Б.Баасансүрэн: Засвар механикийн заводын нэрийн бүтээгдэхүүнтэй болно

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас хэрэгжүүлж буй “Хөрөнгө оруулалт-2019” бүтээн байгуулалтын ажлын хүрээнд тус үйлдвэрийн хөгжлийн нэгэн тулгуур болох Засвар механикийн заводын Цутгуурын цехэд техник, технологийн шинэчлэлийн ажил ид өрнөж байна. Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан томоохон төсөл хөтөлбөрүүдийн нэг хэсэг нь Засвар механикийн заводыг өргөжүүлэн, бэхжүүлэхэд чиглэнэ. Одоо үргэлжилж буй техникийн шинэчлэл болон цаашдын зорилтын талаар тус заводын дарга Б.Баасансүрэнтэй ярилцлаа. 

 

-Энэ оны хамгийн том бүтээн байгуулалтын нэг нь Засвар механикийн заводын Цутгуурын цехийн техник, технологийн шинэчлэлийн ажил. Энэ ажлын явц, гүйцэтгэл аль шатанд явж байна вэ?


   -Засвар механикийн заводын Цутгуурын цехийн техник технологийн шинэчлэлийн ажлын бэлтгэл үндсэндээ 95 хувиар хангагдаад байна. Бэлтгэл ажлын хүрээнд  шинэ тоног төхөөрөмжийг хүлээн авах, буулгалт, суурилуулалтын ажлууд багтаж байгаа. Мөн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг жигд хангах, бүтцийн цех нэгжүүдийн нөөц бэлтгэх ажлууд хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар, нөөц хангах ажил биелэгдсэн. Одоо бидэнд 7 хоногийн л ажил үлдээд байна. 11 сарын нэгэн гэхэд цутгуурын цехийн үйлдвэрлэл зогсож, өргөтгөлийн техник технологийн шинэчлэлийн буулгалт, суурилуулалтын ажлыг шууд эхлүүлэхээр төлөвлөж байна. Ер нь үйлдвэрлэл зогсох бэлтгэл хангагдаж, өргөтгөл шинэчлэлийн үндсэн ажил эхлэхэд бэлэн болсон гэсэн үг. ФАТ компаниас нийт 120 тонн металл хийц, тоног төхөөрөмж ачигдаад ирж байгаа. Ирэх сарын 15 гэхэд тоног төхөөрөмжүүд бэлэн ирсэн байх ёстой. Тэр хүртэл бид ачаа хүлээж авах зам талбайг засаж, бэлтгээд байна. Бид энэ техник технологийн шинэчлэлийн ажлыг хийхийн тулд том төлөвлөгөө боловсруулахын зэрэгцээ бэлтгэл ажлын нарийвчилсан төлөвлөгөөг давхар гаргасан. Нарийвчилсан төлөвлөгөөгөө таван чиглэлээр хэрэгжүүлж байна. Тухайлбал, Үйлдвэрийн газрын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженерээр ахлуулсан ажлын хэсгийнхэн ажлын явцыг мэдээлж, танилцуулж байгаа ба долоо хоног тутам Механикийн хэлтсийн дарга-Ерөнхий механикч Б.Чинзоригоор удирдуулсан дэд ажлын хэсэг хуралдаж ажлын явцаа ярилцаж байна. Цаашид бид өдөр тутмын ажлын байнгын штаб ажиллуулж, шинэчлэлийн ажилд оролцож буй гадна дотно байгууллагуудын ажлын гүйцэтгэлийг ярилцаад явна. Энд тодруулахад, бид уг ажлыг эхлэхдээ буулгалт, угсралт суурилуулалтын ажилд үйлдвэрийнхээ дотоод нөөц бололцоогоо бүрэн дүүрэн ашиглах зорилт тавьсан. Тиймээс Засвар угсралтын цех, Барилга засварын цехүүд үндсэн үүрэг гүйцэтгэх бол өөрийн цехийн 150 гаруй ажилтан буулгалт, суурилуулалтын ажилд оролцоно. 

   -Цутгуурын цехийн үйлдвэрлэлийг зогсооно гэсэн. Зогсох хүртэл хугацаанд үйлдвэрлэлийн төлөвлөгөө биелэх боломжтой юу?


