Чилийг чиглэх цагаар

Удалгүй УИХ-ын хаврын чуулганаар МУ-ын “Алсын хараа 2050”, урт хугацааны бодлогын баримт бичгийг хэлэлцэх гэж байна. Энэ баримт бичгийн эдийн засгийн хэсэгт  уг нь сонирхолтой олон санаа, зорилго оржээ. 30 жилийн хугацаанд эдийн засаг 6 дахин томорч 78 тэрбум ам.доллар, нэг хүнд ногдох ДНБ 4 дахин өсч, 15 мянган ам.доллар болох ажээ. Өнөөгийн Чили, Польш, Хорват зэрэг улсуудын түвшинд очих юм байна.

30 жилийн дараа “манай эдийн засагт бүтцийн эрс өөрчлөлт гарч, боловсруулах аж үйлдвэр болон бусад шинэ салбарууд хөгжиж, эдийн засаг бодитойгоор олон тулгуурт болох нөхцөл бүрдэж байна. Монгол Улсын эдийн засгийн гадаад зах зээлээс хамааралтай эмзэг байдал арилж, хэрэглэгч эдийн засгаас үйлдвэрлэгч эдийн засаг руу шилжиж, дараах үндсэн салбараар эдийн засгийн бүтэц тодорхойлогддог” болох гэнэ.

Зураг 1: Эдийн засгийн тэргүүлэх салбаруудыг хөгжүүлснээр гарах үр дүн

Чилийг чиглэх цагаар

Засгийн газрын энэ баримт бичигт улс орон эдийн засагт ямар үр дүн гарах тухай бичсэн болохоос, ямар арга замаар, яаж түүнд хүрэх тухай тодорхой хэлээгүй байна. Эдийн засгийн энэ бүтцийг төр өөрөө бүтээх юм уу, эсвэл хувийн хэвшил үү, хөгжлийн гол хөдөлгүүр болох зах зээлийн зарчмаараа явах юм уу, эсвэл яах тухай тодорхой дурдаагүй байна.

Аваагүй сургамж 

Монголд эдийн засагт бүтцийн өөрчлөлт хийх шаардлагатай тухай бид бараг 20 жил ярьж ирлээ. Эдийн засгийн хагас нь, экспорт нь бараг бүхлээрээ эрдэс, түүхий эдээс хамааралтай орон ямар их бэрхшээл, сорилттой тулгардаг, эдийн засгийн өсөлт, уналт нь улс төр, нийгмийн амьдралд ямар хүчтэй нөлөөлдгийг монголчууд энэ хугацаанд хангалттай ойлгосон ч, сургамж авч чадахгүй л байна. 

Зураг 2: Уул уурхай ба бусад салбарын экспортод эзлэх хувь хэмжээ

Чилийг чиглэх цагаар

Эх сурвалж: Эдийн засгийн судалгаа, шинжилгээний хүрээлэн (ERI)

Эдийн засгийн өсөлтийг дагаад экспортын зарим бүтээгдэхүүний хэмжээ өссөн ч, хувийн жин нь нэмэгдэхгүй байна. Эдийн засаг нь манайх шиг бүтэцтэй орнуудыг рентийн1, Голланд өвчин туссан, баялгийн занганд орсон зэргээр тайлбарладаг. Эдгээр орнуудын зарим нь байгалийн нөөцөө ашиглан дундаж орлоготой болж чадах ч, ихэнх нь эдийн засгаа төрөлжүүлэхээс өөр сонголтгүй болдог. Гэтэл байгалийн баялаг ихтэй орнуудад рентийн төлөө тэмцэл нь улс төр, эдийн засгийн инстүүцүүдээ сулруулж, улмаар баялгийнхаа занганд ордог (Пол Коллер, “Адагт үлдсэн тэрбум”).

Монгол Улсад нийтийн засаглал сул, засгийн эрх баригч улс төрийн намуудын санхүүжилт нууц, төр засаг нь тогтвортой биш учраас авлига буурахгүй, шүүх засаг нь хараат бус болж чадахгүй байна. Тийм учраас Монгол Улсын өрсөлдөх чадвар сул, нүүрс, зэс зэрэг цөөхөн эрдэс, ноолуураас өөр бүтээгдэхүүн дэлхийн зах зээл дээр нийлүүлж, эдийн засгаа төрөлжүүлж чадахгүй байна.

