Т.Батмөнх: Цаг зогсдоггүйтэй адил бидний ажил хэзээ ч дуусдаггүй
- 2019-11-29
- Уул уурхай
- 0
Эрдэнэт үйлдвэрийн уул геологийн нөхцөл хүндрэхийн хэрээр жилээс жилд хүдрийн хатуулаг нэмэгдэж, агуулга буурч байна. Энэ нөхцөлд тохирсон техник, технологийн шинэчлэлийг инженерүүд эртнээс төлөвлөн хэрэгжүүлсний үр дүнд үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлт биелсээр ирсэн. Энэ онд хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлууд болон ойрын жилүүдэд үйлдвэрлэлийн чиглэлээр алсын хараатай ямар өргөтгөл, шинэчлэл өрнөх талаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнхтэй ярилцлаа.
-Үйлдвэрлэлийн өнөөгийн онцлог нөхцөл байдал ямар байна вэ?
-Манай Ил уурхай гүнзгийрэх тусам хүдрийн агуулгаас шалтгаалан эцсийн бүтээгдэхүүний гарцын гурван хувийн бууралт байгалиасаа бий болдог. Нөгөө талаар хүдрийн хатуулаг нэмэгдсээр байдаг. Өөрөөр хэлбэл хатуу хүдэр бутлах, нунтаглах шаардлагатай болж байна. Үүнийг дагаад тоног төхөөрөмжүүдийн цагийн бүтээмж буурах нь тодорхой. Тээрэм цагт 280 тонн хүдэр боловсруулдаг бол 275 болох жишээтэй. Цагийн ачаалал буураад байхад бүтээмжээ яаж нэмэх вэ? гэдэг асуудал үүсдэг. Тиймээс тоног төхөөрөмжүүдийн шинэчлэлээр бүтээмжийн өсөлтийг хангах бодлого барьж ажилладаг.
-Тухайлбал...?
-Өөрөөр хэлбэл цагт 280 тонн хүдэр боловсруулдаг тээрмийг 290 тонн/цаг болгох шаардлагатай. Цагт 650 тонн хүдэр хүлээн авдаг бутлуурыг 700 тонн/цаг авдаг болгох жишээтэй. Технологийн олон шийдлийг хийх хэрэгтэй. Энд л инженерүүдийн ур чадвар харагддаг. Техникийн болон технологийн уялдаа холбоог сайжруулж явах нь үйлдвэрийн гол бодлого юм. 2015 онд Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн гуравдугаар шугамыг шинээр ашиглалтад оруулсан. Энэ өргөтгөлд Эрдэнэт үйлдвэр маань 170 сая ам.доллар зарцуулсан ч зардлаа 2,5 жилийн дотор бүрэн нөхсөн.
-Жилд зургаан сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай энэ өргөтгөлийн бүтээн байгуулалтыг та Баяжуулах фабрикийн дарга байхдаа эхлүүлсэн байхаа. Одоо төслийн хүчин чадалдаа хүрч ажиллаж байна уу?
-Залгаснаас хойш жилдээ 5,2 сая тонн хүдэр боловсруулж байсан. Тус шугамын хувьд техник, технологийн шат дараатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсний үр дүнд энэ жил анх удаа төслийн хүчин чадалд нь хүргэх боломж бүрдүүлээд байна. Гэтэл ирэх жил уул геологийн нөхцөлөө дагаад хүдрийн хатуулаг 15 квт/тн-оос дээшлэх хандлагатай байна. Бондын индексээр хатуу ангиллын хүдэр боловсруулна. Нэг сөрөг тал энэ. Нөгөөх нь хүдэр дэх металлын агуулга одоо 0,466 хувь байгаа. Ирэх онд 0,459 болж буурна. Мэдээж, үйлдвэрлэж буй баяжмал дахь металлын хэмжээ дагаж буурна. Үүнийг нөхөхийн тулд техникийн бодлого, хөгжлийн үндсэн чиглэл эртээс төлөвлөгдөн хэрэгжиж байгаа шүү дээ. Энэ оны төгсгөлд Өөрөө нунтаглах хэсгийн дараагийн өргөтгөлийн ажлыг эхлүүлж, хүдэр боловсруулалтаа нэмэгдүүлэх бүтээн байгуулалтыг 2021 оны хоёрдугаар хагаст амжиж хийхгүй бол 2022 оноос бүтээгдэхүүн үйлдвэрлэл маань эрс буурна.
