Д.Төмөрхүлэг: Шагналаа гардаж байхад "Аавдаа амласнаа биелүүлж л явна даа" гэж өөрийн эрхгүй бодогдсон
- 2021-11-24
- Спорт
- 0
Бөх хүн монголчуудын хувьд хамгийн хүндтэй нэгэнд тооцогддог. Тиймдээ ч ард түмнийхээ хайран дунд бөхийн спортоор хичээллэнэ гэдэг нэг талаасаа маш том хариуцлага байдаг. Нэгэн цагт дэлхийн дэвжээнд шуугиулж, шилдгүүдийг “нурааж”, жингийнхээ чансааг тэргүүлж явсан шилдэг жүдоч Д.Төмөрхүлэг хэдхэн хоногийн өмнө төрдөө хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж Монгол Улсын Гавьяат тамирчин хэмээх эрхэм цолыг хүртсэн билээ. Олимп, дэлхийн аваргаас бусад бүх тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль зүүж явсан Монголын жүдо сонирхогчдын хайртай хүү шинэхэн гавьяат, “Хилчин” спорт хорооны жүдо бөхийн ахлах дасгалжуулагч Д.ТӨМӨРХҮЛЭГТЭЙ ярилцлаа.
Тамирчны хувьд залуугаасаа тив дэлхийн тэмцээнд оролцож эхэлсэн учраас л спортын уналт, сэргэлтийг бие сэтгэл, оюун бодлоороо мэдэрч яваа түүний ярилцлагыг хүргэе.
-Уулзаагүй уджээ. Гавьяат тамирчин цолоор энгэрээ мялаалаа. Баяр хүргэе. Юуны түрүүнд сэтгэгдлээ хуваалцана уу?
-Маш их баярлалаа. Төрийн энэ нэр хүндтэй, өндөр босготой шагналаар энгэрээ мялаасандаа баяртай байна.
-Гавьяатын сураг нэлээд эрт дуулдсан. Удаан хүлээлгэх шиг боллоо. Төмөрхүлэг гавьяат болох нь ээ гээд л шуугиад эхлэхэд юу бодогдож байв. Гавьяатын тухай яриа гараад бараг гурав, дөрвөн сар боллоо шүү дээ. Энэ талаар?
-Харин тийм ээ. Анх энэ оны зургаадугаар сард Хандгайтад бэлтгэлд гарсан байхад л ийм яриа гарсан. Ууганбаатар, Төмөрхүлэг гавьяат болох гэж байна гээд л яриад эхэлсэн. Надад албан ёсны мэдээлэл ирээгүй ч дотроо бодож байгаа юм чинь. Хүмүүс тэгж яриад байхаар үнэхээр болчихсон мэт санагдаад... Догдлолтой, хүлээлттэй болдог юм билээ.
-Тэгээд албан ёсоор Гавьяат болсон мэдээгээ хэзээ сонсов. Анх энэ тухай сонсоход ямар мэдрэмж төрж байх юм?
-Арваннэгдүгээр сарын 10-нд мэдсэн. Тэр өдөр ажил дээрээ хуралтай сууж байлаа. Би одоо Хил хамгаалах ерөнхий газрын хилийн 0208 дугаар тусгай салбар “Хилчин” спорт хорооны жүдо бөхийн ахлагч дасгалжуулагчийн шилжсэн байгаа. Өнгөрсөн долоодугаар сарын 1-нээс тушаал минь гарч, энэ албыг хариуцаж байна. О.Ууганбаатар гавьяат маань над руу яриад “За хөгшөөн, Гавьяат тамирчин болох нь ээ. 13:00 цагт хүрээд ир гэж байна” гэдэг юм байна. Би ч итгэж чаддаггүй. “Үнэн юм уу. Би наад мэдээнд чинь итгэхээ болиод удаж байна шүү” гэж хариулсан. Гэтэл үнэхээр үнэн болж таарсан. Тэгээд гэртээ харьж хувцсаа солиод, шагналаа авсан даа. Ууганаа бид хоёрын зарлиг эрт гарсан юм шиг байна билээ.
