Такэнори Шимизү: Тавин жилийн өмнө Монгол орныг хөгжлийн ийм түвшинд хүрнэ гэж төсөөлж ч байсангүй
- 2 цаг 27 мин
- Улс төр
- 0
Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Монгол-Японы найрамдлын нийгэмлэгийн ерөнхийлөгч Такэнори Шимизү 2011-2016 онд Япон Улсын Элчин сайдаар манай улсад ажилласан. Түүнийг саяхан Монголд ирэх үеэр уулзаж хөөрөлдөв.
-Та анх 1977 онд Монголд анх хөл тавьж байсан гэхээр 50-иад жил өнгөрсөн байна. Монгол оронд ирэх болгондоо та юуг хамгийн ихээр мэдэрдэг вэ?
-Би анх 1977 онд Монголд хөл тавьж байжээ. Тэр үед би монгол хэл сурахаар ирж байлаа. Харамсалтай нь, тэр үед Монгол социалист чиг баримжаатай орон байсан тул намайг их сургуулийн оюутны байранд монгол оюутнуудтай хамт байлгаж, сургаагүй. Би монгол хэлийг вьетнам оюутнуудтай хамт сурсан юм. Тухайн үед амьдрал хүндхэн байлаа. Тэр цагаас хойш олон жил өнгөрсөн байна. Үнэндээ энэ хугацаанд Монгол Улсад гарсан өөрчлөлтийг дүгнэж хэлбэл, гайхамшигтай гэхээс өөр үг санаанд буухгүй байна. Тавин жилийн өмнө Монгол орныг хөгжлийн ийм түвшинд хүрнэ гэж төсөөлж ч байсангүй. Тэр цагаас хойш дөрвөн удаа Монголд ажиллахаар томилогджээ. Тиймээс Монгол Улс миний хоёр дахь төрсөн нутаг минь болсон байна.
-Та манай улс дахь Японы ЭСЯ-нд дөрвөн удаа ажиллаж, атташегаас Элчин сайд хүртэлх албыг хашсан хүн. Элчин сайдын үүрэгт ажлаа хүлээлгэн өгөөд 8 жил өнгөрсөн байна. Энэ удаагийн тань аяллын зорилгыг асууж болох уу?
-Элчин сайдын ажлаа хүлээлгэн өгснөөс хойш янз янзын шугамаар Монголтой холбоотой явж иржээ. Гурван жилийн өмнөөс миний төрсөн нутаг Ооита мужийн Коконоэ хот болон Архангай аймгийн Цэнхэр сум хооронд холбоо тогтоон, сурагч солилцоог хэрэгжүүлэхээр болсон. Цаашид Архангай аймаг Ооита муж хамтран ажиллах төлөвлөгөөтэй байгаа. Тиймээс энэ удаа бид Чиба Технологийн их сургуульд хэрэглэж байсан 550 ширхэг iPad-ыг бүрэн шинэчилж, Улаанбаатар хот болон Архангай аймгийн ЕБС-иудад бэлэглэхээр ирээд байна. Түүний дотор 350-ыг нь Архангай аймгийн сумын ЕБС-иудад тараах юм. Энэ ажил маань Монголын боловсролын салбарт зохих хувь нэмэр оруулна гэж бодож байна. Мэдээж Элчин сайдаар ажиллаж байх үеийнхтэй харьцуулбал өнөөдрийн хийж байгаа ажил маань тийм ч том ажил биш л дээ. Гэлээ гэхдээ одоогоор миний өмнөө тавьж буй хамгийн том зорилго бол хүүхэд рүү чиглэсэн ажлууд маань юм.
Чиба Технологийн их сургуулиас Монголын ЕБС-иудад iPad бэлэглэх санамж бичигт гарын үсэг зурах үеэр
-Манай улсад Элчин сайдаар ажиллах хугацаандаа та боловсролын салбарт олон төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн. Ер нь таны ажлын цөм нь яагаад хүүхэд залуус байсаар ирэв?
-Аль ч улс орон хөгжлийн замналаа түргэтгэе гэвэл хүнээ хөгжүүлэх хэрэгтэй. Монгол хүн эрүүл саруул, боловсролтой бол танай орны өмнө тулгарсан ямар ч саад бэрхшээлийг ухаалгаар даван туулж чадна. Тийм учраас Монгол Улс боловсролын салбараа нэн тэргүүнд тавьж, анхаарал хандуулж ажиллах хэрэгтэй гэж бодож байна.
