"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ

Өмнөд Солонгосын Бусан хот дахь "Гимхэ" олон улсын нисэх онгоцны буудалд Мягмар гаригийн орой "Air Busan" компанийн онгоц шатаж, онгоцонд байсан 176 хүнийг бүгдийг нь нүүлгэн шилжүүлжээ. 176 хүний 169 нь зорчигч, үлдсэн долоо нь хөлгийн багийн гишүүд аж. Мөн 22 зорчигч нь гадаадын иргэн байжээ.

Зорчигчдыг хийлдэг гулсуураар нүүлгэн шилжүүлэх явцад дөрвөн хүн шархадсан байна. Тухайн онгоц Хонгконг руу нисэхээр бэлтгэж байжээ. Гал онгоцны сүүл хэсгээс эхлэн гарсан. Гал сөнөөгчид найман минутын дараа ослын газарт иржээ. Өдгөө галын шалтгааныг тогтоохоор холбогдох байгууллагууд ажиллаж байна.

"Air Busan" нь төрийн өмчит агаарын тээврийн компани бөгөөд толгой компани нь "Asiana Airlines" юм.

Нэгэн зорчигчийн хэлснээр онгоцны арын хэсгийн тээшний тавиураас шажигнах чимээ гарч эхлээд удалгүй утаа гарчээ. Онгоцны үйлчлэгч гал унтраагч авчрах үед утаа улам өтгөрсөн байсан гэв. Тухайн осолдсон онгоц 17 жилийн насжилттай байжээ. "Air Busan" өнгөрсөн 10 жилийн хугацаанд огт осол гаргаагүй ажиллажээ.

Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрт сүүлийн нэг сарын хугацаанд ийнхүү хоёр дахь удаагаа онгоцны осол болж байна. Сар хүрэхгүй хугацааны өмнө Муан олон улсын нисэх онгоцны буудалд "Jeju Air"-ын онгоц ослын буулт хийж, 179 хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Энэ ослоос ердөө хоёр л хүн амьд үлдсэн юм.

ЭХ СУРВАЛЖ: BBC

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)