Марс гаригийг колоничлох цаг ойртож байна
- 2024-07-18
- Нийтлэл
- 0
Хүн төрөлхтөн сансар судлалд амжилт гаргаад бүтэн жаран өнгөрчээ. Эдүгээ Марс гаригийг манай дэлхий колоничлох цаг ойртжээ. 2020 оны зургадугаар сард дэлхийгээс гурван ч удаа Марс гариг руу АНУ, Хятад, Арабын Эмират улс хиймэл дагуул нисгэлээ. Хүн төрөлхтөн яагаад Марс гаригийг сонирхоод байдаг юм бол? Хэдэн удаа Марс гариг руу хиймэл дагуул нисгэж ямар ажил хийсэн юм бол? Энэ талаар өгүүлье.
Дэлхийн хүмүүс Марс гаригийг яагаад сонирхов?
Хэрэв хүмүүс дэлхийгээс өөр ямар гариг дээр амьдарч болох вэ гэвэл хамгийн түрүүнд Марс гариг санаанд нь орно. Сарыг хүмүүс нэг их сонирхохоо больсон. Сар бол атмосфер байхгүй, хэрэв хүмүүс тэнд нисч очвол радиац болон солирын аюулаас хамгаалах ямар ч боломжгүй юм. Сарыг хүмүүс нилээд сайн судалчихсан юм. Сар руу АНУ, Зөвлөлт улс, Хятад, Япон, Энэтхэг, Израйль бусад олон өрнөдийн улс хиймэл дагуулаа нисгэж судалгаа хийчихсэн юм. Харин Марс гариг бол маш их судалгаа шаардсан сонирхолтой гариг юм. Венера гариг бол маш аюултай орчинтой, ямар ч сайн аппарат тэнд хоёрхон цагаас илүү тэсэж чаддаггүй бөгөөд тэнд хүн нэг цаг ч тэсэж чадахгүй. Харин Марс гариг өөр хэрэг.
“SpaceX” –ийн инженерүүдийн ярьж байгаагаар бол “Марс гариг бол дэлхийд хамгийн ойр байдаг, хамгийн тохиромжтой гариг юм. Марс гариг бол 225.3 сая км зайд байрладаг, хамгийн их нартай өдрүүдтэй, атмосфер нь нүүрсний хүчил, азот, аргонтой, ургамал тарьж ургуулах боломжтой гариг юм. Марс нилээн хүйтэн гариг, гэвч бид дулаацах аргаа олж л таарна. Марсын татах хүч нь дэлхийнхээс 2.6 дахин бага тул тэнд хүнд зүйл өргөхөд хялбар. Марс гаригийн нэг өдөр 24 цаг 37 минут юм.” Марс гариг бол нарны аймгийн бусад гаригуудыг бодвол хүн очих боломжтой гариг юм. Марс гариг дээр хүн очвол заавал тусгай хамгаалалтын хувцас өмсөх шаардлагатай. Учир нь Марс гаригийн дундаж температур хасах 60 градус байдаг, атмосфер нь радиацаас хамгаалалтгүй байдаг. Хүчилтөрөгч бараг байхгүй. Марс гариг руу нисэх амархан зүйл биш. Марс гариг руу дэлхийгээс нисгэсэн бүх нислэгийн гуравны хоёр нь амжилтгүй болсон юм. Дэлхийгээс нисгэсэн аппарат бүр Марс дээр очиж чаддаггүй. Хоёр жилд ганц удаа л дэлхий маань Нар болон Марс гаригийн дунд таардаг нь хамгийн ойр зай юм. Энэ үед дэлхийгээс Марс руу хиймэл дагуул нисгэвэл 7 сар нисээд очдог. 2020 онд яг ийм тохиол таарсан тул дэлхийгээс 3 удаа Марс руу хиймэд дагуул нисгэжээ.