-Би тантай холбоотой нэг түүх сонсож байв. Таныг хувьчлагдах дээрээ тулаад байсан Хүүхдийн урлан бүтээх төвийн барилгын засварын ажилд хөрөнгө оруулж, хүлээлгэн өгч байсан тухай юм. Тухайн үед та “Энэ л миний хийх ажил мөн байна даа” гэж бодсоноо ярьсан байсан. Тэр цаг мөчөө бидэнтэй хуваалцана уу?
-Танд маш их баярлалаа. Үнэндээ энэ сэдвийг би бүр мартсан байна. Тэр төвд олон сайхан багш ажиллаж, гэр хорооллын олон хүүхдийг сургадаг байсан. Тиймээс тэдгээр сургалт болон эргэн тойрон дахь үйл ажиллагааг нь хадгалж авч үлдэх нь маш чухал санагдаж байсан. Тиймээс дээврийг нь засварлан, хүлээлгэж өгсөн л дөө. Тухайн үед ихээхэн хөөцөлдөж бүтээсэн ажлуудын маань нэг үнэхээр мөн л дөө.
-“ГХЯ-нд ажилласан нийт хугацааны маань тал нь Монголтой, монголчуудтай холбоотой он жилүүд байсан” гэж Та нэгэнтээ дурссан байдаг. Тухайн хугацаанд хэрэгжүүлсэн төслүүдийнхээ алийг нь хамгийн "том" гэж боддог вэ?
-Элчин сайдаар ажиллаж байх үед томоохонд тооцогдох хэд хэдэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн. Үүний дотор Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлын төсөл, мянган инженерийг Японд сургах төсөл, АШУҮИС-ийн харьяа эмнэлгийг барих төсөл гэсэн гурван төслийг нэрлэмээр байна. Эдгээр төслийг хэрэгжүүлэхэд амаргүй байсан.
Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлын төслийн хүрээнд анх тухайн үеийн ханшаар 278 сая ам.долларын зээлийн гэрээ байгуулсан ч өнөөдрийн түвшний буудлыг барьж чадаагүй. Тиймээс 390 сая ам.долларын нэмэлт санхүүжилт шаардлагатай болсон. Гэтэл Японы тал анхны санхүүжилтдээ багтааж, онгоцны буудлыг барих ёстой гэсэн тооцоололтой байснаас болоод ойлголцлын зөрүү гарсан. Тиймээс Ерөнхий сайд агсан Шинзо Абэд хандаж хэллээ л дээ. “Энэ асуудлыг шийдэх хэрэгтэй, тэгэхгүйгээр ажил дараагийн шатанд шилжинэ гэхэд хэцүү байна” гэсэн. Монголын талд ч гэсэн ганц нэг улстөрч “Энэ онгоцны буудлыг барих нь манай улсын эдийн засагт ямар ашигтай юм бэ” хэмээн эсэргүүцэж байсан юм шүү. Гэх мэтчлэн ихээхэн саад тотгортой тулж байж энэ төслийн ард гарсан даа.
-Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал мэдээж сайхан бүтээн байгуулалт болсон гэдэгтэй маргах хүн үгүй биз. Гэхдээ цаашид хэрхэн өргөтгөх нь зохистой гэж та үзэж байна вэ?
-Монгол Улс хойшид хэдэн сая гадаадын жуулчин хүлээн авна гэвэл өнөөдрийн нисэх онгоцны буудлын багтаамж, хүчин чадал хангалтгүй байна байх. Монголын Засгийн газар шинэ өргөтгөлийг бодит ажил хэрэг болгож чадвал тун сайн хэрэг. Тэгэхдээ өнөөгийн Монголд агаар, усны бохирдол, түгжрэл зэрэг хүндэрсэн асуудал цөөнгүй байна. Төрийн хүмүүс энэ бүхнийг богино хугацаанд бодитоор нь шийдэж өгөөсэй гэж хүсэж байна.
-Ер нь дипломатч хүний хувьд, өөртөө хамгийн ихээр баярлаж байсан үеийг хуваалцаж болох уу?
-Янз янзын төсөлд гар бие оролцож явлаа. Атташе байхдаа ч, Элчин сайд байхдаа ч ялгаагүй боловсролын салбарыг голлон анхаарч, авч үздэг байсан. Орон нутагт ажиллах үеэрээ нэн тэргүүнд, ялангуяа сумын сургууль, дотуур байр, сургуулийн үйл ажиллагаатай танилцдаг байлаа. Тэгээд асуудал байвал “Өвсний үндэс” төсөлд хамруулдаг байсан. Миний шууд оролцоотой төсөл гэвэл 200 гаруй бий. Дипломатч хүнийхээ хувьд, миний сэтгэл зүрх дотроо бодож, өөрөө өөртөө баярлаж явдаг зүйл маань гэвэл хүүхдийн төлөө ажилласан үйл хэрэг маань юм.