Зураг 3: Экспорт 2019 онд, барааны бүлгээр

Чилийг чиглэх цагаар

Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо 

2019 онд МУ-ын экспортод эрдсийн бус бүтээгдэхүүн 16 хувийг эзлэж байна. Гол шалтгаан монголын төр засаг гаргасан шийдвэрээ хэрэгжүүлж чадахгүйд байгаа юм. Засгийн газар 1998 онд “Экспортын үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр” зарлаж, Үндэсний зөвлөл нэртэй агентлаг хүртэл байгуулахаар болсон ч хэрэгжүүлж чадаагүй. Дараа нь 2013 онд “Экспортыг дэмжих хөтөлбөр” гаргасан ч, аль аль нь биелсэнгүй. 2018 оноос “Монгол экспорт”хөтөлбөр гаргаад явж байна.

Өмнөх баталсан бодлого, хөтөлбөрүүд яагаад биелэхгүй байгаа шалтгааныг шинжилж судалдаггүй; угаасаа явц, үр дүнг нь үнэлж дүгнэдэггүй; хяналт, хариуцлага тооцдоггүй; эрх баригчид дандаа ирээдүй цаг дээр ярьсаар ирсэн учир эдийн засгаа солонгоруулах бодлого нь цаасан дээр үлдсээр өдийг хүрсэн. Хамгийн гол нь төрийн нэрээр хувийн бизнес хийх зуршил батжин бэхжиж, улс төрийн клиентелист тогтолцоо бүрдэж, бүр хууль зүйн хамгаалалтанд орсонд л хэргийн учир оршино. Энэ сургамжаа харин монголын төр авахгүй, авч чадахгүй байгаа юм даа.

Төр нь ухаалаг бодлого гаргаж, түүнийгээ тууштай, эрчимтэй хэрэгжүүлэн уул уурхайгаас хараат байдлаа өөрчлөн, олон тулгуурт эдийн засагтай яаж болох тухай бусад орны туршлага юу байна вэ?

Чилийн сан

Өмнөд Америкт, Атлантын далайн эргийг эмжин орших, 19 сая хүнтэй энэ улс байгалийн баялгаас хамааралтай эдийн засгийн бүтцээ өөрчилж, дэлхийд өрсөлдөх чадвартай экспортын салбарыг бий болгохын төлөө олон жил тууштай ажиллаж иржээ.

Өнөөдөр Чилийн нийт экспортын тал хувийг зэс, үлдсэн хэсгийг самар, жимс, дарс, үхрийн мах, загас, мод модон бүтээгдэхүүн зэрэг эзлэж байна. Эдгээр бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргаж, өрсөлдөх чадвартай болгоход төр хувийн хэвшлийн түншлэл, засгийн газрын байгуулсан хоёр болон олон талт гэрээ хэлэлцээрүүд, экспортыг дэмжих төрийн бодлого, инстүүцүүд чухал үүрэг гүйцэтгэжээ.

Өнөөдөр Чилийн загас, загасан бүтээгдэхүүн гэхэд л дэлхийн хэрэглээний 8 хувийг хангаж байна. 1970-аад онд Чилийн энэ салбарт Америк, Японы компаниуд орж ирсэн ч, олигтой  амжилтанд хүрээгүй юм. Тэр компаниудыг төр, хувийн хэвшлийн хамтарсан “Чилийн Сан”-ийн санаачилгаар байгуулсан Salmones Antartica компани худалдан авч Норвегийн туршлагыг судлаж, технологийг нь оруулснаар үйлдвэрлэл эрс нэмэгджээ. Мөн Японы Засгийн газартай хамтран төсөл хэрэгжүүлж, гадаадын хөрөнгө оруулалт татаж чаджээ. Эхлээд Чилийн  загасны аж ахуйн салбарт ердөө 4 компани байсан бол 10 жилийн дотор 200 болж, кластер (хонхорцог) үүсгэжээ. Salmones Antartica компани нь эхний том хөрөнгө оруулалт хийж яргай загасыг нутагшуулж, үржүүлэх технологи, мэдлэг туршлагаа хувийн хэвшилтэй хуваалцаж, тэднийг өрсөлдөх чадвартай болгожээ.

Яг энэ аргаараа дэлхийн түвшний жимсний аж ахуй байгуулжээ. Өмнө нь алим, усан үзэм гэсэн хоёрхон төрлийг гаргадаг байсан бол, өнөөдөр Чили хориод төрлийн жимс гаргаж, Латин Америкийн хамгийн том, жимс экспортлогч болжээ.

Жимс, жимсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн ахиц дэвшлийг дагаад зөвхөн дотоодын хэрэгцээгээ анхаарч ирсэн дарсны салбарт ч амжилт гарлаа. Бизнес тэлж, гадны компаниуд орж ирэхдээ шинэ технологи, хөрөнгө оруулалт авчиржээ. Өнөөдөр Чили дэлхийн дарсны зах зээлийн 4 дэх том экспортлогч болоод байна.