-Шагналаа авч байх тэр мөчийг юутай ч зүйрлэшгүй биз. Тамирчид энгэрээ цоолуулж байхдаа янз бүрийн бодолд автдаг. Таны хувьд юун тухай бодож байв?
-Өөрийн эрхгуй л нүднээс нулимс гардаг юм билээ. Би 2002 оноос жүдо бөхөөр хичээллэсэн гэхээр миний 20-оод жилийн хөдөлмөрийг үнэлж байгаа хэрэг. Олон жилийн турш маш их хүч хөдөлмөр, хөлс урсгасан. Энэ хугацаанд бэртэл гэмтлээс эхлээд багагүй бэрхшээлтэй тулгарч, тэр бүхнийг даван гарахын тулд өөртэйгээ тэмцэлдэж байлаа. Хэдийгээр олимп, дэлхийн аваргаас медаль хүртэж чадаагүй ч жүдод бүхнээ зориулсан хөдөлмөр, түүний төлөө дуслуулсан хөлс бүрийг минь үнэлсэн учраас маш их баярласан. Тэр ч утгаараа нүдэндээ нулимстай зогсож байлаа.
-Зөвхөн та гэлтгүй таны барилдааныг үздэг, шимтэн сонирхдог, спортод хайртай, тэр дундаа жүдод хайртай хүмүүс баярлаж байлаа. Анх нэр дуулдаж эхлэхтэй зэрэгцээд л олон үйл явдал өрнөсөн биз?
-Гавьяат болсон гэдэг мэдээ цацагдангуут маш эвгүй юм билээ. Орон нутгаас хамаатнууд залгаж баяр хүргэнэ. Надад хэлэх үг олддоггүй. Гавьяат болоогүй юм чинь юугаа ч хэлэх вэ дээ. “Амны билгээс ашдын билэг” гээд л өнгөрөөж байлаа. Жүдогоос Отгонбаатар, Дүүрэнбаяр, Ууганбаатар, Төмөрхүлэг гэсэн гавьяатууд төрөх нь ээ гээд л сошиалаар мэдээлэл цацагдсан. Тэгсэн нэг өдөр бэлтгэл дээр байж байтал Отгонбаатар руу залгаж байна. “Маргааш 11:00 цагт Төрийн ордонд бэлэн байгаарай” гээд л... Гэтэл хүмүүс надруу залгаад “Баяр хүргэе. Чам руу ярьсан уу” гэж байна. Маргааш нь Отгоогоо шагнал авахад нь баяр хүргэх гээд талбай дээр очтол хүмүүс их гайхаж байсан. “Та хоёр энд юу хийж яваа юм. Дотор байх ёстой биз дээ” гэж байна. Бид хоёр руу яриагүй юм чинь яриагүй л гэж хэлсэн. Амны билгээс ашдын билэг хэзээ нэг өдөр болох байлгүй гэж өөрийгөө тайвшруулж, хүлээлттэй явлаа. Хүлээсний эцэст гавьяат тамирчин болсондоо маш их баяртай байна.
-Анхны гэх тодотголтой бүхэн сайхан дурсамжтай байдаг. Анх жүдод хөл тавьж байсан үе, анхны медаль гээд л. Дурсамжаасаа хуваалцах уу?
