Биологийн ухааны доктор Ш.Пүрэвсүрэн: Монгол ахан дүүсээсээ хүсэх зүйл байна

Нэгэн зүйл. Коронавирус гэдэг аюулт хурц тахал эх дэлхийг маань нөмөрч, богинохон хугацаанд тун хурдацтай тархаж олон хүний амь насыг авч одон, өдрөөс өдөрт түм буман хүмүүсийг зовлон шаналалд яаж унагаж байгааг бид харж байна.

 

Өвчин хэлж ирдэггүй, хийсч ирдэг гэж ярьдаг. Энэ өвчин сар гаруйгийн өмнөөс эх орны маань хаалга үүдийг тогшиж эхэлсэн бол өнөөдөр бидний босгосон хил хязгаар, саад тотгорыг даван хажууд хүрээд ирчихлээ. Хэнбугай нь ч өнөөдөр хайртай хүмүүсээсээ хэзээ хагацан салахыг хэлж мэдэхгүй болчихлоо.  Нэгэнт байдал иймдээ тулсан энэ үед хэн нэгний хийсэн алдаа дутагдал гэм нүглийг шүүн  хэлэлцэхээсээ өмнө бат бэх эв нэгдэлтэй, хүлээцтэй байж хамтын хүчээр энэ аюулыг давах болоод байна.   

 

Нэгэн зүйл. Францын “Арева майнз”  одоо бол “Орано” гэх компани нь олон жилийн өмнөөс Монгол нутгийн маань ар араасаа түмэн осол аюул дагуулдаг баялаг ураан руу гэтэж эхэлсэнийг бид бүхэн мэднэ. Ямар ч хамаагүй аргаар мөнгө олох гэсэн мөн  үүнийгээ  амьдралынхаа эцсийн зорилго хэмээн эндүүрсэн, манай төр засгийн өндөр албанд шургалсан шуналын дэвүүд  одоо бол уучилшгүй гэмт хэрэгтнүүд ураан олборлох, атомын цахилгаан станц байгуулахын тулд бүр энд тэндхийн хог хаягдлыг нь хүртэл зөөн авчирч булшлан ашиг олохын тулд улайран хошуурцгааж эхэлсэн. Үүнийг зогсоож,  эх орныхоо байгалийг харийнхны халдлагаас хамгаалан ирээдүйн үр ач нартаа онгон дагшинаар нь хүлээлгэн өгөхийг зорьдог нэгний хувьд яаж тэмцэж байсныг та бүхний зарим нь мэдэх байх. Бичгийн хүн миний хувьд би буу шийдэм агсаж, жад сэлэм эргэлдүүлээгүй, харин үзэг яндаг барьж, шуналтнуудын замд хөндөлсөн зогсохыг та бүхнийг уриалан дууддаг байсан. 

Эх орноо гэсэн сэтгэлтэй ТББ-ууд нэн ялангуяа харь холд амьдардаг Анужин /Golomt.org/ бүсгүйтэй  хамтран эрх баригчидтай олон жил үзсэндээ. Аревагийнхан Дорноговь аймагт урааны хайгуул хийж эхлэх үеэс л ураан бол хэн нэгний гарын үзүүрээр хийдэг бизнес биш болох нь амьгүй, эрэмдэг зэрэмдэг төл мал олон зүйлээс тодорхой болж байлаа. Харин манай шуналын дэвүүд үхэн хатан зүтгэсээр хахаж цадталаа хахууль аван олборлох ашиглах эрхийг нь тэдэнд гардуулсан. Бид гол буруутнаа харийн цөлмөгчдөөс хайх биш харин тэдний өмнө хамаг үүд хаалгаа нээж өгчихөөд хэдэн ногоон цаасны өмнө өрөвдөлтэйгээр өвдөг сөхөрсөн авилгачидтайгаа хатуу тооцоо хийх ёстой байлаа. Гэтэл тэгэж чадаагүй, бид  хувиа бодож довоо шарлуулаад Солонгосчууд аятай нэгдэж хэдэн тэмцэгчдээ ч дэмжиж хөдлөөгүй.   

