Л.Мөнхбаатар: УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээн авахгүй гэвэл Цэц дахин хуралдаж эцсийн шийдвэрээ гаргана

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатартай ярилцлаа.


-Цаг үеийн асуудлаар яриагаа эхэлье.

 Үндсэн хуулийн Цэц өнгөрсөн баасан гаригт хуралдаж шийдвэр гаргалаа

Үүний үр дүнд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга

 нэр дэвших боломжгүй болж байх шиг байна

Цэц яг ямар шийдвэр гаргаснаар ийм үр дагавар үүсч байна вэ?

-Үндсэн хуулийн Цэцийн албан мэдээнээс харахад, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3.1.2, 5.4 дэх заалт, хэсгүүд Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзсэн байна лээ. 3.1.2 дахь заалт болон 5.4 дэх хэсэг нь хоёулаа Ерөнхийлөгчид нэр дэвшигч гэж хэн болох, ямар хүн нэр дэвших эрхтэй байх талаарх зохицуулалтууд байгаа. Агуулгын хувьд, 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль болон Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасан шаардлага хангасан хүн Ерөнхийлөгчид нэр дэвших эрхтэй байхаар заасан. Гэтэл энэхүү нэр дэвшигчид тавигдах ерөнхий шаардлага нь Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэдэг заалтыг зөрчсөн байна гэж Цэц үзжээ.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсны дараа буюу 2020 оны арванхоёрдугаар сард батлагдсан Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд Ерөнхийлөгчөөр зөвхөн нэг удаа сонгогдоно гэдэг зохицуулалт байхгүй учраас одоогийн болон өмнөх Ерөнхийлөгч нарын хувьд энэ хуулиар, энэ удаагийн сонгуульд нэр дэвших эрх нээлттэй гэж ойлгогдож болохуйц маргаантай байдал үүссэн. Үндсэн хуулийн Цэцээс Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн холбогдох заалтыг 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө буюу 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсөн тул Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд Үндсэн хуульд заасан Ерөнхийлөгчөөр нэг удаа сонгогдох зарчим хамаарна гэж үзсэн байна. Иймд Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиа Үндсэн хуульдаа нийцүүл гэдэг шаардлагыг Цэцээс тавьж байна гэсэн үг. Ингэснээр одоогийн болон өмнөх Ерөнхийлөгч дахин сонгогдох боломжгүй гэдгийг Цэц Үндсэн хуулийн хүрээнд шийдвэрлэсэн гэсэн үг. Одоогоор Цэцийн дүгнэлт албажиж ирээгүй байгаа тул дүгнэлтийн талаар үүнээс илүү тодорхой ярих боломжгүй байна.

-Тэгвэл процесс хуулийн дагуу цааш яаж үргэлжлэх вэ

Улсын Их Хурал Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах боломжгүй

 гэдэг асуудлыг зарим хүмүүс ярьж байна л даа?

-Одоогийн байгаа хүрээнд авч үзвэл, Цэцийн дүгнэлт гарсантай холбогдуулан хэд хэдэн нөхцөл байдал үүсээд байна. Тухайлбал, нэгдүгээрт, Ерөнхийлөгчид нэр дэвших хүн хэн байх вэ гэдгийг тодорхойлсон Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн холбогдох заалт дөрөвдүгээр сарын 16-наас эхлээд түдгэлзсэн буюу үйлчлэхгүй болсон байна. Хоёрдугаарт, Цэц дүгнэлтээ албажуулж ирүүлсний дараа УИХ дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлаар шийдвэр гаргана. Хэрвээ Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрвөл, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой. Гуравдугаарт, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахтай холбоотой нэг асуудал яригдаж магадгүй. Юу гэвэл, уг хуулийн 81 дүгээр зүйлд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал авах өдрөөс өмнөх нэг жилийн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль батлах, түүнд өөрчлөлт оруулахыг хориглоно” гэсэн заалт байгаа. Тэгэхээр Үндсэн хуулийн Цэц дүгнэлт гаргасан тохиолдолд энэ хориглосон заалт хамаарах уу гэдэг асуулт гарч ирнэ. Гэхдээ энд эргэлзээ байхгүй, энэ хориглосон зохицуулалт Цэцийн шийдвэрийн дагуу хуульд өөрчлөлт оруулах үйл ажиллагаанд хамаарахгүй гэж үзэж байна.

