Монгол Улс Дундаж Давхаргаа Хамгаалах Эдийн Засгийн Болон Татварын Шинэчлэлийг Хэзээ Хийх Юм Бэ?

- УИХ-ын гишүүн асан, судлаач Д.Ганхуягийн нийтлэлийг хүргэж байна-

Монгол Улсын иргэд, аж ахуйн нэгжүүд татвар, өндөр зээлийн хүү, төгрөгийн худалдан авах чадварын муудалт, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт зэрэг олон давхар дарамт дор тааруухан л амьдарч байна даа. Гэвч дарга нар эдийн засаг тэдэн хувиар өссөн гэж байнга мэдэээлнэ, гэтэл ядуурал бараг хүн амын 50 хувьд хүрч 2016 оны түвшнээс 42.5-иар өсчихжээ. Энэ нь төрийн буруу бодлогоос улбаатай иргэдэд хүртээмжгүй эдийн засгийн өсөлт гэдэг нь тодорхой бус уу. Хөөрхий дөө төсвөөс тэрбумтан улстөрчид ийм инээдтэй, мэдрэмжгүй.

Дүгнэлт нь хэнд ч ойломжтой, дарга таны эдийн засаг сайжирсныгаа хэлээд байгаа юм. Мөн сүүлийн үеийн ерөнхий сайдууд болон ЗГ-ын гишүүд нь ард иргэдэд таалагдах аар саархан юмаар хөөцөлдөж,гал унтраасан маягтай ( попрох, popu­list) ажиллаж байна. Эрх баригчид маань 2024 оны УИХ-ын сонгуулийн амлалтаа хэрэгжүүлэхийн тулд эдийн засгийн шинэчлэл болон бүтцийн өөрчлөлтийг сонгодог утгаар нь зайлшгүй хийх шаардлагатай болжээ. Ерөнхий сайд болон ЗГ-ын гишүүдийн үндсэн ажлын 80 орчим хувь парламенттайгаа ажиллах байдаг. Сүүлийн үед ЗГ-аас өргөн баригдаж буй хуулийн төслийн боловсруулалтын чанар муудаж байна гэж их бичих юм. Энэ нь ч аргагүй юм.Эдийн засгийн салбаруудын уялдааг хангаагүй ийм олон босоо тогтолцоотой яамдууд байхад.

ИЙМД ЗГ-Т САЛБАР ХООРОНДЫН УЯЛДААГ ХАНГАСАН ХЭВТЭЭ ЧИГЛЭЛИЙН “ХӨГЖЛИЙН СТРАТЕГИ БОдЛОГЫН ХОРОО” ГЭХ НЭРТЭЙ БҮТЦИЙГ БИЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ БАЙХ

Статус-ын тухайд агентлаг болон салбарын яамдын дээр байсан нь дээр. Энэ хорооны бүрэлдэхүүнд жинхэнэ сайн туршлага, өндөр чадвартай супер мэрэгжилтнүүд орох учиртай. Энэ хороог байгуулснаар зарим яамдыг татан буулгах боломжтой болно. Тэгээд тулгамдсан хуримтлагдсан олон асуудлуудаа хурдан шийдээд явахгүй бол эвгүй болж байна.Хөгжилтэй орнууд ийм бүтцийг болгож байна. Шалтгааныг нь доорх тайлбаруудаас харна биз ээ!

Улс орны эдийн засгийн бүтэц, тогтолцоо, бодлого, хууль журмыг үндсээр нь өөрчлөхийг эдийн засгийн шинэчлэл (ЭЗШ, economic reporm) гэх. ЭЗШ-ийн зорилго нь эдийн засгийг өсөлтөд хүргэх, орлогын тэгш бус байдлыг бууруулах,улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, үр ашигтай, тогтвортой байх зэрэг юм. ЭЗШ нь Зах зээлийн системийн шинэчлэл, Санхүүгийн шинэчлэл, Нийгмийн хамгаалал ба хөдөлмөрийн харилцааны шинэчлэл, Гадаад худалдаа ба үйлдвэрлэлийн бүтцийн шинэчлэл гэсэн таван үндсэн чиглэлд хуваагддаг. Энэ чиглэл бүр доторх задаргааг товчлов. Сошиалд бичнэ ээ. Одоо бол МУЗГ болон УИХ нь ганцхан татварын шинэчлэлтэй ноцолдож байх шиг байна. Сайн Татварын тогтолцоо гэж ямар тогтолцоог хэлэх вэ? Монгол Улсын эхлээд татварын тогтолцоондоо шинжилгээ хийх шаардлагатай болсон. САЙН татварын тогтолцоо гэдэг нь шударга, энгийн, эдийн засгийн өсөлтөд саад учруулахгүй, тогтвортой байдлаар шаардлагатай төсөв,санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлж чаддаг байхыг хэлнэ гэжээ.

ХЭРЭЭС ХЭТЭРСЭН ТАТВАРЫН ДАРАМТ (1)

Эрх баригчид хэзээ ард иргэдийнхээ амьжиргааны түвшнийг дээшлүүлэх үндсэн ажлаа хийх юм бэ? Монгол Улсын ядуурлыг хамрах хүрээ 2016 онд 27%-тай байсан бол,одоо 47% болж 42.5%-иар өссөн байна. Нэг хүнд оногдох дундаж ДНБ нь 46,700 ам$-тай хөгжилтэй(OECD) орнуудын татварын ачаалал 33.9%-тай байгаа бол, эдгээр орнуудаас даруй 6.9 дахин бага нэг хүнд оногдох ДНБ( 6,750 ам$)-тэй МУ-ын татварын ачаалал 33.6% байна. Энэ арай дэндүү бус уу?

ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНД ӨНДӨРТ ОРОХ ЗЭЭЛИЙН ХҮҮГИЙН ДАРАМТ (2)

Дээр нь Монгол Улсын иргэд, компаниудад бусад орнуудад бараг байхгүй том дарамт нь жилийн 24% буюу үүнээс дээш хувьтай арилжааны банкны зээлийн хүү юм. Энэ өндөр зээлийн хүү нь Монгол Улсад 4 жил дутамд болдог УИХ-ын сонгуулийн өмнөх болон сонгуулийн жилд улсын төсвийн зардлыг 30 хүртэл хувиар тэлж ирсэнтэй шууд холбоотой. Монгол банк /МБ/ нь энэ улсын төсвийн урсгал зардлын хэт их тэлэлт, өндөр алдагдлаас үүсэх инфляцийг хязгаарлахын тулд бодлогын хүүгээ 10-аас дээш хувь , түүнчлэн сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд дунджаар энэ хүүг 12

