Б.Түвшинтөгс: Долларын ханш 2000 төгрөг болтол унах магадлалтай

“Үндэсний маркетингийн агентлаг”-ийн захирал, маркетингийн зөвлөх Б.Түвшинтөгстэй ярилцлаа.


-Бүх хилээ хаачихсан энэ үед доллар унаж, “цаас” болох бүх орчин нөхцөл бүрдсэн байна. Энэ талаар та твиттер хуудсандаа бичсэн. Эндээс ярилцлагаа эхэлье?

-Гадаад валютын ханш унах гурван шалтгаан бий. Нэгдүгээрт, экспорт, импортын харьцаанаас шалтгаална. Өөрөөр хэлбэл, экспорт ихэсвэл гадаад валютын ханш унадаг. Манай улсад таван жилийн өмнөөс л экспорт, импорт тэнцдэг болж байна. Тиймээс энэ шалтгаан манайд байхгүй. Тэнцсэн учраас валютын ханш энэ шалтгаанаас болоод унаагүй. Хоёрдугаарт, төгрөгийн эрэлт нэмэгдэх үед хүмүүс гадаад валютаа зарж, төгрөг болгон эргэлтэд оруулдаг. Төгрөгийн эрэлт гэдэг нь төгрөгт итгэх иргэдийн итгэл юм. Иргэд төгрөгт итгэхэд гадаад валютын ханш унана. Гурав дахь нь одоогийн хил хаасан нөхцөл байдал юм. Энэ бол гадаад валют унах бодит шалтгаан мөн.

-Хил хаасан одоогийн нөхцөл байдал гадаад валютад хэрхэн нөлөөлж байна вэ?

-Коронавирусээс болж хил хааснаар улсын хэмжээнд үйлчилгээний салбарын 230 мянган ажилчны ажил зогссон. Ажлыг нь улсаас хүчээр зогсоочихоор ажилгүй л болж байгаа юм шүү дээ. Үйлчилгээний салбарт дотоодын бүтээгдэхүүнийг хэрэглэх магадлал маш бага.

Өөрөөр хэлбэл мах, ногооноос бусад нь дандаа импортын бүтээгдэхүүн байдаг. 230 мянган хүн ажиллаж байгаа үйлчилгээний салбар Монгол Улсын эдийн засгийн 40 орчим хувийг эзэлдэг. Тэгэхээр зөвхөн үйлчилгээний салбараас болж, улсын эдийн засаг 40 орчим хувиар царцсан гэсэн үг. Хил хааж, хөл хорио тогтоосон энэ нөхцөл байдал цаашдаа ч үргэлжилнэ. Энэ сарын 2-нд Францаас коронавирусийн халдвартай хүн манай улсад ороод ирлээ. Уг хүний нууц хугацаа нь дуусч, коронавирустэй байсан гэдгийг зарласан. Энэ хүн 2-ноос хойш гурав хоног Улаанбаатар хотод амьдарсан. Тэгээд Дорноговьд өдий хүртэл байсан. Тэгэхээр улсын хэмжээнд хоёр цэгт голомт бий болж, энэ голомтуудад ирэх хоёроос гурван долоо хоногийн хугацаанд хэр зэрэг дэгдэлттэй байх эсэх нь эдийн засагт хөлдөөлтийг бий болгочихож байгаа юм. Энэ нь валютын ханшийг царцааж байгаа. Иргэний агаарын тээвэр, Туркиш эйрлайнс гээд олон улсын нислэгүүд сард хичнээн хүн тээвэрлэдэг билээ. Энэ хүмүүсийн валютын эрэлт бүрэн зогсчихлоо шүү дээ.

Коронавирусээс үүдсэн хөл хорио нь эрэлтээс үүдсэн валютын ханшны уналтыг бий болгож байгаа гэсэн үг. Тэгэхээр валютын ханшны уналт валютын эрэлт буурсанаас үүдсэн гэсэн үг.