-Тодруулбал?

-Үндсэн хуулийн Цэц дүгнэлт гаргасан бол Улсын Их Хурал холбогдох процедурын дагуу уг дүгнэлтийг хэлэлцэж, хуульд зааснаар шийдвэрээ гаргах ёстой. Энэ нь Үндсэн хууль болон Монгол Улсын Их Хурлын тухай, Дэгийн тухай хуулиудаар тавигддаг шаардлага.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглосон зохицуулалт органик хуульд байгаа гээд, Үндсэн хуулийн зөрчилтэй хуулиар бид сонгууль явуулж болохгүй. Энэ тохиолдолд, Хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэсэн Үндсэн хуульд заасан зарчмыг зөрчсөн сонгууль болно гэсэн үг. Иймээс Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг Улсын Их Хурал хүлээн авсан нөхцөлд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэж байна.

Өмнө нь ч иймэрхүү тохиолдол болж байсан. 2015 онд батлагдсан Сонгуулийн хуульд 2016 оны тавдугаар сард буюу УИХ-ын ээлжит сонгуулиас нэг сарын өмнө Цэцийн дүгнэлт гарсантай холбоотойгоор мөн нэмэлт, өөрчлөлт оруулж байсан. Цэц 2016 оны дөрөвдүгээр сарын 22-нд дүгнэлт гаргаж, Улсын Их Хурал дүгнэлтийг хэлэлцэн хүлээж аваад, тавдугаар сарын 5-нд Сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байсан. Дөрөвдүгээрт, Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагаа хуулийн дагуу дөрөвдүгээр сарын 30-наас эхлээд гурав хоногийн дотор намууд нэр дэвшигчээ тодруулах ёстой. Үүнээс өмнө Цэцийн дүгнэлтийг УИХ хэлэлцэн шийдвэрлэж, хэрхэн шийдвэрлэснээс шалтгаалан Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудал яаралтай яригдах ёстой.

-Хэрвээ Цэцийн шийдвэрийг Улсын Их Хурал хүлээж авахгүй бол яах вэ?

-Цэцийн шийдвэрийг Улсын Их Хурал хүлээн авах эсэхийг гишүүдийн ердийн олонхоор буюу хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 50 хувиас дээшхийн саналаар шийдвэрлэдэг. Хэрвээ ийнхүү санал хураагаад Цэцийн дүгнэлтийг хүлээн авахгүй гэсэн шийдвэр Улсын Их Хурал гаргавал, Цэц дахин хуралдаж эцсийн шийдвэрээ гаргана. Цэц дунд шатны хурлын шийдвэрээ Их суудлын хуралдаанд буюу эцэслэн шийдвэрлэх хуралдаанд өөрчилдөг тохиолдол маш ховор. Тэгэхээр, Үндсэн хууль зөрчилтэй гэх хуулийн заалтыг Цэц эхний удаад түдгэлзүүлсэн бол эцсийн шийдвэрээ гаргахдаа шууд хүчингүй болгоно. Өөрөөр хэлбэл энэ нөхцөлд, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3.1.2, 5.4 дэх заалтууд хүчингүй болно гэсэн үг. Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодорхойлсон эдгээр заалтууд хүчингүй боллоо гэхэд уг хуулийг хэрэгжүүлэхэд хүндрэл үүсч болно. Энэ хуулийн суурь тодорхойлолт, нэр томьёо учраас эдгээр заалтыг үндэслэж, эшлэж бичсэн олон зохицуулалт энэ хуульд байгаа. Харин нэр дэвшигчийн ерөнхий шаардлагын тухайд Үндсэн хуульд 30 дугаар зүйлийн 2 дахь хэсгээ баримтлаад явж болно. Энэ тохиололд ялгаагүй, Ерөнхийлөгчөөр нэг удаа сонгогдох зарчим л үйлчилнэ гэсэн үг. Нөгөөтэйгүүр, Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээн авахгүй нөхцөлд Цэц Их суудлын хуралдаандаа бэлтгэн хуульд заасан процесс ажиллагаанууд хийх ёстой учраас илүү хугацаа алдаж болзошгүй.