орчим хувьд барьж ирсэн. Төв банкны бодлогын хүү ийм өндөр байхад арилжааны банкны зээлийн хүү буурах боломжгүй. Бодлогын хүү 6-8 хувийн хооронд байхад арилжааны банкны зээлийн хүү сарын 1%, жилийн 12%-иас хэтрэхгүй байх боломжтой. Яг өнөөгийн байдлаар эрх баригчдад үнэхээр иргэдийнхээ амьжиргааны түвшнийг сайжруулах сэтгэл байвал төв банкны бодлогын хүүг нэг оронтой тоонд оруулах ажил юм. Энэ ажлыг нийт иргэдэд ээлтэй, ашигтай, шийдлээ хүлээж байгаа олон асуудлууд дотроос хамгийн чухал нь гэж хэлэх байна. МБ нь бодлогын хүүгээ бууруулахгүй өнөөгийн түвшинд байх юм бол гаднаас арилжааны банк орж ирсэн ч зээлийн хүү буурах магадлал тааруу байна. Тэрнээс ЗГ болон УИХ нь улсын төсвийг зардлыг хэт их тэлж, өндөр алдагдалтай баталчихаад УИХ-ын зүгээс Монгол банк болон Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагыг арилжааны банкны болон банк бус санхүүгийн байгуулаг (ББСБ)-ын зээлийн хүүг бууруул гэж зандрах нь “Нүглийн нүдийг Гурилаар хуурах” гэдэгтэй утга нэг ШОУ төдий ажил болох байх.Ер нь тэгээд УИХ нь төсвийг их тэлж, өндөр алдагдалтай баталж байхад дуугай сууж байгаад бодлогын хүүгээ өсгөдөг МБ-ны удирдлагатай ч хариуцлага тооцдог болох хэрэгтэй. Энэ нь МБ-ны удирдлага нь албан тушаалдаа хорогдоод МБ-ны бие даасан, хараат бус байдлыг хэрэгжүүлэхгүй байгаа нь туйлын увайгүй үйлдэл юм.

ЗӨВХӨН СОНГУУЛЬД ЯЛАХ ЗОРИЛГО ТӨСВИЙН БУРУУ БОДЛОГООС ҮҮСЭЛТЭЙ ТӨГРӨГИЙН ХУДАЛДАН АВАХ ЧАДВАРЫН УНАЛТ БОЛОН ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ БАРААНЫ ҮНИЙН ӨСӨЛТИЙН ДАРАМТ (3,4)

Монгол Улсад бас нэг иргэдийн амьжиргааны чанарыг байнга доошлуулдаг дарамт нь импортын өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт билээ.Энэ дарамт нь төрийн бодлогын буруутай шийдвэрээс шууд хамааралтай.Эрх баригчдын сонгуульд ялах зорилготой сонгуулийн өмнөх жилийн болон сонгуулийн жилийн төсвийн урсгал зардлын хэт их тэлэлтээс улбаалж сонгуулийн дараагийн жилд ₮-н ам$-тай харьцах ханш огцом унаж, үүнийг дагаж импортын өргөн хэрэглээний барааны үнэ өсдөг. Жишээлж хэлэхэд, 2023 онд улсын төсвийн зардлыг 24% буюу 4.35 их наяд ₮-өөр, 2024 онд 35% буюу 7.9 их наяд ₮-өөр тус тус тэлжээ. Үр дүнд нь 2025 онд ₮-ийн ам$-тай харьцах ханш огцом 10 орчим %-иар унаж, импортын өргөн хэрэглээний барааны үнэ 30-40%-иар нэмэгджээ. Түүнчлэн ядуурал 20 орчим %-иар нэмэгдэж, дундаж орлоготой давхрага энэ хэмжээгээр нимгэрчээ. Мэдээж баян хоосны ялгаа ихэссэн. Эрх баригчид маань өнгөрсөн 10 жилийн хугацаанд татвар төлөгчдийн хөрөнгө буюу улсын төсвөөс 130 орчим их наяд ₮-ийн хөрөнгө оруулалт хийсэн гэж мэдээлэгдэх боловч, үүгээр маш үр өгөөж муутай хөрөнгө оруулалт хийсэн нь тодорхой. Төсвийн цавчаа, хулгайн талаар сүүлийн үед 7 хоног бүр мэдээлэгдэх боллоо. Төрөөс олон тэрбумтнууд төрж Хатан туулын хөндий өндөр зэрэглэлийн хаус хотхон болон жуулчины баазуудаар дүүрсэн гэж хэвлэлээр гарах болсон. Хөгжсөн орнууд Төсвийн хулгайтай хатуу тэмцэж, төсвийн үр өгөөжийг сайжруулахад онцгой анхаарсан байдаг. Манайх шиг хууль хяналтын байгууллага нь эрх баригч намын улстөрчдийн захиалгаар ажилладаг бол эндээс юу ч хүлээх билээ. Уг нь хууль хяналтын байгууллагын удирдлагын томилгоог улс төрийн сонгуулийн мөчлөгөөс зөрүүлж, нэг л удаа томилдог гэдэг. Сүүлийн үед “Сонго Уйл” хэмээх холбоос үг сошиалд байнга харагдах болжээ.УИХ-ын Сонгуулийн жилд нэг айлын орлого ойролцоогоор сая₮-өөр нэмэгддэг гэвэл, сонгуулийн дараагийн жилээс өргөн хэрэглээний импортын барааны үнэ дунджаар 20%-иар нэмэгдэхэд, нэг жилд айлын зарлага 7.2 сая₮-өөр,4 жилд 28.8 сая₮-өөр тус тус нэмэгдэнэ. Эндээс жилд өрх бүр 7.2 сая₮-өөр, тухайлбал сонгуулийн жилд олсон 1сая₮-өөсөө 7.2 дахин илүү хохирч байна гэсэн үг. Өмнөх тооцоонд нэг өрхийн сарын орлогыг дунджаар 3сая₮-өөр тооцсон. Эндээс мөнгөний сонгууль хэр их хөнөөлтэй болох нь харагдах байх! Иймд энэ мөнгөний сонгууль тодруулбал, татвар төлөгчдийн мөнгөөр санал худалдаж авах, улс төрийн нам болон нэр дэвшигчид нь үүсвэр нь тодорхой бус мөнгийг ашиглах, мөнгө тараах зэрэг улс төрийн санхүүжилттэй холбогдсон хуулийн орчныг сайжруулахгүй бол удахгүй сонгуулиа хийж чадахгүй болох эрсдэл үүсч магадгүй.Парламентын засаглалтай ихэнх оронд парламентын гишүүнийг эгүүлэн татдаг баттай үндэслэл нь сонгуулиар хууль зөрчиж мөнгө тараасан нь тогтоогдсон тохиолдол байдаг.Сүүлийн 10 жилд улсын төсвийн зардал ойролцоогоор 5 дахин нэмэгдсэн гэх. Гэтэл 2016 оны 2.5 сая₮ -ийн цалин 1280ам$ -тай тэнцэж байсан бол, өнөөдөр 695 ам$-тай тэнцэж байна. Энэ иргэдийн цалинг ам$-т шилжүүлж тооцвол 45.8%-иар буурсан байна. Энэ нь тэгээд эрх баригчдын бодлого зөв байсных уу?

