Л.Батжав: Надад боломж олдвол хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах зэрэг хуулийн төслийг санаачилна

Монгол Ардын намын бага хурлын гишүүн, хууль зүйн ухааны доктор, профессор Л.Батжавтай ярилцлаа.


-Та 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө бие даан нэр дэвшихээр “Хуульч Батжав” хэмээн гарч ирсэн. Зөндөө ч пиар хийсэн.

Гэхдээ та сонгуулийн өмнөхөн МАН-д элссэн.

Тухайн үед танд албан тушаал амласан болохоор нэр дэвшихээ больсон гэх яриа гарсан. Албан тушаалын асуудал юу болсон бэ?

-Улс төрийн намд орох бол цаг хугацааны асуудал байсан. Улс төрийн намаар дамжиж бүрэн эрх барьдаг 186 улс орон бий. Миний улс төрд орох хуулийн гарц, боломж нь бие дааж нэр дэвших явдал байсан. Тухайн үед аль ч намаас “Манай намд элсэж нэр дэвших үү” гэсэн санал тавиагүй байсан. Тиймээс би бие дааж нэр дэвшсэн. Гэтэл сонгуулийн кампанит ажил эхлээд гарын үсэг цуглуулаад явж байтал Ерөнхий сайд дуудсан. Очиход манай нутгаас төрсөн сайд, сайд асан, гишүүн, гишүүн асан гээд олон хүмүүс байсан. Хэнтий нутаг, улс орны хөгжлийн ирээдүй, МАНАН бүлэглэл зэрэг олон зүйлсийн талаар ярилцсан. Олон ч цаг ярьсан. Ерөнхий сайд “Хэнтий нутгийн төлөө, улс орны төлөө нэг баг болж явъя.

МАНАН бүлэглэлийн эсрэг хамт зүтгэе. Чи нэрээ татчих. Залуу хүн учраас дараагийн удаа чамд боломж олдоно” гэсэн. Тавдугаар сарын 19-ний өдөр байсан л даа. Тэр үед судалгаагаар миний рейтинг өндөр байсныг би мэдэж байсан ч улс төр гэдэг багаар явах ёстой гэж ойлгоод “За” гэж хэлсэн. Түүнээс биш би ямар нэгэн ажил, албан тушаал аваагүй. Намайг “Албан тушаалаар наймаалцлаа”, “Үзэл бодлоосооо урвалаа” гэж зарим нэг хүн ярьсан байсан. Би өөр ямар нэгэн намын гишүүнчлэлтэй байгаагүй. Төрийн албан хаагч байж байгаад тэр үед анх удаа л намд элссэн. Тиймээс би үзэл бодлоо худалдаагүй. Тэгээд ч ийм яриа гарна гэдгийг мэдэж байсан учраас би ямар нэгэн албан тушаал аваагүй. Надад албан тушаал санал болгосон нь үнэн.

-Ямар албан тушаал санал болгосон бэ?

-Түүнийг нэг их нарийвчилж яриад яах вэ. Би “Намын батлах авчихаад 20 хоногийн дараа батлахаа буцааж хураалгахгүй” гэж хэлж байсан.

-Хэнтий аймагт болох нөхөн сонгуульд таныг нэр дэвших нь гэж харж байгаа. Дэвшинэ биз дээ?

-Би нэр дэвших хүсэлтэй байгаа. Манай баг хамт олон нөхөн сонгуульд л бэлдэж бүтэн жил бэлтгэлээ. Манай намын дүрэм, нөхөн сонгуульд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах журамд заасны дагуу намын УЗ-д нөхөн сонгуульд нэр дэвших хүсэлтээ илэрхийлчихсэн байгаа. Одоогоор бага хурлын шийдвэр гараагүй байна. Есдүгээр сарын 1-нд гарах байх. Шийдвэрийг хүлээгээд байж байна.

-Бага хурлаар таныг нэр дэвшүүлэхээр дэмжинэ гэдэгт та хэр итгэлтэй байна?

-Намын удирдлага, Удирдах зөвлөл, бага хурлын гишүүд гээд нэлээн хүмүүстэй уулзсан. “Ямар ч байсан чамайг дэмжинэ” хэмээн илэрхийлсэн. Гэхдээ олонхын зарчмаар шийдвэрээ гаргах болохоор мэдэхгүй байна. Эцсийн мөчид, 10 минутад асуудал шийдэгдэж л байдаг. Нэг, хоёр хүний саналын зөрүүтэйгээр асуудал шийдэгдэж л байдаг. УЗ-өөс нэр оруулахад заалнаас нэрээ дэвшүүлж нэг хүний саналын зөрүүтэй гарч л байдаг шүү дээ. Ямартаа ч дэвшүүлэх байх гэж бодож байна.

