Мал тооллого ба ам тооллого
- 4 цаг 24 мин
- Нийгэм
- 1
Монгол Улсад хүн амын тооллого хх зууныг хүртэл тогтмол хийгдэж байгаагүй бөгөөд 1918 онд анх иргэдээ бүрэн тоолж, бүртгэлжүүлсэн түүхтэй.
Тухайн жил хүмүүсийг бүртгэж, тоолоод зогсохгүй малын тоо толгойг ч гаргасан талаар түүхэн эх сурвалжид тэмдэглэн үлдээжээ. Улсынхаа хүн амыг тоолж, тооцоолохдоо малын тоо толгойг орхигдуулаагүй нь манай улсын эдийн засгийн хөгжилд хөдөө аж ахуйн салбар амин чухал байр суурь эзэлж ирснийг илтгэнэ. Тэр цагаас хойш хүн, малын тооллогыг тогтмол хийж ирсэн бөгөөд мал тооллогыг 1961 оноос нэгдсэн арга зүйгээр, жилийн эцэст тоолдог тогтолцоо бий болсон байна. Тиймээс бүртгэл, статистикийн ажил ч эндээс эхлэн хөгжсөн гэж салбарынхан үздэг.
Ардчилсан нийгэмд, хүний хувийн өмчийг жил бүр тоолж, энэ ажилд улсаас хөрөнгө зарцуулж, төрийн алба хаагчдыг дайчлах нь учир дутагдалтай гэж шогшрох хүн цөөнгүй. Гэвч бодит байдал дээр малын тоо толгойг үнэн зөв гаргах нь асар чухал ач холбогдолтой. Тооллогын дүн мэдээг макро түвшинд хийдэг тооцоо, судалгаанд ашигладаг төдийгүй салбарын бодлого боловсруулах, шийдвэр гаргах мэдээллийн гол эх үүсвэр болдог байна. Харамсалтай нь, жил бүхэн мал тоолох ажилд хүмүүсээ дайчилж, хөрөнгө зарцуулдаг ч малын тоо, толгойг үнэн зөв бүртгэдэг эсэх нь эргэлзээтэй. Шулуухан хэлэхэд, нэрэн дээрээ нүдээр үзэж тоолно гэдэг ч нэдэр дээрээ ам тоо авч, малчдын А дансны лавлагаанд бүртгэдэг ужиг асуудал өнөө ч ховхроогүй байна.
Цаасан дээрх тоо өсөх шалтгаан: МАЛЧНЫ ЗЭЭЛ
Төлөвлөгөөт засгийн дунджаар үед эдийн жилд 24 сая толгойгоос хэтэрдэггүй байсан малын тоо толгой хувийн өмчид шилжсэнээр 70 сая болтлоо өссөн. Малын тоо эрс нэмэгдсэн нь шалтгаантай. Анх 2002 оноос банкууд малчны зээл олгож эхэлсэн бөгөөд зээлээ малын тоонд үндэслэн өгдөг болсон. Мөн үед буюу 2002 онд манай улсын малын тоо 23 сая байсан бол 10 жилийн дараа 40 сая, 20 жилийн дараа 70 сая болтлоо өссөн байна. Ийнхүү малчдад мал барьцаалан зээл өгдөг болсноос хойш жилд дунджаар дөрвөөс зургаан саяар малын тоо тогтмол нэмэгдсэн болохыг статистикийн мэдээллээс харж болохоор байна. Энэ нь малын хорогдол багасаж, төл арвин авч байгаагаас болсон мэт ойлгогддог ч үүнээс гадна малчид банкнаас зээл авахын тулд малынхаа тоог худал өсгөж мэдүүлдэгтэй холбоотой юм.
Малын тоо авахаар сумын захиргаанаас комисс гэх хүмүүс ирдэг. Гэхдээ учиргүй толгой бүрчлэн тоолоод байдаггүй. Монгол Улс 60-70 сая малтай гэдэг худлаа тоо. Малчид банкны зээлээр л амьдарч байна. Зээл авах гэхээр малын тоо гол шалгуур болчихдог. Тиймээс ахуйдаа баригдаад ихэнх нь малаа нэмж тоолуулж байгаа. Банкны зээлийн босго давахын тулд 100 малтай нь 300, 400 гээд хэлчихдэг. Сайн малчин, аварга малчин зэрэг цол, хэргэм авахад ч малын тоо нөлөөлнө. Цол, шагнал авах хүсэлтэй нь хүний, өөрийн мал нэмээд л тоолуулж байгаа. Хэдэн жилийн өмнөөс малын хөлийн татвар төлдөг болсон. Татвар өгөх боломж багатай нь малынхаа тоог дарж ч хэлдэг байх. Мал тооллого яг үнэн, зөв гарахад бэрх шүү дээ. Талын нэг тарчихсан, отор нүүдлээр явчихсан хүмүүсийн араас дарга нар хөөцөлдөөд явна гэж байхгүй. Заримтай нь утсаар холбогдоод л тоо авдаг. Хэлсэн тоог нь бүртгээд өнгөрдөг.