Сайжирч өөрчлөгддөггүй байгууллага, бас хүмүүс байдаг байх. Ихэвчлэн ийм хүмүүс алдаа гарвал бусдад бурууг өгдөг, амжилт гарвал хуваалцдаг дадалтай байдаг.Гэхдээ ийм дарга нартай байгууллагаас шинэ санал, шинэчлэл гарна гэж бараг байдаггүй. Өнөөдрийн манай төр, засаг иймэрхүү л байдалтай байх шиг байна. Арилжааны банкны зээлийн хүү ийм өндөр болохоор МАА, газар тариалан, аялал жуулчин гээд салбараар нь ялгаварлаж хүү багатай зээл олгон, хүүгийн зөрүүг нь дахиад л улсын төсвөөс арилжааны банкуудад төлж байна.Энэ байдал нь “Муу хүний ажил 13 дахин” гэдэг болчихоод байх шиг. Тэгвэл ихэнх оронд арилжааны банкны зээлийн хүү дунджаар 3-5%-тай байна. Арилжааны банкны зээлийн хүү хэт өндөр байгаагийн шалтгаан нь ганцхан төсвийн зардлын тэлэлт, өндөр алдагдал биш л дээ. Тухайлбал зээлийн хүүг бууруулахад инфляцийг 2-4%-ийн хооронд тогтвортой байлгах. Инфляц 10%-тай байхад, зээлийн хүү энэ хэмжээнээс доош байх ямарч боломжгүй. Төгрөгийн ханш унах эрсдэл байнга байдаг. Энэ нь ашигт малтмалаа боловсруулалгүй түүхийгээр экспортолдог учраас үнэ нь огцом хэлбэлздэг, экспортын худалдаа нь бараг ганцхан Хятад улсаас хамааралтай тул урд хөршийн эдийн засгийн байдлаас шууд хамаардаг. Банкууд энэ эрсдэлийг зээлийн хүүн дээрээ нэмж тооцох шаардлагатай болдог. Үүнээс гадна Монгол Улсын зах зээл жижгээс гадна, хэдэн цөөн тооны олигопол банкнуудтай учраас,урт хугацааны төсөл санхүүжүүлэх болон хадгаламж татах зэрэгтэй холбогдсон өрсөлдөөн хүчтэй биш гэх мэт хүчин зүйл нь зээлийн хүү буурахгүй байх бүтцийг бий болгодог. Чанаргүй зээл өсөх эрсдэл нэмэгдэх, зээлийн эргэн төлөлт хойшлогдох, барьцаа хөрөнгийн үнэ цэнэ унах зэрэг нь зээлийн хүү өсөх үндэслэл болдог. Хөрөнгийн зах зээл хөгжөөгүй учраас хувьцаа болон бонд гаргах, хөрөнгө оруулалтын сан байгуулах зэргээр санхүүжилт босгох боломжууд хомс байна. Уг нь бол ашигт малтмалын тухай хуульд заасан стратегийн ордуудын 10 хувь буюу түүнээс дээш хувийн хувьцааг дотоодын хөрөнгийн биржээр арилжаалах гэсэн заалтыг хэрэгжүүлмээр байгаа юм. Хөрөнгийн биржийг удирдаж байгаа манай залуус энэ ажлыг өлхөн зохион байгуулж чадна. Ингэснээр Монгол Улсад л илүү ашигтай, Монгол Улсын баялагийн нөөцийг эзэмшиж байгаа компаниудын хувьцааны арилжаанаас олж байгаа ашиг, тэр татвар нь манайд л үлдэнэ. Мөн л бүх салбарт хуулийн засаглалын чанар нэн чухал. Хууль засаглахгүй, эрх мэдэлтэн засаглаж байгаа оронд авилгал цэцэглэдэг. Банкны салбарт “зээлдүүлсэн мөнгөө буцааж төлүүлэхтэй холбогдсон” эрх зүйн орчин сайн бол зээлийн хүү буурахад нөлөөтэй. Тухайлбал зээлийн барьцааг хурдан борлуулах эрх, компанийн дампуурлын тухай хууль нь ойлгомжтой тодорхой байх, хурдавчилсан байдлаар шүүхийн шийдвэр гардаг байх гэх мэт. Дээр дурдсанаар банкны зээлийн хүүг бууруулахад хэд хэдэн бодлогын арга хэмжээнүүд нөлөөлдөг нь тодорхой ч, хамгийн их нөлөөтэй нь инфляц, мөн улсын төсвийн сахилга бат хоёр юм.

“Төсвийн зардлын тэлэлт их, алдагдал өндөр тохиолдолд ЗГ нь энэ хэмжээний санхүүжилтийг зах зээлээс татах учраас хувийн хэвшлийн компаниудад зээлийн олдоц муудаж, үр дүнд нь зээлийн хүү өсдөг”

