Стратегийн ордуудын амнат-ыг Үндэсний баялгийн сан руу татна

 

Байгалийн баялгаасаа тэгш хүртэх шаардлага монголчуудын мөнхийн хүсэл байж ирсэн. Харамсалтай нь энэ эрмэлзэл дээр дөрөөлсөн улстөрчид сав л хийвэл баялгийн сангаар янз бүрийн амлалт өгч ирсэн ч хөрсөн дээр буусан нь ховор. Тэгвэл манай улс Үндэсний баялгийн сантай болох хуулийн төсөл бэлэн болжээ. Хууль санаачлагчдын хэлж буйгаар энэ хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлж батлуулахаар зэхэж байгаа аж.

Баялгийн сангийн менежментийг “Эрдэнэс Монгол”, хөрөнгийг Засгийн газар удирдахаар тусгажээ

Баялгийн сангийн хуулиар уул уурхайн үр өгөөжийг хуваарилахдаа иргэдэд бэлэн мөнгө тараах биш Монгол Улсад өнөөдөр амьдарч байгаа болон ирээдүйд төрөх иргэдэд ч тэгш хүртээх зохицуулалтыг хийж өгчээ. Үүнийг үе хооронд тэгш хүртээмжтэй хуваарилна гэж хуульд тусгасан байна.

Хуулийг санаачлахдаа гадны улс орнуудын туршлагыг бүрэн судалсан байна. Тухайлбал, гадны улс орнууд баялгаа хуваарилах олон арга хэрэгсэл байдгаас хөгжлийн түвшин, эдийн засгийн өсөлтөөсөө хамаарч орлогоо шууд, шууд бус, дам  байдлаар хуваарилах хувилбарыг сонгожээ. Харин бэлэн мөнгө, тэтгэврийн зээл бол шууд хуваарилалтын нэг хэлбэр. Энэ нь баялгийн өгөөжийг хүртээх оновчтой арга биш. Боловсролын тэтгэлэг, эрүүл мэнд, нийгмийн даатгалын үйлчилгээгээр шууд бус,  дам байдлаар буюу үе хооронд тэгш хүртээх нь зөв гэж үзсэн тухайгаа Баялгийн сангийн хуулийн техникийн ажлын хэсгийн ахлагч “Эрдэнэс Монгол” компанийн Хууль эрх зүйн газрын захирал Б.Сүндэръяа “Баялгийн санг олон улсад эдийн засаг агуулга, утгаар нь авч үзэж  макро эдийн засгийг хамгаалах арга хэрэгсэл гэж улс үндэстнүүд ойлгож, ашиглаж байна. Байгалийн баялаг бол гаднаас орж ирж байгаа их хэмжээний валютын мөнгөн урсгал буюу бидний зэс, нүүрсээ зарж олсон орлого юм. Уул уурхайн энэ орлого эдийн засагт халалт үүсгэдэг. Энэ сөрөг нөлөөгөөр голланд өвчин, баялгийн хараалын шинж тэмдэг илэрч байна. Гэтэл гаднаас ирсэн их хэмжээний мөнгөн урсгалыг дотоодын эдийн засагт зөв шингээж, халалтаас сэргийлэх арга хэрэгсэл нь баялгийн сан байх учиртай. Дэлхийн улс орнууд баялгийн санг сүүлийн 50 жил эрчимтэй хөгжүүлж, орлого төвлөрүүллээ. Орлогоо иргэдэд тэгш хүртээмжтэй хуваарилах арга механизмаараа давхар макро эдийн засгийг хамгаалж байна. Хуулийн төслийн ажлын хэсгийнхэн 80 гаруй эх сурвалж ашигласан 98 хуудас бүхий Баялгийн сангийн суурь судалгааг бэлэн болголоо. Казахстан, Кувейт, Чили, Норвеги, ОХУ гэсэн 15 орны баялгийн санг харьцууллаа. Үүнээс харахад “Эрдэнэс Монгол” бол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Баялгийн сангийн хөгжлийн загвар гэдэг нь тодорхой болсон. Орлогыг эдийн засаг нийгмийн хөгжилд зүй зохистой ашиглах зорилгоор Баялгийн санг бий болгодог” гэдгийг хэллээ.

Тэгвэл Үндэсний баялгийн сангийн хуулиар баялгийн сангийн менежмент, удирдлагыг  “Эрдэнэс Монгол” компани хариуцах бол тодорхой эрхийг парламент шийдэхээр хуулийн төсөлд тусгажээ. Сангийн хөрөнгийн удирдлагыг Засгийн газрын дэргэд байгуулахаар болсон. Гэтэл олон улсын зарчимд санг улстөрчид биш мэргэжлийн хүмүүс удирдахаар заадаг учраас улс төрөөс хараат байлгахын тулд санхүүг нь шилэн болгож, олон нийтийн хяналтыг бий болгохоор тусгасан гэнэ.

