Зеленский цэргийн тусламжаа дахин сэргээхийг АНУ-аас хүснэ

Украины ерөнхийлөгч Зеленский Даваа гаригт Саудын Арабт хүрэлцэн ирлээ. Зеленскийн баг өнөөдөр /2025.03.11/ АНУ-ын топ дипломатчидтай хэлэлцээ хийнэ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзах уулзалтад Зеленский оролцохгүй ч гэлээ түүний багийнхан Вашингтонд хоёрдугаар сарын 28-нд болсон эгзэгтэй айлчлалын дараах уур амьсгалыг сайжруулахаар хичээх болно. Эл өдөр Цагаан ордны Зууван танхимд Зеленский, Трамп, дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс нарын уулзалт ширүүн болсон билээ.

Зеленский Даваа гаригт угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салмантай богино хугацаанд уулзжээ. Марко Рубио ч бас хунтайж Мохаммед бин Салмантай уулзсан бөгөөд тэд Йемений асуудал, хуситын заналхийлэл, Сири, Газын сэргээн босголт зэрэг сэдвийг хэлэлцсэн байна.

Өнөөдрийн уулзалтаар Украины тал цэргийн тусламж, тагнуулын мэдээллийн талаарх шийдвэрээ эргэн харахыг АНУ-аас хүснэ.

Талуудын уулзалт Трампад хүлээн зөвшөөрөгдөхүйц үр дүнтэй болвол энэ нь энхийн хэлэлцээнд түлхэц болно гэдгийг Марко Рубио хэлжээ. "Энэ дайн украинчуудын хувьд маш их зардалтай, цуст мөргөлдөөн байсныг хүлээн зөвшөөрч, аливаа энх тайвны хэлэлцээг авч үзэх сонирхолтой байгаа эсэхийг нь бид мэдмээр байна. Тэдний ард түмэн хэмжээлшгүй их зовж шаналлаа. Ийм хүнд хэцүү зүйлийн дараа зөвшилцөл ярих амаргүй. Гэхдээ зовлон зүдгүүрийг дуусгах, илүү даамжрахаас нь сэргийлэх цорын ганц арга зам бол зөвшилцөл. Би украинчуудын хийх ёстой, шаардлагатай зүйлд болзол тавихгүй. Харин тэднийг хэр хол явмаар байгааг сонсох гэсэн юм. Тэгж байж үүнийгээ оросуудын хүсэлтэй харьцуулж үзнэ, талуудын байр суурь ямар ялгаатай байгааг ойлгож авна.

Мөргөлдөөнийг зогсоохын тулд оросууд хэцүү зүйлсийг хийх шаардлагтай болж буйн нэгэн адилаар украинчууд ч бас хэцүү бэрхийг хийхэд бэлэн байна гэсэн хүчтэй мэдрэмжийг авч байж л бид эндээс буцах нь чухал" гэж тэр хэлэв.

Дашрамд дурдахад, Их Британийн ерөнхий сайд Кейр Стармер АНУ-Украины уулзалтын өмнөхөн Трамптай ярьжээ. Тэрбээр Трампад "Их Британи өнгөрсөн амралтын өдрүүдэд Украины албаныхантай ярилцсан бөгөөд тэд урт удаан хугацаанд үргэлжлэх энх тайвны төлөө тууштай хэвээр байна. АНУ-ын тусламж, тагнуулын мэдээллийг дахин сэргээх боломжийг олгох яриа хэлэлцээний үр дүн эерэг байна гэдэгт итгэж байна" гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: SKY NEWS

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)