Ковидын өмнө нь болон үеэс олон судлаачид дэлхийн II дайнаас хойш өнөөг хүртэлх хугацаанд хөрөнгөтний нийгэмд “Баян, хоосны ялгаа хэт ихэссэн” гэх дүгнэлтэд хүрсэн байдаг. Үүний үндсэн шалтгаан нь эдийн засаг дахь төрийн оролцоо ихэсч ТОМ төрийг бий болгосноор иргэд, компани дээрх татварын ачаалал ихээр нэмэгдсэнд байгаа юм. Хөрөнгөтний нийгэм нь Монгол Улсынхаар бол хувийн хэвшил суурьтай зах зээлийн эдийн засгийн нийгэм юм. 100 гаруй жилийн өмнө МАН-ын анхны дарга С.Данзангийн хэлсэн “Иргэн баян бол Улс Баян” гэх үзэл юм. Өнөөгийн Монгол Улсад хөрөнгөтөн, хөрөнгөтний нийгэм гэх утга агуулга нь нийтлэг зүй тогтол болсон. Гэвч энэ нэрэнд дургүй, энэ нэрнээс жийрхдэг зарим хүмүүс байдаг бололтой. Уг нь ингэх ямар ч шаардлагагүй. Урд хөрш маань ч гэсэн хувийн өмчийг бүрнээ хүлээн зөвшөөрч, зах зээлийн эдийн засгийн зарчмыг эдийн засагтаа сайтар нэвтрүүлэн давуу талыг нь сайн ашиглаж байна. Дээрх “Баян, хоосны ялгаа хэт ихэссэн” гэх дүгнэлтээс ихэнх улс орнууд ковидын үеэс эхлэн дундаж орлоготой иргэдийг хамгаалах, бага орлоготой иргэдийг дэмжих бодлогуудыг хэрэгжүүлсэн. Тодруулбал, энд доорх хоёр бодит арга хэмжээг авсан. Нэг нь жижиг мөртлөө хурдацтай ажилладаг засаглалд шилжих.Хурдацтай ажиллах гэдэг нь төр засгийн үйл ажиллагаанд дижитал шилжилт, түүнчлэн хиймэл ухааныг илүү түлхүү ашиглаж, урсгал зардлыг багасгах. Нөгөө дэх нь урьд өмнө нь байгаагүй татварын хөнгөлөлтүүд (Unprec­edented tax cuts)-ийг үзүүлснээр эдийн засаг дэх төрийн оролцоо буурч,энэ хэмжээгээр иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх. Эдгээр бодлогыг Алтан үе (Golden Age) лүү буцан шилжих бодлого гэх зэргээр ярьж бичиж байсан. Монгол Улсын тухайд Чингис хааны Монголын эзэнт гүрний XIII зууны дэлхийн хуурай газрын 40 орчим %-д нь дэг журам тогтоож, татвар хураамжийн ойлгомжтой тогтолцоог нэвтрүүлсэн тэр үе гэж тэмдэглэгдсэн байна. Энэ ч яах вэ, цаг үе нь шал өөр юм. Ковидын үед компаниудын үйл ажиллагаа хумигдаж орлого буурч алдагдалтай ажиллах болсон,нөгөө талд хөл хорио тогтоогдсон тэр үед төр,засаг ард иргэдийнхээ амь насыг халдварт өвчнөөс хамгаалах, иргэдийнхээ амьжиргааг тогтвортой байлгахын тулд “эдийн засгийн зогсонги байдлаас урьдчилан сэргийлэх яаралтай тусламж, мөн Эдийн засгийг өдөөж эдийн засгийн сэргэлтийг дэмжих” гэсэн хоёр шаттай арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байдаг. Монгол Улсын тухайд “эдийн засгийн зогсонги байдлаас урьдчилан сэргийлэх яаралтай тусламж” боломжтой бүх арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Харин “Эдийн засгийг өдөөж эдийн засгийн сэргэлтийг дэмжих” арга хэмжээний хүрээнд олигтой арга хэмжээ авч чадаагүй. АНУ, Англи, Герман зэрэг епропын холбооны улсууд, Япон, Солонгос зэрэг орнууд “Эдийн засгийг өдөөж эдийн засгийн сэргэлтийг дэмжих” дорвитой арга хэмжээнүүдийг авсан байдаг. Тэр бүхнийг энд нурших нь илүүц биз ээ.

Гол хийсэн ажил нь 2022 онд 2024 оны УИХ-ын сонгуулийн өмнөх жил болох 2023 оны төсвийн тухай багц хуулийг батлахдаа өмнөх оноос нь төсвийн урсгал зардлыг 24 %-иар буюу 4.35 их наяд ₮-өөр, 2024 онд 35-иар буюу 7.9 их наяд ₮-өөр нийт 12.25 их наяд ₮-өөр тэлжээ. Энэ тэлэлтийн үр дүнд 2025 онд ₮-н ам$-тай харьцах ханш 10 орчим%-иар унаж, импортын өргөн хэрэглээний бараанын үнэ 20-30%-иар өсч,инфляц 9 орчим %-тай, ядуурал нэмэгдэж, дундаж давхрага нимгэрсэн. 2026 оны 4-6 сард инфляц 10%-иас давлаа. Энэ МБ-ны бодлогын хүү өндөр хэвээр, 2025 онтой харьцуулахад ₮-ийн ам$-тай харьцах ханш 5 орчим %-иар уналаа. Энэ төсвийн хүрээний мэдэгдлээр ирэх онд улсын төсвийн зарлагыг өсгөхөөр баталсан, махны үнийн өсөлт, төгрөгийн ханшийн уналт зэрэг хүчин зүйлсийн хосолсон дарамтуудтай шууд холбоотой. Энэ 2026 онд бас Монгол банк нь ₮-ийг хэвлэж мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлсэн байж магадгүй байна. Энэ аюултай, үүнийг одоо хуульчлан зогсоох хэрэгтэй. МБ-ны ерөнхийлөгчөөр албан тушаалаараа барьцаалагдсан МБ-ны бие даасан, улс төрөөс хараат бус байдлыг хамгаалж чадахгүй “цүнх баригч” маягийн хүн очих юм. Азийн орнуудаас эдийн засгийн хамгийн өндөр хөгжилтэй нь Сингапур улс байна. Энэ орон төсөв, мөнгөний бодлоготой холбогдсон хууль журмын чанд мөрдөлтөөрөө дэлхийд гайхагддаг. 1991 оныг хүртэл 30 гаруй жил энэ улсын ерөнхий сайдаар ажилласан Ли Куан Ю-гийн хэлсэн “Бид Швейцарьчууд шиг сахилга баттай байх ёстой. Санхүүгийн алдагдал хэзээ ч гаргаж болохгүй. Өөрөөр хэлбэл, мөнгө хэвлэх үйлдвэрийг ажиллуулж хэзээ ч болохгүй. Хэрэв төсөв алдагдалтай бол зээлээд буцааж төл. Хэзээ ч үнэ цэнийн хувьд баталгаагүй мөнгөн дэвсгэрт хэвлэж болохгүй” гэсэн зарчим одоо ч гэсэн чанга үйлчилж байна. Монгол Улсын энэ эрээ цээргүй мөнгө хэвлэлтийг тойроод нэлээд гэмт хэргийн чанартай үйлдлүүд байж болзошгүй гэж судалгаанд тэмдэглэгдсэн байдаг гэх.

