Дональд Трамп онгоцны ослоос нэг ч хүн АМЬД ГАРААГҮЙ гэв
- 3 цаг 5 мин
- Дэлхий
- 0
Орон нутгийн цагаар энэ сарын 29-ний өдөр АНУ-ын Вашингтон ДС-д зорчигч тээврийн онгоц цэргийн нисдэг тэрэгтэй мөргөлдөж осолдсон хэрэг гарсан билээ. Зорчигч тээврийн онгоцонд нийт 64 хүн зорчиж явсан бол цэргийн нисэх онгоцонд гурван хүн байжээ. Тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп уг ослоос амьд гарсан хүн байхгүй хэмээн албан ёсоор олон нийтэд мэдэгдсэн байна.
Уг мэдэгдэлдээ Дональд Трамп "Одоо бид сэргээн босгох ажил руу шилжээд байна. Харамсалтай нь уг ослоос амьд үлдсэн хүн байхгүй. Энэхүү явдал манай улсын түүхэнд хар толбо болон үлдэж, тэвчихийн аргагүй эмгэнэлт явдал байлаа. Биднээс гэнэт нисэн одсон нандин сүнс бүхэнд эмгэнэл илэрхийлж байна.
Тэргүүн хатагтайн нэрийн өмнөөс болон 340 сая америкучуудын өмнөөөс бидний зүрх сэтгэл сэтгэл та бүхнийхтэй хамт шүү, бидний залбирал одоо болон ирээдүйд ч та бүхэнтэй хамт байх болно.
Бид осол чухам юунаас үүдэн гарсныг олж тогтоон цаашид ийм явдал гарахгүй байхад анхаарах болно. Үндэсний Тээврийн Аюулгүй байдлын Зөвлөл болон АНУ-ын армид уг хэрэгтэй холбогдуулан системчилсэн, иж бүрэн мөрдөн байцаалт явуулах болно" гэжээ.
Пүрэв гарагт осолдсон онгоцноос 27 хүний цогцос гарган авсан бол нисдэг тэрэгнээс нэг хүний цогцос гарган авчээ. Ойрын хугацаанд бүх хохирогчдын цогцосыг гарган авч, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгөх болно гэдгээ албаныхан мэдээлсэн байна.
Одоогийн байдлаар 300 орчим алба хаагч хэт хүйтэн нөхцөлд хохирогчдыг эрэн хайх, аврах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Ассошиэйтед Пресс (AP) агентлагийн мэдээлснээр, осолдсон онгоцны зорчигчдын дунд АНУ-ын уран гулгалтын аварга шалгаруулах тэмцээнээс буцаж явсан уран гулгагчид болон тэдний хоёр орос дасгалжуулагч байсан байна.
Осолдсон зорчигч тээврийн онгоцонд Жинна Хан, Спенсер Лэйн хэмээх хоёр өсвөр насны уран гулгагч болон Бостоны тэшүүрийн клубын уран гулгагч ээж, охин хоёр дасгалжуулагч мөн явж байжээ.
АНУ-ын уран гулгалтын спортынхон "Бид энэ үгээр хэлэхийн аргагүй эмгэнэлт явдалд сэтгэл дундуур байгаа бөгөөд хохирогчдын ар гэрийнхэнд сэтгэл зүрхээрээ ойр байх болно" хэмээсэн байна.
Сэтгэгдэл (0)