Б.Ганхуяг: Цаасан дээр л үлдэх байсан “Эрдэнэс Тавантолгой” компанийг авч үлдэж чадсан
- 2019-11-15
- Уул уурхай
- 0
“Эрдэнэс-Тавантолгой” компани. Олон улсын хөрөнгийн зах зээлд гарч, IPO босгох хүлээлттэй байгаа компани. Энэ ондоо багтааж сард Хонконгийн хөрөнгийн биржийг сонгон дэлхийн зах зээлд гарч, хөл нийлүүлж буй компани. Төр муу менежер гэх ойлголт сүүлийн 20 жил тогтсон ч төр муу менежер биш гэдгийг энэ цаг үед батлахаар хичээж буй Б.Ганхуяг захирал. Ээдрээтэй түүхтэй, цаасан дээр л үлдэх байсан “саарал” түүхтэй компани одоо дэлхий өөд тэмүүлж буй. Компанийн засаглал, ил тод нээлттэй байдал, хүний нөөцийн уян хатан бодлого гээд өмнө нь хаалттай байсан энэ компани иргэдэд үүдээ цэлийтэл нээж байна. Асар их хүлээлт тээж буй “Эрдэнэс-Тавантолгой” /ЭТТ/ компанийн түүх,амжилт ололт, энэ жил хэрэгжүүлэх ажлын талаар гүйцэтгэх захирал Б.Ганхуягтай ярилцлаа.
-Н.Г: Юуны өмнө манай сэтгүүлийн урилгыг хүлээн авч, ярилцлага өгөхөөр болсонд тань талархсанаа илэрхийлье. “Эрдэнэс-Тавантолгой”-н түүхийг сайн мэдэх хүн нь та. Компанийн түүх, сорилтын талаар ярилцлагаа эхэлье?
-Б.Г: Ашигт малтмалын хуулийн хүрээнд “Эрдэнэс МГЛ” компани 2007 онд стратегийн ач холбогдолтой ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор байгуулагдсан түүхтэй. Тухайн үед Засгийн газар, Төрийн өмчийн хорооноос гаргасан шийдвэрийн дагуу хоёрдугаар сард компани анх үүсгэн байгуулагдаж байсан. Үүсгэн байгуулагдаад удаагүй байхдаа хоёр том ажил эхлүүлж байлаа. Нэгт, Оюутолгой, хоёр дахь нь Тавантолгой байсан. Стратегийн хоёр том ордыг эргэлтэд оруулах ажлуудыг ийн эхлүүлж байсан түүхтэй. Миний хувьд Тавантолгойтой холбогдох түгээмэл тархацтай ашигт малтмалын ордтой холбогдох асуудлыг хариуцаж байсан. Энэ компанийг үүсгэн байгуулахад анх таван хүн байсны нэг нь би. Компанийн анхны гүйцэтгэх захирлаар Эрдэс баялаг, эрчим хүчний сайдаар ажиллаж байсан Д.Зоригт дарга ажиллаж байсан. Эхэндээ ямар ч өмч хөрөнгө байхгүй, машин унаа байтугай өөрийн гэсэн сандал, ширээ ч байхгүй, Засгийн газрын нөөц хөрөнгөөс санхүүжиж, тухайн үеийн ТӨХ-ны байрны дөрвөн давхарт байрладаг байлаа.
Бид хамгийн эхэнд 2007- 2008 оны хооронд Тавантолгойн ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл авах асуудлыг эхлүүлээд, бичиг баримтыг нь бүрдүүлээд, тусгай зөвшөөрөл авахтай холбогдсон ажлуудыг дэс дараалалтай явуулж ирсэн. 2009 онд Тавантолгойн ашиглалтын найман тусгай зөвшөөрлийг компани дээрээ төвлөрүүлсэн бөгөөд Жорк стандартад шилжүүлбэл 7.3 тэрбум тонн хэсэгчилсэн нөөцтэй одоогийн бидний мэдэх компани бий болсон хэрэг.
Үүнийг авахаас өмнө ашиглалтын тусгай зөвшөөрөл авахтай холбогдсон ТЭЗҮ-г боловсруулж, ордыг ашиглах стратегийн төлөвлөгөөг баталсан. Үр дүнд нь 2010 оны 8-р сарын 25-ны өдөр долоон техник, 37 ажилтантайгаар уурхайн олборлолтийн үйл ажиллагааг Б.Энэбиш захирал эхлүүлсэн түүхтэй. Уг уурхайн төслийн багийг миний бие анх бүрдүүлж, шууд удирдлагаар ханган, хариуцаж байснаараа бахархаж явдаг хүн дээ.
