Умард Солонгос хиймэл дагуул хөөргөнө гэдгээ Японы талд мэдэгджээ

ТОКИО, 2024 оны тавдугаар сарын 27 /Kyodo/. Умард Солонгос ирэх зургаадугаар сарын 4-нөөс өмнө хиймэл дагуул хөөргөх гэж байгаагаа Японы талд мэдэгджээ. Энэ тухай Японы Засгийн газраас өнөө өглөө мэдэгдээд, баллистик пуужингийн технологи ашиглаж болзошгүй тул бүс нутгийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн байна.

 

Өнөөдөр Сөүл хотноо болох Япон, Хятад, Өмнөд Солонгосын гурван талын дээд хэмжээний уулзалтын өмнө гаргасан Пёньяны мэдэгдэлд пуужингийн үлдэгдэл хэсэг унах магадлалтай гэж үзэж буй гурван бүсийг тогтоосон байсны хоёр нь Солонгосын хойгийн баруун хэсэгт, нөгөө нь Филиппиний Лузон арлын зүүн хэсэгт байсан гэж Японы эргийн хамгаалалтын албанаас мэдэгджээ. 

 

Японы Гадаад хэргийн яамнаас мэдээлснээр, уг мэдэгдлийн хариуд Япон, АНУ, Өмнөд Солонгосын төлөөлөгчид утсаар ярьж, баллистик пуужингийн технологи ашиглан пуужин хөөргөх нь НҮБ-ын тогтоолуудыг зөрчсөн үйлдэл болох тул төлөвлөгөөгөө цуцлахыг Умард Солонгосоос шаардана гэдгээ нотолжээ. Зүүн Азийн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалтад оролцохоор Өмнөд Солонгост хүрэлцэн ирээд буй Японы Ерөнхий сайд Кишида Фүмио даваа гаргийн үүрээр холбогдох яам, агентлагуудад хандан хиймэл дагуул хөөргөж болзошгүй талаарх мэдээллийг цуглуулж, дүн шинжилгээ хийх чиглэлд бүх хүчин чадлаа дайчлахыг уриалсан байна.

 

Ням гарагт К.Фүмио, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёль нар Сөүлд хоёр талын хэлэлцээ хийх үеэрээ Пёньяны зүгээс учирч буй цөмийн болон пуужингийн аюул заналыг арилгах чиглэлд хамтран ажиллахаар тохиролцсон юм.

 

Умард Солонгосын тал тагнуулын хиймэл дагуул хөөргөхөөр бэлтгэж байгааг илтгэх үйл ажиллагаа ажиглагдсан тухай Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын нэгдсэн хорооны төлөөлөгч баасан гарагт мэдээлжээ. Пёньян хамгийн сүүлд өнгөрсөн 11 дүгээр сард тагнуулын хиймэл дагуул хөөргөсөн бөгөөд энэ онд дахин гурван хиймэл дагуул хөөргөх төлөвлөгөөгөө танилцуулсан байна. Умард Солонгосын тал уг хиймэл дагуулыг Дэлхийн тойрог замд амжилттай оруулсан гэж мэдэгдсэн бол Өмнөд Солонгос "ажиллахгүй байгаа бололтой" гэж хоёрдугаар сард мэдэгджээ хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)