Л.Оюун-Эрдэнэ: Аймгууд бүсийн зөвлөл байгуулж, бүсийн төлөвлөлтөө гаргана
- 18 цаг 29 мин
- Улс төр
- 0
Бүсчилсэн хөгжлийн асуудлаар Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан эхэлж байна. Хуралдаанд Аймаг, нийслэлийн Засаг дарга болон нийслэлийн ИТХ-ийн дарга нар оролцож байгаа юм. Хуралдааны эхэнд Ерөнхий сайд аймгуудын Засаг дарга нарыг батламжиллаа.
Мөн үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу Монгол Улсын парламент анх удаа 126 гишүүнтэй болсон. Улмаар 2024 оны сонгуулийн үр дүн гарч, үр дүнд нь хамтарсан Засгийн газар байгуулагдсан. Алсын хараа 2050 урт хугацааны хөгжлийн төлөвлөгөөг эрдэмтэн, судлаачидтай хамтран боловсруулж байсан. Өнгөрсөн хугацаанд бидний гаргасан нэг алдаа бол төрийн бодлогын залгамж халаа алдагдаж ирсэн. Түүнээс болж олон том төсөл гацсан. Үүн дээрээ сургамж авч, Монгол Улс холимог тогтолцоог баталсан. Тэгэхээр цаашид хамтарсан Засгийн газар ажиллах болов уу гэж бодож байна. Та бүхэн орон нутагтаа урьдын адил улс төржих биш, урт хугацааны хөгжлийн бодлогыг харах нь туйлын чухал юм. Хоёрдугаарт, орон нутгийн сонгуулийн үр дүн гарч, та бүхэн Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанд суугаад, бүрэн эрх чинь хэрэгжиж байна гэсэн үг. Бид парламентын тойргийн бүсчилсэн. Бид бүсийн зөвлөлүүдээ байгуулах болсон. Бүсийн зөвлөл уулзахдаа бүс эрх зүйн орчин, тогтолцоо, эдийн засгийн хувьд ямар байх талаар та бүхэн ярилцана. Мөн цаашид бүс хоорондоо хэрхэн уялдахыг ярилцах учиртай. Засаг дарга нар бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш 95 хоног өнгөрсөн байна. Цаг хугацаа маш хурдтай. Монгол Улсын хувьд зээлжих зэрэглэл өссөн. Төлбөрийн тэнцэл эерэг байж, оны эцсийн балансууд аятайхан гарсан. Тиймээс цаашид Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ-үүдийг 10 мянган ам.долларт хүргэхийн тулд өмнө нь олон жил яригдсан томоохон төслүүдээ маш хурдтай эдийн засгийн эргэлтэд оруулна. Мөн хот хөдөөгийн ялгаатай байдлыг шинэ түвшинд гаргах зайлшгүй шаардлагатай. Засгийн газрын үйл ажиллагаа бүхэлдээ дэд бүтэц рүү чиглэж байгаа. Энэ жилийн хувьд илүү нийслэл рүү чиглэнэ. Энэ хугацаанд та бүхэн бүсийн зөвлөлөө байгуулаад, орон нутгийн аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтраад бүсийн төлөвлөлтөө гаргана. Бүсийн төлөвлөлтөө сайн хийж, урт хугацаанд төлөвлөж чадсан бүсэд Засгийн газар илүү санхүүгийн дэмжлэг үзүүлнэ" гэв.
Сэтгэгдэл (0)