Пап Францисын биеийн байдал сайжирч байна

Пап Францисын эмчилгээнд нааштай үр дүн гарсан талаар Ватиканы хэвлэлийн алба даваа гарагт мэдээлжээ. Өдгөө 88 настай пап лам амьсгалын замын халдварын улмаас гурван долоо хоног гаруйн турш эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. 

 

“Сүүлийн өдрүүдэд эмчилгээ үр дүнтэй болсон тул эмч нар түүний биеийн байдлын талаарх урьдчилсан дүгнэлтийг цуцлахаар шийдсэн” гэж Ватиканы мэдэгдэлд дурджээ.

 

Францисын биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд эмчилгээгээ үргэлжлүүлэн хийлгэх ажээ. Эмчилгээний нарийн төвөгтэй байдал, эмнэлэгт хэвтэх хугацаанд илэрсэн халдварт өвчний шинж тэмдгийг харгалзан эмийн эмчилгээг эмнэлгийн нөхцөлд дахин хэд хоногийн турш үргэлжлүүлэн хийх шаардлагатай болсныг Ватиканы хэвлэлийн алба мэдэгджээ. 

 

Пап Францис хоёрдугаар сарын 14-нд Ром хотын Жемеллийн нэрэмжит эмнэлэгт хэвтсэн бөгөөд хоёр уушгинд нь үүссэн хатгалгааг эмчлүүлж байгаа юм. Эмнэлэгт хэвтэх хугацаанд амьсгахад хүндрэлтэй болсны улмаас хүчилтөрөгчийг хэд хэдэн удаа нэмэлтээр авах шаардлагатай болсон байна.

 

Түүний биеийн байдлын талаарх даваа гаргаас өмнө гаргасан урьдчилсан дүгнэлт нь “болгоомжлуулсан шинжтэй” байсан нь үхлийн аюул заналхийлж байсан гэсэн үг юм. Үүнээс шалтгаалан ням гарагт Гэгээн Петрийн талбайд хийдэг уламжлалт залбирлыг дөрөв дэх удаагаа цуцалжээ.

 

 

 

Э.Хулан

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)