-Б.Б: Тавантолгойн түүх өөрөө их ээдрээтэй. Олон улсын БХП Биллитон компанид гологдоод, хувьд ирээд, төр аваад “кино” шиг түүх туулсан компани. Энэ ээдрээтэй нөхцөл байдалд компанийн философи хэрхэн тогтсон гэж боддог вэ?
-Б.Г: Тавантолгойн ордын нүүрсний бассейныг цогцоор нь хөгжүүлэх ТЭЗҮ-г 1983-1987 оны хооронд ЗХУ-ын “Гипрошахт” хүрээлэн боловсруулсан юм. Үүнээс өмнө буюу 1968 оноос хойш үе шаттайгаар, хэсэгчилсэн байдлаар хайгуул, судалгаа хийж, анхны геологийн экспедиц 1971- 1972 онд очиж ажиллаж байсан. Анхны экспедицид багтсан хүмүүс одоо ч амьд сэрүүн бий. Ингэж байтал ардчилсан нийгэмд шилжсэнээр эдийн засаг, нийгмийн байдал хүндэрч, Тавантолгойн орд хэсэг хугацаанд эзэнгүй үлдсэн. Яахав төрд байсан ч Гипрошахтын ТЭЗҮ-г үндэслээд “Норест” компани 30 жилийн хугацаатай ашиглалтын ТЭЗҮ хийсэн юм. Энэ ТЭЗҮ-г BHP Billiton компанийн захиалгаар “Норвест” компани хийсэн юм билээ. Ингэж явж байгаад Сү.Батболдыг Ерөнхий сайд байхад Ухаа-Худагийн лицензээс бусдыг төрд буцааж өгсөн байдаг. Дараа нь “Эрдэнэс МГЛ” ХХК дээр шилжүүлэн авч, “Эрдэнэс- Тавантолгой” байгуулагдахад шилжүүлж өгсөн. 2010 онд зөвхөн Зүүн Цанхийн хэсгийг ашиглах нэг сая тонн урьдчилсан ТЭЗҮ-г боловсруулсны дагуу төслийн баг гарч ажилласан. Дараа жил нь буюу 2011 онд Баруун Цанхи, 2012 онд Зүүн Цанхийн ТЭЗҮ-г 30, 30 жилээр “Норест” болон “Гипрошахт”- ын судалгаанд үндэслэн боловсруулсан. Концепцын хувьд бол тогтсон л ажил. Одоогоор орхигдоод байгаа олон ажил бий. Бүтээн байгуулалт, дэд бүтэц, ялангуяа хот байгуулалтын асуудлууд бий.
“ЭТТ” бол яг Эрдэнэт шиг суурьшмал хоттой төсөл. Үүгээрээ “Оюутолгой”-гоос ялгагддаг. “Гипрошахт” хүрээлэн энэ төслийг маш нарийн судалсны үр дүнд 50 мянган хүний орон сууц, сургууль цэцэрлэг, соёлын төв, хүнд, хөнгөн үйлдвэр гээд цогцоор нь төлөвлөсөн байдаг.
-Н.Г: Компанийн хувьд 2013-2016 онд их олон сорилт тулгарсан цг үе байсан. Энэ хүнд цаг үеийг хэрхэн даван туулсан бэ?
