Гар худаг ганц малчдын асуудал биш

 

-МАЛЧИД БОЛОН МАЛ СҮРГИЙН 60 ХУВИЙН УСНЫ ХЭРЭГЛЭЭГ ГАР ХУДГААС ХАНГАЖ БАЙНА-

 

Ус бол хүн, амьтан оршин амьдрахад хамгийн чухал хэрэгцээт, бас байгалийн хязгаарлагдмал үндсэн баялаг юм. Өнөөдөр зөвхөн Монгол Улсад бус дэлхийн хүн амын өсөлт, үйлдвэржилттэй холбоотойгоор байгалийн усны нөөцөд асар их ачаалал үүссэн. Үүнээс гарах гарцыг хүн төрөлхтөн хайж, зарим шийдлийг олоод эхэлчихжээ. Монголчууд бид ч гэсэн усаа хамгаалах, зөв зохистой хэрэглэх талаар эрвийж, дэрвийхээрээ зүтгэх цаг аль хэдийнэ болжээ. Нэг хэсэг гар худаг гаргах заавар малчдын дунд моод болж, эрэлт ихтэй байсан цаг саяхан. Яам, тамгын газраар малчид орж, гар худаг гаргах хүсэлтэйгээ илэрхийлж, өргөдлөөр дардаг байжээ. Шинээр гаргах худгийг өвөлжөө, хаваржаа, хашаа саравчнаас нэлээд зайтай, үерт автахааргүй, мал услахад тохиромжтой газар сонгож гаргах нь хамгийн чухал гэх нь хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтэн бүрийн амнаас унадаг зөвлөгөө байлаа. Гэхдээ энэ нь үг, яриа төдийнхнөөр зогсоогүй, гар худаг гаргах талаар орон нутгийн иргэн болон малчдад зориулсан зөвлөмж бүхий томоохон хэмжээний баримт бичиг хүртэл улсын хэмжээнд боловсруулан гаргаж байсан. Үүний ачаар олон малчин айл өрх тухайн газрынхаа ургамал болон гадаргыг шинжилж, өөрт тохирсон гар худагтай болсон байдаг. Бургас, улиас, жигд, хошоон, зэгс, цахилдаг зэрэг ургамал тухайн газарт ихээр ургасан байвал таван метр хүртэлх гүнд ус байх магадлалтайг илтгэдэг аж. Харин чингэл, сухай, дэрс, элсний шарилж, хөхөргөнө, хиаг, чихэр өвс, тэмээн харгана, бэрмэг, сондуул зэрэг ургамал ойр хавьд нь байвал арван метр хүртэл гүнд ус буйг төвөггүйхэн мэдэж болох юм. Түүнчлэн хуурай хээр, тал нутагт нар мандсаны дараахан ялаа, шумуул бужигнаж байвал ус ойрхныг зааж байгаа нь тэр гэнэ. Мөн газрыг тохой хиртэй ухаж шаазан аяга хөмөрч булаад, маргааш нь үзэхэд аяганы дотор тал хөлөрч, усан дусал бөнжигнөж байвал устайн шинж буюу гар худаг гаргах боломж бий гэсэн үг. Энэ мэт ургамлынхаа гарцаар тухайн газрыг шинжиж худаг гаргах хар ухаанд малчид гаргууд суралцсаны үндсэн дээр өнөөдөр ийм олон гар худагтай болсон.

 