-Жүдо бөхийн гараа маань 2002 оноос эхпэлтэй. Аав маань намайг 2002 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа “Сүлд” спорт хорооны Гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв багшийн удирдлага дор жүдо, самбо бөхийн секцэнд оруулж байв. Тухайн үед аав минь Ц.Шийрэв багштай их дотно найзууд байсан. Тэгээд удалгүй Дархан хотод болсон орон нутгийн чанартай тэмцээнд 27 кг-ын жинд барилдаж анхны медалиа хүртсэн дээ. Би тэр тэмцээнд мөнгөн медалиар энгэрээ мялааж, тамирчныхаа гарааг эхэлсэн юм. Их л хөнгөн жинтэй медаль байсан. Би 24 кг жинтэй, гэтэл хамгийн бага жин нь 27 кг байсан санагдана. 2006 онд шигшээ багийн тамирчин болсон. Тэгэхэд Ууганаа бид хоёр шигшээ багийн хамгийн залуу тамирчин байлаа. Ер нь залуудаа шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан шүү. Түүнээс хойш өдийг хүртэл шигшээдээ данстай байна даа. 2008 онд жүдо бөхийн залуучуудын ДАШТ-ээс Б.Тэмүүлэнгийн хамт медаль хүртсэнээ хэзээ ч мартдаггүй. Миний хувьд хамгийн дурсгалтай тэмцээн тэр байлаа. Монголчууд залуучуудын дэлхийн аваргаас медаль авч үзээгүй. Гэтэл Б.Тэмүүлэн тэмцээний эхний өдөр хүнд жинд барилдаж хүрэл медаль хүртсэн. Харин би хоёр дахь өдөр мөнгөн медалиар энгэрээ мялааж билээ. Ингээд Монголын түүхэнд залуучуудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн анхны тамирчин болсон. Аваргын төлөө Лондоны олимпын аварга, ОХУ-ын тамирчин Арсен Галстянд ялагдсан. Тэр барилдааны үеэр миний тохой бэртээд, сар орчмын хугацаанд бэлтгэлдээ явахгүй өнжиж байлаа.
-Шагнал авах мөчид аав тань хамгийн түрүүнд бодогдсон байх?
-Тэгэлгүй яах вэ. Манай удмаас урлагаар аавын минь төрсөн ах Ардын жүжигчин Д.Түвшинжаргал гэж хүн бий. Спортоор гэвэл үндэсний бөхийн улсын харцага Д.Даваадорж гэж миний аав байлаа. Тэгээд би. Миний хувьд аавдаа амласан амлалт бий. Тэр амлалтаа биелүүлэхийн төлөө тууштай зүтгэсэн. Аавынхаа аваагүй Гавьяат тамирчин хэмээх эрхэм цолыг хүртэж, гавьяатуудын эгнээнд багтаж чадсан учраас аав минь дэргэд байхгүй ч тэнгэрээс хараад баярлаж байгаа байх. Яг шагналаа зүүлгэж байхдаа хэрвээ дэргэд байсан бол гэж өөрийн эрхгүй бодогддог юм билээ.
-Саяхан бүл нэмж, үрийн зулай үнэрлэн аав болсон. Аав болох мэдрэмж ямар байсан бэ?
-Тийм ээ, өнгөрсөн аравдугаар сард үрийн зулай үнэрлэн хүүтэй болсон. Шинэхэн аав болох тэр мэдрэмжийг үгээр илэрхийлэхийн аргагүй. Хүү маань аавдаа гавьяат тамирчин хэмээх эрхэм цолыг авчирсан болов уу хэмээн их билэгшээж байгаа. Бүхний манлай байхыг бэлгэдэж хүүдээ Манлай гэдэг нэр өгсөн.
-Төмөрхүлэгийг жүдо сонирхогчид яагаад барилдахгүй байгаа юм бол гэж их асуудаг. Өөрөөс тань асууж байгаа байх. Үүнд тодорхой хариулт өгөх үү?
