Ерөнхийлөгчийн оролцох ШХАБ-ын уулзалт ба судлаачдын байр, суурь

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтад оролцоно. Уг  чуулган Узбекистаны Самарканд хотноо есдүгээр сарын 15,16-нд зохион байгуулагдах юм. Тиймээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр тус уулзалтыг зорих товтой байна. Уулзалтад, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Хятадын дарга Ши Жиньпин нар оролцоно. Уулзалтын үеэр ОХУ, БНХАУ, Монголын төрийн тэргүүнүүдийн гурван талт дээд хэмжээний уулзалт  хийхээр төлө влөжээ.

Уулзалтын талаар ЕТГ-ын дарга Я.Содбаатар "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хуралд оролцоно. Энэ үеэр БНХАУ болон ОХУ-ын удирдлагуудтай гурван талт уулзалт хийж, эдийн засгийн хамтын ажиллагаа тэр дундаа нүүрсний экспортын асуудлыг хөндөнө" гэсэн юм.

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын ажиглагч гишүүний статус хүртсэн хоёрдахь улс нь Монгол Улс юм. Манай улс 2004 оноос хойш тус хуралд ажиглагчийн байр сууринаас оролцож байна.

Үүнээс гадна ирэх долоо хоногт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77 дугаар чуулганы ерөнхий санал шүүмжлэлд оролцоно гэдгээ мэдэгдээд буй.  Уг чуулган энэ жил “Шийдвэрлэх мөч, харилцан хамааралтай сорилтуудад өөрчлөлт авчрахуйц шийдэл” сэдвийн дор есдүгээр сарын 22-26-нд болно. Иймд, Монгол Улсын Ерөнхийлөгч есдүгээр сарын 21-ны өдөр Нью Йорк хотноо ажиллаж, уг чуулганы санал шүүмжлэлд оролцоно. Ингэхдээ, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурь, төр засгаас хэрэгжүүлж буй гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэл, нийгэм эдийн засгийн байдал, тулгамдаж буй саад бэрхшээлийг даван туулах, талаар хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааг танилцуулж үг хэлэх юм.

 

ЭКСПЕРТИЙН ҮГ

 

ХУИС-ИЙН ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА, НИЙГЭМ СУДЛАЛЫН СУРГУУЛИЙН ДОКТОР, ПРОФЕССОР Д.УЛАМБАЯР: ХИЙН ХООЛОЙН АСУУДАЛ ТОДОРХОЙ БОЛНО

 

-Саяхан болж өндөрлөсөн Дорнын эдийн засгийн форумын үеэр В.Путин гурван хөршийн дээд түвшний уулзалт Узбекстанд зохиогдохыг нотолсон. Тиймээс  энэ уулзалтаар  Монголын нутгаар ОХУ-аас БНХАУ руу дамжуулах хийн хоолойн төсөл дэх Хятадын удирдагчийн байр суурь тодорхой болох болов уу.  Дурдсан чиглэлд гурван хөршийн удирдагчид дээд түвшинд тохиролцвол эдийн засгийн коридорын цөм хэсэг болох боломж харагдаж байна. ШХАБ-ын тухайд бол Монгол Улстай ижил ажиглагч статустай Афганистанд НҮБ-ын Аюулгүй Зөвлөлийн  хар жагсаалтад “террорист” байгууллагаар бүртгэгдсэн  талибан хөдөлгөөн 2021 оны наймдугаар сард хяналтаа бүрэн тогтоосон нь тус байгууллагын ойрын ирээдүйн төлөв байдлыг ихээхэн ээдрээтэй болгож байгааг хэлэх хэрэгтэй. Тухайн үед америкчуудын авч явж чадаагүй үлдээсэн 85 тэрбум ам. доллараар үнэлэгдэх хамгийн сүүлийн үеийн зэвсэг техникээр талибанууд өөрсдийгөө зэвсэглэж, шинээр эмхлэн байгуулагдсан засгийн газрын гишүүдийн тал хувь нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн  “терроризмын хар жагсаалт”-д орсон хүмүүс байсан. 2021 оны Душанбе саммит АНУ-ын хоригт буй Ираныг тус байгууллагад бүрэн эрхт гишүүнээр элсүүлэх үйл явцыг албан ёсоор эхлүүлэхээр шийдэж, мөн Египет, Катар, Саудын Арабт яриа хэлэлцээний түнш статусыг олгосон. ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын 2009 онд Екатеринбург хотод болсон уулзалтын дараа ШХАБ -ын яриа хэлэлцээний анхны түншүүд нь Бүгд Найрамдах Беларусь Улс, Шри Ланкийн Ардчилсан Социалист Бүгд Найрамдах Улс байв. Цаашилбал, 2012 онд ШХАБ-ын гишүүн орнуудын удирдагчид Турк улсад яриа хэлэлцээний түнш статус олгох шийдвэрт гарын үсэг зурсан. Азербайжан, Армени, Камбож, Балба улс 2015 онд ШХАБ-ын яриа хэлэлцээний түнш болсон. Тийнхүү Иран-Саудын Араб гэсэн дайсагнагч хоёр улс Энэтхэг, Пакистаны дараа ШХАБ-ын гэр бүлд нэгдэн орсон.    Тиймээс  Төв Азид геополитикийн шинэ нөхцөл байдал үүссэн нь ШХАБ дахь Монгол Улсын одоогийн ажиглагч статусыг хэвээр үргэлжлүүлэх нь ойрын ирээдүйн төлөв байдалд зөв шийдвэр юм.