-Засгийн газраас "Ковид-19"-тэй холбоотойгоор авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанд

 та ямар байр суурьтай байгаа вэ?

-Энэ удаагийн УИХ, Засгийн газар амаргүй, өмнө байгаагүй шинэ нөхцөл байдалд ажиллаж байгаа. Халдварын тохиолдол ихэсч, энэ өвчнөөр хүмүүс нас барж, нөхцөл байдал үнэхээр хүнд байна. Дэлхий даяараа вакцины хомсдол, дутагдалтай байна. Богино хугацаанд шийдвэр гаргах, гаргасан шийдвэрийн үр нөлөөг шууд үнэлэн магадгүй дахин өөр шийдвэр гаргах нөхцөл ч үүсч байна. Засаг шийдвэрээ гаргахад доод шатны захиргааны байгууллагууд маш богино хугацаанд уг шийдвэрийг нэг мөр ойлгон хэрэгжүүлэх шаардлага тавигдаж байна. Ийм нөхцөл байдалд Засгийн газар боломжийн сайн ажиллаж байна гэж үзэж байна.

Хөл хорио тогтоож, энэ нь иргэдийн орлогод бодитоор нөлөөлөх тул иргэнд бүрд 300 мянган төгрөгийн тэтгэмж олголоо. Иргэдийн эрүүл мэндийг хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байгаа. Вакцинжуулалтын тухайд гэвэл, нийслэлийн хүн амын гуравны нэг хувь нь эхний тунгаа хийлгэсэн байна. Хүний хийж байгаа ажлыг хөндлөнгөөс шүүмжлэх бол амархан, яг өөрөө тэр хэмжээнд хийж чадах уу, үгүй юү гэдэг бол өөр асуудал.Хавдварт өвчний дэгдэлт нэмэгдэж байгаа энэ үед ХӨСҮТ болон Нийслэлийн эрүүл мэндийн газрын шинэ удирдлагууд олон нийтэд нээлттэй, хурдан шуурхай, мэргэжлийн түвшинд ажиллаж байгаа харагдаж байна. Манай эрүүл мэндийн салбарын ажилтнууд, онцгой, цагдаа, мэргэжлийн хяналт, нутгийн захиргааны байгууллагын ажилтнууд хамгийн их ачааллыг аван ажиллаж байгаа. Тэдэндээ чин сэтгэлээсээ талархах нь зүйтэй. Ийм хүнд нөхцөлд энэ ажлыг үүрч, хариуцлага хүлээн ажиллаж байгаа Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, Улсын болон нийслэлийн онцгой комисс цар тахлыг аль болох хохирол багатайгаар даван туулахад чиглүүлж, зөв зохион байгуулж чадна гэдэгт бүрэн итгэлтэй байна.

-Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нэр бүхий гишүүдийн

 хамт та өргөн мэдүүлсэн

Энэ хуулийн төслийн зорилгогол агуулга нь юу вэ?

-Манайх шиг мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлж, дотоодынхоо хэрэгцээг хангах, цаашилбал, бусад улс руу экспортлогч улс болохоор зорьж байгаа улсад энэ салбарт үйл ажиллагаа эрхлэгчдийг хоршиж хамтарч ажиллахыг нь идэвхжүүлэх, хоршоолол байгуулахыг дэмжих нь хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх нэг гарц юм. Үүнээс гадна, жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарынхан маань ч хоршооллын хэлбэрээр нэгдэж ажилласнаар өрсөлдөх чадвар, зах зээл дэх боломжоо нэмэгдүүлэх боломжтой. Харин одоогийн Хоршооны тухай хууль нь хоршооллыг дэмжих болон хоршоолол хэлбэрээр ажиллах сонирхлыг бий болгож чадахгүй байна.