-Та өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна вэ.

Нэг намд хэт эрх мэдэл төвлөрч ардчилал бүдгэрлээ гээд байгаа шүү дээ?

-Нэг намын гарт хэт их эрх мэдэл төвлөрлөө хэмээн шүүмжлэх нь оновчтой шүүмжлэл биш л дээ. Энэ бол ард түмний сонголт байдаг. Үүний өмнө 2012-2016 онд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Засгийн газар АН-аас бүрдэж л байсан. Тэр үед ийм зүйл яриагүй. Өнөөдөр Ерөнхийлөгч, УИХ ард түмний мандатаар сонгогдсон учраас ардчилал байхгүй болно гэсэн ухагдахуун байж болохгүй. Харин сонгогдсон нөхдүүд ногдсон үүргүүдээ л сайн гүйцэтгэх ёстой.

-Нэр дэвшээд сонгогдчихвол нэн тэргүүнд хийх ажил тань юу вэ?

-УИХ-ын гишүүн гэдэг сонгогдохдоо тойргоос сонгогддог хэдий ч нийт монголчуудын эрх ашгийг хамгаалах үндсэн хуулийн заалттай учраас миний мөрийн хөтөлбөр өргөн хүрээтэй. Нэн тэргүүнд авлигагатай тэмцэнэ. Авлигатай тэмцэх ажиллагааг эрчимжүүлнэ. Өнөөдөр авлигатай тэмцэх асуудал маш хүнд болсон. Ерөнхий сайдын мэдээлж буйгаар “дэлхийн 180 орноос 111 дүгээр байрт байна. Тиймээс авлигын эсрэг комисс байгуулъя” гэж Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ахлуулсан комисс байгуулсан. Авлигын нөхцөл байдлыг би хэлж байгаа юм биш. Өнөөдөр төр засгийн хэмжээнд авлига болохоо байсан гэдгийг хэлж байгаа тодорхойлолт гэж ойлгож байгаа. Хоёрдугаарт, үе үеийн Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ-ын гишүүд авлигыг бууруулах талаар 30 жил ярьж байна. Гэхдээ буурдаггүй шүү дээ. Хүмүүс надаас “Яаж бууруулах юм бэ, чадах юм уу” гэж асуудаг. Улстөрчид буюу хууль тогтоогчид авлигыг бууруулах, устгахыг хүсдэггүй. Түүнээс авлигатай тэмцэх их амархан. Авлигын гэмт хэрэгт ногдуулах ял шийтгэлийг нэмэгдүүлэх ёстой. Үнэхээр л авлигатай тэмцье гэж бодож байгаа бол 25 жил юмуу, эсвэл бүх насаар нь хорих ял ногдуулах ёстой. Ингэсэн тохиолдолд аяндаа авлига авахаа больчихно. Мянган ам.доллар авах уу, эсвэл бүх насаараа хоригдох уу гэдэг сонголттой болно гэсэн үг. Харамсалтай нь үүнийг үе үеийн хууль тогтоогчид хийгээгүй. Гэсэн хэрнээ авлигатай тэмцэнэ гэж яриад байдаг. Авлигатай тэмцэх чиглэлээр янз бүрийн хороо, комисс байгуулаад байдаг. Нөгөө талаас ял гэдэг бол цээрлүүлэх, урьдчилан сэргийлэх, хүмүүжүүлэх агуулгатай байдаг. Тэгэхээр ялыг нэмснээр авлига авахаа байчихна шүү дээ. Хэрвээ би УИХ-ын гишүүн байсан бол ялын хэмжээг нэмэх ганцхан өгүүлбэр бичээд л явуулчихна.

-Мэдээж нэг гишүүн хууль санаачилж болно. Гэхдээ хууль батлагдахад нэг гишүүн бус олон гишүүдээс хамаарна.

Та үүнийг хэрэгжүүлэхэд бусад гишүүдээс дэмжлэг авч, ажил хэрэг болгож чадна гэж бодож байна уу. “Үе үеийн улстөрчид авлигыг устгах талаар ярьдаг ч устгахыг хүсдэггүй” гэж та сая хэллээ шүү дээ?