-Харин хүмүүс надаас үүнийг их асууж байна. Мессеж бичиж байна, утас руу ч залгаж асуудаг Хоёр олимпын цикл үзлээ олон ДАШТ-д оролцлоо. Манай жудогийн төрөлд дотоодын өрсөлдөөн маш ширүүн. Ялангуяа 60,66,73 гэсэн хөнгөн жинд өрсөлдөөн ихтэй. Тиймээс тэр дундаас шалгараад олон улсын тэмцээнд явах боломж тамирчин хүн бүрд олдоод байдаггүй. Монголын жүдо бөхийн холбооноос УАШТ-ээс адил жинд медаль хүртсэн дөрвөн тамирчныг эн тэнцүү эрхтэйгээр гадаад руу тэмцээнд явуулдаг. Тэгээд ямар барилдахаас нь шалтгаалаад дараагийн тэмцээнд орох эрхийг нь өгдөг. Хэрвээ би УАШТ-ээс алтан медаль хүртсэн ч олон улсын тэмцээнд эхний тойрогтоо ялагдлаа. Гэтэл УАШТ-ээс хүрэл медаль хүртсэн тамирчин олон улсын тэмцээнээс медаль авбал тэр бөх дараагийн тэмцээнд оролцох эрхтэй болдог. Энэ нь цаашид олимпын наадамд оролцох эрхийн төлөөх оноотой салшгүй холбоотой учраас дотоод үйл явц нь ингэж явагддаг. 2020 оны олимпын циклд Г.Хэрлэн, Ё.Басхүү нар гадагшаа үнэхээр сайн барилдсан. Тэр ч утгаараа олимпын бүсэд багтаж, нэг нь эх орноо төлөөлж Токиод зодоглолоо. Миний хувьд 2018 онд иргэншлээс болж бүтэн нэг жил тэмцээнд оролцоогүй учраас рейтинг доошоо унасан. Одоо шинэ олимпын цикл эхэлж байгаа учраас бүхнийг дахиад эхнээс нь эхэлнэ. Хүмүүс намайг барилдахаа больсон гэж бодоод байх шиг. Би барилдаж байгаа, өдөр бүр бэлтгэлээ хийж байна. Ирэх сард насанд хүрэгчдийн УАШТ болно. Улсын аваргад хэрхэн оролцохоос бүх зүйл шалтгаална. Тиймээс дотоодын тэмцээндээ амжилт гаргахын тулд бэлтгэлээ уйгагүй хийж байгаа. Хэрвээ улсын аваргад үнэхээр сайн барилдвал цаашаа тив, дэлхий, олон улсын тэмцээнд оролцох эрх нээгдэх болов уу. Монголын жүдо бөхийн холбооноос намайг тэмцээнд яв гэвэл би явахад бэлэн. Барилдахын хажуугаар давхар дасгалжуулагчийн ажил хийж, өөрийнхөө гаргаагүй амжилтыг “Хилчин” спорт хорооны залуу тамирчдаар гаргуулахын төлөө хичээн ажиллаж байна.
-Хэр олон залуутай ажиллаж байна вэ. Гарын шавьтай болсон уу?
-Одоохондоо “Хилчин” спорт хорооны үндсэн тамирчидтайгаа ажиллаж байна. Мөн өсвөрийн тамирчдыг шинээр элсүүлж эхэлсэн. Коронавирусийн цар тахлын улмаас бэлтгэл хийх, секц дугуйлан хичээллэх боломж ховор байлаа. Одооноос л бүх зүйл жигдрээд байна. Ямар ч байсан би барилдаж байгаа хэвээрээ шүү.
-Дасгалжуулагчийн албанд шилжих ямар байна вэ?
-Тамирчнаас дасгалжуулагч болно гэдэг хэцүү юм. Гэхдээ хичээж, өөрийгөө улам сайжруулна. Олон хүн хариуцаж ажиллах амаргүй. Мэдэхгүйгээ багш нараасаа асууж байгаа. Багш нарынхаа арга барил, өөрийнхөө чадвараас зааж, зөвлөж байна даа. Ямар дасгалжуулагч болж байна вэ гэдгийг шавь нарын амжилт л харуулах байх.
-АНЭУ-ын иргэншил аваад нэг жил болсон. Харамсалтай нь, иргэншил аваад барилдаж чадаагүй. Энэ тухайгаа ярьж байсангүй. Одоо дэлгэрэнгүй ярьж болно биз дээ. Олон хүн яриасай гэж хүсэж байгаа болов уу?