-Өдгөө Монголд валютын эрэлт хаана байгаа вэ?

-Валютын эрэлт зөвхөн худалдааны салбарт байна. Монголын эдийн засгийн 90 хувийг бүтээдэг нүүрсний экспорт зогсоогүй байгаа. Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр 30 мянган хонь өгөн барин нүүрсний экспортыг сэргээсэн. Ингэснээр Монголын эдийн засагт доллар маш ихээр орж ирж байгаа. Харин гарц нь коронавирусийн хөл хорионоос болж хумигдчихсан гэсэн үг. Ингэснээр макро түвшинд гадаад валютын эрэлт болоод хэрэгцээ байхгүй болж байгаа юм. Монгол Улсын эдийн засгийн 90 хувийг бүтээдэг нүүрсний экспорт нь зогсоогүй. Үлдсэн 10 хувийн дөрвөн хувь болох үйлчилгээний салбар зогсчихсон. Зургаан хувь болох худалдааны салбар л амьд байна. Тэгэхээр Монголын эдийн засгийн зургаахан хувьд валютын хэрэгцээ байгаа учраас ханш унах нь тодорхой юм.

-Төв банк энэ нөхцөл байдлыг хэр ашиглаж байгаа гэж та харж байна вэ?

-Төв банк дээр бодлогын алдаа юм уу, хайхрамжгүй юм уу, эсвэл энд өөр гар үйлчлээд байна уу мэдэхгүй байна. Монгол Улсын валютын нөөц дөрвөн тэрбум 130 сая ам.доллар байгаа. Энэ тоо бол Монгол Улсын 9-10 сарын валютын хэрэгцээ юм. Монгол Улсад хүмүүсийн зорчилт, бизнес, худалдаа, наймаа арилжаанаас шалтгаалан сард 500 орчим сая ам.долларын хэрэгцээ үүсдэг. Гэтэл энэ 500 орчим сая ам.доллар хөл хорионоос болоод ерөнхийдөө царцчихаж байна шүү дээ. Монголбанк мягмар, пүрэв гариг болгон валютын зах буюу арилжааны банкуудад валют нийлүүлдэг. Тэгэхээр долоо хоногт хоёр удаа буюу сард найман удаа Монголбанк валютын ханшид нөлөөлөх боломжтой гэсэн үг. Ингэхдээ байх ёстой хэрэгцээг нь нийлүүлэх ёстой юм. Өөрөөр хэлбэл, нөгөө 500 сая долларыг арилжааны банкны нийлүүлэлтийн дүнгээр харах юм бол наймд хувааж, 50 сая доллараас багагүй мөнгийг нийлүүлэх ёстой. Хэрвээ Монголбанк мөнгөний бодлогыг барьж, валютын ханшийг тогтоон барих үүрэгтэй юм бол 50 саяас багагүй долларыг долоо хоногт хоёр удаа нийлүүлж байх ёстой. Гэтэл валютын ханш нүдэн дээр өссөөр байтал өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт Монголбанк 17-хон сая доллар нийлүүлсэн. Тэрний өмнөх нийлүүлэлт дээрээ 47 саяыг нийлүүлсэн. Ингээд харахаар дандаа 50 сая доллараас багыг нийлүүлээд байгаа биз. Байх ёстой хэрэгцээгээс бага нийлүүлээд байхаар валютын ханш өсөлгүй яахав дээ. Бензин нь шар асчихаад байхад гишгээд байна шүү дээ. Ер нь Монголбанк долоо хоногт хоёр удаа интервенци хийхдээ 50 орчим саяас бага дүнтэй валют нийлүүлж байвал энэ нотой гэсэн үг. Монгол Улсад валютын нөөц байна шүү дээ. Арилжааны банкуудын хэрэгцээнд 50 орчим сая ам.долларыг нийлүүлж байвал нормальны гэж үзнэ. Тэрнээс багыг нийлүүлээд байвал зохиомол хомсдол үүснэ. Үүнийг л маш сайн ажиглаж анхаарах ёстой. Тэгээд энэ зохист харьцааг анзаараад твиттерт жиргэсэн. Ер нь эдгээр шалтгаануудаас болоод валютын ханш өгсөж, унадаг. Дээрээс нь хөл хорио тогтоосноос болоод Монгол Улсын хэмжээнд гадаад валютаар хийх гүйлгээ багассан. Бүх хүн төгрөгөөр гүйлгээ хийж байгаа. Зөвхөн хүнсний худалдаа, үйлдвэрлэл ажиллаж байна. БНХАУ-ын эдийн засаг нэг хувь буурахад Монголын эдийн засаг таван хувь хумигддаг. Одоо БНХАУ-ын эдийн засгийг зургаан хувиар унана гэж байгаа. Тэгэхээр манай эдийн засаг 30 хувиар хумигдах юм. Эдийн засаг ингэтлээ царцчихсан үед “World economics”-оос Монгол Улсын эдийн засгийг 50 хувь хумигдсан байна гэдгийг зарлачихсан. Гэтэл Монголын эдийн засгийн 90 хувийг бүтээдэг нүүрсний экспорт нь зогсоогүй байж байгаа. Энэ мэт шалтгаан байна.

