Саудын Араб 1.2 тэрбум ам.долларын үнэ бүхий тэсрэх бөмбөг авлаа
- 2015-11-17
- Дэлхий
- 0
АНУ болон Саудын Арабын харилцаа сүүлийн өдрүүдэд сэргэж байна. Энэ нь Саудын Арабын хаан Салман өнгөрсөн есдүгээр сард АНУ-д айлчилсантай холбоотой хэмээн олон улсын шинжээчид үзэж байгаа аж. Мөн АНУ-ын төрийн департментаас Саудын Арабт 1.2 тэрбум ам.долларын өртөгтэй тэсрэх бөмбөг худалдах гэрээ байгуулсан.
Ираны цөмийн хөтөлбөрийн гэрээ болон Сирийн ерөнхийлөгч Башар аль-Ассадын эсрэг дайралт хийхээс цааргалсан зэргээс үүдэн АНУ Саудын Арабын харилцаанд үл ойлголцол үүсээд байсан юм. Гэтэл Саудын Араб бол АНУ-ын хамгийн том зэвсэг худалдан авагч орнуудын нэг аж. Түүнчлэн “Исламын улс” бүлэглэлийн эсрэг Сири, Иракт агаарын цохилт өгөх олон улсын цэргийн эвсэлд АНУ-ын гол түшиг нь Саудын Араб билээ.
Гэхдээ Саудын Арабтай хийсэн зэвсгийн гэрээг зогсоохыг хүсвэл АНУ-ын Конгресс 30 хоногийн дотор арга хэмжээ авах боломжтой. Саудын Араб нь хөрш Йемений шийтийн хоутис босогчдын эсрэг агаарын цохилт хийж байгаа. Үүнийг нь холбоотнууд дэмжинэ гэдгээ илэрхийлжээ.
Г.Төмөр
Сэтгэгдэл (0)