Эрч хүчний ундаа гэж юу вэ?
- 2013-04-29
- Эрүүл мэнд
- 0
Өнөө үед хүмүүс алкоголь агуулаагүй гэх эрч хүчийн ундааг ихээр хэрэглэх болсон. Энэхүү ундаа нь хүнийг эрч хүчтэй, сэргэлэн цовоо болгодог гэдэг. Эрч хүчтэй, сэргэлэн болохын тулд нэг л лааз ундаа хангалттай гэх. Ийм төрлийн ундаа үйлдвэрлэгчид ундаагаа хүний бие махбодид олон талын ашигтай хэмээн сурталчилдаг. Өдгөө энэ төрлийн ундаа дэлхийн зах зээлд маш өргөн сонголттойгоор гарах болсон. Гэвч эл ундаанд дурлагч хүмүүс өөрт тохирох эсэх, ямрыг нь сонгох ёстойгоо төдийлөн мэддэггүй. Эрч хүчийн ундааг уух үед сэтгэл санааны байдал илт дээрдэж, тархины үйл ажиллагаа ч сайжрах шиг болдог. Гэтэл эрч хүчийн ундаа нь дотроо янз бүр аж. Зарим нь кофеин ихээр агуулсан байдаг тул бие махбодийг хурдан сэргээж, эрч хүчтэй болгосноор нойрноос сэргээдэг. Ийм ундааг удаан хугацаагаар унтахгүй, идэвхтэй байх хүмүүс хэрэглэх ёстой гэнэ. Харин зарим ундаанд кофеины найрлага огт байхгүй зөвхөн амин дэм, нүүрс ус агуулсан байдаг. Энэ төрлийг нь тамирчид хэрэглэвэл илүү тохиромжтой юм байна. Мөн олон төрлийн амин дэм, глюкоз агуулсан ундаа ч бий. Хүний бие махбодид төрөл бүрийн амин дэм шаардлагатай байдаг. Тиймээс глюкоз агуулсан эрч хүчийн ундаа бие махбодид ашигтайгаар нөлөөлдөг байна. Глюкоз нь хүний цус болон булчингуудад хурдан шингэж энерги түгээдэг бол уураг тархи болон бусад эрхтэн глюкозоос шаардлагатай эрч хүчээ хүлээн авдаг аж. Эрч хүчийн ундааны нөлөөлөл хүний биед 3-4 цаг үргэлжилнэ. Энэ төрлийн ундаанууд алкоголь агуулдаггүй тул хаана ч, хэзээ ч хэрэглэх боломжтойгоороо давуу талтай. Гэхдээ хүн бүр хүссэнээрээ хэрэглэж болохгүй төдийгүй хоногт хоёр лаазаас илүүг хэрэглэх нь аюултай гэнэ шүү. Хэрвээ илүү хэрэглэвэл цусан дахь сахарын хэмжээ болон даралт ихсэх аюулд хүргэдгийг мэргэжилтнүүд анхааруулжээ. Тиймдээ ч энэхүү ундааг зарим оронд дэлгүүрээр худалдаалдаггүй бөгөөд эмийн санд жорын дагуу эмийн журмаар олгодог байна. Энд нэг зүйлийг анхааруулахад ийм ундааг зүрх судасны өвчтэй хүмүүс хэрэглэж болохгүй. Зарим хүн эл ундааг өдөр шөнөгүй хэрэглэх нь бий. Тухайн үед эрч хүч, сэргэлэн байдлыг бий болгодог тустай ч энэ нь түр зуурынх тул хэсэг хугацааны дараа ундааны нөлөөлөл бие махбодиос гарсан үед ядаргаа, нойргүйдэл зэрэг сөрөг нөлөө илэрч, бие сэтгэлийн тавгүйтэлтэй тулгардаг. Түүнээс гадна кофеины агууламжтай ундаа нь мэдрэлийн системийн тогтвортой байдлыг алдагдуулдаг байна.
Ер нь аль ч төрлийн эрч хүчийн ундаа залуу бие махбодь болон хүүхдүүдэд хортой аж. Гэтэл өдгөө сургуулийн хүүхдүүд ч энэ ундааг ихээр хэрэглэх болсон шүү дээ. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдүүддээ энэ талаар ойлгуулах нь зүйтэй. Эрч хүчийн ундааны дийлэнх нь В аминдэм ихээр агуулдаг бөгөөд энэ нь зүрхний цохилтыг хурдасгаж, зарим үед хөл салганахад хүргэдэг. Түүнчлэн эрч хүчийн ундааг ямар ч тохиолдолд алкоголийн төрлийн бүтээгдэхүүнтэй хольж хэрэглэхийг хориглодог. Учир нь уг ундаанд кофеин ихээр агуулагддаг, гэтэл нэмээд алкоголь хэрэглэхэд хүн асар их эрч хүчтэй болохоос гадна гүн согтуурлын байдалд орж даралт ихсэх аюултай тулгарна. Иймэрхүү төрлийн ямар ч ундааг жирэмсэн эх, ахмад настан, хүүхэд, өсвөр настнууд хэрэглэж болохгүй. Эрч хүчийн ундаанд агуулагддаг амин дэмүүдийг байгалийн гаралтай жинхэнэ амин дэмтэй харьцуулшгүй тул “ориг” хэмээн андуурч болохгүй. Түүнээс гадна энэ төрлийн ундаанууд калори ихтэй тул илүүдэл жинтэй болон жингээ барихыг хичээж буй хүмүүс татгалзах нь зүйтэй. Үнэн хэрэгтээ энэхүү ундаа нь хүний биед ямар ч ашиггүй аж. Учир нь аль ч төрлийн ийм ундааны найрлагад сэргээх чанартай кофе, цай, какаоны найрлагад ордог бодисууд бий. Тиймээс эрч хүчийн ундаагаар сулбагар, нойрмог байдлаа арилгаж хэвшсэн хүмүүс байгалийн гаралтай бүтээгдэхүүн сонгохыг эрхэмлээрэй. Тухайлбал, хүн орхоодой нь эрч хүч, сэргэлэн цовоо байдлыг авчирдгаас гадна дархлаа бэхжүүлэх ач холбогдолтой. Эцэст нь зөвлөхөд, эрч хүчийн ундаа эрүүл мэндэд ашиггүй бөгөөд их хэмжээгээр хэрэглэх нь аюулд хүргэж болзошгүй юм байна.
Сэтгэгдэл (1)
asd (203.194.114.206)
redbull burn edr uuchaad daraa ni arhi uuhaar shartdaggui gej hudlaa gsn uguu ?