Харин өнөөдөр хүн, малыг усаар ундаалдаг гар худгийн ашиглалт, хамгаалалт хэр байна вэ. Малын тоо, толгой 60 саяд хүрсэн өнөө үед гар худгийн үүрэг, ач холбогдол их гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой. Тэр дундаа улсын хэмжээнд 13 аймгийн 127 сум зудын байдалтай байгаа хатуухан цагт зөвхөн гар худаг л малчин болон малын амин зуулга болох нь бодит үнэн. Иймээс гар худаг малчдын өвөлжөө, хаваржаанд олон байдаг бол инженерийн хийцтэй худгийн ихэнх нь зун, намрын бэлчээрт ашигладгаараа онцлогтой. Тэр тусмаа говийн бүсэд амьдардаг, байнгын усны дутагдалтай байдаг малчдад гар худаг хэрэгцээтэй зүйлийн нэг яах аргагүй мөн. Малчдын өвөлжөө, хаваржаанд одоогоор гар худгийн 70, инженерийн хийцтэй худгийн 30 гаруй хувийг ашиглаж 30 сая гаруй малыг усаар хангадаг бол бусад тооны мал сүрэг цас, мөсний усаар ундаалдаг байна. ХХААХҮЯны Мал аж ахуй, бодлогын хэрэгжилтыг зохицуулах газрын бэлчээрийн усан хангамж хариуцсан мэргэжилтнүүдийн хэлснээр сүүлийн хоёр жил гар худаг засварлах, шинэчлэх ажилд улсаас нэг ч төгрөг төсөвлөн, зарцуулаагүй аж. Хадгалалт, хамгаалалтыг малчид өөрсдөө хариуцсаар өдийг хүрчээ. Гар худгаа ашиглахгүй тохиолдолд малчид чулуугаар амыг нь таглах, хашаа барих зэргээр хамгаалдаг нь түгээмэл арга. Орон нутгийн удирдлагууд гар худагтай болж бэлчээрийн усан хангамжаа шийдсэн гэж тухайн малчинд 30­50 мянган төгрөгийн урамшууллыг нэг удаа олгодог байж. Одоо энэ урамшуулал үргэлжилж байгаа эсэх нь мөн л бүрхэг. Нэг ёсондоо орон нутгийн удирдлагууд гар худаг гаргаж, урамшууллаа авсан малчинд хамгаалах, сайжруулах бүх ажлыг нь даатгаад өөрсдөө ард нь үлджээ. Үүнийг хариуцсан яам ч гэсэн өнөөдөр “Гар худгийг малчид өөрсдөө хамгаалж, засч сайжруулах ажлыг хийж байгаа” гэх улиг болсон үгийг хэлж сууна. Зарим нь “Гар худаг улирлын шинж чанартай, амархан бохирдох эрсдэл дагуулдаг учраас цаашид хөдөөгийн хүн ам, мал аж ахуйг усан хангамжийн найдвартай эх үүсвэрээр хангах шаардлагатай. Үүнийг шийдэх хамгийн сайн арга бол инженерийн хийцтэй, бат бөх худаг барьж, ашиглах явдал” гэж зөвлөж байлаа. Хөдөөгийн хүн ам, мал сүргийн 60 гаруй хувийн усны хэрэглээг гар худаг дангаараа хангадаг учраас ийм, тийм байх нь зөв гэж ярьж суухдаа гол биш, үүнийг зөвхөн малчдын хамгаалж, сайжруулах ажил гэж тодотгон хөсөр хаямааргүй байна. Цас, зуд ихтэй байгаа хэцүүхэн цагт малчид малаа гэхийн хажуугаар гар худгаа хамгаалж, сайжруулах ажлыг хэдийд нь хийх болж байна вэ. “Гар худгийг халж, инженерийн хийцтэй худгаар солиход мэдээж өртөг өндөр тусахаас гадна цаг хугацаа их орно. Мөн гар худаг бүрийг инженерийн хийцтэй худаг болгох боломжгүй. Өөр газарт шинээр барих шаардлагатай төдийгүй судалгаа хэрэгтэй. Гэхдээ улс орны эдийн засаг хүнд байгаа учраас нэг дор 30 гаруй мянган гар худгийг бүгдийг нь өөрчилж, шинэчлэх боломжгүй” гэж тэд онцолж ойрын 15 жилдээ малчид гар худагтайгаа байна гэдгийг нэмж хэлнэ билээ. Тэгэхээр гар худаг малын тоо толгойг өсгөх, ундаалахад ямар их үүрэг гүйцэтгэх нь ойлгомжтой. Тиймээс малчдын ашиглаж, хамгаалж байгаа худгуудыг орон нутаг, цаашлаад улс хамгаалалтдаа авах нь зүйтэй. Зөвхөн малчид хамгаална гээд суугаад байвал мал сүргээ услах, ундаалах гар худаггүй болох аюул ч ойрхон байна. Тэр тусмаа усны асуудлыг урьдчилан шийдэж байх, хэрэглэж байгаа усаа зөв захиран зарцуулж, нарийн хэмжиж, хэмнэлттэй хэрэглэх тухай ярьж байгаа энэ үед малчдын мэдэлд үлдээсэн гар худгуудын хувь заяа нэгэн цагт “алт” болохыг мартаж боломгүй.

 

Б.Даариймаа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • БАТАА (103.14.36.6)

    2017-01-25

    ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМНЫ БОДЛОГООР АЙМАГ, ОРОН НУТАГТ ГАР ХУДАГ ГАРГАХ АЖЛЫГ ДЭМЖИЖ, ГАР ХУДАГ ГАРГАХ ЗААВАР БОЛОВСРУУЛЖ, МӨН УРАМШУУЛАХ ЖУРАМ ГАРГАН ХҮРГҮҮЛЖ БАЙСАН. ҮҮНИЙ ҮР ДҮНД ОЛОН МАЛ УСААР ХАНГАГДАЖ, ОЛОН ТҮМЭН ХООЛ ХҮНСТЭЙ БОЛСОН, ОДОО Ч ЭНЭ БАЙДАЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА. ХАРИН 60 САЯ МАЛЫГ УСААР ХАНГАХ НЬ ТУН ХҮНД АЖИЛ ШҮҮ.