Нэгэн зүйл.  Ямар үйл нь хатгасан юм бүү мэд тахлын халдвар аваагүй тэсэн үлдэж байсан эх орон руу маань хаа холын Франц улсаас нөгөө алдарт “Арева” компаний төлөөлөгч нэг нөхөр өвчний вирус биедээ тээгээд ирж. Тэрийг нь мэдсээр байж, мөн л манай авилгачид зуучлан хаах ёстой байсан хоригоо нээгээд оруулчихсан нь өнөөдөр ямар олон  хүнийг айдас хүйдэсд автуулж, ямар их зардал чирэгдэл болж байна аа. Хурц тахлын энэ вирус ашгүй авилгачдын үүрийг дотроос нь эвдэн бусниулахад дөхөм үзүүлж магад гэсэн горьдлого төрүүлж байна.

Хоорондоо эвлэлдэн нийлэхдээ маруухан цөөхүүлээ бид энэ өдрүүдэд хоёр хуваагдаж,  франц өвгөнийг алж шатаа, булаад хая, бушуухан хөөгөөд явуул гэж нэг хэсэг хашгирч байхад нөгөө хэсэг нь хүнийх нь хувьд өрөвдөж, хурдан эдгэрээсэй, эрүүлжээсэй, манай Монгол эмч нар чадна аа гэсэн сэтгэлээр түүнд хандаж байна. 

 

“Эзэндээ зодуулж байгаа нохойг нэмэж битгий өшиглө” гэж нэг үг байдаг. Үйлийн үрээ өөр дээрээ тээж ирсэн энэ эр өвчиндөө туйлдаж, дээр нь сэтгэл санааны хувьд гүн дарамтанд орсон байхыг сонсоод дайсагнах үзэл дотор минь хичнээн оволзож байвч, хүнийх нь хувьд, ар гэр үр хүүхдийнх нь өмнөөс өрөвдөх сэтгэл төрөн яаж түүний зовлонгоос нимгэлэх учраа олохгүй суутал харин хар багын нэг найз маань  аль хэдий нь хоол унд хийгээд эргэчихсэн тухайгаа өөрийнхөө хуудсанд бичсэнийг олж хараад баярласан гэж учиргүй. 

 

Монгол хүн байна даа, ямартаа ч гэсэн утасдаж мэнд амрыг нь асуулаа. Биеийнх нь халуун буурч сайжирч байгаа талаар Франц эр ярьж, Батсүх найзын маань 8 настай ачийнх нь түүнд  “Хурдан эдгэрээрэй” гэж бичээд явуулсан өөрийнхөө гараар сарийлган зурсан зургийг нь аваад сэтгэл нь маш их хөдөлсөн  тухай ярихыг сонсоод баярлаж, бага боловч дотор онгойлоо. Онгоцоор хамт нэг суудал дээр зэрэгцэн сууж ирээд хаа хол  Увс аймгийн Бөхмөрөн сумын нутаг Ямаатын ууланд хорионд орчихсон Англи өвгөний  биеийн байдлыг аймгийн засаг дарга Д.Батсайханаас утасдаж асуулаа. Өчнөөн хоночихоод байхад ханиалгахгүй, халуурч бүлээрэхгүй байгаагий нь сонсоод  дотор бас уужирлаа. Харж хандаж, асууж байхыг тэнд байгаа найз нөхдөөсөө хүслээ. Энэ хоёр нөхөр чинь хоёулаа маньтайгаа адилхан жар гарчихсан энэ айхтар вирусын хувьд “эмзэг бүлгийнхэн” юм билээ.

Нэгэн зүйл. Хамт ирсэн улсууд түрүүчээсээ халдвар аваагүй байгаа талаар мэдээллийг сонсох бүрт бидний эх орны онгон байгальд орших нууцлаг далдын хүч, үүн дээр төрж өссөн бидний дархлаа, чадавхийг гайхаад баршгүй.  Бид ийм л гайхалтай нутагт төрж өсөх хувьтай улс юм.

Дэлхийн бүх хүн төрөлхтөн өнөөдөр бидний зүг анхааралтай харж байгаа. Авсан өвчин эмгэгдээ шаналж байгаа харийн дайсан ч гэсэн бидэнтэй адилхан гэр бүл, үр хүүхэдтэй л байж таараа. Халдвар авсан энэ хүн хурдан түргэн эдгээсэй, ар гэрийнхэн нь амар амгалан байгаасай гэж бүгдээрээ Тэнгэр Бурхандаа залбиръя даа

Ш.Пүрэвсүрэн                 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай