С.Баяр: Би Ерөнхий сайдад зөвлөх эрхтэй, шахах эрхгүй
- 2024-07-05
- Улс төр
- 1
Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяртай “стандарт бус” хамтарсан Засгийн газар байгуулж явсных нь хувьд одоо яригдаж буй Эвслийн Засгийн газрын талаар санаа бодлыг нь утсаар ярилцан тандан сонирхсоноо та бүхэнтэйгээ хуваалцъя.
-УИХ-ын 2008 оны сонгуулийн үр дүнд байгуулсан Хамтарсан Засгийн газрын “автор” нь Та мөн. Тиймээс энэ удаагийн сонгуулийн үр дүнд, ялалтыг эрх баригч намд өгсөөр байтал яагаад “Хамтарсан” Засгийн газар байгуулах гээд яриад байна вэ гэдэг талаар Тантай ярилцахыг хүссэн юм. Энэ талаар таны байр суурийг сошиалд илэрхийлсэн байдлаар тань ойлгосон ч илүү дэлгэрэнгүй тайлбар авахыг хүссэн хэрэг.
-2008 онд Эвслийн Засгийн газар байгуулахад би гол зүтгүүр нь байсан. Бидний ажилд алдаа мадаг байсан. Гэхдээ үр дүнтэй ажилласан, улс нийгмээрээ хожсон гэдгийг одоо бүгд зөвшөөрдөг. Одоо ч бас улс нийгмээрээ хожих боломжтой тийм цаг үе, тийм нөхцөл байдал тулчихаад байна гэж би харж байна, тэгж мэдэрч байна. Би Засгийн газарт, УИХ-д ажиллаж байгаа биш, өдөр тутмын урсгал мэдээллээс хол байгаа хүн. Нарийн мэдээлэл байхгүй ч, мэдрэмж гэж нэг айхавтар юм байдаг даа. Мань мэт шиг улс төрийн урт зам туулсан, бас бус юм үзсэн хүмүүст тэр мэдрэмж гэгч нь бий болдог бололтой.
Энэ удаагийн УИХ-ын сонгуулийн үр дүнг тун боломжийн гарлаа гэж би харсан. Хэрээс хэтэрсэн суудал хэн ч авсангүй. Тэнцвэртэй, бодит сонголт боллоо гэж бодож байна. Баабарын тооцоогоор, миний харж байсан судалгаагаар МАН бараг 80 гаруй суудал авчихаар байсан. Гэтэл Өвөрхангайн золгүй хэрэг явдал нөлөөлсөн байх. Говийн бүсэд ч асуудал байсан бололтой. Гэхдээ л МАН олонхи боллоо. Ардын нам айхавтар мундагтаа сонгуулиар олон суудал аваад байгаа юм биш. Нөгөө том нь арай л хангалтгүй, арай л сул, эв нэгдэлгүй байгаад байна. ХҮН нам харин Сүүлийн гурван удаагийн УИХ-ын сонгуулиар ард иргэд “сайныг нь” гэхээсээ “арай бага мууг нь” сонгосоор өдий хүрлээгэж яриад байгаа нь ортой. Нам нам дотор олон асуудал, зовлон бэрхшээл байдаг. Манай нам дотор ч бий. Алдаа мадагаас эхлээд, авлига хахууль авсан, идсэн уусан, хулгайлж шамшигдуулсан гэхчлэн зөндөө л юм гарсан. Тэрнээс гадна бид маш их боломж, цаг хугацаа алдсан байна. Бусдаас маш хол хоцорсон байна. Манай Засгийн газрын ачаар хүрсэн дэлхийд байхгүй 17 хувийн эдийн засгийн өсөлт маань хаачив. Үүнийгээ ярихгүй, бидний үед олсон “таван төгрөгийн” хэмжээнд л намууд маргаад, “чамаас болсон, надаас болоогүй” гэж хэрэлдсээр ирсэн. Гэтэл тэр “таваа арав, арваа хорин төгрөг болгох” боломж байна. Гэхдээ нэг нам дангаараа үүнийг хийж барахгүй.
-Дангаараа яагаад барахгүй гэж? Шалтгаан нь юу юм бэ?
-Жишээ нь, манай улсын хамгийн том, хамгийн эмзэг асуудал бол эрчим хүч. Үүнийг шийдээгүй байхад үйлдвэрээ хөгжүүлэх, амьжиргаагаа өөд татах боломжгүй. Усан ба ураны цахилгаан станц барих эсэх, эрчим хүчний үнийг шат дараатай чөлөөлөх эсэх, зах зээлийн эдийн засгийн зарчимд нийцүүлэх эсэх гээд маш том том асуудлууд байна. Сониноос, эрчим хүчний асуудлыг яг одоо ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт дээр ярьж байна. Биднийг “ШХАБ-д ороод ирээч, тэгвэл эрчим хүч байтугай чинь хүндрэлгүй болно” гэж дахиад л шахаж байгаа биз. Ийм том, ийм эмзэг асуудлыг нэг нам дангаараа шийдэх боломжгүй. УИХ-д суудалтай улс төрийн намууд үндэсний зөвшилцөл, харилцан ойлголцол, нэгдмэл үйл ажиллагааны үндсэн дээр л амжилттай, алсын хараатай шийдэж чадна.
-Та сөрөг хүчнийхэнтэй эвсэж үзсэний хувьд намынхаа удирдлагуудад Эвслийн Засгийн газар байгуул гэж зөвлөөд, шахаад байгаа юм уу? Та чинь Ерөнхий сайдын зөвлөх гэсэн биз дээ.
-Зөвлөх эрхтэй, шахах эрхгүй. Би бодлогын зөвлөлийнх нь гишүүн. Орон тооны бус зөвлөх гэсэн үг. Миний хувьд “Том том асуудлуудаа амжилттай шийдэхийн тулд судлаад үзээч” гэж намынхаа удирлагуудаас хүсээд байгаа. “Дөрвөн жил засаглах гэж байж ядаж дөрөв хоног бодооч, цаад хэдтэйгээ ярилцаад үзээч” гэж зөвлөж байгаа. “Улс орны хөгжил, аюулгүй байдлын зарим том асуудлыг дангаараа шийдэх хэцүү шүү, барахгүй байж мэднэ шүү” гэдгийг ёстой Ванга шиг хэлж байгаа, үглэж байгаа. Дөрвөн жилийн дараа тэр том асуудлуудаа шийдэж чадаагүй, халаглаад сууж байх вий дээ гэж сануулж байгаа. Одоо зориглоод үзвэл яасан юм, УИХ-ын 80 хувь нь шинэчлэгдлээ. Өөрсдөө зүтгүүлж санаачлан байж холимог тогтолцоотой, 126 суудалтай, олон намтай парламентын төлөө сонгууль хийнэ гэсээр байгаад хийсэн. Хуучин хуулиараа сонгууль явагдсан бол дахиад л хэт давамгайлах зураг байсан. Дан мажоритар юм чинь савлаад л хаяна. Хэдхэн хувиар илүү хэрнээ, бараг бүх суудал авдаг тэр системээр “хумиад л хаяна”. Үр дүнд нь хүссэн, зорьсноороо том том асуудлаа шийдэж чадахгүй. Шийдэх гэхээр сонгуульд ялагдсан, цөөн суудал авсандаа хорссон хүмүүс асуудлыг ер явуулахгүй.
-Танай Засгийн газарт тийм явдал гардаг байсан уу?
-Манай Засгийн газраас өмнө гарч байсан. Оюутолгойн гэрээний эхний хувилбарыг Ерөнхий сайд М.Энхболд аль 2007 оны хавар УИХ-д өргөн мэдүүлсэн. Гэтэл Засагт ороогүй Ардчилсан намынхан бидэнд шулуухан хэлсэн шүү дээ. “Битгий горьд. Ийм том төслийг танай нам ганцаараа шийднэ гэж байхгүй шүү” гэж байсан. Үүнээс болж барилцаж авахдаа тулдаг байсан. “Фортуна” Н.Батбаяр салаавч гаргаж байсан санагддаг. Би тэгэхэд намын Ерөнхий нарийн бичгийн дарга хийж байсан үе. “Чи яагаад ингэж байгаа юм бэ” гэхээр “Үгүй ээ, хойтон сонгууль болох гэж байхад та нарт ийм сайхан бололцоо бид юу гэж өгөх юм бэ. Тэнэг гэж бодоо юу” гэж байв. Тэгээд бид хоёр жил хагасын хугацаа алдсан. Тэр үед төслийн өртөг нь 2.7 тэрбум ам.доллар гэгдэж байсан. 2009 оны намар Оюу толгойн гэрээ зурагдахад өртөг нь 4.5 тэрбум болсон. Учраа ололцоогүйн үнэ өртөг нь энэ. Харамсаад барахгүй үр дүн. Гэхдээ би Ардчилсан намыг л яллаж буруутгахын тулд үүнийг хэлж байгаа юм биш. Манай нам цөөнх байсан бол адилхан ингэх байсныг үгүйсгэх аргагүй. Манай улс төрийн намууд төлөвшөөгүй байдал, дараагийн сонгууль бодсон явцуу сэтгэлгээ улсын хөгжилд хорлонтой нөлөөлдөг. Улс төрийн өрсөлдөгчдөө “Би үгүй бол чи бас үгүй” гэж дайсагнаж ханддаг хандлага гээд ухаж ярьвал юм юм бий.
-Энэ бүхэн дараа нь таны “Стандарт бус” Засгийн газар байгуулах шалтгаан болсон гэх гээд байна уу?
-Нэг гол шалтгаан нь мөн. Нөгөөтэйгүүр “долоон сарын нэгний” дараа нийгэмд үүссэн баргар, барзгар байдлыг даван туулах шаардлага ч бас байсан. Гэхдээ том асуудлаа том намууд л хамтраад шийдэх юм байна гэдэг ойлголт нь миний итгэл үнэмшил. 2007 оны 11дүгээр сард МАХН-ын дарга, Ерөнхий сайд болоод л АН-д хамтраад шийдэх олон санал тавьж байсныг чи санаж байгаа биз дээ? Сонгуулийн хуулиа өөрчилье, холимог тогтолцоотой болгоё, бэлэн мөнгө амлаж гүйдгээ болъё. Том том ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулъя. Ийм шийдвэрийг одоо хамтраад, хоёр намын нэрээр гаргая гэж байсан. Бүтээгүй. Нөгөө л хорлонтой, явцуу сэтгэлгээ саад болсон. 2008 оны сонгуулиар бүх аймгаар орохдоо “Би хүний нам, өөрийн нам гэж ялгахгүй. Хэл амаа заавал ололцох, улсынхаа эрх ашгийн төлөө хамтрах бүхий л бололцоог ашиглана. Би үүний төлөө заавал явна” гэж яриад л явж байлаа.
-Танай намынхан үүнийг тань яаж хүлээж авдаг байсан бэ. Эсэргүүцдэггүй юм уу?
-Эхэндээ амаргүй байсан. Гэхдээ улс оронд зайлшгүй хэрэгтэй, гарцаагүй үнэн юм ярьж байвал хэн ч ойлгоно. Сонгуулийн дараа “Нэгэн зууны дөрвөн эвсэл” гэдэг үгээ хэлсэн. Тэрний утга нь “1911, 1921онд ноёд, лам нар, ардууд, 1990 онд МАХН-ын гишүүд, ардчилсан залуус хамтын хүчээр зүтгэсэн. Энэ бүхний үр дүнд тусгаар Монгол Улсаа бүтээсэн, урагшлуулсан, ардчиллын замд гаргаж байсан түүхтэй. Одоо 2008 онд МАХН, АН хоёр том бодлогын төлөө эвсэж эдийн засгаа өөд татаж, хөгжлийн замд гаръя” гэж уриалж байлаа. АН-д бас хэцүү л байсан байх. Гэхдээ тэд зөв шийдэж чадсан. Ингээд “стандарт бус” буюу хамтарсан Засгийн газраа байгуулсан. Бүх төлөвлөгөө бүрэн биелсэн гэж хэлэхгүй ч томоохон төслүүдээ хөдөлгөж чадсан, эдийн засаг маань суга өсөж эхэлсэн. Яг одоо шиг тэр үед Э.Бат-Үүл найзаас минь эхлээд хатуу үгс шидэж л байсан. “С.Баяр биднийг урхиндаа орууллаа” гэхчлэн. “Урхинд оруулаад” байх ч юу байх вэ. Хамтраад зүтгэж байтал 2012 оны сонгуулийн өмнө АН Засгийн газрын хаяж гараад сонгуулиар хамгийн олон суудал авч байсан.
-Яагаад тэднийх олон суудал авсан юм бэ, таны бодол?
-Манай Засгийн газрын хийсэн Оюутолгой, Атрын аян, бүртгэлийн төгөлдөршил гэх мэт нь бүгд том төслүүд. Үр дүн, ашиг өгөөж нь удаж байж харагддаг. Том юм холоос харагддаг шиг. Тийм л юм болсон.
-Тэгэхээр улс төрийн хувьд 2012 он АН-д ашигтайгаар туссан юм биш үү?
-Ойрын зайд бол тийм байх. Холын зайд бол үгүй. 2012 оноос хойш тэд ялж үзсэнгүй. “Ханилж яваад нөхрөө” орхисныг нь, УИХ-д олон болоод эргэж эвсэж нийлээгүйгээс болж улс орон том том боломжоо алдсаныг нь ард түмэн одоо болтол санадаг, зарим нь бүр гомддог байх. Сонгогчийн санамж 8 секунд гэж ярих нь буруу. Нийт массаараа бол 8 жил, түүнээс ч урт хугацааны юм санана шүү дээ. Одоо харин энэ удаагийн хамтрах боломжийг алдвал урдынхаас ч их юм алдаж, ард түмнээ илүү гомдоож мэдэхээр санагдаад байгаа юм. Чи өөрөө сая Киргиз, Узбекистан улсуудаар яваад ирэх шиг боллоо. Хөгжлийн хувьд тэд яаж үсэрч дүүлж байна, харсан биз дээ? Нэг сул тал нь тэнд ардчилал алга. Улс орны асуудлыг цомхон хүрээнд ганц хоёрхон хүн шийддэг улсууд. Түргэн шуурхай шийддэг. Тэр шийдийн зөв, буруу нь ч амархан мэдэгддэг. Тэгээд босдог, тэмцдэг, буу шийдэмдээ хүрэх нь ч амархан. Манайх бол өргөн, задгай ардчилалтай сайхан байна аа. Гэхдээ манайд шийд гарахдаа удаан. Тун удаан. Шийдвэр огт гарахгүй өнгөрч байсан ч удаа цөөнгүй. Тэгээд л бусдын тоосонд дарагдана. Араас нь атаархсан нүдээр харна.Тэгээд л аргаа бараад сонгуульд ялсан ч хөгжлийн бодлогоо хийе, хамтраад зүтгэе гэж нэг нь гуйгаад л, нөгөө нь “чи намайг урхидах гэж байна, эсвэл дараагийн сонгуульд бидэнд хортой” гэх хөгийн юм яриад, гөжөөд суучихдаг. Ийм л байгаа шүү дээ.
-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн яриад байгаа Шинэ Зеландын хамтарсан Засгийн газрын хувилбар юугаараа ашигтай, манайхтай яагаад нийцнэ гэж үзээд байгаа юм бол? Та мэддэг зүйлээсээ хуваалцаач?
-Энэ талаар асууж байгаад чинь талархаж байна. Мэдээлэлтэй байх шиг байна, тийм үү. Яригдаад байдаг Шинэ Зеландын модель нь манайд илүү тохирох модель байж мэднэ. Энэ улсын эдийн засгийн хэмжээ нь манайхаас том. Гэхдээ хөдөө аж ахуй, мал аж ахуй нь чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгээрээ төстэй. Манайх далайд гарцгүй бол тэд хуурай газар, тив бүс нутагт гарцгүй, яг эсрэгээрээ. Тэгэхээр бүтээгдэхүүнээ зах зээлд хүргэх нь бөөн асуудал. Хүн ам цөөн, 5 сая орчим. Парламентын засаглалтай, парламент нь120 гишүүнтэй. Олон нам сонгуульд өрсөлдөөд таван нам парламентад сонгогдсон. Бүтэн нэг сар гаруй эвсэнэ, эвсэхгүй гэж маргаж байгаад гурван нам нь Засгийн газартаа орсон. Сонгогчдоос авсан саналынхаа дагуу сайдын суудлаа хуваарилсан. Засгийн газар нь гол гол зориултуудаа хамтран боловсруулж, олны өмнө гаргаж тавьсан.Эвсэлд орж байгаа намууд нь өөр өөрийн намын том том зорилтоо Эвслийн гэрээндээ тусгаж, одоо түүнийгээ биелүүлэхийн төлөө ширүүхэн үзэлцэж байна.
-Суудал гэснээс Шинэ Зеландын Засгийн газар чинь олон яамтай юм, тэгэхээр манайх төсөв данхайна, олон “цүнхчин” нэмэгдэнэ, татвараар тэжээнэ гэж эмээгээд байгаа нь бас зөв. Тэдний яамдын онцлог юу юм бэ? “Түгжрэлийн сайд” гэдэг шиг л асуудал эрхэлсэн сайд нартай байдаг юм биш үү?
-Тэднийх 20 гаруй Засгийн газрын гишүүн, нилээд олон парламентын сайд, орлогч сайдтай гэсэн байх. Тэрнийг нь заавал дууриах албатай юу. Засгийн газрын бүтцээ байгуулсан зарчим нь харин чухал. Манайх социализмын үеийнх шиг яамдаа маш том, нүсэр байгуулаад байгаа нь гол алдаа. Тэднийх хөнгөн бүтэцтэй, асуудал бүр эзэнтэй, орон тоо цомхон. Чиний харсан зөв. Асуудлуудаараа яамтай юм билээ. Манайхан сайдын тоог цөөлнө гээд баахан том том асуудлуудыг нэг сайдад хариуцуулчихдаг. Өнөөх нь уншсан, мэдсэнийхээ хэрээр аль мэддэгээ илүү авч давхиад нөгөөдүүлийг нь орхигдуулдаг нь цөөнгүй. Орхигдуулсан нь маш чухал зүйл байх нь олонтаа.
-Заавал Шинэ Зеландын гэлтгүй бусад орны, илүү сайн загваруудыг бас судалж байгаа гэж ойлгож болох уу?
-Мэдээж хувилбарууд бий. Дээр хэлсэнчлэн аль ойрыг нь нэрлэсэн нь энэ. Гэхдээ аль ч орны загварыг сонирхож, ашиглаж болох ч яг таг дууриаж хэзээ ч болохгүй шүү дээ.
-Эвслийн Засгийн газар хэр тогтвортой байдаг вэ? Засгийн газраа яаж огцруулдаг юм бол?
-Парламентын засаглалтай орнууд энэ талаараа бараг ялгаагүй дээ. Эвсээд Засгийн газарт орж болно. “Эрэг дээрээ” асуудлаа сайн ярилцаж тохирсон бол асуудал бараг гарахгүй. Эвсэл үүргээ биелүүлнэ. Сайн ярилцаж ойлголцоогүй бол асуудал гарна, Эвсэл хэврэгшинэ. Янз бүрийн асуудлаас болоод “болохгүй нь, гарлаа” гэнэ. Эвсэл задарсан учраас Засгийн газар огцорч таарна. Харин гараад явсан шалтгаанаа өнөө нам нь сонгогч олондоо тайлбарлаж таарна. “Энэ Засгийн газар ийм бодлого явуулж байгаа нь бидний зарчим, зорилттой нийцэхгүй байна”. Эсвэл “Иймхэн хэмжээний төсвөөр манай намын зорилт хангагдахгүй учраас Засгаас гарлаа” гэх нь хамгийн түгээмэл шалтгаан юм шиг харагддаг. Тэгээд Эвсэлд байсан талууд нь байр сууриа хамгаалж, чухам хэн нь яаснаа дэлгэрэнгүй ярина. Эвслийн гэрээгээ зөрчсөн эсэх, төсвөө хэтрүүлсэн эсэх, эсвэл буруу зарцуулсан эсэх талаар тайлбар тавина, долоон булчирхайгаа тоочино. Сонгогчид энэ бүгдийг нь сонсоно, тунгаана, дараагийн сонгуулиар дүнгээ тавина. Ийм байдлаар эвсэлд нэгдсэн намууд өөр хоорондоо ойлголцоно, мэтгэлцэнэ, ил далд өрсөлдөнө, элдэв баримт гаргаж дэлгэнэ, улмаар бие биендээ айхтар хяналт тавьдаг тогтолцоо, улс төрийн соёл бүрэлддэг юм билээ.
-Та тэгэхдээ манай Засгийн газарт орж ажиллах намууд, томилогдох сайд нарыг их л өөдрөгөөр хараад байх шиг байна. Тэднийх шиг болтол нэлээд хугацаа орох байх аа?
-Миний хэлэх гээд байгаа зүйл юу вэ гэхээр Эвслийн гэрээ, хамтын ажиллагааны зорилт нь адгийн шаар томилсон ч хулгай хийж боломжгүй системийг бий болгоход л оршдог. Хүний элдэв буруу хүслээс хамаардаггүй институц, харилцан хянах систем гэдэг чинь энэ. Засгийн газрын хуралдаан болгоноор шахуу татвар төлөгчдийн мөнгө, түүний хуваарилалт, зарцуулалтын үр ашиг яригддаг. Мөнгөнд хүрэхийн тулд хийх ажлаа ярина, үндэслэлээ тайлбарлана. Ерөөсөө улс төр нь төсөв, мөнгө хөрөнгийн зарцуулалт тойрч гол төлөв өрнөдөг.
-Танхимын зарчим гэхчлэн нялуурч алдаа дутагдлаа нуудаггүй юм байна, тийм үү?
-Тийм. Ил тод хуралдаж, асуудлыг сайн, муу бүх талаас нь тоо, баримт дэлгэн байж, нийтийн ашиг сонирхолын үүднээс хэлэлцэж шийднэ. Тэр хурлын тэмдэглэл нь хэнд ч гэлээ нээлттэй байна. Монголд маань тийм болоосой. Манайд жишээ нь, оновчтой шийдэгдэж өгдөггүй малын хөлийн татварын асуудал байна. Малын тоо өсөөд л байдаг, ашиг шим нь буураад л байдаг. Үүнээс болж бэлчээр талхлагдаж гүйцлээ. Бид мал аж ахуйн салбараа зах зээлийн харилцаанд оруулж чадахгүй 30 гаруй жил боллоо. Хөдөө аж ахуй маань халамжийн гэмээр зарчим дээр суурилсаар л байна. Гэтэл тэглээ гээд малчдын бодит орлого бага хэвээрээ. Үүнийг үндэс сууриар нь, зах зээлийн зарчмаар шийдье гэхлээр сонгуулийн ашиг сонирхол цаана нь байгаад байдаг. Энэ бол худлаа биш шүү дээ. Нэг нам дангаараа үүнийг шийдэж чадахгүй, зүрхлэхгүй явсаар өдий хүрлээ. Хамтаараа бол чадна, чадах ёстой. Монгол Улс мал аж ахуйгаа бүрэн сүйрүүлэх гээгүй л юм бол.
-Халамж гэснээс таны үед ч гэсэн ямаанд “халамжийн мөнгө” өгч байсан байх аа?
-Өгч байсан. Хөдөөнөөс сонгогдсон гишүүдээ бодоод л, дараагийн сонгуулиа бодоод л тийм шийдвэр гаргаж байсан. Наад ямаа чинь бэлчээрийг сүйтгэж байна, миний бага нутаг Төмөрбулаг, Галт, Жаргал сумдын нутгаар очоод үзээрэй, цөл болчихлоо шүү дээ гэж үглэсээр л ямаанд хэдэн төгрөгийг нь өгөхөөс өөр аргагүй байсан. Одоо цаашид тэгмээргүй байна. Бид мал аж ахуйгаа зах зээлийн харилцаанд бүрэн оруулахгүй бол хол явахгүй. Малчид орлогоо ч олсон шиг олдог, татвараа ч төлсөн шиг төлдөг байх ёстой. Тэгж байж зах зээлийн сэтгэлгээ, хандлага төлөвшинө, мал аж ахуйн салбар маань Шинэ Зеландых шиг босоод ирнэ. Суурь гэмээр ийм зорилтыг Эвслийн гэрээнд заавал оруулах хэрэгтэй гэж бодож байна.
-Тийм. Нөгөө талаар эвсэх хөтөлбөртөө цөөхөн бөгөөд биелүүлж болох зорилт тавимаар байна. Мэдээж тулгамдсан асуудал, зорилго олон. Хэрхэн шигшиж, чухалчлах нь Ерөнхий сайдын сонголт, мэдрэмж. Үнэндээ Засгийн газруудын үйл ажиллагааны хөтөлбөр арай дэндүү том, уншдаг ч юм уу, биелдэг ч юм уу гэж бодогддог шүү.
-Жишээ нь Ерөнхий сайд нь саналаа тавихдаа “Бид авлигатай тэмцэх ажлыг дутуу хийсэн. Үүнийгээ гүйцээнэ. Тиймээс хөтөлбөрт заавал оруулна. Амжилттай яваа бизнесийг төр булаан авч авлигын цоорхой нээдгийг болиулъя” гэхчлэн тохирох ёстой шүү дээ. Заавал олон хуудас зузаан бичиг цаасаар тохирох хэрэггүй. Хамтраад хийх 10 зорилт тавь л даа. Нөгөө талаар гол асуудлаа, жишээ нь “ШХАБ-ын гишүүн болохгүй” гэхчлэн тохирч тогтоол, шийдвэр баталсан байхад энэ асуудлаар гадны дарамт шахалт багасч таарна. Цаашлаад цахилгааны үнэ чөлөөлөх, Францтай хамтарч уран олборлох, БНСУ, Япон, АНУ-тай газрын ховор элементйн олборлолт дээр хамтрах, БНХАУ-тай хамтарч цахилгаан машины батарей үйлдвэрлэх гэхчлэн бүр үндэсний зорилт болгочихсон байхад болохгүй юм юу байгаа юм. Засгийн газар, Парламентын хамтын бодлого, шийдвэр бидний эмээдэг дарамт бүхнээс хамгаалж чадна. Ийм учраас хамтарсан Засгийн газрын тухай би байн байн дуугараад байгаа юм. Гэтэл Э.Бат-Үүл найз маань “Чи манай намыг хорлож дуусахгүй юм” гээд байгаа. Би хэлэхдээ “Танайх сонгуульдаа олигтой оролцохгүй, эв нэгдэл ч үгүй үймсээр гурван сонгууль дараалж ялагдлаа. Хэн хорлов? Хэнийг буруутгаад байгаа юм? Би ч гэсэн танай намыг хүчтэй байгаасай, тулга тойрсон хэрүүлд биш, төрийн бодлогод оролцоосой гэж хүссээр ирсэн. Танай нам овоо байвал ядаж л манай намын эвдэрсэн, даварсан хэдэн юманд даруулга болно. Гэхдээ үүнийг би биш, чи хийх ёстой” гээд л хөгжилтэй мэтгэлцдэг дээ. Бид бүгдэд, өнөөдрийн монголчуудад хөгжилдөө яарах боломж, шалтгаан байгаа учраас Үүл маань намайг ойлгодог.
-Сүүлийн асуулт шулуухан асуучихъя. Хамтарсан Засгийн газар гэхээр “Женко” Х.Баттулга орох нь гэдэг хардлага дагуулах болжээ. “Том зорилтоо шийдэхийн тулд эвслийн Зөсгийн газар байж болно” гэж тэр мэдэгдсэн байсан. Таныг ч гэсэн хамтарсан Засгийн газрын тухай ижил төстэй юм ярихаар Женкотой холбож хардаж байх шиг байна. Одоо яригдаад байгаа эвслийн Засгийн газарт тэр орох уу, та юу гэж бодож байна?
-Орохгүй.
-Та орохгүйг нь яаж мэдээд байна. Холбоотой байдаг юм уу?
-Холбоо байхгүй. Яригдаж байгаа эвслийн Засгийн газарт орохгүй гэдээ тэр өөрөө хэлж байсан. Тэгж байхыг нь би телевизээр харсан. Оръё гэсэн ч оруулахгүй биз.
-Хэн оруулахгүй гэж?
-Оруулах эсэхийг хууль номын дагуу шийддэг олон бүрэлдэхүүн бий. Өөр хэн байв гэж.
-Оруулах эсэхийг шийддэг бүрэлдэхүүн нь танд тийм санал тавьбал та орох уу?
-Үгүй. Нэгд, надад тийм санал тавихгүйг нь би мэднэ. Хоёрт, тийм санал тавьлаа гэхэд миний галт тэрэг тэр өртөөг өнгөрөөд удаж байна гэдгээ бас мэднэ. Энийгээ мэднэ гэдэг том мэдлэг. Тэгээд ч хороо захирч явсан хүн салаан дарга болоод яах юм бэ.
-Нөхцөл байдал одоо өрнөж, үргэлжилж байгаагаас цаг хором дутаж өөрчлөгдөж байна. Тухайн өөрчлөлтүүдийн үеэр тантай эргэж холбогдон санаа, тайлбар хүргэж болох уу?
-Өө, тэгэлгүй яахав. Өөрчлөлт гарч сонирхол татах бүрт чинь тайлбараа өгнө гэдгээ одоо тохиролцчихъё.
-Ярилцсанд баярлалаа, уншигчдынхаа өмнөөс. Танд сайн сайхныг хүсье.
Сэтгэгдэл (1)
(127.0.0.1)
Шоронгийн харгалзагчиддаа зөвлөсөн үү?