ТӨРИЙН ОРОЛЦОО ГЭДЭГ НЬ "ЗАСГИЙН ГАЗАР ЗАХ ЗЭЭЛ БОЛОН НИЙГЭМД ХЭР ЗЭРЭГ ОРОЛЦОЖ БАЙГААГ" ХАРУУЛДАГ БАЙХ

Үүнийг хэмжихдээ "Төр том эсвэл жижиг эсэх"-ийг харахаас гадна, харин аль салбарт, ямар хэмжээгээр, ямар аргаар оролцож байгааг судлах нь чухал. Төрийн оролцооны үндсэн шалгуур нь төрийн хэмжээ, зохицуулалт “ЗГ ААН-үүдийн үйл ажиллагааг хэр хэмжээгээр зохицуулдаг вэ”, Төрийн өмчит( Хувьцааных нь 50% буюу түүнээс дээш%-ийг ЗГ эзэмшиж байгаа ААН -үүдийг хамруулна) ААН-үүдийн эдийн засагт эзэлж буй хувь, санхүүгийн салбар дахь оролцоо, баялгийн дахин хуваарилалтын чанар(иргэдийн орлогын тэгш бус байдлыг хэр хэмжээгээр засч чадаж байгаа болох), Зах зээлийн үнэд оролцдог( ЗГ нь үнийн тогтворжилтыг зах зээлээр нь шийдүүлдэг эсэх), Бодлогын гүнзгий байдал”энэ нь бол маш чухал юм”, мөн улсын салбарт ажил эрхэлдэг иргэдийн тоо зэрэг юм. Төрийн оролцооны “Төрийн хэмжээ буюу ЗГ-ын оролцоог Төсвийн зардал, төсвийн орлого, Засгийн газрын өр гэсэн макро эдийн засгийн гурван үзүүлэлтийн ДНБ -д эзэлж буй хувиар хэмждэг ба дээр нь төсвийн орлогод эзэлж буй татварын орлог (татвар, төлбөр, мөн хураамж, НДШ, ТӨААН-үүдийн ноогдол ашиг гм)-ын хэмжээг авч үздэг байх. 1 хүнд оногдох ДНБ нь 6,750 ам$-тай Монгол Улсын хувьд дээрх 4 үзүүлэлт дөрвүүлээ 1 хүнд оногдох ДНБ нь дунджаар 46,700 ам$-тай OECD-ийн гишүүн орнуудтай ойролцолцоо түвшинд байна. Улсын төсвийн зардал ДНБ-ний 35-40%-тай, улсын төсвийн орлого (татвар, роялти, НДШ, ТӨААН-үүдийн ноогдол ашгийг оруулснаар) 45-50%*-тай, ЗГ-ын цэвэр зээл буюу өр нь ДНБ-ий 40-50 % -тай, гэвч үүнд ТӨААН-үүдийн тухайлбал, Эрдэнэс монгол нэгдэл, Оюутолгой компанийн 34 %-д оногдох өр зээл ороогүй. Төсвийн орлого дотор татвар, роялти, НДШ, ТӨААН-үүдийн ноогдол ашгийн зэргийн нийлбэрийн хэмжээ 85 орчим хувьтай байх шиг байна. *Энд улсын төсвийн зардлаас орлого нь давсан байгаа нь роялти зэрэг нь төсвийн бүрэлдэхүүн мөн ч, баялгийн санд хуримтлагдаж байгаатай холбоотой байх Нээрэн нөгөө Баялгийн сангийн менежмент юу болж байгаа юм бол…, Энэ сан ил тод байх ёстой. Зарим нэгэн өөрсдийнх нь хэлснээр мэргэжлийн хулгайч улстөрчид нь 2027, 2028 оны сонгуулиар цааш нь харуулах гээд сууж байхыг ч үгүйсгэхгүй, Монгол Улсын тухайд Улсын секторын баланс (Public Sector Balance Sheet)гаргах шаардлагатай болжээ. Өнөөгийн байдлаар засгийн газрын нийт өр 43%-тай, ТӨААН-үүдийн нийт өр 12 орчим %-тай, ЗГ-ын баталгаа гаргасан өр 2%-тай нийт улсын өр ДНБ-ий 57 орчим %-тай байх шиг бна. Үүн дээр Оюутолгой ххк-ийн ЗГ-ын 34 %-д оногдох өрийг нэмэхэд Монгол Улс улсын нийт өр ДНБ-ий 80-85 орчим хувь болох байх.

“Анх Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулагдаж байхад тухайн сангийн сайд асан С.Баярцогт “Ил уурхайн хөрөнгө оруулалт 4 тэрбум ам$, үүнээс 1.6 турбум. ам$-ийг нь нь хөрөнгө оруулагч тал гаргана, харин үлдсэн 2.4 тэрбум.ам$-ын МУЗГ-ын 34%-д оногдох нь 816 сая.ам$-ийг Монголын тал хүүтэй нь ноогдол ашгаас төлнө, ноогдол ашгийг 2021 авч эхэлнэ”

ТЭЗҮ-ээр бол далд уурхайн хөрөнгө оруулалтын тухайд ил уурхайгаас олсон ашгаасаа хийгээд явна, нэмэлтээр хөрөнгө оруулалтын зээл бол авахгүй гээд цагаан самбар (white board) дээр бичиж УИХГишүүдэд тайлбарлаж байсан. 2021 онд ноогдол ашиг авч эхлэх бол өнгөрсөн. Тэрээр Босоо Ганбаатай мэтгэлэж байхдаа МУЗГ-т ямар ч эрсдэл байхгүй гэсэн. Одоо үүнийгээ нотлох нь чухал байна. Гэхдээ уурхай ашиглалтад ороод 13 жил болж байхад Л.Оюун-Эрдэнийн ЗГ-ын ЗГХЭГазрын дэд дарга 2025 онд “1 ч ам$-ын ашгийн татвар (нийт борлуулалтаас үйл ажиллагааны зардлаа хасаад үлддэг татвар төлөхийн өмнөх ашиг буюу аж ахуйн нэгжийн орлогын албан татвар- ААНОАТ) төлөөгүй, мэдээж ашиггүй учраас нэг ч ам$-ын ноогдол ашиг төлөөгүй”гэж мэдэгдсэн. Энэ үнэн бол ямар юмных нь эрсдэлгүй төсөл байх вэ дээ. Хариуцлагагүй худал мэдэгдэл л байна. Гол нь Оюутолгой ххк одоо 20 тэрбум ам$-ын өр зээлтэй гэх,үүний 34%-д оногдох нь 6.8 тэрбум.ам$ болох байх. Энэ 6.8 тэрбум.ам$-ын өр,зээл нь МУЗГ-ын төлөх өр зээлд хамаарахгүй. Энэ өрийг Оюутолгой ххк болон, энэ компанийн 66 %-ийг эзэмшигч хөрөнгө оруулагч тал буюу Rio Tinto хк нь хариуцана гэдгийг л гэрээ байгуулах үеийн Засгийн газрын ажлын хэсгийн ахлагч, Ерөнхий сайд асан С.Баяр гуай нар нотлох хэрэгтэй болоод байна.Ингэвэл МУЗГ-ын өрийн дарамт энэ хэмжээгээр багасч, мөн Монголын ард түмний амьжиргааны чанар бага ч гэсэн дээшлэх боломж бүрдэнэ. Бас тэр энэ төслийн өгөөжийн 53% нь Монгол Улсад 47% нь хөрөнгө оруулагч талд гэсэн хөрөнгө оруулагч талын амлалтыг асуух хэрэгтэй. Дээрх 2 асуудлаар хаа нэгтээ уулзалтын тэмдэглэл байхыг ч үгүйсгэхгүй. Гэрээ байгуулагдаж байх үеэс одоогийн байдлаар зэсийн үнэ дахин өсчихөөд байна шүү дээ!