Цаасан дээрх тоо өсөх шалтгаан: ТӨР
Малынхаа хэлэх тоог шалтгаан зээлээр өсгөж банкны хязгаарлагдахгүй. Төрийн бодлого, шийдвэр ч үүнд нөлөөлж буй чухал хүчин зүйл. Мах, сүү, ноос, ноолуурын урамшуулал цөм мал тооллогын мэдээлэлд үндэслэн олгогддог.
Түүнчлэн төрөөс хэрэгжүүлж буй хөнгөлөлттэй зээл, тусламж ч мал тооллогын цахим санд бүртгэгдсэн мэдээлэлд тулгуурлан хэрэгждэг. Мөн гадаад улсын визэд орох зэрэгт ч тодорхой нөлөөтэй юм.
Манайх нийслэлд амьдардаг. Биднийг хуримаа хийхэд аав, ээж маань 300 гаруй бог мал таслаж өгсөн. Анх бэлэг, ерөөлөө бодоод малаа өөр дээрээ тоолуулж байлаа. Түүнээс хойш зарж, үрээд одоо байхгүйтэй адил болсон. Гэхдээ тоо өгөхдөө анхныхаар нь л хэлчихдэг. Цар тахлын өмнө малчдад ямааны урамшуулал олгоход малынхаа хишгийг анх хүртэж, нэг сая гаруй төгрөг төрөөс авсан. Тухайн үед малаа зараад, 10 гаруй л ямаатай үлдсэн байсан. 2021 онд малчдад гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай зээл олгосон доо. Түүнээс долоон сая төгрөг авсан. Өнгөрсөн зун мөн л “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд малчдад олгож буй гурван хувийн хүүтэй зээлд хамрагдаж, 20 сая төгрөгийн зээл авсан. Энэ мэт зээл, урамшуулалд хамрагдахад хэрэгтэй гээд малынхаа тоог ахиухан хэлчихдэг. Мал тооллогын тухайд, багийн дарга утсаар яриад, тоо асуудаг. Хэлснээр л биччихдэг юм. Малын хөлийн татвар гэж жилд цөөн төгрөг төлдөг. Өнгөрсөн сард 100 гаран мянган төгрөг тушаасан.
2020 онд малчдад ноолуурын урамшуулал олгох шийдвэрийг тухайн үеийн Засгийн газар гаргаж байв. Улмаар малчин, мал бүхий иргэдэд ноолуурын урамшуулал олгоход улсын төсвөөс 200 орчим тэрбум төгрөг зарцуулсан юм. Ингэхдээ хэний хотноос хэдэн килограмм ноолуур гарч байгаагаас үл хамаарч, ишиг, сэрх ялгалгүй малынх нь тоогоор мөнгө “цацсан”. Нэг ямаанаас 300 грамм ноолуур гарна гэж тооцоолоод гурван ямаа тутамд 20 мянган төгрөг олгохдоо хотонд байгаа малыг нь нягталж, тоолохгүйгээр мал тооллогын дүн дээр нь үндэслэн иргэдийн дансанд мөнгийг нь шилжүүлсэн. Ийнхүү мал тооллогын үеэр ямааны тоогоо нэмж бүртгүүлсэн иргэд башийж, байгаа малаа бодитоор нь мэдээлсэн иргэд барайсан түүх бий. Үүнээс жилийн дараа гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээлийг малчдад олгох шийдвэр гарсан. Энэ ажил мөн л мал тооллогын дүнд үндэслэн хэрэгжсэн. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн онд “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд мөн гурван хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийг малчдад олгож эхэлсэн. Одоогоор нийт 660 гаруй тэрбум төгрөгийн зээл олгоод байгаа бөгөөд нийт 13549 малчин зээлд хамрагдсан байна. Нийт малчны 4.5 хувь нь хоршооны гишүүнээр элсэж, зээл авчээ. “Шинэ хоршоо”-ны хүрээнд олгож буй зээл ч дээрхийн адил малын тоонд үндэслэх бөгөөд нэг иргэнд 20-50 сая төгрөгийн зээл олгох юм. Тэгэхээр малаа ахиу тоолуулсан иргэд 50 хүртэлх төгрөгийн зээл авч, арай бага малтай нь 20 сая төгрөг хүртэнэ гэсэн үг. Энэ мэт хөнгөлөлт, урамшууллаас шалтгаалан малчид малын тоогоо ахиу бичүүлэх хүсэлтэй байдаг аж.