Америк, Зөвлөлтийн өрсөлдөөн
1960-аад оны эхэнд Америк, Зөвлөлтийн сансрын өрсөлдөөн ид явагдаж байв. Зөвлөлт Холбоот улс дэлхийд анх удаа хиймэл дагуул хөөргөж , хүн сансарт нисгэв. Сансар судлалд Зөвлөлт улс дэлхийд тэргүүлж байсан үе байсан юм шүү. Харин АНУ анх удаа Саран дээр 1969 онд хүн нисгэж буулгав. Дараа нь хоёр их гүрний сансрын өрсөлдөөн улам ширүүсч, Марс гаригт хэн нь анх хүрэх вэ гэдэг асуудал тулгарлаа. Зөвлөлт Холбот улс Марс руу анхны нислэг хийхийг оролдсон боловч бүтэлгүйтэв. Зөвлөлтийнхөн 1960 онд Байконуураас сансар руу “Марс 1960А” болон “Марс 1960Б” аппарат хөөргөхийг оролдсон боловч зөөгч пуужин “Молния” –д осол гарч бүтэлгүйтэв. Дараа нь хэд хэдэн удаа аппарат хөөргөсөн боловч амжилтгүй болов. 1962 онд Зөвлөлт улс сансарт Марс руу нислэг хийх төлөвлөгөөтэй байсан боловч Карибын тэнгисийн хямрал болж Зөвлөлт улс АНУ руу золтой л цөмийн довтолгоон хийсэнгүй. Зөвлөлт улс Кубад америкийн эсрэг нууцаар пуужин байрлуулж Байконуурт цөмийн цэнэгтэй тив алгасах пуужингуудаа америкийн хотууд руу чиглүүлээд байлаа. Карибийн хямрал ч намдав.
Зөвлөлт Холбоот улс 1962 оны 11-р сард “Марс-1” станцыг Марс гаригийн зүг хөөргөлөө. Аппарат Марс гаригаас 200 000 км-ийн зайнд ойртоод холбоо тасарч аппарат алга болжээ. 1964 онд АНУ Марс гаригийн өрсөлдөөнд идэвхтэй оролцож, “Маринер - 4” зондыг Марс руу хөөргөв. Энэ аппарат Марс гаригт 9000 км ойртож анх удаа Марс гаригийн зургийг дэлхийд дамжууллаа. Олон нийт Марсаас ирүүлсэн зурагт гарсан аппаратын зураасыг “Марс гариг дээр усжуулалтын суваг илрүүлээ” хэмээн баахан цуурч шуугиан дэгдэв. Гэвч үнэндээ Марсын хөрс зөвхөн цөл байсныг эрдэмтэд нотоллоо. 1971 онд ес дэхь “Маринер” аппарат Марсын анхны хиймэл дагуул болж, бүтэн жилийн турш Марс гариг болон түүний хоёр дагуул Деймос болон Фобосыг судаллаа. 1971 онд Зөвлөлт улс “Марс-2” аппаратыг хөөргөж Марсын гадарга дээр буусан боловч аппарат эвдэрсэн ажээ. Дараа нь “Марс-3” ыг хөөргөсөн боловч Марс гариг дээр дөнгөж газардаад 14 секундын дараа Марсын тоосон шуурганд өртөж аппарат ажиллагаагүй болов. 1975 онд НАСА Марс руу “Викинг-1”, “Викинг-2” автомат станц нисгэж удаан хугацаагаар Улаан нүдэн гариг дээр ажиллуулж Марсын 50 000 зургийг дэлхий рүү илгээж маш амжилттай ажиллав.
Марсаар явагчийн эрин үе
1988 онд Зөвлөлт Холбоот улс Марсын дагуул Фобос руу хоёр аппарат нисгэв. Нэг аппарат нь замдаа холбоо тасарч алга болов. Нөгөө нь Фобос дагуулын зургуудыг авсан боловч гадаргуу дээр нь бууж чадсангүй.АНУ Марсыг судлах шинэ шатандаа гарлаа. Марс гаригийг судлах порграммыг хэрэгжүүлж эхлэв. Энэ хөтөлбөрийн хүрээнд “Mars Global Surveyor” хэмээх станцыг Марс руу нисгэлээ. Марс гариг судлаачид Марс гариг дээр ус байна уу, амьдрал байна уу, тус гаригийг эзэмших боломж байна уу гэсэн асуудлыг судлах болов. Энэхүү станц Марс гаригийн үлэмж их мэдээлэл, фото зураг, хөрсний дээжийг цуглуулж анх тооцоолсноос ч илүү удаан үр дүнтэй ажиллав. Зөвлөлт улс “Марс-8” аппарат нисгэсэн болов дэлхийн тойрог замаас гарч алга болсон ажээ. АНУ 1997 онд анх удаа Марс гаригийн гадаргуу дээр Марс дээр өөрөө явагч “Сожорнер” аппаратыг амжилттай газардуулав. Энэ аппарат Марс гариг дээр хэдэн зуун метр явж, 3 сар ажилласны дараа ажиллагаа нь зогсчээ. Энэ бол том амжилт байлаа. 1998 онд Япон улс “Нозоми” зондыг дэлхийгээс Марс руу хөөргөж, 5 жилийн дараа Марс гаригт дөхөж очсон боловч тэрхүү зонд Марс гаригийн хажуугаар өнгөрч сансарт алга болов.
