“Ирээдүйг минь бодоод, идэхээ болиоч”
- 2022-12-05
- Нийгэм
- 1
“Үзэл бодлоо худалдахад цэг тавья”, “Үг дуугүй хүлцэхэд цэг тавья”, “Хамтач бус хандлагад цэг тавья” гэсэн лоозон барьсан иргэд бямба гарагаас эхлэн МУИС, Төв номын сангийн гадаа жагслаа. Тэд дээр дурдсан гурван зарчмыг дагаж мөрдөхийг уриалан тайван замаар эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Яг үүнтэй зэрэгцэн нүүрсний хулгайчид улсын их хэмжээний мөнгөн орлогыг шамшигдуулсан хэрэг ил болсонтой холбогдуулан ням гарагт иргэд Сүхбаатарын талбайд эсэргүүцлийн жагсаал зохион байгууллаа. Тэдний зарим нь төрийн далбаа барьсан байх бөгөөд “Төр ард түмнээ дээрэмдэхээ зогсоо”, “76 болон түүний нөхөд татварын хяналтгүй дарамтаа зогсоо”, “Ирээдүйг минь бодоод идэхээ болиоч” гэсэн лоозон барьж, төрийн ордныг тойрон гороолсон юм. Жагсаалд оролцсон иргэд нүүрсний хулгайн хэргийг цэгцэлж, олон нийтэд нэрсийг ил болгох, Засгийн газрыг огцруулах, авлига, улсын төсөв болон байгалийн баялгаас хулгайлсан хэргүүдийг шалгах, түүнд холбогдох албан тушаалтнуудыг албан тушаалаас нь чөлөөлөх, тогтолцоогоо өөрчлөхийг шаардан үзэл бодлоо илэрхийллээ.Иргэдийн зарим жагсаалаа маргааш үргэлжлүүлж “Тэг” зогсолт хийх, ажил хаях санал гаргасан бол нөгөө хэсэг нь өнөөдөртөө эцсийг хүртэл жагсана гэсэн байр суурийг илэрхийлж хоёр хуваагдсан юм.
Мөн “Дархан-Уул” аймгийн иргэд өчигдөр жагсаж нүүрсний хулгайчдыг зарлаж хөрөнгийг нь хураахыг шаарджээ. Тэд “Ард түмний боломжийг хулгайлсан хулгайчдын нэн яаралтай барь”, “Хулгайч дарга нарын эсрэг нэгдэцгээе” гэсэн лоозон барьж жагссан байна. Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэдийн эрх, эрх чөлөө алдагдаж, ард түмний амьдрал өдрөөс өдөрт туйлдаж байгааг жагсаалд оролцогчид дуу нэгтэй хэлж, нүүрсний хулгайчдыг ил болгохыг шаардлаа.
Б.ДОЛЖИНЖАВ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл (1)
зочин (202.9.40.168)
хулгайч нарыг цаазаар авах ёстой.