 

ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА СУДЛААЧ Л.БЯМБАХАНД: ТӨРИЙН ТЭРГҮҮН НАР ХОЁР ЖИЛИЙН ДАРАА НҮҮР ТУЛАН УУЛЗАНА

 

-Энэ удаагийн ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт эртний “Торгоны зам”-ын чухал зангилгаа болж байсан Самарканд хотод болж байгаа нь түүхэн ач холбогдолтой юм. Мөн энэ удаагийн уулзалтаар Ираны ШХАБ-ын гишүүнчлэлийн процессыг эцэслэн шийдвэрлэх асуудал яригдана. Беларусь улс ШХАБ-д гишүүнээр элсэх өргөдлөө өгсөн байгаа бөгөөд энэ асуудал яригдах юм.  Узбекистан улсын Самарканд хотод болж байгаа ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байгаа төр, засгийн тэргүүн нар цар тахал дэгдснээс хойш анх удаа нүүр тулан, биечлэн уулзалт хийж байгаа нь энэ болж байна. Өөрөөр хэлбэл, өмнө нь хоёр жилийн хугацаанд дээд хэмжээний уулзалт цахим хэлбэрээр болсон билээ. Түүнчлэн, БНХАУ-ын дарга Ши Жиньпин Казахстан, Узбекистан зэрэг улсад төрийн айлчлал хийхээр болсон нь цар тахал дэгдснээс хойших түүний гадаад орнуудад хийсэн анх айлчлал болж байна. Монгол Улс бол ШХАБ-ын анхны ажиглагч улсуудын нэг юм. 2001 онд байгуулагдснаас хойш ШХАБ өргөжин тэлж байна. ШХАБ-ын тухайд манай улс идэвхтэй ажиглагчаар ажиллана гэдэг байр сууриа тодорхойлсон. Энэ хүрээнд ШХАБ-ын аливаа үйл ажиллагаанд оролцож ирсэн. Цаашдаа ч энэ чиглэлд ажиллах сонирхолтой байдаг. ШХАБ-ын хүрээнд Монгол Улс эдийн засаг, дэд бүтэц, эрчим хүчний төслүүдэд оролцох сонирхолтой байдаг боловч хараахан эдгээр чиглэлд бодитой төслүүд хэрэгжээгүй байна.

 

ХЯТАД СУДЛААЧ Х.БААТАРХҮҮ: АЖИГЛАГЧИЙН БАЙР СУУРИА ЭНЭ УДААД Ч НОТЛОХ БОЛОВ УУ

 

-Энэ удаагийн ШХАБ-ын уулзалт урьд урдынхаас илүү онцлогтой болно.  Энэ байгууллага 2021 онд байгуулагдсаныхаа 20 жилийн ойг хийсэн.  Энэ ойн дараах анхны уулзалт юм.    Зохион байгуулж байгаа Узбекистаны тухайд дөрөв дэх удаагаа ийм дээд хэмжээний уулзалтыг хүлээн авч байна.  Өмнө нь Узбекистаны Ташкантад гурван  удаа болж байв.  Харин энэ удаа Ази Европыг холбож байсан Торгоны замын түүхэн байрлал Самаркан хотыг сонгосон нь чухал ач холбогдолтой юм.   Мөн энэ уулзалтаар Иран улсын гишүүнчлэлийг баталгаажуулна.  Энэ улс ШХАБ-д гишүүнээр элссэнээр Ойрхи Дорнодоос  элссэн хамгийн анхны бүрэн эрхэт ШХАБ-ын гишүүн болж байна.   Харин Беларусь улс гишүүнээр элсэх анхныхаа хүсэлтийг хэлэлцүүлнэ.  ОХУ-д ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт болох тоолонд Беларусийн байр суурь өсдөг.  2009, 2015 онд болсон Дээд хэмжээний уулзалтаар ажиглагч статустай байсан бол энэ удаа гишүүнээр элсэх эхнийхээ үе шатыг давж ШХАБ-ын гишүүн арав дахь орон болох магадлалаа өсгөх нь.  Мөн Дээд хэмжээний хүндэт  зочид энэ удаагийн уулзалтын гол үр дүнг авчрах болов уу.  

Одоогоор дөрвөн хүн байна. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Хятадын дарга Ши Жиньпин, Ираны Ерөнхийлөгч, түүнчлэн НҮБ-ын Ерөнхий нарын бичгийн дарга гэсэн дөрвөн хүндэт зочин оролцоно.   Ялангуяа Хятадын удирдагч Ши Жиньпин даргын хувьд COVID-19-ийн дараах анхны гадаад арга хэмжээ, уулзалт. В.Путины хувьд ч энэ бүс нутагт ирж байгаа анхны гадаад айлчлал юм. Монгол Улс 2020 онд болсон ШХАБ-ын уулзалтад цахимаар оролцож, Монгол Улс ажиглагчийнхаа байр суурийг хадгална гэдгээ хэлсэн.  Энэ удаа ч байр суурь хэвээрээ байгаа гэдгээ нотолно.  Түүнчлэн ШХАБ-ын уулзалт болгоноор ОХУ, БНХАУ, Монгол Улсын Төрийн  тэргүүн нар уулздаг.   Энэ удаа Самарканд гурван улсын төрийн тэргүүн нар зургаа дахь удаагаа уулзана.  Энэ уулзалтаар эдийн засгийн хамтын ажиллагааны нэлээд тодорхой зүйлүүдийг ярилцана.  Тухайлбал, хийн хоолойн асуудал, хил орчмыг татварын хөнгөлөлт, боомтуудыг өргөтгөх, гаалын хяналтын үр дүн, харилцан зөвшөөрөх гэх мэт асуудлыг хэлэлцэх товтой байна.

 

Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)