Зэсийн хэрэглээ нэмэгдэж байгаа тул цаашид өсөх нь ч тодорхой болж байна. Ер нь Монгол Улсад Оюутолгой шиг хэдэн арван төсөл ирээдүйд хэрэгжих байх. Иймээс Оюутолгой төслөөс өндөр төлбөрөөр МУ маш сайн суралцаж байх шиг байна. Эхний хичээл нь нөгөө ардчилсан орнуудад гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай төслийн гэрээн дээр ЗГ-ыг төлөөлж сайд буюу улс төрчдийг оролцуулдаггүй юм байна гэдгийг ойлгож авах. Ер нь МУ-ын уул уурхайн ТӨКомпаниудын толгой компани Эрдэнэс МГЛ ххк гэж байдаг. Гэтэл энэ компани нь юу хийдэг нь мэдэгддэгүй улс төрчдийн баахан шахааны хүмүүс байдаг гэж шүүмжилдэг. Гүйцэтгэх захирлыг нь байсхийгээд л солино, ажлын үр дүн, солигдсон шалтгаан нь тодорхой бус. Заримдаа уг ажлын туршлага байтугай мэрэгжлийн бус хүнийг ямарч шалгуур, шалгаруулалт байхгүйгээр гүйцэтгэх захирлаар нь томилно. Энэ бүхэнд улстөрчид буруутай. Цаашид авлигын нэгэн томоохон сурвалж болсон уул уурхайн салбарын ТӨКомпаниудын удирдлагын багийн томилгоо, засаглалыг улс төрөөс хараат бусаар бие даалгаж ажиллуулдаг болохгүй бол ямар ч нэмэргүй. Энэ компани л ийм гэрээн дээр ажиллах учиртай. Шаардлагатай гадны том зөвлөх авч болно. Ер нь төсөл болгон дээр гэрээ байгуулах ямар ч шаардлага байхгүй. Бизнес, татварын орчин зэргийг нь тогтворжуулах стандарт аа гаргаад мөрдүүлээд явахад хангалттай. Улстөрч, сайд нар гэрээний нэг тал болсноор бүхэл бүтэн тусгаар тогтносон орны ЗГ нь нэгэн хувийн компанид барьцаалагддаг, мөн үүнээс гадна төслийн бодит үр дүнтэй хамааралгүйгээр улстөрчид хоорондоо намын харьяаллаар, мөн хэн нь илүү ухаантай болох зорилгоор популизм хийсээр төсөл зогсох эрсдэл үүсэх, ард иргэд гадаадын хөхөнгө оруулагчдад итгэл алдрах,эцэст нь ард иргэд хуваагдаж улс төрийн тогтворгүй байдалд хүргэдэг гэх. Одоо энэ төслийн талаар хоёр тал болчихоод хэрэлдээд байгаа Монголын улстөрчдийг гайхдаг. Дийлэнх олонх нь буюу 80 гаруй % нь МАН-ын гишүүд байгаа нь сонирхолтой.С.Баярцогт маань ганцаараа гэрээг хамгаалсаар байгаа, энэ ТОП сэдэв нь АН-ыг сонгуульд ялагдуулахад нөлөөлж ирсэн байдаг.2028 оны УИХ-ын сонгуулиар энэ үйлдэл давтагдахыг үгүйсгэхгүй. Оюутолгойн сонсголын үеэр УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэлийн “С.Баярцогтын талаарх тэр айхтар оновчтой баримттай мэдэгдэл”, гэрээ байгуулсан ЗГ-ын ерөнхий сайд асан С.Баярын” Би улс төрийн асуудлыг нь хариуцсан, С.Баярцогт тууштай, чадвартай сайн улстөрч, гэхдээ сайн эр” гэж хэлсэн үг нь анхаарал татсан асуудал. С.Баярцогтын тууштай нь бол үнэн, энэ чанарыг улс төрд бол дараагийн сонгуулийг бодолгүй, улс орны ирээдүйд, урт хугацаанд чухал ач холбогдолтой шийдвэр гаргасныг хэлдэг.

“Одоо уг нь монголчууд хоорондоо 2 тал болоод хэрүүл хийх шаардлагагүй баймаар. Шалтгаан нь төсөл хэрэгжиж эхлээд 14 жил болчихсон байна. Тиймээс Оюутолгой ххк, Туркиос хилл хк-ийн сүүлийн гурван жилийн аудитаар баталгаажсан санхүүгийн тайлангууд, Оюутолгой ххк-ийн АМГТГазарт өгсөн ТЭЗҮ-үүдийг нь тулгаж хараад, өгөөжийн 53:47, дээр дурдсан МУЗГ-ын 34%-д оногдох үндсэн зээл бол 816 сая ам$-оос хэтрэхгүй гэсэн зарчмаа бариад хэлэлцээр хийхэд боломжтой санагдах юм. Тоо худлаа хэлэхгүй л дээ”

Энэ Оюутолгой Монгол Улсын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын нэг орноос хэт их хамааралтай энэ үед ганц бэлгэ тэмдэг болж байгаа төсөл. Үүнээс гадна Японы ЗГ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлсэн олон улсын онгоцны буудлын төсөл байна. Энэ хоёр л Монгол Улсын гурав дахь ч хөршүүдтэйгээ хэрэгжүүлсэн төсөл байх. Эдгээр төслүүд нь геополитикийн ач холбогдолтойгоос гадна Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдалд чухал үүргийг гүйцэтгэж ирсэн. Энэ төслийг явуулахгүй гэсэн нэг ч улстөрчид байгаагүй байх. Харин энэ загвараар явуулахад арай дэндүү утгагүй гэж үзсэн хүмүүс байсан. С.Баяр ерөнхий сайд асны монголчууд нэг байх ёстой гэсэн байр суурь зөв байх. Гэхдээ энэ байр суурь нь одоо бол далд хэлбэрээр хэрэгжих ямар ч боломжгүй болсон. Хэрэв Б.Солонго даргын 2025 оны байдлаар Оюутолгой компани нь өнгөрсөн 13 жилийн хугацаанд нэг ч ам$-ын ААНОАТатвар төлөөгүй гэдэг нь баталгаатай бол энэ гэрээ санхүүгийн луйврын гэрээ гэдэг нь тодорхой байх. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагч тал нь үйл ажиллагааны зардал болон хөрөнгийн зардлын дүнгээс 6%-ийн менежментийн төлбөр авна, энэ төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэхийн тулд зардлаа өсгөнө. Энэ тохиолдолд мэдээж компанийн өр зээл өснө.Ингэснээр уг компани ашиггүй ажиллаж ЗГ нь ААНОАТ авч чадахгүй болно. Компани ашиггүй учраас ЗГ-нь 34 хувьдаа ноогдол ашиг мөддөө авахгүй.Менежментийн төлбөрийн 1% нь ААНОАТ-ын татварын 3-4% тэнцэнэ байх. Үр дүнд компанийн менежментийг авч явж байгаа хөрөнгө оруулагч тал нь ганцаараа ААНОАТ-аар тооцоход 20 орчим %-ийн менежментийн аваад явна гэсэн үг. Энэ төслийн бодит байдал нь энэ бололтой. Тухайн үед уг гэрээг байгуулахад монголын улс төрд 1 тэрбум ам$ зарцуулсан гэсэн мэдээлэл Австралийн сонинд гарсан гээд, энэ мэдээлэл нь манай сошиалд орчинд явдаг байсан. Мөн МУЗГ нь санхүүгийн зөвлөхөөр хөрөнгө оруулагч талтай томоохон ашиг сонирхлын зөрчилтэй компанийг шалгаруулсан,insider trading-гийн асуудал үүссэн байх магадлал өндөр,мөн ил уурхайн бүтээн байгуулалт дээр ТЭЗҮ-д заасан зардлыг 60 орчим %-иар хэтрүүлсэн, энэ хэтрэлтээс Монголын улстөрчид бүтээн байгуулалтад оролцсон компаниудаар дамжуулж авлига авсан байх магадлалтай гэсэн мэдээлэлүүд гардаг. Тийм учраас тэр үеийн ЗГ болон Оюутолгой ххк-ийн Монголын талын ТУЗ-ийн гишүүд энэ зардлын хэтрэлтэнд хяналт тавиагүй байж магадгүй. Гэхдээ МУЗГ энэ төслийг хүчээр зогсоовол олон улсын арбитерийн шүүхээр ялагдах нь тодорхой. Өмнө нь С.Баярын ЗГ Дорнод аймгийн Гурванбулагийн ураны ордын Канадын компанийн лицензийг хүчингүй болгоод, үр дүнд нь Арбитрийн шийдвэрээр 70 сая.ам$-ын өрөнд орж байсан. Энэ тохиолдлыг манай дарга байнга бодож байх нь зохистой. Улстөрчид, ЗГ-ын харьяаны зарим байгууллагаа дотоодынхоо компаниудыг их дээрэлхэж байгаа харагдах юм. Тийм цаг үе өнгөрч байна.Төрөөс ашигт малтмалын лиценз өгчихөөд хайгуулд баахан хөрөнгө зарцуулчихаар төр нь хүчингүй болгодог ийм шударга бус явдал байж болохгүй. Ийм асуудлаар дотоодын компаниуд ч шүүх дээр ялах бүрэн боломжтой. Олон улсын туршалагаас харахад иймэрхүү гэрээнд авлигын асуудал нь тогтоогдвол дорвитой өөрчлөлт оруулсан нь тохиолдол нь олон байдаг гэх. Гэвч Монгол Улсад сүүлийн жилүүдэд хуулийн байгууллагууд нь улстөрчдийн захиалгаар ажилладаг болсон гэх тул явцгүй болчихоод байх шиг байна.

