Н.Учрал: Уран болон хил холболтын төслүүд урагшилбал Баялгийн сангийн орлого 9 орчим их наядаар нэмэгдэнэ
- 6 цаг 30 мин
- Уул уурхай
- 0
Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж Францын Орона майнинг, Хятадын Чайна Энержитэй байгуулах гэрээг хэлэлцэж, тодорхой шийдвэр гаргажээ. Шийдвэрийн талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийсэн юм. Түүний дараа ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Засгийн газрын шийдвэртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
Өнөөдрөөс И монгол аппликейшн дээр иргэдийн нэр дээрх Хуримтлалын дансыг нээж байгаа аж. Тиймээс иргэд И монгол аппликейшн руу орж өөрийн нэр дээрх хуримтлалын дансны үлдэгдлийг харах боломжтой болсон байна.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Баялгийн сан дотроо гурван сантай. Хуримтлалын сан уул уурхайн төрийн өмчит компаниудын 34 хүртэлх ашгийг хуримтлуулах юм. Энэ санг эрүүл мэнд, боловсрол, орон сууцанд зарцуулагдана. Өнөөдөр Хуримтлалын санд иргэдийн эзэмших хуримтлалын санг албан ёсоор И монгол дээр нээнэ. “Эрдэнэс Монгол нэгдэл” өнгөрсөн хугацаанд орлого төвлөрүүлсэн. Өнөөдрийн байдлаар “Эрдэнэт үйлдвэр” 273 тэрбум, “Эрдэнэс Тавантолгой” компани 200 тэрбум, “Дархан төмөрлөгийн үйлдвэр” хуримтлуулаад байна. Ингэснээр сангийн хөрөнгө 507 тэрбум төгрөг болсон. И Монгол руу ороод үзэхээр хуримтлалын дансны орлого харагдана. Орлогыг иргэдэд хуваарилахаар нэг иргэний хадгаламжид 135 мянган төгрөг хуримтлагдсан байна гэсэн үг. Үүнийг та эрүүл мэнд, боловсрол, орон сууцанд зарцуулах боломжтой. Харин Засгийн газрын бодлого бол энэ орлогыг хэрхэн өсгөх вэ гэдэг юм.
Ураны зөөвч-Овоо төсөл эдийн засгийн эргэлтэд оруулбал 2025-2040 онд Хуримтлалын санд 0.7 их наяд төгрөг хуримтлагдана. Гашуунсухайт-Ганцмод төмөр замын хил холболтын төмөр зам буюу Чайна Энержигийн төсөл урагшилбал Үндэсний баялгийн сангийн орлого 8.1 их наядаар нэмэгдэнэ. 2040 он гэхэд Хуримтлалын сангийн орлого 38 их наяд төгрөгт хүрэх төсөөлөлтэй байгаа.
Ирэх 7 хоногт дээрх хоёр гэрээний төслийг Засгийн газарт танилцуулаад УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна. Зөвхөн энэ хоёр төслийг урагшлуулахад Хуримтлалын данс буюу иргэний хадгаламж нэмэгдэнэ. Цаашдаа иргэд И Монгол руу ороод Хуримтлалын дансандаа хэдэн төгрөг байгааг харах боломжтой болж байна. Цаашлаад төслүүд урагшлаад эхлэхээр төслийн ногдол ашиг таны хуримтлалын данс, хадгаламж дээр хэдэн төгрөг нэмэгдээд явах нь ч харагдана” гэлээ.
Сэтгэгдэл (0)