   -Цутгуурын цехийн үйл ажиллагаа 11 сарын нэгэн хүртэл хэвийн үргэлжилнэ. Бид төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд ажлаа шахаж, зарим тохиолдолд амралтын өдрүүдээр ажиллаж байна. Энэ онд бид 4741 тонн цутгамал бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр төлөвлөсөн. Зарим нэг шалтгаанаас Баяжуулах үйлдвэрт шаардлагатай 346 тонн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэрэгтэй болсон. Иймээс нэлээд ачаалалтай, шахуу ажиллалаа. Одоогийн байдлаар, дахин 7 хоног ажиллахад нийт 5300 гаруй цутгамал бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж харагдаж байгаа. Энэ бол манай заводын түүхэнд тэмдэглэх том үзүүлэлт болж байна. Яагаад гэвэл, бүтэн жилийн хугацаанд бид 4800-5200 орчим тонн цутгамал бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан бол энэ жилийн гүйцэтгэлээс харахад бидэнд илүү ихийг хийж чадах нөөц боломж байна гэдгийг харуулж байна. Өөрөөр хэлбэл, бид оны эхний 10 сард 5000 гаруй тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадлаа гэсэн үг. Үүнийг дунджаар тооцож үзвэл, 13 сарын ажлыг 10 сарын хугацаанд багтааж хийсэн байна. Тиймээс захиалга байгаа тохиолдолд бидэнд хийх боломж их байна гэж ойлгож болох юм. Цутгуурын цехийн үйлдвэрлэл зогсохтой холбоотойгоор 220 гаруй ажилтны асуудлыг шийдвэрлэж байна. Тэдний заримыг угсралт суурилуулалт, бусад зохион байгуулалт болон дотооддоо хуваарилан ажиллуулах зэргээр зохицуулсан. Хуулийн хүрээнд бид ямар нэг ажилтнаас шалтгаалахгүйгээр зогсолт үүссэн тохиолдолд ажлаар хангах ёстой. Энэ заалтыг хэрэгжүүлж, үйлдвэрийн удирдлагын зүгээс өгсөн чиглэлийн дагуу ажилтнуудаа хуваарилсан байгаа. Мөн бүтцийн зарим нэгжүүдэд манай ажилтнуудыг ажиллуулах боломж байгаа талаар санал солилцсон. Ингэж бид Захиргаа, хүний нөөцийн бодлогын газар болон бусад цех нэгжүүдтэйгээ харилцан ярилцаж, зөвшилцсөний үндсэн дээр 37 ажилтнаа хуваарилж, 30 гаруй ажилтныг Механик цехэд ажиллуулж байгаа. Бусад ажилтныг өмнө хэлсэнчлэн Цутгуурын цехийн өргөтгөлийн техник технологийн шинэчлэлийн ажлын буулгалт, угсралт суурилуулалтын ажилд хуваарилсан. Ийм хөдөлмөр зохион байгуулалт хийлээ.

   -Цутгуурын цехийн өргөтгөлийн шинэчлэл хэдийд дуусах вэ? Төлөвлөснөөр явж байна уу?



   -Цутгуурын цехийн техник технологийн шинэчлэл нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг 2031 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд хийгдэж буй бүтээн байгуулалтын ажил гэж хэлж болно. Бид энэ ажлыг 2018 оноос эхэлсэн. Энэ онд төлөвлөгөөний дагуу ажиллаж, дуусгаад,  ирэх 2020 оны тавдугаар сарын нэгэн гэхэд үйлдвэрлэл шууд эхлэх ёстой гэж үзсэн. Тиймээс төлөвлөгөөг биелүүлэхийн тулд өдөр тутмын нарийвчилсан дараалал, төлөвлөлтийг гарган, мөрдөж байгаа. Аль болохоор богино хугацаанд бүх бололцоогоо ашиглан чанартай хийж гүйцэтгэхээр ажиллаж байна. Буулгалт, шилжүүлэн суурилалт зэрэг ажлыг ирэх 12 дугаар сард багтааж дуусгахаар төлөвлөж байгаа. Эдгээр том ажлын жигдрэлт, гүйцэтгэлийн явцаас бидний төлөвлөгөөний биелэлт шалтгаална.  
 

  

   -Энэ онд Засвар механикийн завод ажил ихтэй байгаа юм байна. Бүтээн байгуулалтын ажилтай зэрэгцээд энэ оны үйлдвэрлэл, эдийн засгийн төлөвлөгөөний биелэлт ямар дүнтэй гарах бол?