Архангай аймгийн Цэнхэр сумын ЕБС-д зочлох үеэр
Үүний дээр миний нэг баярлаж явдаг зүйл бол, тухайн үед ЭСЯ-нд хамт ажиллаж байсан ажилтнууд маань миний үзэл санаа болон бодлого, үйл ажиллагааг тууштай дэмжиж байсанд гол учир зангилаа нь оршиж байгаа юм. Япон Улсаас Монгол Улсад суугаа одоогийн ЭСЯ ч мөн адил орон нутгийн сургуулиудын сургалтын нөхцөл байдлыг сайжруулахын төлөө ихээхэн хичээл зүтгэл гаргаж ажилладаг гэдгийг хэлье.
-Манай улс Япон улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг амжилттай байгуулсан. Хэлэлцээрийн үр шимийг бид бүрэн дүүрэн хүртэж чадаж байна уу?
-Би тэгж бодохгүй байна. Харамсалтай нь, энэхүү боломжийг хангалттай ашиглаж чадахгүй байна. Хоёр улсын Засгийн газар өөр хоорондоо ярилцаж, асуудлыг шийдэх ёстой. Гэрээг байгуулснаас хойш Японоос Монгол руу хийх экспортын хэмжээ улам бүр нэмэгдэж байна. Гэтэл Монголоос Япон руу хийх экспортын хэмжээ бараг хэвээрээ байна. Учир шалтгааныг нь тогтоож, монголчууд Япон руу улам олон нэр төрлийн бараа бүтээгдэхүүн гаргах ёстой.
-Биднийг хамгийн сайн мэдэх хүний хувьд та Японы бизнесменүүдэд монголын зах зээлээс юуг санал болгодог вэ?
-Ний нуугүй хэлэхэд, Монголын зах зээлийг сонирхох Японы сонирхол буурсан. Энэ нь хэд хэдэн шалтгаантай. Тухайлбал, гэрээний нөхцөлийг муутгах тохиолдол Засгийн газрын түвшинд ч байсан. Тиймээс энэ мэт алдааг засах хэрэгтэй. Тэгэхдээ сүүлийн үед танай улсын Засгийн газар ихээхэн хичээж, зах зээлийн нөхцөл байдлаа сайжруулж, японы компаниудын сонирхлыг татахаар хөөцөлдөж байгаа юм байна гэж ойлгож байгаа.
-Та Монголын бизнес эрхлэгчдэд Японы зах зээлээс юуг нь санал болгомоор санагддаг вэ. Монголын бизнесменүүд үүнийг л олоод харчихаасай гэсэн бодол танд төрдөг байж мэдэх юм?
-Монголын бизнесменүүд өөрсдөдөө боломж гарган, Японд очоод хувийн хэвшлийнхэнтэй уулзаж, холбоо тогтоон, гэрээ байгуулахад суралцах хэрэгтэй. Энэ талын мэдлэг, туршлагыг хуримтлуулахгүй бол Японы компаниудтай гэрээ байгуулж, хөрөнгө оруулалт татна гэхэд хэцүү.
-Япон бол манай улсын чухал гуравдагч хөршийн нэг. Та бол туршлагатай дипломатчийн хувьд хоёр орны харилцааг шинэ шатанд гаргахын тулд ямар ажлыг хэрэгжүүлээсэй гэж боддог вэ?
-Намайг Элчин сайдаар ажиллаж байх таван жилийн хугацаанд Ерөнхий сайд Шинзо Абэ гурван удаа Монголд айлчилсан. Түүнээс хойш Японы Ерөнхий сайд хараахан Монголд айлчлаагүй байна. Тийм учраас аль болохоор өндөр дээд түвшний айлчлалыг Японы талаас хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэр нөхцөл байдал жаахан сулрах гээд байна уу даа хэмээн санаа зовниж байна. Үүний зэрэгцээ иргэд хоорондын солилцоо их чухал. Ялангуяа, Японоос Монгол руу ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх нь зүйтэй гэж бодож явдаг.
-Элчин сайдын албанаас бууснаас хойших хугацаанд та ямар ажил амжуулав. Таны дараагийн ажлын төлөвлөгөөг сонсож болох уу?
