“Говьсүмбэр аймгийн зүүний хүчний холбоо” аймгийн Онцгой комисст хандив өглөө
- 2020-03-11
- Үнэн
- 0
Монголын Зүүний хүчний холбоо шинэ төрлийн коронавирус /COVID19/ халдвараас урьдчилан сэргийлэх, төрийн албан хаагчид болон иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах зорилгоор “Бид хамтдаа 100000” аяныг улс орон даяар өрнүүлж байна.
Уг аяны хүрээнд Говьсүмбэр аймгийн Зүүний хүчний холбоо “Бид хамтдаа 4000” аянг зохион байгуулж нийт нэг сая хоёр зуун ерэн мянга /1.290.000/ төгрөгийн үнэ бүхий амны хаалт /маск/, гар ариутгагч, ариутгалын уусмал зэрэг нэн шаардлагатай бараа, бүтээгдэхүүнийг бүрдүүлжээ.
03 дугаар сарын 10-ны өдөр Говьсүмбэр аймгийн Зүүний хүчний холбооны дарга Д.Содном, тэргүүлэгчид хандивын бараа, бүтээгдэхүүнийг аймгийн Онцгой комиссын дарга бөгөөд аймгийн Засаг дарга Г.Батсуурь, Онцгой комиссын орлогч дарга бөгөөд Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Дамдинсүрэн нарт гардуулан өглөө.
Тус хандивын аянд Говьсүмбэр аймгийн төр, хувийн хэвшлийн 24 байгууллага, хамт олон нэгдэн оролцсон бөгөөд хандиваар өгч буй амны хаалт, ариутгалын уусмал, бодисуудыг коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлэн өдөр тутам үүрэг гүйцэтгэж буй төрийн албан хаагчдын хэрэгцээнд хандивлаж буйгаа илэрхийлсэн юм.
Мөн Говьсүмбэр аймгийн Зүүний хүчний холбооны удирдлага, тэргүүлэгчид иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, вирусын халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг сайтар зохион байгуулж буй Говьсүмбэр аймгийн Онцгой комисс болон ОБГазар, ЭМГазар, МХГазар, Цагдаагийн хэлтэс, Сумдын ЗДТГазар, Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төвүүдийн нийт ажилтан, албан хаагчид төр, түмэндээ тангараг өргөсөн тангарагаа хариуцлагатайгаар биелүүлэн ажиллаж байгаад талархаж байгаагаа илэрхийллээ.
Говьсүмбэр аймгийн ЗДТГ
Сэтгэгдэл (0)