Тараасан ордуудаа “хураах”-гүйгээр баялгийн сан бүрдэх үү
- 2024-03-14
- Уул уурхай
- 0
Ер нь бол ингэхгүйгээр Баялгийн сан бүрдэхгүй. “Өрөм”-өө тэдэнд үлдээж “хусам”-аар нь Баялгийн сан байгуулах гэвэл бүтэхгүй. Угаасаа Баялгийн сангийн концепц нь “Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-т “Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ” гэсэнд нийцэх ёстой” гэцгээж буй. Тэгээд “Эрдэнэс Монгол” дээр сангийн орлогыг бүрдүүлэх ордуудаа цуглуулж байна. Тэнд цуглах ордууд нь стратегийн ордууд байх ерөнхий шаардлага тавигдсан байна. Тэр утгаараа стратегийн 15 орд тэнд байх ёстой. Гэтэл долоо нь л байна. Найм нь байхгүй. Тэгэхээр алдчихсан найман ордоо авчрах талаар эрх баригчид, улс төрийн хүчнүүд нэгийг бодох шаардлага үүсэж байгаа юм. “Яаж алдсан, яг түүгээрээ...” гэж үг ч бий шүү дээ.
Түүнчлэн дээрх 15 ордыг 2007 оны 27 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан. Хоёрдугаар хавсралтад нь нэр бүхий 39 ордыг судалж нэмэхийг даалгасан байдаг. Ингэхдээ ашигт малтмалын төрлийн ач холбогдол, нөөц, баялгийн хэмжээ, нөөцийн үнэлгээний түвшин, улсын төсвийн хөрөнгөөр хийсэн геологи судалгааны ажлын байдал, хүдрийн агуулга чанарын үзүүлэлт, ордын уул-геологи, уул-техникийн нөхцөл, тухайн бүс нутгийн дэд бүтцийн хөгжил, уурхайн хүчин чадал, жилд үйлдвэрлэх бүтээгдэхүүний хэмжээ, жилийн борлуулалт, улс, орон нутгийн төсөвт шууд оруулах орлогын хэмжээ, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, Монгол Улсын ДНБ-ий таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэлт гэсэн үзүүлэлтүүдийг харгалзахыг даалгажээ. Ажлын хэсэг гараад ажиллаж зохих дүгнэлтүүдийг гаргасан байдаг. Гэвч энэ нь ажил хэрэг болсонгүй.
Уг нь Улаан-Овоогийн нүүрсний орд, Өвдөг худагийн нүүрсний орд, Баянтээгийн нүүрсний орд, Нүүрст хотгорын хүрэн нүүрсний орд, Хар тарвагатайн орд, Адуунчулууны нүүрсний орд, Тэвшийн говийн хүрэн нүүрсний орд, Талбулагийн хүрэн нүүрсний орд, Чандгана талын нүүрсний орд, Хөөтийн хонхорын нүүрсний орд, Хөөтийн нүүрсний орд, Налайхын нүүрсний уурхай, Алаг тогоогийн чулуун нүүрсний орд, Зээгтийн хүрэн нүүрсний орд, Могойн голын нүүрсний орд, Сайхан-Овоогийн нүүрсний орд, Баргилтын төмрийн хүдрийн орд, Төгрөг нуурын нүүрсний орд, Нарантолгойн алтны орд орд, Тавтын алтны орд, Төмөртолгойн төмрийн хүдрийн орд, Баяндавааны цагаан тугалга, гянтболдын бүлэг орд, Улаан-Уулын цагаан тугалга, гянтболдын орд, Баяндавааны цагаан тугалга, гянтболдын бүлэг орд, Цагаан давааны цагаан тугалга, гянтболдын орд, Мөнгөн-Өндөрийн мөнгөний орд, Хөх адарын зэс, цайрын орд, Шаврын царамын пиропын орд, Шүдэн уулын чулуун давсны орд, Ширээ уулын гөлтгөнийн орд, Өвдөг худагийн хүрэн нүүрсний орд, Цайдам нуурын хүрэн нүүрсний орд, Цагаан цавын цеолитын орд,
Манхан уулын фосфоритын орд, Онгилог нуурын фосфоритын орд, Лугийн голын газрын ховор элементийн орд, Хонгорын жоншны орд, Улааны цайр, хар тугалгын орд, Цавын цайр, хар тугалгын орд зэрэг багтжээ. Эдгээрээс “ухвал” Баялгийн сан руу орлого цутгах ордууд ч гарч ирнэ. Түүнээс гадна сүүлийн үед огцом хүчтэй яригдаж буй газрын ховор элемент, ураны төслүүдийг ч оновчтой хэрэгжүүлээд эхэлбэл ч Баялгийн санд нэмэр тусаа өгнө.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл (0)