-Шулуухан хэлэхэд, үе үеийн албан тушаалтнууд энэ чиглэлээр хууль санаачлаагүй. Санаачилсных нь дараа батлах эсэх асуудал яригдаагүй шүү дээ. Хоёрдугаарт, энэ хуулийн төсөл батлагдах боломжтой. Учир нь улсын төсвийн хөрөнгөөс ямар ч төсөв гарахгүй. Зөвхөн ял нэмэгдэх л асуудал. Энэ бол шоронжихгүй. Харин ч энэ төрлийн гэмт хэрэг буурна. Гуравдугаарт, таны хэлснээр хууль батлах асуудал нэг гишүүнээс хамаарахгүй нь үнэн. Харин үүнийг ард түмэн харах ёстой байхгүй юу. УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү шиг лайв хийгээд “Эрүүгийн хуульд хээл хахуулийн гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийг нэмэгдүүлэх хуулийн төсөл хэлэлцэгдэж байна. Үүнийг дэмжиж байгаа тэдэн гишүүн орж байна. Энэ энэ гишүүн дэмжиж, энэ гишүүд дэмжихгүй байна” гээд ил тод зарлах хэрэгтэй. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл нэг ч гишүүн энэ хуулийн төслийг өргөн бариагүйд л асуудал байгаа юм.

-МАН-аас нэр дэвшигчиддээ шалгуур, шаардлага тавьж байгаа гэж сонссон. Энэ талаар тодруулахгүй юу?

-Шалгуурт нэгдүгээрт, өндөр ёс зүйтэй, өндөр боловсролтой, нийгэмд хийж бүтээсэн зүйлтэй хүнийг дэвшүүлнэ гэж ярьж байгаа. Ийм л хүнээ дэвшүүлээсэй гэж би бодож байна. Би нэг л зүйлийг хэлж байгаа. Надаас илүү өндөр, боловсрол, ёс суртахуун, ёс зүйтэй, нийгэмд бүтээсэн зүйлтэй нэр дэвшигч байвал би хүлээн зөвшөөрч намын шийдвэрээ дагана гэдгээ илэрхийлсэн. Хоёрдугаарт, манай нам гэмт хэрэгт холбогдсон, ялангуяа авлига, албан тушаалын гэмт хэрэгт шалгагдсан, шийтгэгдсэн хүнийг УИХ-ын гишүүнд нэр дэвшүүлж болохгүй. Үүнд хэд хэдэн онцлог зүйл бий. Хээл хахуулийн гэмт хэрэгт заавал шийтгэгдсэн байхыг шаардах ёсгүй. Энэ нь өөрөө учиртай зүйл байдаг. Нийгмийн харилцааг зөвхөн хуулиас гадна ёс зүй зэрэг олон зүйлээр зохицуулдаг.

Өндөр хөгжилтэй Англи, АНУ, Япон, Солонгос гээд бүх оронд төрийн өндөр албан тушаалтан ёс зүйн хариуцлага хүлээж огцордог. Энд ямар нэгэн гэмт хэрэг хүлээсэн байхыг шаарддаггүй. Манай Улсад болохоор “Шүүхээр тогтоогдсоны дараа л би огцорно” гээд байгаад байдаг. Энэ дундаа хээл хахуулийн гэмт хэрэг онцлогтой. Үүнд дандаа төрийн өндөр албан тушаалтан оролцсон байдаг. Тиймээс хэрэгт нөлөөлдөг. Хугацааг нь уртасгадаг. Ингэж байгаад хөөн хэлэлцэх хугацааг дуусгадаг. Хэрвээ хөөн хэлэлцэх хугацаа дуусахгүй болохоор Өршөөлийн хууль гаргаад дуусгачихдаг. Тиймээс энэ бол заавал хээл хахуулийн гэмт хэргээр шийтгэгдсэн хүн бус хээл хахуулийн гэмт хэрэгт холбогдсон хүнийг дэвшүүлж болохгүй гэж би хэлээд байгаа юм. Гуравдугаарт, УИХ-ын гишүүнээр сонгогдсоныхоо дараа хэрэгт холбогдсон гишүүдийг эгүүлэн татах ёстой. Энэ мөн л ганц хуудас хууль санаачлаад шийдчих асуудал.

Харамсалтай нь ирээдүйд дахин сонгогдох гэсэн хууль тогтоогчид үүнийг хүсэхгүй байгаа юм. Ард түмэн хүсээгүйдээ биш. Өөрөөр хэлбэл, Ард түмний бие төлөөлөгч болж буй хүмүүс өөрсдөө гэмт хэргээ нуун дарагдуулдаг, хаацайлдаг, төрийн хамгаалалтад ордог ийм л нөхцөл байдал бий болчихоод байна. Үүнийг дэмжиж байгаа гишүүн байвал маргааш өглөө миний дээр хэлсэнчлэн ганцхан хуудас хууль санаачилчихаач дээ.

Надад боломж нь олдвол хамгийн эхний өдөр хээл хахууль, малын хулгайн гэмт хэрэгт оногдуулах ялыг нэмэгдүүлэх, гэмт хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах гэсэн гурван хуулийн төсөл санаачилна.

 

Р.ХИШИГЖАРГАЛ

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.126.92.194)

    2021-09-02

    хэрэггүй нөхөр байна.