Марс гариг дээр АНУ “Spirit” болон “Opportunity” өөрөө явагч аппаратыг буулгаж, Марс гаригийн гадаргууг судалж ус байсан эсэхийг шинжилж 2011 онд ажлаа дуусгажээ. Эдгээр аппарат Марс гариг дээр өмнө нь ус байжээ гэдгийг нотолсон байна.
2014 онд Энэтхэг улс Улаан нүдэн гариг руу ” Мангальян” аппаратыг нисгэж хүргэв. АНУ 2014 онд “Curiosity” өөрөө явагч аппаратыг Марс гаригт хүргэж уг аппарат одоо болтол тус гаригийн хөрсийг 5 метр хүртэл гүн өрөмдөж судалгаа хийж Марс гаригийн тухай үлэмж их мэдээллийг ирүүлсээр байна.
Марсаар өөрөө явагч шинэ аппарат
- 2020 оны 7-р сарын 30-ны өдөр НАСА Марс руу “Perseverance” хэмээх шинэ өөрөө явагч аппарат илгээж 2021 оны 2-р сарын 18-ны өдөр Марсын гадаргуу дээр амжилттай газарджээ. Энэхүү шинэ аппарат маш олон спектрометртэй, гаригийн гадаргууг өрөмдөх болон хөрсийг нь хадгалах системтэй бөгөөд Марс гариг дээр амьдрал байна уу, ус байна уу гэдгийг одоо болтол судалсаар байна.
- 2020 оны 7-р сард Хятад улс “Тяньвэнь-1” хэмээх зонд Марс гариг руу нисгэж, энэ гаригийн хөрсний дээж авах, ус байгаа эсэхийг судлахаар илгээжээ.
- 2024 онд Энэтхэг улс Марс гариг руу “Мангальян-2” өөрөө явагч илгээхээр бэлтгэж байна.
АНУ-ын “Артемида” программ эдүгээ хүнийг дахин Саран дуур буулгаж тэндээсээ Марс гариг руу нисэх түшиц газар болгохоор ажиллаж байна. НАСА-гийн инженерүүд ойрын 2030 онд хүн төрөлхтөн Марс гаригт хөл тавина хэмээн тооцоолж байна. НАСА эдүгээ хүн төрөлхтөн ямар байдлаар Марс гариг руу нисэж очих вэ гэдгийг бодож байх зуур Илон Маск Марс гариг руу хэдэн зуун колонистуудыг хэрхэн илгээх вэ гэдгийг бодож байна.
Миний бодлоор Илон Маск л НАСА-гаас урьтаж Марс гариг дээр хүн буулгах ажлыг зохион байгуулж чадах хүн юм. Илон Маск “SpaceX” компаниа анх 2002 онд байгуулж сансрын техник үйлдвэрлэж сансрын тээвэр хийх зорилгоор ажиллаж эхэлсэн. Тэр бээр сансарт нисэх өндөр зардлыг 10 дахин багасгах зорилт тавьсан. Анх компанидаа 100.0 сая долларын хөрөнгө оруулалт хийж ажлаа эхэлж байлаа. Анхандаа Илон Маскийн туршилтын пуужингууд дэлбэрч их хохирол амсаж байсан боловч эцэстээ туршилт амжилттай болж түүний хөлгүүд сансарт гарч чадсан юм.