-Н.Дагвасүрэн, Б.Тэмүүлэн, бид гурвыг АНЭУ-ын нэр дээр барилдахаар гэрээ байгуулсныг хүмүүс мэдэх байх. Иргэншил солиход бүтэн нэг жилийн хугацаанд ямар ч тэмцээн уралдаанд оролцож болохгүй гэсэн заалттай. Тэр ч үүднээс тэмцээнд оролцоогүй. Монголдоо бэлтгэлээ л хийсэн. 2018 оны ДАШТ-д АНЭУ-ын нэрийн өмнөөс оролцох гээд Монголынхоо баг тамирчидтай бэлтгэл хийж байтал гэнэт Эмиратаас “Та нарыг улсын нэрийн өмнөөс барилдуулах боломжгүй болсон" гэдэг хариу ирсэн. Яагаад гэтэл “Манай улсад улс төрийн өөрчлөлт гарснаас үүдэн гадаадаас тамирчин авахааргүй боллоо” гэсэн. Энэ хариулт бидэнд үнэхээр хүнд цохилт болсон. Хэрвээ тийм зүйл болоогүй, бид Монголынхоо нэр дээр барилдаад явж байсан бол магадгүй би орохыг үгүйсгэхгүй. Нэг жил тэмцээнд оролцохгүй болохоор форм алдагдана, барилдааны мэдрэмж, тэмцээний уур амьсгалыг мэдэрч чадахгүй. Уг нь бол бүх зүйл жин тан болсон байсан ч эцэст ийм хариу сонсох хүнд юм билээ. Нэг хэсэг шокноосоо гарч чадаагүй. Сэтгэл зүйн дарамтад орсон. 2018 онд Азийн наадам байлаа, олон тэмцээн хүлээж байсан. 2020 оны олимпын цикл эхэлсэн байсан учраас том цохилт өгсөн. Би дотроо маш их харамссан. Яагаад гэвэл би 2016 оны олимпод маш муу барилдсан. Тэр шархаа 2020 онд нөхөх зорилготой байсан ч төлөвлөгөө талаар өнгөрч байгаа юм. 2017 онд хоёр тэмцээнд явахдаа мөнгө, хүрэл медаль авсан. Жилд 7-8 тэмцээн болдог. Үүнд оролцохгүй болохоор чансаа алга болно. Чансаа байхгүй учраас олимпод орж чадахгүй. Ийм л зүйл болсон доо. 2019 онд Монголынхоо нэрийн өмнөөс барилдаж эхэлсэн ч надад хүнд байсан. Тэмцээний уур амьсгалыг мэдрэх хүнд байлаа. Хоёр тэмцээнд оролцохдоо нэгэнд нь шагналт тавдугаар байрт шалгарсан бол нөгөөхөд нь эхний тойрогтоо ялагдсан. Хождог тамирчиндаа хожигдсон. Дараа нь Загребын гранпригаас хүрэл медаль аваад хартал миний чансаа олимпын бүсэд байхгүй, дэлхийн чансаа нь 30-аас хойгуур. Г.Хэрлэн, Ё.Басхүү хоёрын чансаа нэг оронтой тоо руу орчихсон. Би ч гүйцэхээсээ өнгөрсөн. Эндээс тэр хоёрын нэг Токиог зорих нь тодорхой байсан. 2018 онд тэмцээнд оролцоогүй ч өдөр бүр бэлтгэлээ хийгээд л явсан. Хүнд өдрүүд байсан шүү. Тэмцээнд оролцохгүй болохоор юуны төлөө бэлтгэл хийж байгаагаа ч ойлгохоо больсон. Хүмүүс тэмцээнд яваад байдаг. Бид гурав байж л байсан.
-Хүнд хэцүү байх үед хэн зоригжуулж байв. Магадгүй шантраад жүдогоо орхих тухай бодсон уу?