-Хил хааснаас болж, алтны нийлүүлэлт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11 дахин өссөн байна. Энэ талаар ярихгүй юу?

-Хилээ хааснаас хойш сар хагас болж байна. Нэгхэн сар хил хаахад алтны нийлүүлэлт 10 дахин ихэсч байна гэдэг нь бид эдийн засгаа ямар их хил гаалиар алддаг байсныг харуулж байна. Түүнчлэн хар зах 10-хан хувь гээд байдаг үгүй байгаа биз. Мөнгөний зах буюу найман шарга дээр 10-хан хувь нь эргэлддэг гэж хүн болгон хэлдэг. Гэтэл үгүй байна. Үүнийг алтны тушаалт, хангамж, нийлүүлэлтээс харж болно. Хил хааснаас болж, зөвхөн алтны нийлүүлэлт 11 дахин өсч байна гэдэг алсуураа ямар их мөнгө далд эдийн засагт байгааг харуулж байна. Энийг бид зүгээр орхиж болохгүй. Монголбанк дотор ах дүү, амраг садантайгаа нийлчихсэн баг, фракц байна уу гэж би таамаглаж байна. Алтаа зарсан хүмүүс доллар болгож хадгаламжинд хийгээд байна шүү дээ. Одоо доллар унана. Араас нь евро унана. Евро унах үндсэн шалтгаан нь Европ тив өөрөө 20 гаруй хил, гаальгүй улстай. Эндээс Итали, Франц гээд хэд хэдэн орнууд "Covid-19"-ийн цөм нь болчихлоо. Европын холбоо өөрөө коронавирусийн шинэ цөм болчихлоо. Азиас эхэлсэн энэ вирусийг БНХАУ, БНСУ, Япон улс зогсоож, хяналтдаа авчихсан. Европ өөрөө энэ тахал өвчний цөм болчихоор евро унаж таарна. АНУ-д коронавирус илэрчихсэн байгаа. Коронавирусийн нөхцөл байдлаас хамаараад эдийн засагт иймэрхүү царцалтууд бий болж байгаа нь жижиг гээд байгаа улс орнуудын хувьд эдийн засгаа бий даалгах маш том боломжуудыг бий болгож байгаа. Хэрвээ эдийн засгийн байнгын хороо, Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөл эдийн засгийн энэ алтан боломжийг ашиглаж чадах юм бол Монголын эдийн засаг маш хурдан өөр дээрээ эдийн засгийн хөгжил бий болгох макро орчин бий болж байгаа юм.

