Ф.Мэрлин: Франц улсын иргэн COVID-19 халдварын анхны тохиолдлыг авчирсанд маш их харамсаж байна
- 2020-03-13
- Үнэн
- 0
Монгол Улсын Шадар Сайд Ө.Энхтүвшин өнөөдөр Бүгд найрамдах Франц улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Элчин сайд Филипп Мэрлин “Юуны түрүүнд Монголд Улсад COVID-19 халдварын анхны тохиолдлыг авчирсан хүн нь Франц Улсын иргэн байгаад маш их харамсаж байна. Надаар дамжуулан Франц улсын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс, Эрүүл мэндийн яаманд талархал илэрхийлснийг уламжилж байна. Бид иргэнтэйгээ холбогдож мэдээлэл авч байгаа. Биеийн байдал нь дээрдэж байгаа гэсэн мэдээлэл авсан. Бид Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн салбар, эмч нарт манай улсын иргэнийг эмчилж чадна гэдэгт итгэж байна” хэмээн онцлон тэмдэглэлээ. Тэрээр энэхүү харамсалтай үйл явдлыг цаашид яаж засч залруулж явах тал дээр ихээхэн санаа зовинож байгаагаа уламжилсан юм.
Монгол Улсын Шадар Сайд Ө.Энхтүвшин “Монгол Улсын Засгийн газраас өвчтөнийг эдгээхийн тулд байгаа бүх хүч чадлаа дайчлан ажилла гэдэг чиглэл өгсөн. Тийм бололцоо байгаа гэдгийг ч манай Эрүүл мэндийн сайд хэлсэн. Тиймээс одоо өвчтөний сэтгэл санааны байдал чухал. Өнгөрсөн хоногуудтай харьцуулахад нийгмийн сүлжээгээр тархаж байсан нэн таагүй хандлага буурч, ард иргэд маань ч ухаалаг хүлээцтэй хандан, тэр хэрээр өвчтөний сэтгэл зүйн байдал тогтворжиж, эмч, өвчтөн хоорондын харилцаа улам сайжирч байна” гэлээ.
Дэлхий нийтэд цар тахлын түвшинд тархаж буй COVID-19 халдварын Монгол Улсын анхны тохиолдол Франц улсын иргэнээс илэрсэнтэй холбогдуулан тус улсын зүгээс иргэнээ авах хүсэлт гаргаад байсан. Харин өвчтөний сэтгэл санаа, биеийн байдал сайжирч, эдгээнэ гэсэн монгол эмч нарын итгэл өндөр байгааг үндэслэн иргэнээ нутаг буцаах асуудлаар дахин хөндөхгүй гэдгээ Элчин сайд Ф.Мэрлин уулзалтын үеэр хөндсөн. Өвчтөн ч эхэндээ нутаг буцах бодолтой байсан ч Монгол Улсад эмчлүүлэх шийдвэр гарган эмч, мэргэжилтнүүдийн заавраар шинжилгээ, үйлчилгээг ямар нэг асуудалгүйгээр даган биелүүлж байна гэж Монгол Улсын Шадар Сайдын Ажлын Албанаас мэдээллээ.