-Дуртай спортоороо хичээллэж байгаа юм чинь тэвчээртэй байя гэж хоорондоо ярилцдаг байлаа. Баг, хамт олон маань ч тухайн үед дэмжиж, урам өгч, хамт бэлтгэл хийсэн.
-Одоо залуучууд их гарч байна. Өмнөхөөсөө ч илүү өрсөлдөөнтэй болжээ. Залуучуудтай хэр ойр ажилладаг вэ?
-Дахин шинэ жилийн цикл эхэлж байна. Манай 66 кг-д гэхэд 6-7 залуу тамирчин гарч ирлээ. Б.Эрхэмбаяр, Б.Нармандах, Б.Сод-Эрдэнэ тэргүүтэй мундаг залуучууд бий. Хөнгөн жингүүдэд манай дотоодын өрсөлдөөн чанга байсан учраас дэлхийн чансааны тэргүүн эгнээнд тогтмол бичигддэг байлаа. Одоо ч тийм. Дүү нар сайн барилдаж 66 кг бол Монголын жин шүү гэдгийг харуулах биз. Би ч дүү нараа чадахаараа дэмжиж, тэдэнд өөрийнхөө туршлагаас хуваалцах дуртай. Ер нь залуучуудтайгаа ойр байдаг.
-Олимп, дэлхийн аваргаас бусад бүх тэмцээнээс медаль хүртжээ. Барилдааны үеэр гаргасан алдаандаа хэрхэн дүгнэлт хийдэг вэ. Хамгийн харамсалтай ялагдлын талаар яривал?
-Ер нь бол олимп, дэлхийн аваргаас медаль авч чадаагүйдээ одоо болтол харамсдаг. Хамгийн харамсалтай нь, 2015 оны ДАШТ-ий хүрлийн төлөөх барилдаан юм даа. Энэ тэмцээн Казахстаны Астана хотод болж байсан. Би хүрлийн төлөө Израилийн бөхтэй барилдсан юм. Уг нь хожиж явсан ч цаг дуусахаас 11 секундийн өмнө хутгаа мэхэнд орж юүко үнэлгээ алдаад, босоод иртэл цаг дууссан байсан. Би өөрийгөө хүрэл медаль авчихлаа гэж бодсон. Энэ нь надад том сургамж болсон доо. Маш том алдаа гаргасандаа одоо ч харамсаж явдаг.
-“Хилчин” спорт хороо тамирчдаа хэр дэмждэг вэ. Та хэзээнээс энэ байгууллагын тамирчин болсон юм бэ?
-2015 оноос хойш “Хилчин”-ээр овоглож байна даа. Үнэхээр сайхан байгууллагын нэг хэсэг болж яваадаа баярладаг, бахархдаг. 2015 оны ДАШТ, 2016 оны олимпод намайг бүх талаар дэмжсэн.Миний ард Монголын өнцөг булан бүрд үүрэг гуйцэтгэж байгаа хилчид маань байдаг. Тийм болохоор би энэ байгууллага, апбаараа үргэлж бахархаж явдаг. Байгууллагынхаа, хилчдийнхээ ач буянаар өнөөдрийн өндөрлөгт хүрсэн юм шүү. Энэ ташрамд, нийт хилчид, ХХЕГ, 0208 дугаар тусгай салбар, “Хилчин” спорт хорооны удирдлагууд М.Баяржавхлан захирагч, Н.Бүрэнбаатар дарга, нийт хамт олондоо талархал илэрхийлье. Мөн Монголын жүдо бөхийн холбоо, БТСУХ болон гэр бүл, найз нөхдөдөө баярлалаа гэдгээ хэлье. Намайг үргэлж дэмждэг Монголынхоо ард түмэнд баярлаж байна. Та бүхнийхээ итгэлийг амжилтаараа хариулахын төлөө үргэлж хичээх болно. Миний энэ амжилт та бүхэнтэй салшгүй холбоотой юм шүү.
Б.Мөнхзул
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл (0)