-Долларын ханш унана гэлээ. Яг хэр хэмжээгээр унах вэ?

-Эдийн засгийн өсөлт 2.9 хувь гэсэн таамаг байсан. Үүнийг 2.4 болгож буулгасан. 2.9 хувьтай байсан эдийн засгийн өсөлтийг дэлхийн эдийн засгийн шинжээчид өөрсдөө 2.4 болгон 0.5 пунктээр буулгаж байна. 2.9 дотор 0.5 нь 20 хувь байхгүй юу. Тэгэхээр дэлхийн эдийн засаг 20 хувь царцана гэдэг нэг талаасаа 100 хүний 20 нь ажилгүй болно гэсэн дохио. Нөгөө талаасаа валютын ханш 20 ба түүнээс дээш хувиар унах магадлалтай. Энэ вирусийн дэгдэлт хэзээ хяналтад бүрэн ороод, вакцин нь гарч цэгцрэх хүртэл энэ уналт явагдах юм. 2.9-өөс 2.4 хүртэл унана гэдэг таамаг хоёрдугаар сарын дундуур гарсан. Энэ сарын дундуур дахиад нэг таамаг гарна. Ер нь миний тооцоолсноор 20 хувиас багагүй хувиар унана. Одоо 2700 байгаа валютын ханш дор хаяж 600-700 орчим төгрөгөөр унах байх. Ер нь долларын ханш 2000 төгрөг рүү унах магадлалтай. Гэхдээ энэ вирусийн вакцин нь гарчихлаа гээд зарлаад эхэлбэл улс орнууд хил гаалиа нээгээд эхэлнэ. Тэгэхээр байдал өөрчлөгдөх байх.

-Хил хаасан энэ үед Монгол Улс эдийн засгаа бие даалгах боломж үүсч байгаа. Манайх цаашдаа ямар арга хэмжээ авч болох вэ. Ер нь манай гариг дээр бизнес, эдийн засаг яаж өсч, хөгжиж, сайжирдаг юм бэ?

-Маш энгийн. Нэгдүгээрт, газар дээр байгаа зүйлсийг хоёрдогч, гуравдагч бүтээгдэхүүн болгох асуудал. Тэр нь ургамал, мал, амьтан шүү дээ. Эдний алийг нь эргэлтэд оруулж чадаж байна. Хоёрдугаарт, газар доор байгаа баялгийг хоёр дахь, гурав дахь ч түүхий эд, цаашлаад эцсийн бүтээгдэхүүн болгох асуудал байна. Энэ ажилд БНСУ руу ажиллахаар явж буй залуучуудаа тогтоон барьж, дайчилж хөдөлмөрийн менежмэнтээ хийж өгөх, салбар яам нь боловсруулалтын үйлдвэр рүү анхаарч, зэсээ хүдрээр нь биш, ядаж зэс утас хийгээд, төмрөө хүдрээр нь биш, турба хийгээд баялгаа боловсруулах хэрэгтэй. БНХАУ манай улсаас долоо дахин их нүүрсний нөөцтэй мөртлөө яагаад Австрали, Монгол хоёроос ийм их нүүрс аваад байгаа юм. Энэ чинь стратеги шүү дээ. Түүхий эдтэй холбоотой политикийн дайн юм. Нүүрс, жоншоо түүхийгээр нь гаргаж байхаар гангаа өөрсдөө хийе л дээ. Залуучуудын шинэ хот байгуулъя л даа. Бид цементээ өөрсдөө хийж байгаа. Гангаа өөрсдөө хийх төмрийн үйлдвэр байгаа. Энийгээ өргөжүүлж томруулаад тэндээ гадаад руу явж ажиллахаар явж байгаа залуучуудаа ажиллуулж, цэрэг армиа дайчлаад шинэ залуучуудын хот байгуулж, их, дээд сургуулиудаа нүүлгэж чадах юм бол Улаанбаатар хотын төвлөрөл буурна. Залуучууд бүгд ажилтай, цалинтай болно. Тийм ч хэцүү зүйл биш шүү дээ. Хот байгуулна гэдэг усны асуудал байдаг. Газар нь зөндөө байна.