-Б.Г: Төслийн үйл ажиллагаа 2009 онд албан ёсоор эхлээд 2010 оноос олборлолт хийж эхэлсэн. Чалко компаниас урьдчилгаа төлбөр авах тухай асуудал яригдаад, яаруулж эхэлсэн л дээ. Сонгууль ч дөхөж байсан цаг. Ний нуугүй хэлэхэд компанийг маш олон удаагийн санаатай үйлдлээр улс төржүүлэх, улс төрийн санал авах процессот ашиглаж ирсэн. Өнөөдрийн байдлаар нийтдээ 684 сая ам.долларын өр, төлбөрийг “Эрдэнэс-Тавантолгой” компани бүрэн барагдуулаад байна. Энэ их мөнгийг 2010-2011, 2016 онуудад авахдаа олон улсын зах зээлд IPO босгохоос өмнө баталгаатай компанид оффтек гэрээтэй явъя гэж зорьж байсан. “Чалко” компани Нью-Йоркийн хөрөнгийн бирж, Хонконгийн хөрөнгийн бирж дээр листинг нь байдаг том компани. Одоо ч бид гэрээтэй гэхэд олон улсын ямар ч том банк, бирж “Танай компанийн нэгж хувьцааг өсгөх хамгийн том үзүүлэлт” гэж хэлдэг. Тухайн үед ийм зорилгоор авч байсан ч иргэдэд бэлэн мөнгө тараах ажилд зориулсан нь алдаа болсон. 2011 онд стратегийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер зарласан байдаг. Тухайн үед 12 компани орж ирээд, шорт листинг үүсгээд дөрвөн компани үлдэж “McMahon”, “BBM” компанийн консорциум ялалт байгуулж, ажлаа эхлүүлсэн хэдий ч компани маш их өртэй, боловсон хүчний хувьд бүрэн чадавхижаагүй, үйлдвэрлэлийн ажил жигдрээгүй зэрэг сул талууд давамгайлж байсан.
Гэвч ажил төлөвлөсөн хэмжээнд явж л байсан. “Чалко”-гийн нэг давуу чанар нь үнэ өссөн ч, унасан ч авдаг учраас ажилчдын цалинг тавиад, компани хэвийн үйл ажиллагаатай байсан юм. Манай нүүрсний үнэ Хятадын зах зээлд асар их хэмжээгээр унахад компанийн нөхцөл байдал хүндэрсэн. Энэ үед компанийг яах вэ гэдэг асуудал менежментийн багийнханд тулгарсан. Тухайн үед дотоод, гадаадын өр ширэнд дарагдсан учраас өсч дэвжих боломжгүй байсан. 2013 онд байдал улам хэцүү болж дараа жил нь цалингаа тавьж ч чадахгүй хэмжээнд хүрсэн. Ер нь бол манай уурхайчид энэ салбарын хамгийн хэцүү, бэрхшээлтэй олон нугачааг даван туулсан. Цаасан дээр үлдэх байсан компанийг амьдрал дээр авч үлдсэн уурхайчин хамт олон юм шүү.
-Б.Б: Менежментийн хувьд ямар арга хэмжээ авсан бэ?
-Б.Г: Компани маш их хэмжээний өртэй байсан. Дотоодын жижиг компани, худалдан авагч компани, Хөгжлийн банк, арилжааны банкууд, гадаадаас “Чалко”-д өртэй байсан. Ёстой нөгөө “Өрөөндөө баригдсан...” компани байсан. Үүнийг менежментийн бодлогоор зохицуулах үүрэг бидэнд ногдсон. Нэгдүгээрт, бид хэмнэлтийн системд шууд шилжиж, зардлуудаа хэмнээд эхэлсэн. Энэ ажил ч үр дүнгээ өгч 2017 оноос өр, төлбөрүүдээ үе шаттайгаар барагдуулж, амжилтанд хүрсэн. Хоёрдугаарт, компанийг нийгэмд зөвөөр таниулах, иргэдэд нээлттэй болгох хэрэгтэй байсан. Монгол Улсын 2.5 сая иргэн энэ компанийн хувьцааг эзэмшдэг мөртлөө хаана байдгийг нь мэддэггүй, мэдэгдэж байсан нь голдуу сөрөг мессеж байсан учраас нийгмийн хандлагыг сайнаар бүрдүүлэх нь бидний хийх маш чухал ажил болсон. Үүнийг хийхгүйгээр ямар ч их хэмжээний мөнгө босгох суурь нөхцөл, иргэдийн хардлага багасахгүй нь тодорхой. Гуравт, компанийн байгуулсан олон төрлийн гэрээтэй холбоотой асуудлыг эх оронч байр сууринаас хандаж шийдвэрлэж, зохицуулах ёстой. Энэ бүхнийг хийснээр цаашид саалгүй явах нөхцөл бүрдэх юм. Эдгээр ажлыг үе шаттай хийсээр байгаа. Тухайн үед танай компани хаана байдаг юм бэ? гэсэн асуулт зонхилж байсан бол одоо мэддэггүй цөөн болж, хувьцааны эрхийг нээлгэх талаар асууддаггүй хүн байхгүй болсон, ялангуяа 2 дахь хөрөнгийн зах зээлийн талаарх ажил, мэдлэг манай компаниар дамжиж иргэдэд хүрдэг болсон нь бидний давуу тал болсон доо.