ЭДИЙН ЗАСАГ ДАХЬ ТӨКОМПАНИУДЫН ОРОЛЦООНЫ ТУХАЙД:

Эдгээр компаниудын 2025 оны байдлаар нийт борлуулалт нь ДНБ-ний 31 орчим %-тай, нийт хөрөнгө нь ДНБ-ий 85%-тай тэнцэж байна. ТӨКомпаниудын ашигт ажиллагааны түвшин нь хувийн хэвшлийн компаниудынхаас 3-4 дахин доогуур байна. Монгол Улсын ТӨКомпаниупын ДНБ-д эзлэх хувь хэмжээгээр дэлхийд тэргүүлэх байр суурьтай байна. Энэ үзүүлэлтээр OECD-ийн орнууд дундажаар 5-15%, Хятад улс 20-30%-тай, Монгол Улс 25-35%-тай байна. Монгол Улс нь улсын төсөв дахь татварын орлого өндөр ч гэсэн, энэ орлого нь ашигт малтмалын нөөцөд суурилсан улс” гэж нэрлэгдэж байна. Ийм учраас санхүүгийн чадавх султай орон. Үүний илэрхийлэл нь зээлийн хүү өндөр, системийн цөөн тооны олигополь банкуудтай, төрийн өмчит компаниуд нь ашигт малтмалын түүхий эд экспортолдог учраас үнэ нь тогтворгүй, түүнчлэн үндэсний валютын ханш байсхийгээд огцом унадаг. Энэ байдал нь Монголын эдийн засгийн эмзэг хэсэг нь юм. Судлаачид Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн загвар нь Сингапур болон Норвегийн хөгжлийн холимог хувилбар гэж үздэг. Монгол Улс нь хүн ам цөөтэй учраас хөдөлмөрийн насны 1.2 сая орчим хүнтэй. Энэ хүмүүсийн 350 мянга буюу 34% нь төсөвт байгууллагад ажиллаж байх шиг байна. Дэлхийн хэмжээнд хөдөлмөрийн насны хүмүүсийн 12% нь төсвийн байгууллагад, 88% нь хувийн хэвшилд ажилладаг гэсэн статистик байна. Монгол Улсын Дундаж давхаргад төрийн албан хаагчид, багш нар, аж ахуйн нэгжийн ажилтанууд, хот суурин газар хувиараа ажил эрхэлдэг иргэд ихэвчлэн хамаардаг.Энэ дундаж давхаргын хүмүүсийн тоо юмны үнийн өсөлт, өндөр зээлийн хүүгээс хамаар ч хурдацтай буурч байна.Орлого багатай давхаргын хүмүүс нь хуримтлал болон хадгаламж байхгүй учраас ажилгүй болох эсхүл өвдвөл шууд уналтад орох магадлалтай байна. Чинээлэг давхаргын хүмүүсд инфляц нөлөө багатай. Шалтгаан нь хадгаламжтай, хуримтлалтай, хөрөнгөтэй тул үнийн шилжүүлэг хийж инфляцийг хялбархан шингээх боломжтой. Чинээлэг давхаргыг нь уул уурхайн салбарын бизнесмэнүүд, улстөрчид, төрөөс төрсөн тэрбумтанууд бүрдүүлдэг байна. Монгол Улс нь эдийн засгийн өсөлт харьцангуй өндөр ч, инфляци бас өндөр байдаг.Инфляц нь харин хуримтлалгүй, хөрөнгө багатай,орлого багатай хүмүүсийн амьжиргааны өртөгт шууд дарамт болон очдог тул,тэдэнд илүү хүнд тусдаг. Түүхээс харахад Япон, Өмнөд Солонгос, Тайвань, Герман, Нордикийн орнууд хөгжлийн үе шатууддаа “дунд орлоготой давхаргыг өргөжүүлэх”-ийг үндэсний стратеги зорилго болгож, зорилтуудыг одоо хүртэл хэрэгжүүлж иржээ. Гол зарчим нь “баян давхаргыг бууруулах” биш, харин “бага орлоготой давхаргыг дунд орлоготой давхарга болгон өргөжүүлэх, гол нь дундаж орлоготой давхаргыг бага орлоготой давхарга луу буухаас хамгаалах явдал юм. Сүүлийн 30 жилд Монгол Улс эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд эхний 10-д багтаж байгаа нь үнэнч, энэ нь ард иргэддээ хүртээмжгүй өсөлт, дарга улс төрчдөд ээлтэй өсөлт байсан нь тодорхой. Тиймээс л өнөөдөр 10 монгол хүний 5 нь ядуу, дундаж давхарга нь нимгэрсээр байна. Энэ нь төр засгийн баялагын дахин хувиарлалтын буюу төсөв, мөнгө, эдийн засгийн бодлого буруу явж ирсэнтэй холбоотой. Монгол Улсын тухайд авилгын индекс өссөөр байгаагийн шалтгаануудын ТОП-4 шалтгаан нь улс төрийн санхүүжилт, ТӨК-иудын засаглал, улсын төсвийн хөрөнгө оруулалт, хууль биш эрх мэдэлтэн засагладаг гэжээ. Монгол Улсын хуулийн засаглалын үзүүлэлт (Rule of Law inde) буурсаар байна. Өнөөг хүртэл сүүлийн 10 гаруй жилд дундаж давхаргыг хамгаалах олигтой бодлогыг хэрэгжүүлсэнгүй. Уг нь ЖДҮДСан байсан даан ч улс төрч дарга нар өөрсдөө тоноод дуусгасан. Энэ нь өнөөгийн Монголын төрийн ялзрал доройтолын эхлэл байсан гэж үзэх судлаач хүмүүс ч байна. 2016-2019 оны хооронд эрх баригчид 9 төрлийн татвар, газрын төлбөр мөн лицензийн төлбөрийг 4-5 дахин нэмсэн байдаг. Харин өнөөгийн УИХГишүүдийн санаачилсан ХХОАТ-ыг 1 хувь болгох хуулийн төсөл бол жинхэнэ дундаж давхаргыг хамгаалах гялтайж харагдах хууль болох байх аа.

