Улаанбаатар хот хоёрдугаар түвшний, тойрог хэлбэртэй хурдны замтай болно
- 2020-03-11
- Үнэн
- 3
Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Тэнгэрийн тойрог” төслийг “зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлөөр хэрэгжүүлэх болов. Концесс олгох уралдаант шалгаруулалтыг холбогдох хууль, журмын дагуу явуулахыг Үндэсний хөгжлийн газарт даалгалаа. Газраас 6-12 метр өндөрт, 13 км урт, хоёр урсгал бүхий дөрвөн эгнээтэй замыг 100 айл-Сансарын аюулгүйн тойрог-Зүүн дөрвөн зам-Нарантуул-Дүнжингарав-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-120 мянгат-Хан-Уул дүүрэг- Нарны гүүр-Баруун дөрвөн зам-Гэсэр сүм-100 айл чиглэлд, тойрог хэлбэрээр барихаар төлөвлөжээ.
Мөн Их тойруугийн есөн уулзварт орох, гарах 27 цэг байгуулах юм. Гүүрэн зам барьснаар замын түгжрэл 46, агаарын бохирдол 20 хувиар буурна гэж тооцоолсон байна.
Төслийн хөрөнгө оруулалт 800 сая ам.доллар бөгөөд тухайн жолооч 6.5 км зам туулахад нэг ам.доллар, түүнээс цааш километр тутамд 15 центийн хураамж төлнө. Ингэснээр зургаан жилийн дотор зээл, зээлийн хүүгээ нөхөж 25 жил ашиглана гэж үзжээ. “Тэнгэрийн тойрог” төслийг Монгол Улсыг 2050 он хүртэл хөгжүүлэх “Алсын хараа-2050”, “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны хөтөлбөрт тусгасан, хотын захиргаа ч үүнийг дэмжин “Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө"-нд оруулахаа илэрхийлсэн байна.
Нийтийн тээвэрт дүүжин замын тээвэр нэвтрүүлнэ
Төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр болов. Дэмжсэн тохиолдолд Бүгд Найрамдах Франц Улсын 60,7 сая еврогийн зээлийн хөрөнгөөр төслийг эхлэх юм. Баянхошууны тойрог-Ханын материал-Гэмтлийн эмнэлэг чиглэлд 4.9 км урт, гурван зогсоолтой, Долоон буудал-Дарь-Эх-Сансарын тойрог чиглэлд 5.4 км урт, гурван зогсоолтой зам тавихаар төлөвлөж байна. Ингэснээр Баянхошуугаас Гэмтлийн эмнэлэг хүртэлх 4.9 км замыг гэхэд 16 минутад туулах бөгөөд өдөрт 22000 хүн зорчих боломжтой гэсэн тооцоо гарчээ. 60,7 сая еврогийн зээл нь 40 жилийн хугацаатай, жилийн 0.0076 хувийн хүүтэй, үндсэн төлбөрөөс эхний 12 жил чөлөөлөгдөхөөр Санхүүгийн хэлэлцээрийн төсөлд тусгасан байна.
Сэтгэгдэл (3)
э\зч (202.21.118.178)
800 сая доллар нь 800 км зам барих мөнгө: Сонсголонгийн гүүр-Толгойт-Баянхошуу-Хайлааст-7 буудал- Цагаандаваа-Улиастайн гүүр гэсэн чиглэлээр 3дугаар тойргийн зам бариад нэмж 3 дугаар хорооллын эцэс- Хангай зах, Ганданг- 32-ын тойрог, Шар хад-Гацуурт гэх мэт чиглэлээр зам барихад хөдөлгөөнийг 50% бууруулна. Үсрээд 100 км л зам болох бөгөөд100 сая доллар л зарцуулна. Юун 800 сая доллар, тэгээд ч энэ 2 давхар зам руу орж гарах бөглөрөө бүр хүндрэл үүсгэнэ...
Хэлэх ч үг алга. (122.201.21.3)
Тэнэг сайдтай байхын гамшиг гэж энийг л хэлэх байх. Хурдны зам гэнэ шүү!!! Жирийн тойрог зам баривал их юм. Яамны ажилтнууд нь сайдаараа ингэж даажигнахаа болиосой. Эсвэл сайдынх нь сонгуулийн сурталчилгаа байх дөө, мөн ч тэнэг хүн юм.
(124.158.95.138)
Сонсголонгийн төмөр замын уулзвар дээр бас бариарай.