Хэдийгээр одоогийн байдлаар 4200 орчим хоршоо ажиллаж байгаа ч олонх нь хоршооны үндсэн зарчмыг бүрэн болон тогтвортой баримтлахгүй байгаа нь хоршооны гишүүдийн эрх ашгийг хөндөх, хоршоонд гишүүнээр элсэх сонирхлыг өдөөхгүй байх, хоршооны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх, хоршоонд итгэх итгэлийг бууруулах зэргээр хоршоод жинхэнэ утгаар ажиллах боломжгүй байна. Дараагийн нэг шалтгаан нь хоршоонд ногдуулж буй татварууд, янз бүрийн шаардлагууд нь компаниас ялгарахгүй байгаа нь хоршооны хөгжилд сөргөөр нөлөөлж байна.

Гэтэл эрх зүйн хувьд ч тэр, үйл ажиллагаа, бүтцийн хувьд ч тэр, өмч, хөрөнгөө нийлүүлэн хамтрах, ашиг орлогоо хуваарилахад ч тэр хоршоо нь компаниас өөр статус, онцлогтой субьект шүү дээ. Жишээ дурдахад, Иргэний хуулиар хоршоог ашгийн бус хуулийн этгээд гэж үздэг, гэтэл аж ахуйн нэгжийн албан татвар ногдуулдаг зэрэг хоорондоо зөрчилтэй, эсхүл хоршооллын үйл ажиллагааны агуулгатай зөрчилдөх зохицуулалтууд хуулиудад байна. Иймд Хоршооны хуулийг шинэчлэн найруулах шаардлага байна гэж үзэж, УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын гишүүдийн хамт энэхүү хуулийг бид санаачилсан.

Хуулийн төслөөр анхан шатны хоршоо, дундын хоршоо, хоршооны гишүүдийн эрх үүрэг, хоршооны өөрийн хөрөнгө, хоршооллын нэгдсэн холбоо, хоршооны мэргэжлийн холбоонд хамаарах болон хоршооны татвартай холбоотой зэрэг олон шинэлэг асуудлыг тусгасан. Энд хуулийн үйлчлэх хүрээнд хадгаламж зээлийн хоршоодын үйл ажиллагаа хамаарахгүй, Хадгаламж, зээлийн хоршооны тусгайлсан хууль байдаг.

-Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

 Энэ хуулийн гол зохицуулалт нь юу вэ?

-Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын эдийн засгийн бүтэц, бизнесийн орчин, олон улсын бизнесийн харилцаан дахь оролцоо эрс өөрчлөгдсөн. Гэтэл үүнийг хөрөнгийн үнэлгээний одоогийн хууль тогтоомж бүрэн зохицуулж чадахгүй байгаа учраас энэ хуулийг нэг мөр, ойлгомжтой, хийдэлгүй, маргаан бага үүсдэг болгож шинэчлэх шаардлага гарч ирсэн.Иймээс хөрөнгийн үнэлгээний хууль тогтоомжийг шинэчлэх, үнэлгээний олон улсын стандартын зарчмуудыг нэвтрүүлэх, хуулийн маргаан-тай заалтуудыг засах, одоо үйлчилж байгаа эрх зүйн орчны хийдэл, давхардлыг арилгах, эрх зүйн орчныг сайжруулах, олон улсын чиг хандлагад нийцүүлэн боловсронгуй хүрээнд хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газар боловсруулсан.

Нэг байшинг банкны зээлийн эдийн засагч, татварын байцаагч, даатгалын байгууллага тэс өөрөөр харж, үнэлж байгааг аль болох олон улсын үнэлгээний зарчимд уялдуулж өөрчлөх зорилготой хуулийн төсөл л дөө. Төсөлд нийтлэг асуудал болох хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдэд тавих шалгуур, шаардлагыг тодорхой зааж, тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох асуудал, мэргэжлийн байгууллагын чиг үүрэг гэх мэт зохицуулалт орсон. Эдгээрээс онцлог заалт нь олон нийтийн эрх ашгийг хөндсөн хуулийн этгээдийн хөрөнгийн үнэлгээ, төрийн болон орон нутгийн өмчийг хувьчлах, худалдах, зээлийн зориулалтаар барьцаалах, өр төлбөрт тооцох, иргэд аж ахуйн нэгжээс эргүүлэн татан авах зэрэг тодорхой тохиолдолд заавал тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдээр хөрөнгийг үнэлүүлэхээр тусгасан.

 

Р.ХИШИГЖАРГАЛ

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)