Энэ амжилтын цаана нь төр хувийн хэвшлийн хамтын “Чили Сан”-аар дамжуулан төрөлжүүлэх салбарынхаа судалгааг (R&D) эхнээс нь сайн хийж, бизнес төлөвлөгөөний тууштай хэрэгжүүлэлт байгаа юм. Эхлээд тулгарсан хамгийн том асуудал бол ур чадвартай, боловсон хүчин хүрэлцэхгүйд байлаа. Иймээс Калифорнид 80 гаруй оюутныг хөдөө аж ахуйн чиглэлээр сургажээ. Энэ хөтөлбөрийг нь АНУ-ын “Фордын сан” санхүүжүүлж, өнөөгийн ханшаар бол 200 орчим сая ам.долларыг зарцуулжээ. Ер нь төрөлжүүлэх салбартаа боловсон хүчин бэлдэх хөтөлбөрөө боловсруулахдаа АНУ-тай хамтран ажиллаж, Форд, Рокфеллер зэрэг хувийн хэвшлийн буяны сангууд дэмжиж Чилийн их сургууль, судалгааны хүрээлэнгүүдэд шаардлагатай техник, хүний нөөцийн хөрөнгө оруулалтыг хийжээ.

Гадаадын хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцсэн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд  Чилийн их сургууль, хүрээлэнгүүд дэмжиж, судалгаа хөгжүүлэлт хийж, чанарын удирдлага, хяналт хийхэд нь оролцож иржээ. Харин гадагшаа гаргахад нь экспорт хариуцсан төрийн агентлаг (ProChile) нь хувийн хэвшилдээ тусгайлан дэмжлэг, туслалцаа үзүүлдэг. Тухайлбал Чили дарсыг олон улсад таниулах маркетингийн  зардлын талыг нь  энэ агентлаг санхүүжүүлж байлаа. Импортыг орлуулж, өрсөлдөх чадвартай экспортын бүтээгдэхүүн бий болгох зорилготой ProChile, Corfo зэрэг байгууллагууд Чилийн амжилтанд ихээхэн үүрэгтэй оролцжээ. Чилийн эдийн засаг ийнхүү төрөлжин хөгжиж, шинэ салбарууд нь бойжин томорч, энэ улс эдүгээ дэлхийн зах зээл дээрх том тоглогч болсон.

30 жилийн алсад

30 жилийн дараа Монгол хүний амьдрал дөрөв дахин дээшилсэн байх эсэх нь төр засаг аль хэр тунгалаг, авлига багатай байхаас л хамаарна. Бусад бүх хүчин зүйл манайд хангалттай байна. Эдийн засгаа төрөлжүүлэх салбараа зөв сонгох; төр хувийн хэвшил хамтарсан судалгаа хийж, стратеги боловсруулах; шаардлагатай хөрөнгө оруулалт босгох; боловсон хүчнээ гадаад, дотоодод бэлтгэх зэрэг ажил биднийг хүлээж байна. Анхдагч компани нь төр, хувийн компаниуд хамтарсан байх, харин туршлага мэдлэгээ хувийн хэвшилд түгээсний дараа хувьцаат компани болгох замаар явж болно. 

Мөн одоо байгаа төрийн өмчит бүх компанийг хувьцаат компани болгож, хөрөнгийн зах зээл дээр гаргах, төрийн оролцоог 35 хувиас хэтрүүлэхгүй байх, компани томрохын хэмжээгээр арав арван хувиар нь хувьцаагаа борлуулж, орлогоор нь тухайн салбарын цаашдын хөгжлийн судалгаанд зарцуулах хөтөлбөр гаргах шаардлагатай байна. Төр зохицуулагч, шүүгч болохоос тоглогч байхаас аль болох татгалзах хэрэгтэй. Үнийг чөлөөлж, зах зээлд оролцогчдод шударга өрсөлдөх, урт хугацаандаа зөв төлөвлөх боломж өгөх цаг ирчихсэн шүү дээ.

Энэ бүхнийг хийхгүй бол Алсын хараа 2050 маань зэрэглээ шиг алсраад байхаас, ойртохгүй.

2020.03.05

[1]Рент нь эдийн засагт бодит зардлаас давсан хэт өндөр ашиг олохыг хэлдэг бөгөөд энэ бол байгалийн баялагтай орнуудын нийтлэг зовлон. Энгийн үгээр хэлвэл зовлон багатайгаар өндөр ашиг олохыг рент гэж болно. Төрийн янз бүрийн лиценз, зохицуулалтаас үүсдэг Рент (rent-seeking) гэх үзэгдэл. Төрийн эрх мэдлээ ашиглаж зовлон багатайгаар бизнес хийх сонирхолтой бүлгийг “rent-seekers” гэнэ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)