Хүүхдүүд найман наснаасаа эхлэн Санта-Клауст итгэхээ больдог
- 2018-12-25
- Энтертайнмент
- 0
Английн Эксетер их сургуулийн мэргэжилтнүүд насанд хүрсэн гурван хүний нэг нь буюу 34 хувь урьдын адил өвлийн шидтэнд итгэхийг хүсдэг бол 50 хувь нь түүнд итгэхээ больсон гэсэн дүгнэлтийг дэлхийн олон орны 1200 гаруй хүний дунд санал асуулга явуулсныхаа дараа хийжээ. Санал асуулгад оролцогсод дунджаар найман наснаасаа хойш өвлийн шидтэнд итгэхээ больсон гэдгээ илэрхийлсэн байна.
Хүүхдүүд Санта-Клауст итгэхээ болиход эцэг эх нь хамгийн их нөлөөлдөг байна. Тухайлбал, Санта-Клаусын бичгийн хэв эцэг эхийнх нь бичгийн хэвтэй адилхан байдаг эсвэл тэд эцэг, эхийнхээ худалдаж аваад нуучихсан бэлгийг олчихдог байна. Харин зарим нь Санта-Клаус тийм олон бэлгийг ганцаараа хүргэж чадахгүй эсвэл тэр байшингийн яндангаар тийм амархан орж чадахгүй гэдгийг өөрсдөө таамаглаж мэджээ. Санал асуулгад оролцогсдын дийлэнх нь буюу 65 орчим хувь нь үнэнийг мэдсэнийхээ дараа эцэг эхдээ үнэмшсэн дүр үзүүлдэг байсан гэнэ.

Харин 56 хувь нь нууц ил болсон ч эцэг эхдээ итгэх итгэлд нөлөөлөөгүй гэж мэдэгдсэн байна. Тэгвэл 30 хувь нь эсрэгээрээ томчуудад итгэх нь багассан гэсэн бол 15 хувь нь өөрсдийгөө эцэг эхдээ хууртагдсан мэт мэдрэмж төрсөн гэж хариулжээ. Хэдийгээр хүүхэд насандаа хууртагдсан ч санал асуулгад оролцогсдын 72 хувь нь хүүхдүүддээ Санта-Клаусын тухай ярьж өгдөг гэнэ. Хэрэв хүүхдүүд нь Санта-Клаус жинхэнээсээ байдаг уу гэж асуувал санал асуулгад оролцогсдын 41 хувь нь үнэнийг хэлдэг гэсэн бол 31 хувь нь байдаг гэдэгт итгүүлэхийг оролддог гэж хариулсан байна.
Б. Заяа
www.unen.mn
Сэтгэгдэл (0)