-Өөрөө нунтаглах хэсгийн дараагийн өргөтгөлийн хүдэр боловсруулах хүчин чадал хэд байх вэ?
-Гуравдугаар шугамтай ижил, жилийн зургаан сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай байна. Мөн ижил төрлийн тоног төхөөрөмжөөр тоноглогдоно. Цаг хэзээ ч зогсдоггүйтэй адил бидний ажил хэзээ ч дуусдаггүй. Бүтээмжийн бууралтаа нөхөх шинэчлэлийг цаг алдахгүй хийх нь чухал. 2023 онд Эрдэнэт үйлдвэр жилдээ 35 сая тонн хүдэр боловсруулна гээд хөгжлийн үндсэн чиглэлдээ тусгасан яваа. Өөрөө нунтаглах хэсгийн дараагийн өргөтгөлийн тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлэх хугацаа нь бүтэн нэг жил шүү дээ. Тэгээд барилга байгууламж барих, ус, дулааны шугам хоолой татах, цахилгаан хангамжаа хийх гээд нүсэр ажил өрнөнө.
-Энэ жил хөрөнгө оруулалтаар техник, технологийн олон шинэчлэл, бүтээн байгуулалт хийлээ. Одоо ч үргэлжилсээр байна. Үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх урьтал ажлууд гэж ойлгож болох уу?
-Эрдэнэт үйлдвэр жилд 35 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай болохын тулд хийгдэж байгаа бэлтгэл ажлууд гэж ойлгож болно. Одоо манай үйлдвэр жилд 32 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай. Өнөөдрийн түвшинд үүнээс илүүг чадахгүй. Харин “КСИ”-гийн хүчин чадлыг дахиад зургаан сая тонноор өргөтгөвөл боломжтой. Үүний тулд шинэчлэлийн ажлыг технологийн хамгийн сүүлийн дамжлага буюу Хаягдлын аж ахуйгаас эхэлдэг байхгүй юу. Бид 2010 онд ХАА-н хүчин чадлыг 40 сая тонн материал хүлээж авахаар болгосон юм. Одоо тэнд хийх ёстой чухал ажил бол насосуудын шинэчлэл. 2008 онд 12000 м3 булинга шахдаг насосыг анх удаа суурилуулж байсан бол 2011 онд цагт 15000 м3 булинга шахдаг насос суурилуулсан. Одоо бид 18000 м3 цагийн хүчин чадалтай насосыг дэлхийд анх удаа Эрдэнэт үйлдвэр ирэх онд суурилуулна. Түүнчлэн ирэх онд бид флотацын фронтыг нэмэгдүүлнэ.
-Өргөтгөл хийхэд цахилгаан хангамж хүрэлцэх үү?
-Хүрэлцэхгүй. Бид 25 мВт-ын хоёр трансформатораар Өөрөө нунтаглах хэсгийг цахилгаанаар хангадаг. Тиймээс ирэх онд 63 мВт-ын трансформатор солино. Үйлдвэрлэхэд хагас жилийн хугацаа шаардах учраас энэ жил захиалга өгөөд ирэх онд солино. Нөгөө талаас цэвэр усны асуудал ургана. Эрдэнэт үйлдвэр 65 км-ийн цаанаас 820 мм-ийн голчтой хоёр шугамаар ус татаж хэрэглэдэг. Хамгийн өндөр хүчин чадлаар авахад хоногт 80 000 м3 ус хэрэглэдэг. Бид энэ хэмжээг 120 м3 шахах хүчин чадалтай болгохыг зорьж байна. Мөн Ил уурхайн цахилгаан хангамжийг нэмэгдүүлэх ажил явагдаж байна.
-Үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдүүлэхэд чиглэсэн техник, технологийн энэ жилийн шинэчлэлийн зарим шийдлийг тодруулж танилцуулбал?
-Хүдэр боловсруулалтын хэмжээг нэмэгдүүлэхийн тулд гурван шатлал бүхий, жилдээ 20,5 сая тонн хүдэр буталдаг нэгдүгээр шугамын хүчин чадлыг конвейрийн хурдаар нэмэгдүүлж байна. Sew euro driwe компанийн мотор-редукторыг Бутлан тээвэрлэх хэсгийн 11, 17-р туузан дамжуулгад суурилуулснаар хүдэр дамжуулалтыг хоёр сая тонноор өсгөх боломж бүрдлээ. Бутлан тээвэрлэх хэсгийн жижиг бутлалтын бутлуурыг Метsо фирмийн МР-800 төрлийн бутлуураар сольж байна. Энэ бутлуур нь бүтээмж болон бутлалтын зэрэг өндөр учраас бутлагдсан хүдрийн бүхэллэгийн хэмжээг бууруулж, улмаар тээрмүүдийн цагийн ачааллыг 10 хүртэл тонн/цагаар нэмэгдүүлэх боломж олгох юм. Нунтаглан баяжуулах хэсэгт Украйн улсын НКМЗ үйлдвэрийн МШЦ 5,5х6,5 маркийн тээрмийг сольж байна. Дани улсын FLS компанид үйлдвэрлэсэн зэс, молибденыг салгах молибдены баяжуулалтын шинэ шугамыг угсарч, суурилуулан үйлдвэрлэгчийн төлөөллийн хамтаар туршилт тохируулгын ажил гүйцэтгэж байна. Шүүн хатаах хэсэгт мөн FLS компанийн үйлдвэрлэсэн молибдены даралтат шүүлтүүрийн угсралт ид явагдаж байгаа. Ерөнхийдөө тавдугаар сарын нэгэнд нээлт хийсэн бүтээн байгуулалт, үйлдвэрлэл дээр төлөвлөгдсөн бүх ажлууд 12-р сарын 14 гэхэд 100 хувь дуусна.
-Энэ жилийн хамгийн том бүтээн байгуулалт нь хаягдлын сангийн 4М далан барих, уул сэтэлж холбох суваг байгуулах ажил байлаа.
-Баяжуулах үйлдвэрийн хаягдлын сангийн хамгаалалт 4М даланг, эргэлтийн усны холбох сувгийн хамт барьж байгуулан ашиглалтад хүлээн авлаа. Ингэснээр үйлдвэрээс гарсан булингын ус худагт хүрэх замыг дөтөлж хугацаа хэмнэнэ, аюулгүй байдлыг хангана. Түүнээс гадна өвлийн ид хүйтний үед усан сангийн хүрэлцээг хангана. Бид өвөл ХАА-н усны түвшинг 11-р худгаар байнга хэмждэг. Энэ усан сангийн маань нөөц одоогоор 21,3 сая м3 байна. Өмнө нь 19 сая м3 болж багассанаас эргэлтийн усан хангамжийн асуудал хүндэрч байсан түүх бий. Усан сангийн нөөцөө Сэлэнгийн усаар нөхөж нуурын түвшинг 3,2 м-ээр өргөж чадсан. Үүний хүчинд өнгөрсөн өвлийг ажирахгүй давсан. Энэ жил эргэлтийн усаараа өвлийг давах бэлтгэл сайн хангаад байна. Ирэх жил 5,5 сая тонн хүдэр хүлээн авдаг хам баяжуулалтын тавдугаар секцийн хүчин чадлыг 12 сая тоннд хүргэж өргөтгөнө. Ер нь инженерчлэлийн тооцоолол хэр зэрэг бодитой байхаас дараагийн шинэчлэлийн үр дүн хамаардаг.
-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.
М.Одгэрэл
Фото: Б.Баттөгс
Сэтгэгдэл (0)