-Б.Б: Тухайн үед яагаад IPO гаргаагүй юм бэ?
-Б.Г: Нэгдүгээрт, “Эрдэнэс- Тавантолгой” компани тухайн цаг үед өртэй байсан. Эхний 100 сая ам.долларын зээлээ авчихсан, дараагийн 150 сая ам.доллар авах гэрээгээ хийчихсэн байлаа. Хоёрдугаарт, компанийн боловсон хүчний чадавх бэхжээгүй байсан. Гуравдугаарт, компанийн үйл ажиллагаа тогтмолжоогүй байсан юм. Үйл ажиллагаа дөнгөж эхлээд жилд 200-300 мянган тонныг олборлох хэмжээнд л компанийн хүчин чадал яригддаг байлаа. Ийм компани олон улсын зах зээлд гараад, IPO босгоно гэдэг нь маш хүнд зүйл л дээ.
ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД IPO БОСГОСНООР “ЭТТ” УЛС ТӨРӨӨС ХАМААРАЛГҮЙ БОЛНО
-Б.Б: Олон улсын зах зээл дээр гарахын тулд улс төрөөс шалтгаалсан эрсдэл, тогтвортой байж чадах уу гэдгийг харах байх. Цаашид улс төрийн зорилгоор ашиглах түүхийг давтахгүй байхад компанийн зүгээс юу хийх ёстой вэ?
-Б.Г: Олон улсын зах зээлээс хөрөнгө босгоно гэдэг бол бид өөрийн салбарт, хөгжилд хэрэгтэй дэд хөтөлбөрүүдэд шаардлагатай хөрөнгийг босгох, нөгөө талаар урт хугацааны хөгжлийн бат бөх суурийг тавьж, дэлхийн томоохон санхүүгийнхэнтэй хамтран ажиллах, тогтмол орлогыг бий болгох асуудал. Ингэхийн тулд хөрөнгө босгодог. Бид дангаараа хийх боломж хомс учраас эхнийх нь хөрөнгө, удаах нь таны хэлдэг нэр хүндийн асуудал байдаг. Нэгэнт олон улсын зах зээлд нээлттэй компани болж, төрийн өмчийн компаниудаас анхдагч нь болж чадсан тохиолдолд компанийн урт хугацааны стратеги бодитой тодорхойлогдоно. Хамгийн чухал нь бид улс төрөөс хамааралгүй болно. Зөвхөн олон улсын зах зээлийг тодорхойлдог мэргэжилтэн, шинжээч, санхүүчид орж ирнэ. Тэд ашиг олохын тулд, аль, аль талдаа үр ашигтай байхын тулд бизнесийн зөв схемээр ажиллана. Нэг удаа мөнгө тараадаг процесс бүрэн алга болно. Дээрээс нь засаглалын хувьд тогтвортой болно. Олон улсаас хөрөнгө босгож, тэндээ “deal” хийх учраас энд тэр түвшний мэдлэг боловсролтой боловсон хүчин ажиллах юм. Түүнчлэн компанийн урт хугацааны бодлого хэрэгжих боломжтой болохын зэрэгцээ суурьшмал хот бүхий үйлдвэрлэлийн цогцолбор бүс байгуулагдах юм. Үүнийг хадгалахын тулд олон улстай холбоотой ажиллах ёстой.
-Б.Б: Компани засаглалаа сайжруулахын тулд олон шинэ санаачилга нэвтрүүллээ л дээ. Олон нийтийн зөвлөл байгууллаа, эрдэмтдийн баг гаргалаа. Гэвч олон нийтийн зөвлөл дээр урлаг соёл, спортын төлөөллийг санал асуулгаар тодруулсан. Тэд олон нийтийг төлөөлж чадна гэж бодож байгаа юу?