Албан татварын хангалтгүй хэрэгжилт
Малын тоо толгойн албан татвар буюу бидний ярьж заншсанаар малын хөлийн татварын хууль 2021 оноос хэрэгжиж эхэлсэн. Тус хуулийн дагуу мал бүхий этгээд, малчид албан татвар төлдөг болсон бөгөөд татварыг малын тоонд үндэслэн ногдуулж байна. Нэг малд жилд ногдуулах албан татварын хэмжээ 0-2000 төгрөг байх бөгөөд татварын хэмжээг энэ хязгаарт багтаан сум, дүүргийн ИТХ малын төрөл тус бүрээр тогтоож буй. Харин малын тоо толгойн албан татварын орлогыг Орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлэх бөгөөд ИТХ-аас тогтоосон эрэмбээр зарцуулах юм. Малын хөлийн татвар авч эхэлснээр малчид малын тоогоо өсгөхгүй, үнэн зөв мэдүүлнэ гэж холбогдох албаныхан үзэж байв. Түүнчлэн сум орон нутгийн төсвийн орлогыг нэмэгдүүлэх, бэлчээрийн талхагдлыг бууруулах, бэлчээрийг хамгаалах, малчдын амьжиргааг дээшлүүлнэ гэж тооцоолж байсан юм.
Гэвч тус хууль дээрх зорилгоо биелүүлж хараахан чадахгүй байгааг хуулийн хэрэгжилтэд хөндлөнгийн үнэлгээ хийсэн “Тунгаамал төв” ТББ мэдээлжээ. Тухайлбал, сумын ИТХ татварын хувь хэмжээг хэтэрхий ихээр бууруулж тогтоосон тохиолдол элбэг байна. Энэ нь сумын ИТХ-ын бүрэлдэхүүнд малчин төлөөлөгч олон байдагтай холбоотой аж. Түүнчлэн сумынхан бие биеэ сайн таньдаг учир “найзан дундаа” тохирч, малынхаа татварыг бага тогтоох, чөлөөлөх тохиолдол ч байдаг ажээ.
“Тунгаамал төв” ТББ-ын Гүйцэтгэх захирал О.Тунгалаг
"Зэргэлдээ хоёр сум татварынхаа хувь хэмжээг өөр өөрөөр тогтоосон байна. Нэг нь 500 төгрөгөөр тогтоосон байхад нөгөө сум нь чөлөөлчихсөн байх жишээтэй. Ижилхэн байгаль цаг уурын нөхцөлтэй, бэлчээрийн даац нь ч адил, малчдын амьжиргаа ч ерөнхийдөө ойролцоо хэр нь татварынхаа хувь хэмжээг өөр тогтоочихсон гэсэн үг. Сумын ИТХ-ын бүрэлдэхүүнд малчин төлөөлөгчид их байдаг. Мөн сумынхан бие биенээ маш сайн таньдаг учраас төлөөлөгчид татварын хувь хэмжээг ихээр нэмэгдүүлж тогтооё гэдгээ хэлж чаддаггүй. Татварын ерөнхий газраас өгсөн төлөвлөгөөг бага зэрэг бууруулаад төлөвлөгөөгөө маш сайн биелүүлсэн сумд байна. Төлөвлөгөөг үндэслэлтэй тогтоогоод ногдлоо зөв тогтоож, төлөвлөгөөгөө биелүүлчихсэн сумд ч бий. Төлөвлөгөөг хэтэрхий бууруулаад түүнийгээ маш өндөр хувиар биелүүлсэн сумдууд болон төлөвлөгөөгөө маш их бууруулсан ч орлогоо муу бүрдүүлсэн сумд ч байна."
Татвар тогтоосноор малын тоо, толгой үнэн гарч, асуудал цэгцэрнэ гэх хүлээлттэй байсан ч хэрэгжилт учир дутагдалтай байгааг эндээс харж болохоор байна. Түүнчлэн мал тооллогын ажлыг хариуцлагажуулахгүй, ам тоогоор бүртгэсээр байх нь малын тоогоо бага мэдүүлж, татвараас зугтах нөхцөл бүрдүүлэх ч эрсдэлтэй юм.
Малын тоог үнэн, зөв гаргах нь асар чухал ач холбогдолтой. Төрөөс малчдын талаар баримтлан хэрэгжүүлж буй бүхий л бодлого дээрх статистик дээр үндэслэн гардгаас гадна вакцин, малчдад үзүүлэх дотоодын болон олон улсын тусламж үйлчилгээ зэрэг ч эл тоонд түшиглэн хэрэгждэг. Мөн Монгол Улсын бэлчээрийн даац, мал аж ахуйн үйлдвэрлэл, ашиг цаашлаад Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээ зэрэг микро болон макро түвшний тоо, мэдээлэлд малын тоо, толгой чухал байр суурь эзэлж, үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс малаа зөв тоолж, бүртгэлжүүлэх нь хүнээ тоолохтой агуулга, ач холбогдол дүйнэ.
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл
Сэтгэгдэл (1)
Бат (202.9.47.0)
Би соц нийгмийн үед малын тооллогонд явж байлаа ёстой зөв тоолдог байсан хэдэн жилийн өмнө мал тооллогынхонтой айлд таарсан амаар тоо аваад явж байна билээ энгээд бодохоор монгол хэдэн малтай нь тодорхойгүй л үе болж дээ