Л.Нямбаяр: Өмнөх жилээс 10 дахин их өнгө хучилт хийсэн
- 2019-11-29
- Уул уурхай
- 0
Монгол Улсын нүүрсний экспортын гол гарц болох Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын нөхцөл байдлын талаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Дэд бүтэц, ложистикийн газрын захирал Л.Нямбаяртай ярилцлаа.
-Монгол Улсын Засгийн газраас Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээвэрлэлтэд үүсээд буй хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх зорилгоор хугацаатай албан даалгаврыг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. “Эрдэнэс Монгол” ХХК албан даалгаврын хэрэгжилтийг хэрхэн хангаж ажилласан бэ?
-Албан даалгаврын хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК болон “Гашуун Сухайт Авто Зам” ХХК-д хэд хэдэн чиглэлээр үүрэг даалгавар өгсөн. Тодруулбал, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын засвар, арчлалтыг хариуцах зорилготой Зам засварын нэгж байгуулахыг үүрэг болгосон. Энэ дагуу “Эрдэнэс Монгол” компани болон “Гашуун Сухайт Авто Зам” компанийн ТУЗ-өөс холбогдох шийдвэр гарч, 36 хүний бүрэлдэхүүнтэй, 23 ширхэг тоног төхөөрөмж, машин механизмтай Зам засварын нэгжийг байгуулсан. Өнөөдрийн байдлаар Зам засварын нэгж төлөвлөсөн ажлаа бүрэн гүйцэтгээд байна. Нэгж байгуулагдсанаар зам засварын ажлыг цаг алдалгүй түргэн шуурхай гүйцэтгэснээс гадна эдийн засгийн хэмнэлт бий болсон. Мөн нүүрс тээврийн зам дагуу 10-15 км тутамд амралтын цэг байгуулах ажлыг үүрэг болгосон. “Эрдэнэс Монгол” ХХК өнгөрсөн жил хийсэн зогсоолын талбайн хэмжээг нэмэгдүүлж, 140 метр урт зогсоолуудыг 180 метр болгосон. Ингэснээр түр амрах цэг бүхий зогсоол дээр байрлах автомашины тоо өссөн. Үүнээс гадна дээрх албан даалгаварт зам засвар, арчлалтын ажлыг яаралтай зохион байгуулах, тэмдэг тэмдэглэгээг сайжруулахыг үүрэг болгосон. Энэхүү албан даалгаврын дагуу “Эрдэнэс Монгол” ХХК Тээврийн цагдаагийн хэлтэстэй хамтран замын тэмдэг тэмдэглэгээний үзлэгийг зохион байгуулсан. Энэ хүрээнд эргэлт тойруу, давтамжтай осол аваар гардаг газруудын жагсаалтыг гаргаж, шаардлагатай байгаа тэмдэг тэмдэглэгээг нэмж байршуулсан. Нийтдээ 140.000 урт метр тэмдэглэгээ хийж, 300 ширхэг тэмдэг суурилуулсан. Мөн шаардлагатай хэсгүүдэд 400 ширхэг дохионы шон байрлуулсан. Албан даалгаварт тусгагдсан ажлуудыг заасан хугацаанд чанартай гүйцэтгэсэн.
-“Эрдэнэс Монгол” ХХК Зам засварын нэгж байгуулан засвар, арчлалтын ажлаа гүйцэтгэсэн гэлээ. Энэ жил хэчнээн км газарт зам засварын ажлыг хийсэн бэ?