Гадны туршлагаас харахад Сингапур байгалийн баялгаа валютын нөөцөөр тодорхойлж хилийн гадна талд байршуулж өсгөдөг. Баялгийн их хэмжээний нөөцтэй Норвеги улс мөн л газрын тосоо гадна талдаа зарж тэндээ хөрөнгө оруулж эдийн засгийн халалтаас хамгаалдаг байна. Монголын хувьд нүүрс, зэстэй. Судалгаа хийж үзэхэд Хятад улс коксжих нүүрсийг ойрын 80 жилдээ худалдаж авна. Зэсийн үнийн савлагаа ч их өөдрөг гарсан учраас урт хугацаандаа зэс, нүүрсний орлого тогтвортой, өсөлттэй байх төлөвтэй байгаа гэсэн өөдрөг төсөөлөл гарчээ. Баялгийн сангаар дамжуулж Тавантолгойн чулуун нүүрс, Багануурын Шивээ-Овоогийн хүрэн нүүрс, Оюутолгой, Эрдэнэтийн зэс молибдений орд, Асгат, Гурван булагийн ураны орд гээд долоон ордыг судалсан байна.

Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээний орлогоос баялгийн санд төвлөрүүлнэ  

 Хуулийн төсөлд тусгаснаар Баялгийн сангийн орлогыг таван үндсэн эх үүсвэрээс төвлөрүүлнэ гэж үзсэн байна. Баялгийн сангийн орлогыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудын АМНАТ-аас төвлөрүүлнэ. Мөн ашигт малтмалын ордуудад үйл ажиллагаа эрхэлж байгаа төрийн өмчит компаниудын төрд ногдох хувьцааны ашгийг сан руу татах юм. Тухайлбал, Оюутолгойн 35 хувийн хувьцааны ашиг санд төвлөрнө гэсэн үг. Мөн стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордууд дээр үйл ажиллагаа эрхэлж байгаа компаниудын хувьцаагаа борлуулсны тодорхой хувийг төвлөрүүлэхээр тооцжээ.

Үүнээс харвал Тавантолгойн IPO хийсний тодорхой хувийг татна гэж ойлгож болох юм. Түүнчлэн  газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээний орлогын тодорхой хувийг баялгийн санд төвлөрүүлэхээс гадна газрын тосны компаниуд ашигтай ажиллавал төрд ногдох хувьцааны ногдол ашгийг татан төвлөрүүлэх юм байна.

Харин Баялгийн сангийн ашиг, хөрөнгөө тодорхой санд байршуулсны хувиар орлогоо бүрдүүлэх тооцоо хийж, орлогоо арвижуулахын тулд санхүүгийн хэрэгсэл, мега төслүүдэд хөрөнгө оруулж, эрсдэ лийн сан байгуулахыг хуульд тусгажээ.

Баялгийн сангийн орлогыг хуваарилахдаа тодорхой хувийг ирээдүйн иргэдэд хуримтлал болгож үлдээх юм. Мөн тэрбум ам.доллараас өндөр санхүүжилттэй мега төслүүдэд зарцуулахаар тооцжээ. Монголбанкны судалгаагаар тэрбум ам.доллараас дээш хөрөнгө оруулалттай арваад төсөл хэрэгжиж байгаа гэсэн мэдээлэл бий. Гуравдугаарт, орлогыг нийгэм, иргэнд чиглэсэн хөгжлийн санхүүжилтэд зарцуулах юм. Хууль батлагдаж хэрэгжиж эхэлснээр ямар үр өгөөжтэй байх талаар Техникийн ажлын хэсгийн ахлагч Б.Сүндэръяа “Баялгийн санг зөв байгуулж, үр ашигтай ажиллуулж чадвал цаг хугацааг нөхөх боломжтой. “Эрдэнэс Монгол” компанийн үйл ажиллагааг анх үүсгэн байгуулсан үндсэн чиглэл зарчмаар нь явуулж, орлогыг нь урт хугацаанд тогтвортой өсөн нэмэгдүүлж чадсан бол өнөөдөр манай улс ямар хөгжилд хүрэх байв. 2008, 2012 онд “Эрдэнэс Монгол” компаниас авч иргэдэд бэлэн мөнгө тараагаагүй бол дэлхий  дээрх цөөн хэдэн топ компаниудын нэг болох байлаа.

“Эрдэнэс Монгол” компанийн үйл ажиллагааг Баялгийн сангийн хөгжлийн сан загвараар зөв менежмент хийж, хуулийг нь баталж, боломжийг нь олговол ирэх намар Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой. Асгатыг дагаад ураны ордууд дээрээ ярилцаж байна. Энэ эрчмээрээ явбал өнгөрсөнд алдсан боломжийг ирэх таван жилд нөхөх боломжтой. Хөрөнгийн өгөөжийн зохистой түвшинг хангаж чадвал өгөөжөө хурдан өгдөг. Энэ хэмжээгээр улсын хөгжил, эдийн засгийн өсөлт, иргэдийн амьжиргаа нэмэгдэнэ” гэсэн мэдээллийг өглөө.

 

С.УЯНГА

Эх сурвалж:: “Зууны мэдээ сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)