Г.Сурмаа: Хэн ч батлаагүй, хэний ч санаанд оромгүй том тоо, мөнгө ярьж иргэдээ талцуулж болохгүй

Төв аймгийн Заамарсуман дахь алтны ордыг хулгайлах гэж байна гэсэн хардлага сүүлийн өдрүүдэд гарч ирж байна. Энэ талаарТөв аймгийн Засаг даргын орлогч Г.Сурмаагаас тодрууллаа.


-ЗаамарынТөмстэй баг дахь алтны ордыг Төв аймгийн үе үеийн удирдлагууд, УИХ-ын гишүүд хулгайлсан гэсэн мэдээ гарч байна. Энэ үнэн үү?

-Энэ бол ямар ч ор үндэсгүй, цэвэр гүтгэлэг. Сүүлийн үед хэвлэл мэдээллээр энэ мэдээг төлбөртэйгөөр маш их цацаж байна. Манай аймагт “Төв эрдэнэс” ОНӨААТҮГ үйл ажиллагаа явуулдаг. Яригдаж байгаа асуудал бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солиболцлыг Засгийн газар тогтоодог хууль журмын дагуу явагдсан байдаг. Засгийн газрын энэ эрхийг УУХҮ-ийн сайд хэрэгжүүлж, хуулийн дагуу орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газарт хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалт явуулдаг. Энэ сонгон шалгаруулалтад “Эрдэнэсийн эрэг” компани, мөн “Голдхарбер” ХХК хоёр хамтран оролцож ялсан юм билээ. АМГТГ-ыг Кадастрынхэлтсийндаргын 2017 оны 441 тоот, 2018 оны 111 дүгээршийдвэрүүд ч бий. Гэхдээ Төмстэй баг дээр ямар ч үйл ажиллагаа явагдаагүй. Олборлолт огт хийгээгүй.

Яагаад гэвэл  малчид, иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан учраас 2017 оноос хойш маргаан нь шүүхийн шатанд үргэлжилсээр байгаа. Үйл ажиллагаа нь идэвхгүй, зогсонги, царцсан байдалтай байхад аймгийн удирдлагууд нэг уурхайг, нэг ордыг хувьдаа завшаад, хууль бусаар мөнгө олж байгаа юм шиг мэдээлэл тарааж байгаа нь ерөөсөө л утга учиргүй өрнүүлдэг манайхны улстөржилт, аймаг орон нутгийн удирдлагуудын эсрэг явуулж байгаа гүтгэлэг. Улстөржихдөө бас ийм нарийн ширийн зүйлийг ойлгож байж, учиртай улстөржмөөр байгаа юм. Заамарын энэ ордтой холбоотой мэдээ одоо ч гарч ирж байгаа юм биш. Өмнө нь 2017-2020 онд ч хэд хэдэн удаа хэвлэлээр гарч байсан гүтгэлэг.

Та гүтгэлэг гэж хэллээ. Тэгэхээр энэ нь орон нутгийн сонгуультай холбоотой байж болох уу?

-Тийм гэж ойлгож болно. Ерөөсөөл сонгууль угтсан, ард түмний тархийг угаах гэсэн хар пиар. Хэн ч батлаагүй, хэний ч санаанд оромгүй том тоо, мөнгө ярьж, хүмүүсийг бухимдуулсан, талцуулж байгаад харамсаж байна. Дээрээ хамтарсан Засгийн газар байгуулагдаж, эв нэгдлийг баримтлан ажиллаж байхад орон нутагт иргэдээ талцуулж, бухимдуулж, турхирч байгаад хүмүүс ч гайхаж байна. Дашрамд хэлэхэд, мэдээллийн суваг, сошиал орчинд тарсан энэ мэдээг шалгуулж, тодруулахаар бид хууль, цагдаагийн байгууллагад хандсан. Дахин илтгүтгэсэн, мушгин гуйвуулсан зохион байгуулалттай мэдээ тараавал хууль, цагдаагийн байгууллагад цаг тухайд нь хандаад явна.

Нэмж хэлэхэд, энэ бол нөөц нь батлагдсан орд биш, хуучин нийгмийн үед тогтоосон нөөцийн таамаглал л яригддаг орд. Үнэхээр олборлолт явуулна гэвэл хайгуулын иж бүрэн судалгаа хийж, энд үнэхээр хоёр тонн алт бий эсэхийг тогтооно. Ийм байхад улстөржсөн гүтгэлэг явуулж, хоосон тоо гаргаж ирж, иргэдийн тархийг угаах нь зохимжгүй. Хэрвээ үнэхээр ийм нөөц байгаа бол Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, АМГТГ, Эрдэс баялгийн зөвлөлүүд нөөцийн мэдээллийг мэднэ. Бодит хариултыг бол энэ байгууллагуудад өгнө.

 

Б.ДОРЖ

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)