-Б.Г: Манай ТУЗ хараат бус гишүүдтэй. Тухайн үед маргаан гараад байсан зүйл нь компанийн Гүйцэтгэх удирдлагад дэмжлэг үзүүлэх зорилго бүхий сайн дурын бөгөөд салбар салбарын нэр хүнд бүхий хүмүүсээс бүрдсэн багийг ТУЗ-ийн хараат бус гишүүнтэй хольж андуурсан үйл явц болсон. Олон нийтийн зөвлөлд сонгогдсон хүмүүсийг хараат бус гишүүн болчихлоо, бид нарыг төлөөлчихлөө гэж ойлгоод байгаа юм. Энэ бол тусдаа. ТУЗ-ийг бүрдүүлдэг хараат бус гишүүнийг сонгох тусдаа журам бий. Тэр журмаараа сонгон шалгаруулалт хийдэг юм. Олон нийтийн зөвлөл гэдэг бол гүйцэтгэх удирдалга бүрэн эрхийнхээ хүрээнд нээлттэй байдлыг бий болгох, компанийг салбар салбарт сурталчлах ажилд дэмжлэг авахын тулд байгуулсан орон тооны бус бүтэц. Намайг 2016 оны есдүгээр сарын 12-нд тэргүүн дэд захирлаар эргэж ирэхэд компанийн талаар 85-90 хувь сөрөг мессежтэй байсан шүү. Захирлууд нь авилга авдаг, тендер будилуулдаг гээд манай компанитай холбоотой сайн зүйл ховор байсан. Улс төр, бэлэн мөнгө тараадаг гээд бүх муу зүйлийг манай компанитай холбодог байлаа. Энэ бүхнийг зөвөөр ойлгуулах, иргэдэд бодит мэдээлэл өгөх ажлууд амжилттай хийгдэж байгаа нь үр дүн юм шүү. Үүний зэрэгцээ бид төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллахаар 86 төрийн бус байгууллагатай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Хамтын ажиллагааны хүрээнд сургалтын үйл ажиллагааг тогтмол явуулахаар болсон юм. ШУТИС болон МУИС- тай гэрээ байгуулж, сургалтын хөтөлбөрүүдэд нь тусгахаар болсон.
Хувьцаа, хөрөнгийн зах зээл, уул уурхайн салбар хэрхэн хөгжих вэ гэдгийг сургалтын түвшинд ойлгуулж эхэлж байна. Эрдэмтдийн зөвлөлд мэргэжлийн геологич, гидрогеологич, санхүүчдийг багтааж мэргэжлийн түвшний зөвлөгөө авах, хамтран ажиллах, санал, санаачилгыг нь бодлогодоо тусгаж байгаа. Түүнчлэн мэргэжилтнүүдэд чиг баримжаа олгох сургалтыг ч эрдэмтдээр дамжуулан хийдэг болж байна.
-Н.Г: Компани аливаа гэрээ, контрактыг цахим хуудсандаа нээлттэй байршуулдаг болсон. Энэ тухайгаа яриач?
-Б.Г: Компани нээлттэй байх ёстой. Өмнөх нь шилэн данс маш муу байсан. Бид аль болох бүх зүйлээ нээлттэй байлгая гэж зорьж байгаа. Нийгэмд хамгийн том хардлага дагуулдаг зүйл бол борлуулалтын гэрээ. Борлуулалтын гэрээг ил тод болгох гээд зорьж байна. Зарим компани манай компанийн асуудлыг ил болголоо гэж шүүмжилдэг ч ил болгох ёстой гэдэг зарчмыг бид анхнаасаа тавьж байгаа. Борлуулалтын гэрээний хардлага бол ерөөсөө 1-2 ам.доллар дундаас нь завшдаг л тухай асуудал шүү дээ. Үүнийг байдаг эсэхийг тогтоохоор оролдлого хийсэн. Одоо бол борлуулалт хийх үйл явцыг байнга нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, үнийг тогтмол өсгөх, хэмжээг нь ч нэмэгдүүлж байгаа. Тавигдах шаардлага, босгыг нь өндөр болгох бодлого баримталснаар томоохон харилцагчтай, тогтмол бизнес нь өргөждөг компаниудтай байнга харилцах боломж нэмэгдсэн. Энэ ажлын хүрээнд харин дундын зуучлагч нар байхгүй болж, яригдаад байсан засварт нь мөнгө унагадаг зүйл байсан бол байхгүй болсон, дан нээлттэй бөгөөд хятадынхаа нүүрсний салбарт нэр бүхий, өрсөлддөг компаниудтай харилцаж эхэлсэн.Энэ нь компанийн үнэлэмжийг нэмэгдүүлэх том алхам болсон.
-Б.Б: Олон улсын зах зээл дээр гарахад манай тоглоомын дүрэм тодорхой байх ёстой. Харин одоогийн нөхцөлд манай хууль, эрх зүйн орчин олон улсын хөрөнгө оруулагчдад чөдөр тушаа болж байна уу, эсвэл тус дэм болж байгаа юу?