-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто зам бол улсын болон орон нутгийн чанартай авто замаас өөр. Учир нь хүнд даацын тусгай зориулалтын авто зам бөгөөд 70 хүртэлх тоннын нүүрс ачсан автомашинууд 24 цагийн турш уг зам дээр тасралтгүй тээвэрлэлт хийж байна. Монгол Улсын нүүрсний экспорт 2014-2016 оны хооронд зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалан харьцангуй бага байсан. Иймд тухайн жилүүдэд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын засвар, арчлалтын ажил төлөвлөсөн хэмжээнд хүрч чадаагүй. Өөрөөр хэлбэл, тухайн жилүүдэд замд эвдрэл гэмтэл гарсан боловч засвар хийж чадаагүй байсаар хуримтлагдсан. Ингэснээр хуримтлагдсан замын эвдрэлийг яаралтай засварлах шаардлага үүссэн учир 2017 болон 2018 онд тус бүр 5 км замд өнгө хучилтын ажлыг хийсэн. Харин 2019 онд 48.5 км замд өнгө хучилтын ажлыг хийсэн бөгөөд өмнөх жилүүдтэй харьцуулахад 10 дахин их хэмжээ юм. Анх энэхүү зам 6 см-ийн зузаантай тавигдсан. Харин сүүлийн жилүүдэд мөн л 6 см-ийн зузаантай өнгө хучилт хийлээ. Ингэснээр өнгө хучилт хийсэн хэсгүүддээ элэгдлийг тооцохгүйгээр зам 12 см-ийн зузаантай болсон.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замыг “Эрдэнэс Монгол” компани 2014 онд хүлээн авсан. Тухайн үед замын ТЭЗҮ-д 2015 онд авто замд бүрэн өнгө хучилт хийхээр тусгагдсан байсан. Гэвч эдийн засгийн хямралаас үүдэн ТЭЗҮ-д тусгагдсан дээрх өнгө хучилтын ажлыг хийж чадаагүй. Өнөөдрийн байдлаар 58.5 км-т өнгө хучилт хийгээд байна. Энэ нь нийт замын 40 орчим хувь.
-Нүүрс тээврийн ижил төрлийн замтай харьцуулахад өнгө хучилт ямар байгаа вэ?
-Улсын хэмжээнд нүүрс тээврийн хүнд зориулалтын хэд хэдэн авто зам байдаг. Тодруулбал, Ухаахудаг-Барууннаран болон Нарийнсухайт-Шивээхүрэнгийн боомтын зэрэг чиглэлийн авто замууд бий. Ухаахудаг-Барууннаран чиглэлийн авто зам 11 см-ийн асфальтбетон хучилттай бол Нарийнсухайт-Шивээхүрэнгийн зам24 см цементэн бетон хучилттай. Харин Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын хувьд хамгийн анхны тусгай зориулалтын авто зам бөгөөд дээрх замуудтай харьцуулахад хамгийн бага зузаантай. Гэвч дээрх хоёр авто замтай харьцуулахад хамгийн их ачаалалтай байдаг. Угтаа бол Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто зам 18 тоннын даацтай бөгөөд өдөртөө нэг талдаа 800 автомашин зорчих зориулалттай. Гэвч өнөөдрийн байдлаар ачаалалтай үедээ нэг талдаа 1100 гаруй автомашин зорчиж байна.
-Ирэх онд хэчнээн км зайд зам засварын ажил хийхээр төлөвлөсөн бэ?
-2019 онд хийсэн замын засвар, арчлалтын ажлын тоо, хэмжээг бууруулахгүй гэсэн урьдчилсан төлөвлөгөө байна. Замын засвар, арчлалтын ажил санхүүгийн нөөцөд тулгуурлаж явдаг.
-Замын засвар, арчлалтын ажлаас гадна зам дагуу амрах газар, хогийн цэг байгуулах болон хогийг дахин боловсруулж буй. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?
-Авто зам бол дэд бүтцийн нэг төрөл. Гэхдээ ганцхан авто зам тавьснаар бүх асуудал шийдэгдэхгүй. Тиймээс зам дагуу бусад дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх шаардлага бий. Тухайлбал, эрчим хүчний сүлжээ, шилэн кабел тавих шаардлагатай. Энэ жилийн тухайд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замд гар утасны сүлжээ бүрэн нэвтрээгүй байсан. Үүнээс улбаалан автомашин саатах, эвдрэл гэмтэл, осол аваар гарахад шуурхай дуудлага өгөх боломжгүй байсан. Харин “Юнител” компаниас зам дагуу дөрвөн сүлжээний антен байрлуулж, бүрэн сүлжээтэй болголоо. Мөн эрчим хүчний асуудлыг шийдвэрлэх шаардлага бий. 2020 онд тус замын 00-57 болон 119-112 км-т эрчим хүчний шугам татахаар төлөвлөж байна. Ингэснээр тээвэрчдийн ажиллаж амьдрах орчин нөхцөл, хүнсний аюулгүй байдал, авто машинуудын засвар үйлчилгээ, замын гэрэлтүүлэг болон камержуулалт зэрэг олон асуудал шийдвэрлэгдэх боломжтой.