Илон Маск 2020 онд сансрын “Grew Dragon” хөлгийг амжилттай хөөргөсөн. “Falcon -9” хэмээх сансарт нисээд эргэж газарт буудаг пуужинг амжилттай бүтээсэн юм. 2022 оны 4 дүгээр сард Илон Маскийн “SpaceX” пуужин сансрын жуулчдыг анх сансарт гаргаж чадсан. Тэрбумтан Илон Маскийн төслөөр удахгүй “Starship” сансрын хөлгийг “Super Heavy” пуужингаар сансарт хөөргөнө. Энэ пуужин өмнөх пуужингуудаас эрс ялгаатай. Өмнөх сансрын пуужингууд хөлгийг сансарт гаргаад устдаг бол “Super Heavy” пуужин нь хөлгийг сансарт гаргаад эргэж газар дээр эсэн мэнд буудаг онцлогтой. Өөрөө хэлвэл олон дахин хэрэглэх боломжтой гэсэн үг. Энэ пуужин Техасаас хөөрөөд эргээд Мексикийн буланд тусгай буух талбайд буудаг юм. Илон Маскийн “SpaceX” пуужин бол ирээдүйд дэлхийн дагуул Сар болон Нарны аймагийн Марс гаригийг эзэмших үйлст гол үүрэг гүйцэтгэх бөгөөд олон дахин хэрэглэх пуужин, хөлгийг бүтээхэд үндсэн суурь нь болох юм. Илон Маскийн “Starship” хөлөг бол гариг хоорондын тээврийн чухал систем болох төлөвтэй байна. Илон Маскийн төлөвлөж байгаагаар бол энэхүү сансрын хөлгөөр нэг удаагийн нислэгээр 100 хүртэл хүнийг Улаан нүдэн гариг дээр аваачиж Марс гаригийг колоничлох эхлэлийг тавих юм. Илон Маскийн “SpaceX” төсөл хэдхэн жилийн өмнө хэдийгээр бүтэшгүй уран зөгнөл мэт санагдаж байсан боловч эдүгээ энэ төсөл амьдралд хэрэгжиж боломжтойг бид харж байна.
Илон Маскийн төлөвлөж байгаагаар америкийн сансрын хөлөгнүүд Дэлхий - Марсын хооронд тасралтгүй нислэг үйлдэж Марс гариг руу ачаа болон хүмүүсийг тээвэрлэх болно. Сансрын тээврийн гол унаа бол “Starship” хэмээх олон удаагийн ашиглах боломжтой хоёр шаттай пуужин болох бөгөөд нэг удаагийн нислэгээр олон арван тонн ачаа тээвэрлэх чадалтай юм. Илон Маскийн тооцсоноор пуужингийн ачаа тээвэрлэх чадвар нэмэгдэх тутам нислэгийн үнэ нь хэдэн арван сая доллараар буурна. Нэг талын нислэг хагас жил үргэлжилнэ. Пуужин Марс гариг дээр газардаад буцахдаа шатахуунаа Марс гаригийн нөөцөөр цэнэглэж дэлхий дээр эргэж ирнэ. Марс гариг дээр анхны колони барихад нэг сая тонн материал шаардагдана. Үүний тулд сансрын ачааны хөлөгнүүд Дэлхий - Марсын хооронд тасралтгүй нислэг үйлдэх ажээ. Эдүгээ Илон Маск 2030 онд Марс гариг руу бүхээгт нь хүн суулгасан сансрын хөлөг нисгэх зорилготой ажиллаж байна. Түүний мөрөөдөл бол Марс гариг дээр сансрын хотхон байгуулж Марсыг колоничлох явдал юм. Түүний мөрөөдөл удахгүй биелэх цаг дөхөж байна. Эцэст нь дүгнэхэд хэдхэн арван жилийн дараа хүн төрөлхтөн Марс гаригийн колоничлогч болчихсон, Марс гаригийн бүрэн эрхт иргэн болчихсон байхыг хэн ч үгүйсгэх аргагүй. Ийнхүү хүн төрөлхтөн Марс гаригийг колоничлох цаг ойртож байна.QQ
2024.07.15
Сэтгэгдэл (0)