Дональд Трамп Цагаан ордонд эргэн очсоноосоо хойш юу хийв?

 Трамп даваа гарагт тангаргаа өргөснөөр АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч болсон. Албаа аваад удалгүй хэд хэдэн томоохон зарлигуудыг үзэглэж, өөрийн “эргэн эрэлтээ” америкчууд болон дэлхий нийтэд харуулж байна.

78 настай Трамп эргэн ирээд одоогоор ямар ажлууд хийсэн байгааг танилцуулъя.

Цагаачлал

Трамп тангараг өргөсөн даруйдаа АНУ-Мексикийн хил дээр онц байдал зарласан. Батлан хамгаалахын яамд хилийг хамгаалах, хана барих, хууль бус цагаачдыг баривчлах зэрэг ажлыг тэргүүлэх чиглэлээ болгохыг үүрэгдсэн. Мөн салбарын сайдад шаардлагатай тохиолдолд хил рүү цэрэг илгээх эрх олгосон юм. 

Тэрбээр дүрвэгчдийг хүлээн авах ажиллагааг зогсоох шийдвэр гаргаж, Афганистанаас 1660 орчим хүн АНУ-д шилжин суурьших гэж байсныг цуцалжээ.

Үүгээр зогсохгүй аллага болон бусад хүнд гэмт хэрэг үйлдсэн хууль бус цагаачдад хуулийн дагуу цаазын ял оноохыг Ерөнхий прокурорт үүрэг болгосон.

Өмнө нь АНУ-д төрсөн л бол тус улсын иргэншил олгодог байсан. Харин одоо эцэг эх нь АНУ-ын иргэншилгүй эсвэл хууль ёсны оршин суугч биш бол хүүхдэд иргэншил олгохгүй байх тушаал гаргасан. Үүнд шүүхээс хориг тавьсан.

Засгийн газрын олон янз байдал болон хүйсийн асуудлууд

Засгийн газрын олон янз байдал, тэгш байдал, оролцооны (DEI) хөтөлбөрүүдийг зогсоох тушаал гаргасан. Трансжендер хүмүүсийг цэрэгт алба хаахыг зөвшөөрсөн Байдены захирамжийг хүчингүй болгов.

Тэрбээр албан ёсны бичиг баримтад "эрэгтэй, эмэгтэй гэсэн хоёр хүйсийг хүлээн зөвшөөрөх" захирамжид гарын үсэг зурсан. Тус захирамжид "эдгээр хүйс өөрчлөгдөшгүй" гэдгийг заасан байна. 

Эрчим хүчний үйлдвэрлэлийг өргөжүүлэх

Эрчим хүчний үйлдвэрлэлийг өргөжүүлэхийн тулд үндэсний эрчим хүчний онц байдал зарлаж, цахилгаан автомашин руу шилжих зохицуулалтыг зогсоосон. 

Олон улсын гэрээ, байгууллагуудаас гарав

АНУ-ыг Парисын уур амьсгалын гэрээнээс гаргах тушаал гаргасан. Мөн Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас (ДЭМБ) гарах үйл явцыг эхлүүлээд байна.

Нэгдүгээр сарын 6-ны өршөөл

Дөрвөн жилийн өмнө АНУ-ын Капитол руу халдсан 1500 орчим иргэнд өршөөл үзүүлэв.

ТикТок ба DOGE

ТикТок аппликэйшнийг хориглох шийдвэрийг 75 хоногоор хойшлуулах захирамж гаргасан. Мөн төрийн үр ашигтай ажиллагааг дээшлүүлэх зөвлөл (DOGE)-ийг байгуулсан юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)