-Би Чуогийн их сургуулийн төгсөгч юм. Элчин сайдын ажлаа хүлээлгэн өгснөөс хойш их сургуульдаа профессороор таван жил ажиллалаа. Ажиллах хугацаандаа монголын аялал жуулчлалыг судалж, монголтой холбоотой семинарын хичээл орлоо. Одоо Чиба мужийн Технологийн их сургуульд зөвлөхөөр ажиллаж байна. Энэ удаа тус их сургуулийн дэмжлэгтэйгээр 550 ширхэг iPad-ыг бэлэглэх гэж байгаагаа би ярианыхаа эхэнд дурдсан. Мөн хоёр жилийн өмнөөс миний төрсөн нутаг Ооита мужаас Улаанбаатар руу тусгай нислэг үйлддэг болсон. Тус нислэгийг энэ жил зохион байгуулна гэж бодож байна. Уг нислэгийг зөвхөн миний төрсөн нутаг Ооита мужаас үйлддэг биш Фүкоака, Мияазаки муж руу үйлддэг болж байна. Ингэснээр Японоос Монголыг зорьж ирэх жуулчдын тоо нэмэгдэнэ.
Ооита мужаас Улаанбаатар руу ирсэн зорчигчдын хамт
-Элчин сайд байхдаа бүх сумаар тойрчихсон уу. Монголын тал нутгийг санах юм уу?
-Бүх сумаар орж амжаагүй, 200 суманд очсон байх. Нэг аймагт бол 5-6 удаа очсон. Японд суурин суух болсоор Монголын тухай байнга боддог. Надад Увс аймаг маш их таалагддаг. Хяргас нуурын эрэг дээр очмоор санагдаж байна шүү.
-Таны хүсэл биелэх байх. Төдийлөн нууц биш бол Элчин сайд байх хугацаандаа өөрийнхөө хийе гэж бодсон ажлаа амжуулсан уу?
-Тухайн үед хийх ёстой бүх ажлаа хийсэн гэж бодож байна. Элчин сайдаар ажилласан таван таван жилийн хугацаанд Ерөнхий сайд асан Шинзо Абэ гурван удаа Монголд айлчилсан. Монгол Улсын Ерөнхийлөгч Япон улсад хоёр удаа, УИХ-ын дарга гурван удаа, Ерөнхий сайд дөрвөн удаа айлчилсан. Нэг сайдын хугацаанд тийм тооны айлчлал хэрэгжих эсэхийг хэлж мэдэхгүй байна.
-Сүүлийн жилүүдэд манай улс Ерөнхийлөгчийн түвшинд хэд хэдэн үндэсний хэмжээний хөтөлбөр хэрэгжүүлж байна. Тухайлбал, “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг нэрлэж болох юм. Таныг түүнтэй ойролцоо хөтөлбөр хэрэгжүүлж яваа тухай сонслоо?
-Танай улсын Ерөнхийлөгч хэдэн жилийн өмнөөс “Тэрбум мод” тарих хөдөлгөөн эхлүүлсэн. Энэ бол маш зөв ажил. Гэхдээ модыг “амьдруулна” гэдэг амаргүй. Энэ ажлыг мэргэжлийн хүмүүсийг түшиглэж хийх хэрэгтэй. Тэрбум мод тарих та бүхний хичээл зүтгэлд хувиасаа амжилт хүсэж байна. Миний төрсөн нутагт сакура цэцгийг нэг метрийн өндөрт хүрэхээр нь тарьж байгаа. Ингэхдээ нутгийн хүүхэд, хөгшидтэй хамтарч тарьж байна.
Нутагтаа сакурагийн мод тарьж байгаа нь
-Ингэхэд та Монголтой холбоотой дурсамжаараа ном бичье гэж бодох юм уу?
-Найзуудтайгаа саяхан энэ тухай ярьж байлаа. Шинэ үеийн монгол залуусын мэдэхгүй их олон зүйлийг би мэднэ. Социализмын үеийн нөхцөл байдал ямар байв, шилжилтийн үед ямар бэрхшээлүүдтэй тулгарч байв, тэр бүх цаг хугацааг хэрхэн даван туулав, би ямар оролцоотой ажиллаж, амьдарч байв гэх мэтчилэн үйл явдлыг үнэн бодитоор нь бичиж үлдээхгүй бол болохгүй юм байна гэж сүүлийн үед бодох болсон. Намайг анх Гадаадын хэргийн яаманд ажилд ороход манай дарга “Чи монгол хэл сур” гэсэн даалгавар өгсөн байж билээ. Тэр цагаас хойш 50 жилийг үдсэн гэхээр ном бичих нь зөв юм байна гэж бодож байна.
-Цаг зав гаргаж бидэнтэй ярилцсанд баярлалаа.
Сэтгэгдэл (0)