Монгол Улсад хот байгуулах бололцоотой найман цэг байдаг. Энэ найман цэг дээр Монгол Улс социализмын үед өөрсдөө хот шахуу зүйлүүдээ байгуулаад эхэлчихсэн. Үүнийг түшиглээд тэндээ гангаа үйлдвэрлээд, цементээ үйлдвэрлэчихсэн байхад хэдэн ч давхар байшин барьчих инженерүүд Монголд байна. Иймэрхүү маягаар хоёр дахь ч, гурав дахь ч түүхий эд боловсруулах, залуучууд, шинэ үеэ ажлын байраар хангах боломж бий. Ингээд л ам.долларын ханш өөрөө навсайтал унана. Аливаа улс хилээ бүрэн хаах боломж, 100 жилд ганц тохиолддог. Тохиолдохгүй ч байж болно. Ялангуяа XXI зуунд тохиолдох магадлал бүр ч бага. Энэ боломжийг ашиглаад эдийн засгаа сэргээж авах, валютын ханшийг хазаарлаж авах, боломж байгаа. Үүнийг манай эдийн засагчид, улстөрчид ашигламаар байна.

Б.Амартүвшин

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (10)

  • (66.181.161.109)

    2020-03-31

    миний хүү доллор унаг унаг түүнд санаа зоволтгүй төгрөгөөрөө л амьдрая

  • Алимаа (202.9.40.99)

    2020-03-14

    Сайхан санаа авмаар өөдрөг мэдээлэл байна Дархан Эрдэнэт үйлдвэржсэн хотуудаа аймаг гээд хуульчихсан Багануур Борөндөрийг дүүрэг эсвэл баг болгочихсон их хурлын гишүүдийг хийдэг буруу ажлууд энэ шүү дээ Төмөрлөгийн үйлдвэр болон боловсруулах үйлдвэрүүдийг мэргэжлийн хүнээр удирдуулаад ажилуулах хэрэгтэй байна юун дүүжин кабин юун тэнгэр зам газар дээрхи замаа засаж сайжруулах сайд нараа

  • (59.153.85.68)

    2020-03-14

    Хаана унаад байна. Монгол банк 2766.

  • (202.179.31.91)

    2020-03-13

    тэр худлаа.миний хүү

  • Зочин (64.119.27.125)

    2020-03-13

    Хаанаас гарсан бас нэг их мэдэгч бэ. Эдийн засгийн суурь ажиллаж байж ханш сайжрахаас зүгээр нүдээ аниад байвал болно гэж боддог бол хүмүүсийг төөрөлдүүлж байна даа. Тэр маркетингаа хийгээд байж байхгүй.

  • Иргэн (203.169.50.252)

    2020-03-13

    Хоёрдогч, гуравдагч

  • (139.5.216.96)

    2020-03-13

    Доллар унаад эхэлсэн л бна

    2020-03-13

    Хаана унаад байна. Монгол банк 2766.

  • Артишок (59.153.112.115)

    2020-03-13

    Зөв олж харсан сайн судалгаа бна. Одоо авах арга хэмжээ зохицуулах бодолгын талаар шийдвэр гаргах түвшинд ухаараасай билээ

  • би (183.81.171.2)

    2020-03-13

    ТӨР БАРИЖ БУЙ ТЭНЭГҮҮДДЭЭ ДУУЛГАХ ЮМСАН ХҮНИЙ ҮГИЙГ СОНСОЖ СУРААСАЙ. МАНАЦАРУУДАА..

  • Иргэн (192.82.74.93)

    2020-03-13

    Ойрдоо уншаагүй ухаалаг мэдээ байна.