PRC шинжилгээ “эерэг” гарсан ба хоолойноос авсан арчдаст хийсэн шинжилгээний хариу худал “сөрөг” гарсан байх магадлалтай” гэсэн байна. Иймээс “Covid-19”-ийг оношлохдоо эпидемиологийн түүх, клиникийн болон дүрслэлийн илрэлийг PRC шинжилгээтэй хослуулах нь зүйтэй хэмээн Хятадын эрүүл мэндийн салбарын удирдлага үзэж байгаа аж.
Биеийн байдал сайжирч эмнэлгээс гарах хүнээс PRC шинжилгээг 2 биш 3 удаа авах нь зүйтэй гэх саналыг зарим судлаач дэвшүүлж байгаа аж. Учир нь эмнэлгээс гарах шаардлага хангасан 44 хүнээс 3 дахь удаагаа шинжилгээ авахад 26-гийнх нь хариу “эерэг” гарсан байна. Харин 3 дахь удаагийн шинжилгээний хариу “сөрөг” гарсан хүнээс илрэх магадлал бага аж. Дюкийн Их сургуулийн Халдварт өвчин судлалын тэнхимийн профессор Грег Грэй “...шинжилгээний хариу буруу гарах нь оношлууртай холбоотой биш, харин шинжилгээнд авсан дээж түүнтэй ажиллах шаардлагыг хангахгүй байх, эсвэл дээжид маш цөөн тооны вирус агуулагдаж байгаатай холбоотой байх магадлалтай” хэмээн үзсэн байна.
Гуандун мужийн халдварт өвчний хяналтын төвийн орлогч дарга Сун Тиэ “...эмнэлгээс гарсан хүмүүс бусдад халдвар тараасан гэх тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд тийм эрсдэл бага. Учир нь бидний хийсэн судалгаагаар залуу хүмүүсийн бие 14 хоногийн дотор эсрэг биет ялгаруулдаг бөгөөд шинжилгээний хариу эерэг гарсан байсан ч тэд цааш халдвар тараах эрсдэл маш бага. Харин өндөр настай хүмүүсийн бие эсрэг биет ялгаруулахдаа илүү урт хугацаа зарцуулж байгаа тул тэд халдварын эх сурвалж болох эрсдэлтэй” хэмээн тайлбарлажээ.
БНХАУ-ын эрдэмтэд “Covid-19” вирус төв мэдрэлийн системийг гэмтээдгийг тогтоосон байна. Нэгэн өвчтөний биеийн байдал сайжрахгүй, ухаан алдах шинж илэрч эхэлсэн бөгөөд компьютер томографийн шинжилгээгээр сэжигтэй зүйл илрээгүй ч генийн шинжилгээгээр тархи нугасны шингэнээс вирус илэрсэн байна. Түүнийг эмчилсэн эмчийн мэдэгдсэнээр вирусийн халдвар авсан өвчтөнд ухаан алдах шинж илэрсэн бол төв мэдрэлийн эсүүд гэмтсэн эсэхийг шалгах хэрэгтэй гэжээ.
Мөн эрдэмтэд вирусийн халдвар авсан өвчтөнүүдэд илрэх шинж тэмдэг өөрчлөгдөж байгаа тухай судалгааны дүнг "Social science research network" мэдээллийн хэрэгсэлд тавьсан байна. Вирусийн тархалтын эхэн үед халдвар авсан хүнд өндөр халуурах, цэр гарах, сульдах, булчин өвдөх, лимфоцитын тоо буурах зэрэг шинж илэрч байсан бол сүүлийн үед халдвар авсан хүнд дээрх шинж сул, эсхүл илрээгүй байна. Харин ханиалгах, цээжээр өвдөх, дотор муухайрах, суулгах шинж бүх тохиолдолд илэрч байжээ. Судалгааны дүнгийн талаар ДЭМБ-ын Эрүүл мэндийн яаралтай тусламжийн хөтөлбөрийн захирал Майкл Райан "Вирусийн тархалт ойрын хэдэн сард буурна гэдэгт эргэлзэж байна" гэжээ.
Түүнчлэн Бээжин, Шанхайн вирус судлаачид “Covid-19” вирус илүү хор хөнөөлтэй буюу “L”, сул буюу түгээмэл ханиадтай төстэй “S” гэсэн 2 төрөл болж мутацид орсон гэж үзэж байна. Тэдний үзэж байгаагаар өвчтөнүүдийн 70 хувь нь “L” төрлийн вирусийн халдвар авсан гэжээ. Энэ төрөл нь илүү хор хөнөөлтэй, хурдацтай тархах чадвартай аж.
Итали, Испани Улсаас БНХАУ-ын нийслэл Бээжин хотод ирсэн 2 хүн “Covid-19”-өөр халдварласан нь тогтоогдож БНХАУ-д гадаад улс орноос коронавирус дамжин тархсан 13 дахь тохиолдол болоод байна. Иймд эрх баригчид Бээжингийн олон улсын нисэх буудалд ирж буй зорчигчдыг онгоцноос хэсэгчлэн буулгаж, эрүүл мэндийн үзлэгт оруулах болсон байна. Мөн БНСУ, Итали, Иран, Япон Улсаас ирж буй иргэдийг 14 хоног тусгаарлаж, нисэх багийнхныг нислэгийн турш амны хаалт хэрэглэх шаардлага тавьж байна.
Хятадын Засгийн газраас учирч буй хор хохирлыг арилгах чиглэлээр дараах арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.
Үүнд:
Компанийн нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах, орон сууцны урьдчилгаа төлбөрийн хугацааг хойшлуулах шийдвэр гаргасан.
Компанийн тэтгэвэр, ажилгүйдэл, хөдөлмөрийн ослын даатгалын төлбөр, хураамжийг үе шаттайгаар бууруулах буюу чөлөөлөхөөр болсон.
Орон сууцны урьдчилгаа төлбөрийг хойшлуулах хүсэлт гаргасан тохиолдолд хүлээн авч шийдвэрлэнэ. Энэ хугацаанд халдварын нөхцөл байдлаас шалтгаалан орон сууцны урьдчилгаа төлбөрөө төлж чадаагүй ажилчид хугацаа хэтэрсэн торгууль төлөхгүй байна.
Өвчний голомт нутаг болон халдварын тархалт ихтэй газраас бусад орон нутгаас эргэн ирж ажилдаа ороход нь хязгаарлалт тавих зэргээр хууль бус үйлдэл гаргуулахгүй байхад анхаарна.
Ажилгүйдлийн даатгалын сангаас ажилгүй болсон хүмүүст ажилгүйдлийн тэтгэмжийг цаг тухайд нь олгоно.
Хаврын тариалангийн бэлтгэл ажлыг хангаж цаг хугацаанд нь эхлүүлнэ.
Цагаан будааны хамгийн бага үнийг тогтвортой хэвээр барина.
Шувууны аж ахуй эрхлэгчдэд олгох зээлийн хугацааг сунгах, зээлийн баталгааг хөнгөвчилнө.
Фермерийн аж ахуй эрхэлж буй малчид, тариаланчдад хүүгийн татаас олгоно.
Хөлдөөсөн гахайн мах нөөцлөх, хадгалах хэмжээг нэмэгдүүлнэ.
Хүнд эмгэг төрүүлэгч шувууны томуу, Африкийн гахайн томуу зэрэг малын гол өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналтыг чангатгана.
ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
Сэтгэгдэл (0)