-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замд байгаль орчинд ээлтэй нүүрс тээвэрлэлт хийх шаардлага бий болсон. Үүнийг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ?
-Нүүрсний хог хаягдлыг бууруулах, байгаль орчинд ээлтэй, хорогдол багатай тээвэрлэлтийг хөгжүүлэх үүднээс чингэлэгтэй тээвэрлэлтийг дэмжин ажиллаж байна. Үүнээс гадна хогийг дахин боловсруулах чиглэлээр хэд хэдэн төсөл хэрэгжихээр яригдаж байна. Нүүрс тээврийн замд автомашины дугуйн хог ихээр бий болдог. Хаягдал дугуйг дахин ашиглах олон арга бий. Тухайлбал, зөөлөвч материал, хүүхдийн болон болон спортын талбайн бүтээн байгуулалтын ажилд ашигладаг. Зам дагуу хог дахин боловсруулах цэг байгуулах судалгааны ажил хийгдэж байгаа. “Эрдэнэс Монгол” компани 2017 онд хог ангилж хаях цэгүүдийг байгуулсан. Мөн тээвэрлэлт хийж буй жолооч нар өөрсдөө санал санаачлага гарган, зам дагуух хогийг цэвэрлэж байгааг компанийн зүгээс дэмжин ажиллаж байна.
-Өмнөх жилүүүдтэй харьцуулахад осол аваарын тоо хэмжээ буурсан уу?
-Жолооч нарыг соён гэгээрүүлэх нь осол аваарийн тоо хэмжээг бууруулах нэг хөшүүрэг болж байгаа. Мөн Цагдаагийн ерөнхий газартай хамтран Гэрээт цагдаагийн хэлтсийг ажиллуулж байгаа нь осол аваар буурах бас нэг үндэс болсон. 2019 оны эхний 10 сарын байдлаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замд осол аваарийн тоо өмнөх оноос 15 хувиар буурсан байна. Гэрээт цагдаагийн тасаг хэлтэс болон өргөжиж, 40 алба хаагчтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Цагдаагийн алба хаагчдын ая тухтай орчинд ажиллах нөхцөлийг сайжруулж, кемпийн байрыг шинээр ашиглалтад оруулснаас гадна шаардлагатай автомашин, тоног төхөөрөмжөөр нэмж хангасан. Ирэх онд осол аваар, зөрчлийг бууруулах хүрээнд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын дунд хэсэгт цагдаагийн пост байрлуулах, дундаж хурдыг тооцоолох системийг суурилуулахаар төлөвлөсөн. Ингэснээр хурд хэтрүүлэх зөрчил буурна хэмээн тооцсон.
-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээврийн нөхцөл байдал ямар байгаа вэ. Үүсээд буй хүндрэлтэй нөхцөл байдалтай холбон автомашины тоо хэмжээг бууруулна гэх мэдээлэл цацагдаж байна. Иймд шийдвэр гарсан юм уу?
– 2017 онд 9000, 2018 онд 12200 тээврийн хэрэгсэл нүүрс тээвэрлэж байсан бол энэ онд 12800 болж өсөөд байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан нүүрс тээврийн хэрэгслийн тоог бууруулах шийдвэр гараагүй. Харин нэмэхгүй байх чиглэл баримтлан ажиллана гэдгээ холбогдох байгууллагууд мэдэгдсэн.
Б.Төгс
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл (0)