Төв Азийн гурван улс Хилийн уулзвар цэгийн тухай гэрээ байгуулав

 

Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон, Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаров, Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев нар даваа гарагт гурван улсын хилийн уулзвар цэгийн тухай гэрээнд гарын үсэг зурлаа.  Гарын үсэг зурах ёслол Тажикистаны зүүн нутгийн Согд мужийн засаг захиргааны төв болох Хужанд хотод болсон тухай ТАСС агентлагийн сурвалжлагч үйл явдал болсон газраас мэдээлэв.

 

Түүнчлэн гурван улсын удирдагчид Мөнхийн найрамдлын тухай Хужандын тунхаглалд гарын үсэг зуржээ. Гарын үсэг зурах ёслолын ажиллагаа Хужандаас холгүй орших Гулистон дахь Тажикистаны Ерөнхийлөгчийн өргөөнд болсон байна.

 

Өмнө нь Тажикистаны улс төр судлаачдын холбооны тэргүүн Сайфулло Сафаров ярихдаа “энэхүү баримт бичигт гарын үсэг зурснаар улс төр, соёл, эдийн засгийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх, үүний зэрэгцээ хил орчмын бүс нутгуудын оршин суугчдад учирч буй бэрхшээлтэй асуудлуудыг шийдвэрлэх боломж нээгдэнэ” гэж онцлон дурдсан юм.

 

 

Даваа гарагт олон улсын Навруз баярыг Хужанд хотод тэмдэглэх үеэр түүхэнд анх удаа Тажикистан, Киргиз, Узбекистаны удирдагчид дээд хэмжээний уулзалт хийлээ. Энэхүү уулзалт Тажикистан, Киргизийн хилийн маргаантай асуудлыг эцэслэн шийдвэрлэсний дараа болов. 23 жилийн турш үргэлжилсэн хил орчмын маргаантай газар нутгийн асуудлаарх хэлэлцээ, орон нутгийн иргэд ба цэргийн албан хаагчид оролцсон хэд хэдэн удаагийн мөргөлдөөний дараа Тажикистаны Ерөнхийлөгч Э.Рахмон, Киргизийн Ерөнхийлөгч С.Жапаров нар Бишкек хотноо 3 дугаар сарын 13-ны өдөр Улсын хилийн тухай гэрээнд гарын үсэг зурсан юм.

Ингээд даваа гарагт хоёр тал уг гэрээг соёрхон баталсан Батламж жуух бичгийг солилцлоо.  

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)