   -Тиймээ. Ажил ихтэй, шахуу байгаа ч манай хамт олон амжилттай ажиллаж байгааг дурдах нь зүйтэй. Үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд чамгүй хичээн зүтгэсэн. Учир нь, нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх ёстой байв. Манайх 2019 оны 11 дүгээр сарын нэгнээс 2020 оны тавдугаар сарын нэгэн хүртэл яг зургаан сарын хугацаанд худалдан авалтыг хэрхэн багасгах, яаж бүтцийн нэгжүүдийн нөөцийг бүрдүүлж өгөх вэ гэдэгт бид төвлөрсөн. Ингэснээр оны эхний есөн сарын байдлаар цутгамал бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг 4478 тонн гэж төлөвлөснөөс 4741 тонныг үйлдвэрлэж, 106 хувиар биелүүллээ. Механик боловсруулалтын эд ангийн хувьд 1549 тонныг  төлөвлөж, 1654 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, төлөвлөгөөний биелэлт 107 хувьтай байна. Резинен эдлэлийн үйлдвэрлэл  энэ онд багагүй нэмэгдсэн. Бид 104 тонн резинен бүтээгдэхүүн хийхээр төлөвлөж, 105 тонныг үйлдвэрлээд байна. Металл хийц, стандартын тоног төхөөрөмжийг 480 тонн гэж төлөвлөөд, 579 тоннд хүргэж төлөвлөгөөг 121 хувиар биелүүллээ. Металл хийцийн үйлдвэрлэл өссөн үндсэн гол шалтгаан нь цутгуурын үйлдвэрлэлийн шинэ технологи ашиглалтад орох, цаашид хэрэглэгдэх хэрэгслүүд, хэв хашлага болон техник технологийн шинэчлэлийн хүрээнд өөрсдийн хүчээр хийж болох металл бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдсэнтэй холбоотой. Тиймээс энэ онд манай үйлдвэрлэлийн төлөвлөгөө бүрэн биелнэ. Зардлын хувьд,  үйлдвэрлэл өссөн ч гүйцэтгэлд суурилсан төлөвлөгөөтэй харьцуулахад хэмнэлт гаргаж ажилласан. Тухайлбал, 440 орчим сая төгрөгийг хэмнэсэн байгаа.
  

   -Нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэчнээн хувийг импорт орлох бүтээгдэхүүн эзэлж байна вэ? Энэ чиглэлийн бодлого хөтөлбөр хэрхэн хэрэгжиж байгаа вэ?


   -Энэ оны эхний 9 сард бид Баяжуулах үйлдвэр, Ил уурхайн шаардлагатай техник хэрэгсэл, эд анги үйлдвэрлэлээ. Нийт 24 төрлийн 1359 ширхэг эд анги үйлдвэрлэж, нийлүүлсэн. Импорт орлох бүтээгдэхүүний дотоод үйлдвэрлэлээс 1 тэрбум 525 сая төгрөгийн хэмнэлт гарсан байна. Өнгөрсөн 2014 оноос хойш гүйцэтгэлээр импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэл 219 төрлөөр  20.5 тэрбум төгрөгийн хэмнэлт өгсөн дүнтэй байгаа. Энэ жилийн дүнг нэмбэл сүүлийн 5 жилд импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэл өндөр үзүүлэлттэй гарах боломжтой. Хэмнэлтийг бид худалдан авах зардал, Засвар механикийн заводод үйлдвэрлэж буй зардлын хэмжээнд тооцож байна. Ер нь импорт орлох бүтээгдэхүүнийг шинээр төлөвлөх боломжгүй байдаг. Учир нь цех нэгжүүдийн тодорхой захиалга, ажлын хэрэгцээ шаардлагаас хамаарч, ямар төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх вэ гэдгийг гаргадаг.

   -Ирэх оны зорилтууд тодорхой байгаа. Энэ талаар тодруулж хэлнэ үү?