-Б.Г: Манай хууль эрх зүйн орчин олон улсад зориулж хийгээгүй. Дандаа дотоодын харилцааг зохицуулж байгаа. Бүхий л улс орон ийм л дээ. Гэхдээ глобалчлагдсан орнуудад олон улсын эдийн засгийн харилцаатай уялдуулан хууль, эрх зүйн орчноо сайжруулдаг. Манайд бол хөрөнгө оруулалтыг татах тухай хууль байдаг ч орж ирэнгүүт нь дотоодын хууль, дүрмээрээ бүх бизнесүүдийг нухдаг. Үүнийг нуугаад байх шаардлага байхгүй. “Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдаж авах тухай хууль” үүний нэг жишээ нь. Энэ хуулиар олон улсын хуулийн зөвлөх, олон улсын шинжээчээ, андеррайтер компани, техникийн зөвлөхөө шалгаруулдаг. Харин ороод ирэнгүүт нь бид татварт өргүй байх ёстой, регистрийн дугаараа өг гэх мэт өрөөсгөл, дэлхийн бизнесийн хуульд байдаггүй, Монгол шаардлага тавьдаг. Гаднын англи хүний регистрийн дугаар монгол хүнтэй тохирох уу. Тэгээд компани ороод ирэнгүүт барьцаа, тендерийн баталгаа, ямар нэгэн компанид өр төлбөргүй байх ёстой, захиргаа болон эрүүгийн хэргийн шүүх гээд дааж давшгүй олон цаас нэхдэг, дээрээс нь бүгдийг нь нотариатаар баталгаажуулсан байх ёстой гэдэг. Тэд үүнийг хараад яаж бүрдүүлэх вэ гэж гайхацгаадаг. Гаднын компаниудад тамга ч байдаггүй ш дээ. Гарын үсгээр шийдэгддэг. Гэтэл манайд тамга, тэмдэг нэхдэг. Энэ бол эдийн засгийн харилцаа юм. Гаднынхан бүх бичиг баримтаа бүрдүүлээд Сангийн яаманд өгдөг. Гэтэл хуульд нийцээгүй гэх үндэслэлээр хүчингүй болгочихдог. Хууль, эрх зүйн орчин ойлгомжгүй байгаа учраас бид Засгийн газарт тогтоол оруулах саналаа хүргүүлээд танилцуулсан. “Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль”-д онцгой нөхцөлөөр худалдан авах тухай ойлголт байдаг. Жишээлбэл, Тавантолгой шиг төсөл аль болох хурдан гараанаас гарч, шийдэгдэх ёстой.
-Н.Г: Хувьцаа эзэмшигчдийн зарим төлөөлөл дотоодын зах зээлд гаргаач гэж шахаж байх шиг байна. Дотоодын зах зээлд гаргах асуудлыг яагаад хойшлуулаад байна вэ?
-Б.Г: Дотоодын хөрөнгийн бирж дээр гарвал анхны үнэлгээгээрээ л тогтоно. Аливаа компани бирж дээр гарсан л бол анхны үнэ нь яг тогтдог. Дотоод байна уу, гадаад байна уу хөрөнгийн бирж бол хөрөнгийн бирж. Бид нар дотоод дээрээ гарсан тохиолдолд нэгж хувьцааны үнэ маш бага болох эрсдэл бий. Тиймээс бид Хонконг, Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр гаргаад тэндээсээ листинг маягаар дотоодын хөрөнгийн бирж дээр гарахад асуудалгүй. Одоо шууд гаргачихвал 1072 хувьцааны үнэ шууд унана.
-Б.Б: 1072 хувьцаа хэрхэн баталгаажиж байгаа вэ?
