Дижитал бизнесийг талх шиг хэрэглээ болгох хэрэгтэй

"Дижитал Вишн” ХХК-ны ТУЗ-ын дарга Мөнхжаргалын Эрдэнэжаргалтай дижитал бизнесийн талаар ярилцлаа.

-Сайн байна уу? Юуны өмнө таниас дижитал бизнесийн талаар тодруулмаар байна?

 

-Дижитал бизнесийн талаар бидний мэддэг ойлголтууд бол цахим худалдаа, цахим систем, онлайн систем гэх мэт байдаг. Дижитал бизнес нь юугаараа ялгаатай вэ гэвэл дан ганц систем эсвэл програм биш дижитал системийг цогцоор нь нэвтрүүлэхийг хэлээд байгаа юм. Үүнд хэрэглэгч, маркетинг, ПР, ашиг орлого, үйлчилгээтэй хамт хэрэгжүүлж байгааг хэлнэ.

-Яагаад дижитал бизнест шилжих шаардлагатай вэ?
 

-Өнөөдөр дэлхийд төдийгүй Монголд ч бизнес эрхлэгч нар ашиг орлогоо яаж нэмэгдүүлэх вэ, бизнесээ яаж өргөжүүлэх вэ гэж эрэл сурал хийж байна. Тэд дижитал бизнесрүү шилжих нь тэдний хариулт болж байгааг хүлээн зөвшөөрөөд байна. Уламжлалт бизнес, технологитой хослон инноваци бий болгож чадсанаар нэг шат ахин бизнесийн шинэ үе бий болж байгааг ойлгох хэрэгтэй. Бизнес эрхлэгч нар бизнесээ өргөжүүлье, ашиг орлогоо нэмэгдүүлье гэвэл дижитал бизнес рүү шилжих нь зүйтэй л дээ. Гэхдээ нэг онцолж хэлэх зүйл байгаа юм. Бүртгэлийн програм эсвэл нэг вэб сайттай болсноороо дижитал бизнес эрхэлж байна гэж бодож байгаа бол буруу ойлголт юм. Харин цахим үйлчилгээ үзүүлж цахимаар орлого бүрдүүлж байж л бүрдэнэ.

-Бизнес эрхлэгч нарт дижитал бизнес эрхэлбэл ямар ашигтай вэ?

 

-Бизнес эрхэлдэг хүний ашиг орлого нэмэгдэх, амжилттай явах эсэх нь гурван зүйлээс шууд хамааралтай байдаг. Цаг хугацаа, орон зай байршил, хүний хүчин зүйл байдаг. Хэрвээ та дижитал бизнес эрхэлж байгаа бол дээрх гурваас хамаарал багатай болж харин ч ашиг орлого нэмэгдэж бизнес чинь өргөжих боломжтой болно. Ажлын цаг, ажлын байрны хэмжээ, ашигтай байршил, ажилтны ур чадвараас хамаарах гэх мэт эрсдэлүүд буурч байгаа юм.

- Монголын дижитал бизнес дэлхийн хөгжилтэй харьцуулбал…?

 

-Монголд сүүлийн үед олон дижитал бизнесүүд төрж байна. Маш амжилттай явж байна гэж харж байна. Нэг жишээ хэлэхэд, миний 10 жилийн өмнө хийхээр оролдож байсан дижитал бизнесийг маань өнөөдөр хэн ч хийгээгүй байна. Харин ч жил ирэх тусам хүмүүс тэр талаар улам их ярьж байна. Сүүлийн үед төрийн байгууллага ч ярьж эхэлсэн. Гэсэн хэдий ч хэрэгжүүлж эхлээгүй л байна. Тэгэхээр бид ямар шатанд явж байгаа нь улам тодорхой болох байх. Монголд дижитал бизнес хийх боломж маш их байгаа гэж хардаг. Жек Ма гэдэг хүн өдөрт 20 тэрбум доллар хийж чадаж байгаа нь бид өөрсдийгөө хэмжих хэмжүүрийг тодорхойлох байх.

-Өнөөдөр таны хийж эхэлж байгаа www.isocial.mn суваг ч бас дижитал бизнес мөн үү?

 

-Тийм ээ, энэ сайтыг ч бас сүүлийн гурван жилийн хугацаанд бодож боловсруулж байж хийсэн дижитал бизнес юм. Миний хувьд бол нэг санаа олоод л хийгээд байгаа юм биш л дээ. Төслийн цаасыг нь бичиж судалгаа хийж байж хэрэгжүүлдэг. Удахгүй бид тодорхой хугацаатайгаар шинэ, шинэ боломжуудыг нь танилцуулаад явна.

- Таны дижитал бизнес юугаараа онцлог вэ?
Хэрэглэгчид хэрэглэхэд хялбар, хэрэгцээг нь хангаж чадах дижитал бизнесийг нэвтрүүлэхийг зорьдог. Өөрөөр хэлбэл хүний талх шиг хэрэглээг л дижитал болгох хэрэгтэй байгаа юм. Энэ маань л илүү онцлог байх. Сүүлийн үеийн шилдэг технологийг нэвтрүүлэхдээ биш харин хэрэглээг нь хялбарчлах нь чухал юм. Жишээ нь, www.isocial.mn сувгийн хувьд хүнд хэрэгтэй мэдээлэл өгөхийн тулд чиглэсэн менютэй болгохыг зорьсон. Мөн баталгаатай эх сурвалжаас эерэг мэдээлэл хүргэх болно.


 

- Таны хувьд олон дижитал бизнес эхлүүлж байсан байх. Улам л сайжирч байгаа юу?
 

-Миний хувьд олон төслүүд эхлүүлж байсан хэдий ч амжилттайгаас амжилтгүй нь олон байгаа. Харин тэр болгоноос суралцаад засч залруулахыг хичээдэг. Тэр болгонд л би мөнгө цаг хугацаа алдаж ирсэн ч дараагийн сайн төсөлтэй болох хүсэл төрж байсан.

- Цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа дижитал бизнесүүд байгаа юу?

 

-Энэ жилийн хувьд эхний төсөл бол www.isocial.mn сувагтай зэрэгцээд хоёр ч төсөл дээр ажиллаж байгаа. Он гараад хоёр төслийн ажил төлөвлөж байна. Гэхдээ энэ жилийн төслүүдээ нэвтрүүлэхээс хамаарна. Цаашид төслүүдийн талаар суваг дээрээ байршуулаад явах болно.

Баярлалаа. Цаашид хийхээр төлөвлөсөн дижитал бизнесийн ажилд  тань амжилт хүсье.

isocial.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)