   - Бидэнд төлөвлөсөн томоохон хэд хэдэн ажлууд бий. Мэдээж, хамгийн эхнийх нь Цутгуурын цехийн хэвний хэсгийн технологийн тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хийж дуусгах ажил. Дараагийн том ажил нь Засвар механикийн заводын 2017-2031 онд хийгдэх өргөтгөл, шинэчлэлийн техник эдийн засгийн үндэслэлийг шинэчлэн боловсруулж, нарийвчилсан техник эдийн засгийн үндэслэл боловсруулах. Энэ нь Засвар механикийн заводын зах зээлийн судалгаа, боломжийг тодорхойлж гаргах зорилготой. Үүн дээрээ тулгуурлаад, бид цаашид ямар техник тоног төхөөрөмж нэвтрүүлэх вэ, хэдий хугацаанд хэчнээн хэрийн хөрөнгө оруулалтаар техникийн шинэчлэл хийх нь үр дүнтэй вэ гэдгийг тооцож гаргана. Урьдчилсан техник эдийн засгийн үндэслэлд ерөнхийд нь  тусгасан байдаг бол нарийвчилсан төлөвлөгөө боловсруулснаар бидний ажил илүү тодорхой болж өгөх юм. Тиймээс бид Засвар механикийн заводын өргөтгөл шинэчлэлийн нарийвчилсан техник эдийн засгийн үндэслэл, барилгын зураг төсөл боловсруулах техникийн даалгаврыг боловсруулах чухал ажил байна. Эдгээрийн хөрөнгийн асуудлыг Монгол Улсын Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас зөвшөөрч, шийдвэрлэсэн тул бид ажилдаа орсон. Удахгүй тендерийн үнэлгээний хороо байгуулагдана. Энэхүү техник эдийн засгийн үндэслэл боловсруулагдсанаар бидний бүх зорилт төлөвлөгөө энд тусгагдана гэсэн үг. Өнгөрсөн жилүүдэд бидний нэг зорьсон ажил бол үйлдвэрийн хэмжээнд элэгдсэн эд ангиудыг сэргээн засварлах ямар хэрэгцээ шаардлага байна гэдгийг судалж тогтоох байсан. Энэ ажлыг хийснээр элэгдсэн эд ангиудыг сэргээн засварлах шинэ технологи нэвтрүүлэх, шинэ тасаг байгуулах урьдчилсан техник эдийн засгийн үндэслэл боловсруулж гаргаад байгаа. Үүнийгээ дээр өгүүлсэн нарийвчилсан техник эдийн засгийн үндэслэлдээ тусгасан.


   Мөн манай цех 2018 оны тавдугаар сараас  ISO9001 стандартыг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бол амар ажил биш юм байна. Ажилтнуудын хандлага, сургалт хөгжлийг идэвхжүүлж, хэвшүүлэх гээд олон хэлбэрийн ажлыг зохион байгуулж, Чанарын албатай болсон. Цаашид энэ стандартыг цехийнхээ онцлогт нийцүүлэн, зөвлөх үйлчилгээ авч, зөв хэрэгжүүлэх зорилттой ажиллаж байна.  Металл судлалын орчин үеийн дижитал лабораторийг байгуулах зорилт бас бидэнд бий. Судалгаа, туршилт үйлдвэрлэл, инноваци гэсэн дараалалтай ийм төвийг байгуулж, инженерүүд өөрсдөө судалгаагаа хийгээд явах боломж бүрдүүлье гэж ярилцсаны үндсэн дээр ийм зорилтыг дэвшүүлсэн. Ингэж дэмжвэл инноваци хөгжих таатай суурь бий болно. Энэ ажлыг бид Технологийн сургуулийн Металлын лабораторийн бааз суурин дээр түшиглэж, хамтран ажиллана. Мэргэжилтнүүдээ сургаж, дадлагажуулна. Манай инженерүүд уг лабораторийн төслөө бичиж дууссан. Үүнийг бид бас техник эдийн засгийн нарийвчилсан үндэслэлд тусгаж, хэрэгжүүлнэ. Энэ нь эрдэм шинжилгээ, судалгаа, үйлдвэрлэлийг хослуулан үйлдвэрээ хөгжүүлэх бодлогын нэг үндэс гэж хэлж болно. 

 

   Түүнчлэн бид Засвар механикийн заводын нэрийн бүтээгдэхүүнтэй болох зорилттой ажиллаж байна. Үйлдвэрийн газарт хэрэглэдэг бүхий л төрлийн хаалтыг дотооддоо үйлдвэрлэх боломж хэр байна, ямар төрлийн хаалт өргөн хэрэглэгдэж байна, бүгдийг биш гэхэд  зохих түвшинд хангах ямар боломж байна гэдгийг судалж байна. Нөгөө нэг бүтээгдэхүүн нь булингын насос. Хэрхэн яаж үйлдвэрлэх зураг төсөл, тооцоолол нь бэлэн болсон. Ирэх оноос энэ ажил эхэлж, Засвар механикийн заводын нэрийн насос гэж үйлдвэрлэлд ашиглах боломжтой болчихно гэсэн зорилт юм.

   -Баярлалаа. Амжилт хүсье. 


М.Балжинням

Фото Б.Баттөгс

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)