-Б.Г: 1072 хувьцаа 2018 оны дөрөвдүгээр сар хүртэл ямар ч баланс дээр бүртгэгдээгүй байсан юм. Харин бид 2018 оны дөрөвдүгээр сараас эхлэн 2.5 сая хүнийг нэр, овогтой нь, 486 компанийг баланс дээр бүртгэснээр ээ бүгд “Эрдэнэс-Тавантолгой”- нх болсон. Хуучин компани нь тэнд өртэй, хаана юу хийдэг нь мэдэгдэхгүй, 486 нь Сангийн яаманд, үлдсэн хэсэг нь өөр газарт явж байсан. Ашиглахдаа дандаа улс төрийн зорилгоор ашиглаж ирсэн. Сонгууль дөхөхөөр ахмадууддаа хишиг, оюутнууддаа сургалтын төлбөр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тэтгэмж гээд тараачихдаг л байсан. Харин одоо бол дахиж 1072 хувьцаатай холбоотой улс төр хийж чадахгүй. Харин ашигтай ажилласан тохиолдолд эзэмшиж байгаа хувьцааны тоонд нь тохирсон ногдол ашгийг олгох тухай асуудал хууль дүрмийн хүрээнд яригдана.
-Б.Б: Үүнд та яагаад ийм их итгэлтэй байгаа юм бэ? Сонгууль дөхөж байна улстөр хийхгүй гэх баталгаа байна уу?
-Б.Г: Компани нүдэн дээр ил ажиллаж байна. Үйл ажиллагаа хэвийн байна. Үнээ унагасангүй. Маркетинг, менежментийн зөв бодлого явуулж байна. Төр муу менежер биш гэдгийг үйл ажиллагаагаараа харууллаа шүү дээ. Энэ компанийг авч үлдсэнд нь тухайн үеийн улстөрчдөд баярлах хэрэгтэй. Тухайн үедээ 400- хан сая ам.доллараар “Шиньхуа Энержи”-д зарах гэж байсан. Тэгтэл бид өнөөдрийн байдлаар 680 сая ам.долларын өрийг дангаараа дарчихлаа шүү дээ. Компани одоо дансандаа 600 гаруй тэрбум төгрөгтэй байна гээд санхүүгийн харилцаа сайжирсан олон үзүүлэлтийг хэлж болохоор болсон.
2019 ОН ЭТТ-Н БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЖИЛ БАЙХ БОЛНО
-Б.Б: БНХАУ нүүрсний салбарт баримтлах бодлогоо урт хугацаанд өөрчлөхөө зарлалаа. Оны өмнөхөн БНХАУ Асвтрали руу кокосжсон нүүрсний импортоо түр хугацаагаар хаасан. Хамгийн том худалдан авагч, хөрш гүрний бодлоготой “Эрдэнэс- Тавантолгой” компани бодлогоо хэрхэн уялдуулах вэ?
-Б.Г: Ямар ч улс орон хэрэглээндээ тохируулан нийлүүлэх бараагаа тогтоодог. Манайх ч гэсэн энэ жил 42.2 сая тонн нүүрс экспортолно гэж заасантай адил. Хятадын дотоодын бодлогын л асуудал. Өнгөрсөн жил тухайн жил авах нүүрсний хэмжээ Хятадад өсчихсөн юм билээ. Ер нь цаашид манай улстай ойрхон орших, өөрөөр хэлбэл, хилийн бүстэй ойр орших бүс нутгуудад хэрэглээ буурахгүй төлөвтэй байна. Олон улсад гарахтай холбоотойгоор бид хил орчмын Хятадын бүс нутгуудыг А, B, C гээд ангилчихсан байгаа. Урд хил дээр буюу бидний тодорхойлсноор А бүсэд хөнгөн болон хүнд үйлдвэр ихээр байгуулагдсан. Манайтай өрсөлдөх маш олон жижиг уурхайг БНХАУ бодлогоор хаачихсан. Гүний болон ил уурхайнуудаа хааж дуусч байна. Үлдсэн нь ЭТТ-тэй нүүрсний чанарын хувьд өрсөлдөхгүй. Энэ мэт хүчин зүйлүүдийг үндэслээд бидний хэрэглээ 3-5 жилдээ буурахгүй гэдгийг судалгаа харуулж байгаа юм. Энэ хооронд бүх үйлдвэрлэлийн салбаруудаа бий болгочих юм бол том ирээдүй бидэнд байна.
-Б.Б: Дэлхийн банк болон бусад байгууллагаас энэ онд нүүрсний үнэ унана гэсэн таамаглал дэвшүүлсэн. “Эрдэнэс-Тавантолгой” энэ жилийн ашгаа хэрхэн тооцоолж байгаа вэ?
-Б.Г: Өөдрөг байгаа. Ямар ч байсан нэгдүгээр улирлаа бид өсөлттэй аваад гарчихлаа. Хоёр, гуравдугаар улиралд унана.