ДУНДАЖ ДАВХАРГЫГ ХАМГААЛАХ БОЛОН НЭМЭГДҮҮЛЭХЭД ӨНДӨР НЭМҮҮ ӨРТӨГ ШИНГЭСЭН САЛБАРУУД

Тодруулбал, технологийн салбарууд, боловсруулах үйлдвэрлэл, дэд бүтэц, эрчим хүч, уул уурхай, мэдээллийн технологи, санхүүгийн салбар, тээвэр ложистик гэх мэт. Ялангуяа Монгол Улс шиг байгалийн нөөц баялаг ихтэй орнуудад, зөвхөн түүхий эдээр нь баялгаа экспортлохоор төгсвөл дунд давхарга нимгэрэх хандлагатай байнга гарна. Үүний тулд дотооддоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх нь чухал юм. Тухайлбал, байгалийн баялгийг Цэвэршүүлэх болон боловсруулах, түүнчлэн автомашины эд анги болон сэлбэгийн үйлдвэрлэл, Батерейны материал үйлдвэрлэх, Нүүрс, Зэс, Төмөр боловсруулах, Мах боловсруулах гм. Боловсрол ба мэргэжлийн сургалт их чухал үүрэгтэй. Дундаж давхаргыг “мэрэгжлийн ур чадвар” авч явдаг. Дундаж давхаргыг бий болгосон тогтвортой тэлсэн амжилттай жишээнүүд гэвэл Герман гар урлал ба техникийн боловсрол, Өмнөд Солонгос шинжлэх ухаан, инженерчлэл, Япон компанийн дотоод сургалтыг дэмжсэн гэх мэт. Эдгээр хөгжилтэй орнуудын дундаж давхаргынхан зах зээл дээр үнэ цэнэтэй ур чадварыг эзэмшсэн байдаг. Мэдээж ЖДҮ-ийн хүчтэй бүлэглэлүүд маш чухал. Хуулийн засаглал дээр улстөрчид нь Үндсэн хуул (ҮХ)-ийг нилээд зөрчих юм. Гэтэл бүхэл бүтэн нэг бүлэг нь монгол хүний баталгаатай эдлэх хүний эрх, эрх чөлөөг оруулсан ардчилсан ҮХ-ийг зөрчсөн этгээдүүдтэй “ардчилал, хүний эрх ярьдаг УИХдахь сөрөг хүчин болох АН-ын бүлэг нь хариуцлага тооцох дорвитой ажил хийхгүй болохоор юу гэж ч хэлмээр юм бэ? Нөгөө алдарт ҮХЦ нь улс төрийн захиалгаар ажилладаг учраас садаа болж байгаа нь бас үнэн байх. Сөрөг хүчин нь эрх баригчдын ЗГ-ын үйл ажиллагаанд хяналт тавихаас гадна төрийн бодлогын шийдвэрийн өөрийн хувилбарыг гаргаж тавьдаг сайн соёлд шилжих хэрэгтэй байна. 2026 онд Дэлхийн хөгжилтэй орнуудад стратегийн ач холбогдолтой салбарууд мөн экспортын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдээ урт хугацаа (10 буюу түүнээс дээш жил)-ны хөнгөлөлттэй зээлээр дэмжих үйл ажиллагаа өргөжиж байна. “Стратегийн салбарууд” гэдэг нь зүгээр өндөр ашигтай салбарууд биш, харин үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн өсөлт, технологийн бүрэн эрхт байдал, стратегийн бүтээгдэхүүний хангамжийн сүлжээг хадгалахад зайлшгүй шаардлагатай салбаруудыг хэлэх болжээ. Хөгжилтэй орнуудын стратегийн ач холбогдол бүхий аж үйлдвэрийн салбарт хиймэл оюун, хагас дамжуулагч, эрчим хүч, батлан хамгаалах, ногоон технологийн зэрэг аж үйлдвэрийн салбарууд орж байна. Монголын хувьд стратегийн болон өргөн хэрэглээний стратегийн бүтээгдэхүүнүүд хангамжийн сүлжээнүүд зэрэг нь Хүнс (мах, гурил ба улаан буудай, хүнсний ногоо), Түлш, газрын тосны бүтээгдэхүүн, Эрчим хүч, зарим эмийн бүтээгдэхүүн болон вакцин, зэс, нүүрс, төмөр,уран зэрэг ашигт малтмалын экспортын тээврийн маршрутууд онцгой чухал болж байна.Түүнээс гадна, Монгол Улс импорт, экспортынхоо хувьд Хятад, Оросоос ихээхэн хамааралтай тул “Нийлүүлэлтийн сүлжээг хадгалах” нь зөвхөн ложистикийн асуудал биш, эдийн засгийн аюулгүй байдлын асуудал болж болзошгүй юм. Өнөөдөрч гэсэн Монгол Улсыг хөгжих боломжтой орон гэж барууныхан үздэг. Тэд Монгол Улс нь дэлхийн хамгийн том зах зээл болох БНХАУ-тай хиллэдэгийг онцолдог. Монголчууд бид Ардчиллынхаа буянд, Монгол Улсын иргэд шудрага сонгуулиар төрөө сонгосны үр дүнд, өөрсдөө төрөө урлан, засагладаг болсон билээ. Ардчилсан орнуудад ч МУ-сад ч парламентад суудалтай намуудын үндсэн зорилго нь “Дундаж орлоготой иргэд нь дийлэнх олонх болсон чинээлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх” явдал билээ. Иймд төр,засаг ялангуяа ард түмнийг төлөөлж төр барьж буй хууль тотоох төрийн эрх барих дээд байгууллага УИХдахь 126 гишүүн маань зорилтоо зөв тодорхойлж хичээх цаг нь болжээ.

САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭН ХӨГЖИХ БОЛТУГАЙ!

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)