УИХ цэцийн 2021 оны 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэв

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцэж, цэцийн гишүүн Г.Баясгалан уг дүгнэлтийг танилцуулав. Цэцийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар оролцжээ.

Үндсэн хуулийн цэцийн 2021 оны тавдугаар сарын 12-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4 дүгээр зүйлийн 1.3 дахь заалт, 34.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд 04 дүгээр дүгнэлт гаргажээ. Цэцийн дунд суудлын хуралдаанаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтад “тухайн эрүүгийн хэрэгт хэрэглэх хуулийн заалт Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн талаарх гомдлыг Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн хянан шийдвэрлэж байгаа бол;” гэж, 34.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх хэрэглэх хууль нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянан шийдвэрлэх маргаан Үндсэн хуулийн цэцэд үүссэн тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлнэ.” гэж тус тус заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... тэгш байдал ...-г хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэж заасныг зөрчсөн байна гэж дүгнэжээ.

Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4 дүгээр зүйлийн  1.3 дахь заалтад “тухайн эрүүгийн хэрэгт хэрэглэх хуулийн заалт Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн талаарх гомдлыг Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн хянан шийдвэрлэж байгаа бол;” гэж, 34.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх хэрэглэх хууль нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянан шийдвэрлэх маргаан Үндсэн хуулийн цэцэд үүссэн тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлнэ.” гэж заасныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2021 оны тавдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Харин Хууль зүйн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцээд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар танилцуулсан юм. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа үг хэлж хууль дээдлэх зарчмын үүднээс цэцийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй хэмээн үзэж буйгаа илэрхийлэв.

Ингээд Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн хууль тогтоомжийн зүйл, хэсэг, заалт бүрээр санал хураалт явуулж шийдвэрлэн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 88.3 хувь нь дэмжсэнээр Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн талаарх Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа.

 

Хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар шилжүүлэв

Дараа нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг танилцуулав.

Байнгын хороо энэ сарын 18-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг төслийн эцсийн хувилбарт бүрэн тусгаж, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, техникийн шинжтэй зарим засвар оруулжээ. Түүнчлэн төслийн зохих заалтыг Иргэний хуультай нийцүүлэх үүднээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасны дагуу зарчмын зөрүүтэй нэг саналын томьёолол бэлтгэснийг хэлэлцэж дэмжсэн байна.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад гаргасан төслийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн “нэмэгдүүлсэн хүү” гэснийг хасах зарчмын зөрүүтэй саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 76.3 хуь нь дэмжив. Ингээд хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.  

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжлээ

Үргэлжлүүлэн Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, энэ талаарх Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан танилцуулсан юм.

Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин, Ж.Батжаргал, Д.Батлут, Х.Болорчулуун, Г.Ганболд, Н.Наранбаатар, Д.Өнөрболор нараас 2021 оны тавдугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудпыг энэ сарын 13-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлсэн. Байнгын хороо энэ сарын 18-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, төслийг зүйл бүрээр нь хэлэлцэж дэмжсэн байна.

Хуулийн төсөл нь хоёр зүйлтэй бөгөөд төслийн нэгдүгээр зүйлд Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн хүснэгтийн Тэтгэврийн даатгал-Ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ гэсний “9.5” гэснийг “8.5”, Тэтгэврийн даатгал-Даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ гэсний “9.5” гэснийг “8.5”, Шимтгэлийн дүн-Ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ гэсний “12.7” гэснийг “11.7”, Шимтгэлийн дүн-Даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ гэсний “12.5” гэснийг “11.5”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “12.5 хувиас” гэснийг “11.5 хувиас” гэж тус тус өөрчлөхөөр тусгажээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж тодруулсан Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Т.Доржханд нарын асуултад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Байнгын хорооны дарга М.Оюунчимэг нар хариулт, тайлбар өгсөн юм. Ингээд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв.

Нэгдсэн хуралдааны төгсгөлд Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалтай нийцүүлэн уг хуулийн төслийг боловсруулсан талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд танилцуулсан бол уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг Нийгмийн бодлогын байнгын хороо энэ сарын 18-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн тухай санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн П.Анужин танилцуулсан юм.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв. Үүгээр чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)