Гэхдээ бид унагахгүй, харин ч үнээ өсгөх ямар л боломж байдаг юм бүгдийг нь хийнэ. Ямар ч байсан орлого таслахгүй. Орлогоо давуулан биелүүлэхээр ажиллаж байна.
-Н.Г: Компани 2019 оны цэвэр ашгаа хэд гэж тооцоолж байна. Энэ оныг ямар жил болно гэж харж байгаа вэ?
-Б.Г: Цэвэр ашгийн хувьд 720 орчим тэрбум төгрөг болно гэж тооцоолж байгаа. 2019 он бол бүтээн байгуулалтын жил байх болно. Ажиллагсад хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангасан жил байх болно. Компанийн хувьд хөгжлийг бий болгосон, дэд бүтцийн төслүүдээ хөдөлгөсөн жил болно. Санхүүгийн бүхий л харилцаагаа олон улстай холбож, олон улсын зах зээлээс IPO босгосон жил байх болно.
-Н.Г: “Эрдэнэс-Тавантолгой”-н бүтээн байгуулалтын ажлыг хэрхэн төлөвлөж байгаа вэ? Баяжуулах үйлдвэр ойрхон байна уу?
-Б.Г: Бид багцаар нь төлөвлөж байгаа. Өмнө нь бид маш том алдсан. Цахилгаан станц нь өөр газар, баяжуулах үйлдвэр нь өөр газар, усан хангамж нь ондоо газар, төмөр зам нь бүр далий байсан. Одоо ч гэсэн нэг дор биш байна. Гэхдээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газар, УИХ тогтоол гаргачихлаа. Одоо дахиад гурван ч тогтоол гарна. Хамтад нь л төлөвлөж байгаа. Багцаар нь л хөдөлгөхгүй бол болохгүй. Энэ жил тэргүүн ээлжинд Тавантолгой- Гашуунсухайт чиглэлийн төмөр замын үлдсэн хөрөнгө оруулалтыг хийж дуусгах зорилт тавьж байна. Ойролцоогоор 1.5 жил болно. Одоо 75 хувьтай явж байгаа. Далангийн ажлаа дуусгасан. Мөн энэ жил Тавантолгой-Хангимандал, Тавантолгой-Гашуунсухайтын параллель авто замын ажлыг хийж гүйцэтгэнэ. Концесс, гэрээ нь байгуулагдсан. Санамж бичиг нь хийгдэж байгаа. Энэ хоёр ажлыг энэ жил эхэлнэ. Мөн нүүрс баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ-г нь шинэчлэн, барилгын ажлыг нь энэ жил эхлүүлэх зорилго бий.
-Н.Г: Жолооч нарыг бухимдуулдаг асуудал бол нүүрс тээвэрлэлт. Олон хоног дугаарладаг байдал хэзээ дуусах вэ?
-Б.Г: Тавантолгой дээр байгаа хүнд асуудал бол энэ л дээ. Төмөр зам байхгүйгээс шалтгаалаад л энэ асуудал үүсч байгаа юм шүү дээ. Гэхдээ тээврийн компаниуд нарийн хуваарь гаргаад, хил дээр нэвтрүүлэлт сайжирчихвал энэ дараалал алга болчихно. Жилд 17 сая тонн нүүрс тээвэрлэх боломжтой зам. Тиймээс төмөр зам барилаа ч гэсэн авто замын тээвэр үргэлжлэнэ. Одоогийн нөхцөл байдлын тухайд Хятадын талаас хамаарч байна. Манай жолооч нар ч хил нэвтрэхдээ чоно, мах гээд хууль бус зүйл тээвэрлэж байгаа нь нөлөөлж байна. Компани талдаа ч буруутай зүйл бас бий байх. Төмөр зам тавигдвал ачаалал улам л өснө. Өдөр тутмын ачилт нь 4-5 дахин өснө. Тиймээс ийм чадавхийг бид бүрдүүлэх ёстой. Энэ зорилгоор парк шинэчлэлд энэ онд багагүй хөрөнгө зарцуулна. Эцэст нь хэлэхэд, 2019 он “Эрдэнэс-тавантолгой” ХК-ийн хувьд бүтээн байгуулалтын жил, ирээдүйн хөгжлийнхөө суурийг тавьсан жил байх болно.
Эх сурвалж: Zindaa.mn Ярилцсан Н.Гантуяа, Б.Болорсүх
Сэтгэгдэл (0)