Талибууд барууны орнууд дахь Афганистаны ЭСЯ-дтай харилцаагаа тасалжээ
- 2024-07-31
- Дэлхий
- 0
КАБУЛ, 2024 оны долоодугаар сарын 31 /DW/. Талибаны засгийн газар барууны орнууд дахь Афганистаны Элчин сайдын яамдтай /ЭСЯ/ харилцаагаа тасалж байгаагаа мягмар гарагт мэдэгджээ. Тэнд ажиллаж буй дипломатчид өмнөх засгийн газарт үнэнч байна гэж талибууд буруутгаж байгаа юм.
2021 онд талибууд Кабул хотыг эзлэн авсан нь Афганистаны дипломат төлөөлөгчийн газруудын олон ажилтны хувь заяаг бүрхэг болгожээ. Цөөн тооны засгийн газар талибуудыг Афганистаны хууль ёсны эрх баригчид гэж хүлээн зөвшөөрсөн бөгөөд тэд Орос, Хятад зэрэг найрсаг харилцаатай орнуудад элчин сайдаа шинээр томилсон байна.
Гадаад хэргийн яамны зүгээс Кабултай харилцахыг Европын орнууд дахь Афганистаны улс төрийн болон консулын төлөөлөгчийн газруудаас удаа дараа шаардсан. Харамсалтай нь ихэнх төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа нь дур зоргоороо, зохицуулалтгүй явагдаж байгаа бөгөөд хүлээн зөвшөөрөгдсөн зарчмуудыг илт зөрчиж байна” гэж дээрх мэдэгдэлд дурджээ.
Талибаны Гадаад хэргийн яам мөн "хилийн чанад дахь дипломат ажилтнууд Талибаны хууль ёсны байдлыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзвал тус яам паспорт, визний асуудалд ямар ч хариуцлага хүлээхгүй" гэж мэдэгдсэн байна. Энэ шийдвэр Их Британи, Герман, Бельги, Швейцар, Австри, Франц, Итали, Грек, Польш, Швед, Норвег, Канад, Австрали зэрэг улсууд дахь Элчин сайдын яамдад хамаарах ажээ.
Кабулаас санхүүгийн хувьд холбоо тасарсан эдгээр яам сүүлийн үед ажилтнуудынхаа цалин, төлбөр тооцоог хийхэд хүндрэлтэй болжээ. Харин Испани, Нидерланд зэрэг барууны зарим орон дахь Афганистаны ЭСЯ-ны ажилтнууд Талибаны засгийн газартай харилцаж эхэлсэн байна.
Талибууд эмэгтэйчүүдэд зүй бусаар хандаж байгаа тул гадаадын орнууд, НҮБ тэдэнтэй харилцахаас татгалзсаар байгаа юм хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.
Сэтгэгдэл (0)