С.Эрдэнэбат: ₮1,5 саяас доош цалинтай, гурван хүүхэдтэй иргэдийг татвараас чөлөөлөх хэрэгтэй
- 4 цаг 38 мин
- Улс төр
- 0
Татварын багц хуулийн шинэчлэлтэй холбогдуулан Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо (МҮЭХ) өнөөдөр хэлэлцүүлэг зохион байгуулж, УИХ-ын гишүүн, МҮЭХ-ны ерөнхийлөгч асан С.Эрдэнэбат уг хуульд оруулах саналаа танилцууллаа.
Тэрбээр,
Иргэдийн цалинтай нь хамааруулж бага орлоготой бол татвараас бүр мөсөн чөлөөлөх хэрэгтэй байна. Иймэрхүү жишиг олон улсад байдаг. Тухайлбал өрхийн нэг гишүүний ногдож буй орлого амьжиргааны баталгаажих доод түвшин юм уу, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага байвал ямар ч татвар авдаггүй. Ер нь 1.5 сая төгрөгөөс доош хэмжээний цалинтай иргэд ардаа гурван хүүхэд тэжээж байвал огт татвар авдаггүй байх хэрэгтэй. Ажилчдадаа хоол унааны мөнгө өгдөг аж ахуйн нэгж байгууллагаас татвар, нийгмийн даатгал, НӨАТ гэсэн татварыг давхардуулж авах бодлого хэрэгжээд байна. Үүнийг өмнөх татварын хуульд хөнгөлөх гээд чадаагүй. Хүмүүс татвараас зугтааж хоол унааныхаа мөнгөнд сардаа 5-10 сая төгрөг өгөөд байвал яах вэ гэж тайлбарлаж байлаа. Өдөрт 15-20 орчим мянган төгрөгийн хоол унааны мөнгөнөөс ямар ч татвар авахгүй гэх саналыг оруулна.
Иргэд НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох эсвэл чөлөөлөх асуудлыг хөндсөн. Бага дунд орлоготой, жижиглэн худалдаа эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллага НӨАТ-ын баримт өгдөг болох сэдлийг нэмэгдүүлэхээр шаталсан татварын асуудлыг ярьж байгаа. Сургалтын төлбөр дээр сонирхолтой санал орж ирсэн. Тухайлбал англи хэлийг гуравдугаар ангиас нь үнэ төлбөргүй заахаар хуульчилсан. Манай орны хэмжээнд 100 гаруй улсын сургууль англи хэлийг гуравдугаар ангиас нь заах боломжтой гэсэн судалгаа бий. Гэтэл ихэнх эцэг эхчүүд хүүхдүүдээ англи хэлний төлбөртэй сургалтад явуулж байгаа бол татвараас хөнгөлөх санал оруулж өгье. Төр нийт иргэнд суурь боловсролыг үнэ төлбөргүй олгоно гэж Үндсэн хуульдаа заасан. Жирийн айлын хүүхэд гуравдугаар ангиасаа англи хэлийг мэргэжлийн багшаар заалгуулах эрхтэй. Үүнийг төр нь хийж чадахгүй бол татвараас чөлөөлөх хэрэгтэй.
Тухайн аж ахуйн нэгж байгууллага ажилтныхаа хүүхдэд сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлсэн тохиолдолд нэг хувийн татварын хөнгөлөлтөд хамруулахгүй гэж байна. Хамгийн түрүүнд аж ахуйн нэгж байгууллага ажилтныхаа хүүхдэд гадаад дотоодод сурахад дэмжлэг үзүүлбэл нэг хувийн татварын хөнгөлөлтөд хамруулах санал гаргана. Орон сууцны түрээсийн орлогоос татвар авна гэж байгаа нь буруу. Тухайлбал нэг хүн өөрийнхөө амьдардаг байраа амьдрахгүй байх хугацаандаа түрээсэлчихдэг. Үүнээс нь татвар авах буруу. Харин таваас дээш орон сууцтай, асар үнэтэй объектыг эзэмшдэг хүмүүс түрээсийн орлогоосоо татвар төлдөггүй. Ийм хүмүүсийн түрээсийн орлогоос татвар авах ёстой. Залуус яаж цалингаараа байранд орж чадах билээ. Тиймээс аж ахуйн нэгжүүд ажилчдаа орон сууцаар дэмжсэн байвал татвараар дэмжих ёстой. Хэт олон орон сууцтай, түрээсийн орлоготой хүмүүсээс татвар авах ёстой".
Сэтгэгдэл (0)